Алшаа Дандар лхарамбын шалгадаг ухааны сүмбэм

undefinedАгваандандар (1759-1840) лхарамба бол монгол, төвөд, санскрит хэлнээ цагааширсан нэрт буддын гүн ухаантан билээ. Тэрээр 1759 онд Алшаа хошууны Баяннуруун багийн нутагт хойд овогт Гавъяат үйзэн зайсангийн гэр бүлд мэндэлжээ. Бага насандаа Буян арвитгагч сүмд шавилан ном эрдэмд суралцаж, улмаар 19 настайдаа Лхасын Брайвүн хийдийн Гоманд шавилан 24 жилийг өнгөрөөжээ. Энэ хугацаанд төв үзлийн онол, билиг барамид, учир шалтгааны ухааныг шамдан судалж, монгол хэлний зүйн бүтээл “Монгол үсгийн ёсыг сайтар номлосон хэлний чимэг хэмээгдэх судар оршивой”, гүн ухааны сурган сануулах шүлэг “Хүмүүний ёсны хурим хэмээх сургаал оршивой”, монгол төвөд хэлний толь “Нэр утгыг тодорхойлогч сарны гэгээн гэрэл хэмээгдэх дохионы бичиг оршивой” зэрэг алдартай бүтээлээ туурвисан буй. Буддын шашин, гүн ухааны эрдэмд нэвтэрч 40 гаруй бүтээл туурвисан, ялангуяа учир шалтгааны ухаанаар 14 зохиол бичсэнийг эрдэмтэд онцлон тэмдэглэжээ.

Агваандандарын учир шалтгааны ухааны бүтээлийг философич эрдэмтэн Т.Содномдаргиа агсан тусгайлан судалж 1978 онд “Агваандандарын зарим зохиол дахь философи, логикийн үзэл” нэгэн сэдэвт бүтээл, 2001 онд ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн “Монголын философийн түүх” бүтээлийн 4-р дэвтэрт “Алшаа лхарамба Агваандандар” хэмээх нэгэн бүлгийг хэвлүүлсэн байна. Түүнчлэн хэл шинжлэл, утга зохиолын бүтээлийг нь 1910 оноос хойш Оросын эрдэмтэн Г.Ц.Цыбиков, Б.Я.Владимирцов, Ф.И.Щербатской, М.И.Тубянский нарын эрдэмтэд судалж байжээ.

Түүний мэндэлсний 260 жилийн ойд зориулан Өвөр Монголын Багшийн Их сургууль дээр хэрэгжүүлж буй “Монголын учир шалтгааны ухааны судалгаа” суурь судалгааны төслийн хүрээнд профессор Тү.Өлзий “Монгол шалгадаг ухааны зохиол, бүтээл” цувралыг эрхлэн хэвлүүлж байна. Эхний хоёр дэвтэр нь Улаанбаатарт хэвлэгдээд байгаа бөгөөд Өвөр монголын судлаач Ширүүн “Агваандандарын чойрын ухааны судлал” нэгэн сэдэвт бүтээл, Донравжамцын орчуулсан “Учир шалтгааны ухааны бэрх газрыг тайлбарлан тэмдэглэсэн шинэ номлол нарны гэрэл хэмээгдэх оршивой”, “Үзэл учир шалтгааны онолын тайлбар үзэсгэлэн сувдын эрхи хэмээгдэх оршивой” зэргийг нэгтгэн “Алшаа Дандар лхарамбын шалгадаг ухааны сүмбэм” [Редактор С.Цогт] нэрээр хэвлүүлсэн байна.

 

Шинэ бүтээл