Доктор (Sc.D), профессор Бунийханы Ц.Гомбосүрэнгийн түүвэр зохиолууд

МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэн “МУИС-ийн Профессорын өв” цувралын хүрээнд Монгол Улсын гавьяат багш, доктор (Sc.D), профессор Цэдэндагвын  Гомбосүрэнгийн 1990-ээд оны эхэн үеэс хэвлэн нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, 3 ном зэрэг эрдэм шинжилгээний бүтээлүүдээс нь сонгон 2 ботиор хэвлүүлжээ. Зохиогч орчин үеийн философи, нийгмийн тухай философи, шашны философи, соёлын болон хэлний тухай философи, шинжлэх ухааны тухай философи, философийн түүх зэрэг сэдвээр 26 ном, сурах бичиг, номын зүйл, 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлийг хэвлүүлэн сургалт судалгааны эргэлтэд оруулсан бөгөөд их дээд сургуулийн сургалтад зориулсан “Философи” сурах бичиг нь зургаан удаа хэвлэгдэж тогтмол хэрэглэгдэж байгаа билээ.
 
“Түүвэр зохиол I” бүтээл туурвилын эмхэтгэл нь (41.3 х.х) “Манай философийн сургалтад олон ургальч арга зүй анх хэрэгжиж эхэлсэн жилүүдийн зарим бүтээл”, “Онтологи, эпистемологийн асуудлаас”, “Философи аргууд: философи онол, үндэслэлүүд аль нь ч арга зүйн ач холбогдолтой нь”, “Философийн сургалт дахь заах аргын болон зохион байгуулалтын асуудлаас”, “Нийгмийн тухай философийн зарим бүрэлдэхүүний асуудлууд”, “Соёлын тухай философи онолын боловсруулалт” зэрэг 6 бүлэгтэй. Тус ботийн эхэнд зохиогч “Философи онолд шимтэгч залууст хандсан ятгалга” хэмээх гарчигийн дор өөрийн бүтээлүүдийн агуулгын тойм, арга зүй, сургамжийн талаар болон шүүн шинжлэх үйл ажиллагааны үүрэг, ач холбогдол, шүүн шинжилсэн философи ажиллагаанд онолын үүднээс няцаах, мэргэжлийн дүгнэлт өгөх нь чухал болохыг сануулан өгүүлжээ.
 
“Түүвэр зохиол II” эмхэтгэл нь (34 х.х) “Үнэлэмжийн тухай философи мэдлэг”, “Шашны тухай философи ба шашны философи”, “Ёс зүй” сурах бичиг (ред. Б.Дагзмаа), “Орчин үеийн философийн асуудлаас”, “Хэлний тухай философи ба хэл шинжлэлийн философи”, “Хүний тухай өөр өөр философидолт”, “Философи үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд явуулах талаар дахин өгүүлэх нь” зэрэг 7 бүлэг, “Философидох соёлыг хангалттай эзэмшээгүй уншигчдад зориулах нь” хавсралт бүлэг, зохиогчийн бүтээлийн жагсаалтаас бүрдэж байна. 
 
“Түүвэр зохиол” 2 боть бүтээлийн эмхэтгэлийг (УБ., 2025) МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), профессор М.Отгонбаяр редакторлажээ.  
 
undefined undefined
 
 
Шинэ бүтээл