ТОВЧ ТҮҮХ
Монголын философийн мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэд, философи сонирхогчид 2008 оны 5-р сарын 28-нд философийн сургалт, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор “Монголын философийн холбоо”-г санаачлан байгуулсан. Холбооны анхны дүрмийн төслийг ШУА-ийн ФСЭХ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан, доктор Г.Сайнхишиг боловсруулан хуралд оролцогчдод танилцуулан батлуулж, 2008 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ХЗДХЯ-аас гэрчилгээ олгосон байна.
Монголд философийн сургалт, судалгаа зохион байгуулалттай хөгжиж, мэргэжилтэн бэлтгэх болсноос хойш төр засгийн зүгээс анхаарал хандуулж олон нийтийн байгууллага байгуулж байжээ. МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1973 оны 10-р дугаар сарын 3-ны өдрийн “Монголын философич, социологичдын холбоо байгуулах тухай” 322 тоот тогтоол гарсан байна. Энэ тогтоолын 1-д “Тус орны философи, социологийн судлалын үйл ажиллагааг зохицуулах шинжлэх ухаан-олон нийтийн сайн дурын байгууллага Монголын философич, социологичдын холбоог БНМАУ-ын Шинжлэх ухааны академийн дэргэд байгуулсугай” хэмээн зааж, Нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, Н.Жагварал, Д.Моломжамц, С.Жалан-Аажав, Д.Чимиддорж нар гарын үсэг зуржээ. Энэ тогтоол гарснаас хойш философич эрдэмтэд мэргэжлийн холбооны шугамаар Дэлхийн философичдын холбооны болон бусад социалист орнуудад зохион байгуулагдаж байсан хурал, семинарт оролцох, тэдэнтэй захидлаар харилцах зэргээр үйл ажиллагаа явуулж байжээ. 1997 онд Төрийн бус байгууллагын тухай хууль батлагдаж холбоог шинээр зохион байгуулж профессор Я.Долгоржав удирдаж, нарийн бичгийн даргаар ФСЭХ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Н.Энхцогт сонгогдон ажиллаж байсан.
1948 онд Олон улсын философийн институтийн удирдлага Р.Байэрийн санаачилгаар Философийн Олон Улсын Нийгэмлэгүүдийн Холбоо (FISP) Амстердамд байгуулагдсан. Тус холбоонд 130-аад орны 1200 орчим их сургуулийн философийн тэнхим, факультетын багш, судлаачид 13000 гаруй гишүүдийг хамарсан үндэсний 105 холбоо, Олон улсын 38 холбоо, 2 Олон улсын байгууллага нэгдсэн байна.
Монголын философийн холбоо нь 2009 онд Олон улсын философийн нийгэмлэгүүдийн холбоо FISP-д гишүүнээр элсэх өргөдөл гаргаж, 2010 оны 11 сарын 22-нд тус байгууллагын эгнээнд нэгдсэн юм.
Тус холбооны анхны Ерөнхийлөгчөөр академич Г.Чулуунбаатар, дэд ерөнхийлөгчөөр доктор С.Молор-Эрдэнэ, профессор Ш.Ариунаа, Т.Дорждагва нар томилогдон ажиллаж байсан. 2010 онд УЗ-ийн хурлаар профессор Ш.Ариунааг улируулан сонгосон.
2019 онд УЗ-ийн гишүүдийг ШУА, МУИС, МУБИС, ХААИС, ШУТИС, ТББ-ын төлөөлөл болох Г.Чулуунбаатар, Д.Гантөмөр, Ч.Ган-Өлзий, Б.Пүрэвсүрэн, Р.Дарьхүү, Д.Оюунгэрэл, Г.Уянга, Ц.Батцэрэн, Б.Өлзийсайхан, зохиолч Г.Аюурзана, Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй сонгосон.
- МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1973 оны 10-р дугаар сарын 3-ны өдрийн “Монголын философич, социологичдын холбоо байгуулах тухай” 322 тоот тогтоол: