Г.Д.Левин. “Мэргэжлийн бусчууд мэргэжлийн маргаанд” (II хэсэг)
Шүүмжлэгч, сөрөг талын хүнийг ёс суртахууны олон улс төрийн талаар гутааж доромжлох явдал бол маргаан мэтгэлцээний хатуу хахир цохилт байдаг. Тэгж хандаж санасандаа хүрсэн тохиолдолд сөрөг талын хүнийг нэр төртэй хүмүүсийн эгнээ хүрээнээс зайлуулж, шүүмжлэл анхаарлын түвшингээс доош унагааж түлхэж чадна. Тийм хүн үзэл бодлоо цаашид тайлбарлах, нотолж үндэслэх шаардлагагүй болно. Хэрүүл маргаанч этгээд үг яриагаа чухамдаа үүнээс эхэлдэг нь учиртай байдаг.
Хоосон шохоорхон сониучлагч, мэргэжлийн бус этгээдэд тухайн онолын үзэл баримтлалын агуулга ойлгомжгүй байдгаас гадна тэд сонсож ойлгох дур сонирхолгүй байдаг. Тэрээр ердөө хоёрхон зүйлийг, энэ үзэл баримтлал өөрт нь ашиг тустай юу, үгүй юу, энэ үзэл баримтлалыг боловсруулан баримтлагч этгээд түүнд тулгуурлаж ашиг хонжоо олох юм биш биз гэсэн хоёрхон зүйлийг л үнэн голоосоо сонирхсон байдаг. Мэргэжлийн бус хүний сэтгэлгээ, логикийн энэхүү хоёр тал нь хоорондоо холбоотой. Тухайлбал уг үзэл баримтлал хэрэв зохиолчид, баримтлагчдад ашигтай, хонжоотой байвал надад хор хохиролтой байж таарна гэсэн дүгнэлт түүнд төрнө. Тиймээс мэргэжлийн бус хүн юуны өмнө тухайн үзэл баримтлалын цаана нь түүнийг баримтлагчийн хувийн ашиг сонирхол нуугдаж байгаа юм биш биз! гэсэн асуулт тавьж боддог. Тэгж бодож үнэмших аян шалтаг байдаг. Тэр юу вэ гэвэл хүний ямар ч, аль ч үйлдлийг мунхаг мулгуу, муу санаагаар тайлбарлан үнэлж болно. Үүнтэй нэгэн адил хүний ямар ч, аль ч үйлдлийг сайн санаагаар ч тайлбарлан үнэлж болдог. Тухайлбал, сургуулийн сурагчдын дүн өндөр байгаа нь сургуулийн багш нар сайн ажилласных, эсвэл сурагчдад тавих шаардлага буурсных гэсэн эсрэг тэсрэг санаа бодлын алинаар ч тайлбарлан үнэлж болно. Манай орноос гадаадынхан өвчин эмгэгтэй хүүхэд үрчилж байгааг юу гэж ойлгох вэ? Тэднийг орчин үеийн сайн эмнэлэг, эмээр эмчлэн эдгэрүүлэх гэж тэр үү эсвэл тэднийг “сэлбэг”, “запас” болгох гэж тэр үү? Мэргэжлийн бус хүн байж болох бүхий хийсвэр эерэг ба сөрөг үйлдлийг өөрийнхөө бодол санаагаараа тооцож таах бүрэн чадвартай байдаг. Ингэж хандсаны дараа хамгийн хүнд хэцүү зүйл болох санаагаа таамагласан тэдгээр эсрэг тэсрэг үзэгдлийн аль нь үнэхээр бодитой зүйл вэ гэдгийг мэргэжлийн үүднээс тодорхой шинжлэн судалж тогтоох шаардлагатай болдог. Гэтэл мэргэжлийн бус этгээд тэгж судлан шинжилж тодорхойлон тогтоож үл чадна. Гэхдээ тэрээр мэргэжлийн хүний гаргасан санал, шийдвэрийг сайн муугийн аль нэгээр нь үнэлэн үзэж тухайн нөхцөл байдлыг эзэмших ёстой болдог. Тиймээс тэрээр уг үнэлгээ, шийдвэрээс хамгийн муу үр дагавар, муу үйл явдал үүсэж гарах болно хэмээн урьдчилан болгоомжилж сэрэмжтэй, хашир байвал надад аюулгүй, өлзийтэй болно гэж бодож сэтгэдэг нь уг нь зөв зүйтэй юм. Энэ нь алс бөглүү тосгоноос нийслэлийн төвд ирсэн тариачин чухамдаа ийнхүү хандаж, бодож сэтгэдэгтэй яг адил зүйл. Чухам ийм шалтгааны улмаас мэргэжлийн бус этгээд мэргэжлийн хүний дэвшүүлсэн хийсвэр, аль аль нь үнэн байж болох эерэг ба сөрөг тайлбар, хариугаас зүгээр нэг сөрөг тайлбарыг биш, чухамдаа хамгийн сөргийг нь сонгож авдаг. Түүнийг хэчнээн ч уриалан дуудаад, сэнхрүүлэн ойлгуулаад, тайлбарлаад ч энэ үзэл үнэлгээнээс нь ангижруулах аргагүй байдаг ба тэрээр өөрийнхөөрөө зүтгэж дүлий дүмбээрээ үлдэнэ. Учир нь түүний энэхүү айдас болгоомжлол бол тэрээр тухайн нөхцөл байдалд өөрийгөө авч явах цорын ганц үзэл баримтлалын үндэс тулгуур нь байдаг.
Маргаан ярилцлагад оролцогчдыг тухайн шийдвэрээс болж үүсэж тохиолдож болох, гэхдээ хийсвэр шинжтэй хамгийн сөрөг, муу ёрын үр дагавраар, нөгөө талаас энэ шийдвэрийг тухайн үзэл баримтлалыг боловсруулсан, баримтлан хамгаалж буй хүмүүст байж болх, гэхдээ хийсвэр, бодит биш, хувийн өмхий муу ашиг сонирхлоор айлган сандаргах явдал одоогийн “ардчилсан” яриа маргаанд хамгийн их элбэг тохиолдож байгаа үзэгдэл юм. Чухам ийм арга ажиллагааны уршгаар амьдралд нэвтрүүлж хэрэгжүүлэхээр гаргасан мэргэжилтнүүдийн санал, шийдвэр, хариу тайлбарууд нэг нь нөгөөгийнхөө ар араасаа нурж хэрэгжихгүй болдог ажээ. Гэтэл тухайн асуудал, зорилтыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байдаг. Харин яаж шийдвэрлэхийг хэлэлцэх цаг хугацаа дууссан байдаг нь асуудлыг бүр ч хурцатгаж, түүнээс гарахын тулд маргагч талууд маргаан ярианы танхимаас түр гарч, хонгилд ярилцаж, мэргэжлийн ч, мэргэжлийн бусчуудын ч урьдчилан хэлэлцэж ярилцаагүй шал өөр шийдвэрийг гаргахад хүргэдэг ажээ.
Амьдрал практикт дээрх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн үзэл баримтлалыг хориглон хэрэгсэхгүй болгож, харин түүний зохиогчид, баримтлагчдыг шийтгэж бүр буудан алах явдал тогтож хэвшсэн зүйл байв. Нөхцөл байдлаас тийм арга замаар гарах тухай гэнэн хонгор бүсгүй цай уунгаа ярьж санал болгож байгаа бол өөр хэрэг, түүнд зөвхөн инээлдээд өнгөрч болох юм. Харамсалтай нь мэргэжлийн бусчуудын диктатурын үед асуудлыг шийдвэрлэх энэ хувилбар, арга чухамдаа төрийн бодлогын түвшинд тавигдаж мэргэжилтнүүдийг хорлон сүйтгэгч дайснууд хэмээн устгаж, тэдний үзэл баримтлал, онолыг хориглож няцааж байлаа. XX зууны шинжлэх ухаан агуу их нээлтүүдийн дотор большевикууд хараан зүхэж занал хийлээгүй нээлт нэг ч байгаагүй.
Маргаанд мэргэжлийн хүмүүсийг давж ялах нь мэргэжлийн бусчуудыг, хоосон сониучлагчдыг мухардмал, хэцүү байдалд оруулна. Асуудлыг заавал шийдвэрлэх хэрэгтэй байдаг, гэтэл мэргэжилтнүүдийн үзэл баримтлалыг орлож чадахуйц үзэл баримтлал тэдэнд байхгүй, тэр нь байлаа ч гэсэн зөвхөн цол хэргэм, алдар хүнд авахад л тус болно. Тийм нөхцөл байдал бүрэлдэн бий болдгийн сонгодог үлгэр жишээ бол “формал генетикийг” (жинхэнэ генетикийн шинжлэх ухаан-А.Ж) бут ниргэсний дараа цацраг идэвхт чанарын генетикийн үр дагаврыг судалсан явдал юм. Энэ асуудал цөмийн туршилтын дагуу хурцаар тавигдсан ба харин “мичурины генетикч” түүнийг шийдвэрлэх арга замын тухай юу ч дурдаагүй, авч үзээгүй байлаа. Энэ нөхцөлд мэргэжлийн бус сэтгэлгээ, логикийн өөр нэг төрх байдал илрэн гарч ирсэн нь эрс тэс өөр, эсрэг тэсрэг хандлагуудыг нэг объектод нэгтгэж багтаасан явдал байлаа.
Генетикийн шинжлэх ухааныг төрөөс албан ёсоор шүүмжлэн няцааж аянга буулгаж байхад тэр шүүмжлэлийн аянгын дор мөн төрийн төсөв мөнгөөр цацраг идэвхит чанарын генетикийн асуудлаар бүхэл бүтэн лаборатори Н.В.Тимофеев-Рессовскийн удирдлагын доор ажиллаж байлаа.
Мэргэжлийн бус сэтгэхүй, логикийн золиос болж мэргэжилтэн, түүний үзэл баримтлал төдийгүй тухайн маргаан ярилцлагад хэлэлцэгдсэн асуудал өөрөө хохирч золиос болдог байна. Юмс үзэгдэл, үйл явцын учир шалтгааныг олж тогтоох нь ажил хэргийн зөвхөн тал хувь нь байдаг. Тухайн учир шалтгааныг арилгах, тэрээр ирээдүйд дахин давтагдаж гарч ирэхээс сэрэмжлэхийн тулд юу хийх вэ? гэдэг бол хамгийн гол, хамгийн нарийн төвөгтэй асуулт байдаг. Эдгээр асуулт, асуудал нь мэргэжлийн бусчуудыг хүнд хэцүү байдалд оруулна. Энэ асуултад хариу өгөх, асуудлыг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай мэргэжлийн мэдлэг, мэргэжлийн судалгаа шинжилгээний арга, дадлага туршлага мэргэжлийн бусчуудад огт байдаггүй. Тиймээс энэ байдлаас гарах зорилгоор өнөөх хуучин танил арга барил болох судалгааны хүрээ салбарыг мэргэжлийн ба мэргэжлийн бусчуудын ялгаа зааг арилах хүртэлх түвшинд хүргэж явцуу, болхи болгох аргыг хэрэглэнэ. “Судлагдан буй үзэгдлийн учир шалтгаан юундаа байна вэ?” гэсэн асуултыг “Хэн нь буруутай вэ?” гэсэн асуултаар, “Энэ учир шалтгааныг арилгахын тулд яах вэ?, юу хийх вэ? ” гэсэн асуултыг “Гэм буруутай этгээдийг яах вэ?” гэсэн асуултаар солино.
“Хэн нь буруутай вэ?”, “Буруутай этгээдийг яах вэ?” гэсэн асуулт бол чухамдаа оросуудын өвөрмөц асуулт, тэдний үндэсний зан чанарын илрэлийн асуудал шахуу байдлаар ойлгогдож тогтжээ. Тэгвэл параной бол үнэхээр манай үндэсний зан чанар мөн үү? гэсэн асуултыг шууд тавих хэрэгтэй. Хэрэв тийм биш бол Орос орны нийгмийн ухамсар нь XIX зууны туршид эдгээр хоёр асуултыг тавьж хэлэлцэх явцад төлөвшиж бүрэлдсэн түүхэн баримтыг яаж тайлбарлан ойлгох вэ?
Энэ үед Европт Гегель, Фихте, Шопенгауер, Конт, Спенсер, Маркс ба бусад сэтгэгчид олон түмэнд хандаж үгээ хэлж, үзэл сургаалаа айлдаж байлаа. Олон түмэн ч тэднийг сонсож ойлгож, тэдний үзэл санааны дагуу ажиллаж, үйлдэж байлаа. Харин Орос оронд бол эдгээр сэтгэгчид, судлаачдын онол, хийсвэр бодол санааг хуруу дарам цөөхөн хүн ойлгох чадвартай байлаа. Орос оронд олон түмний санаа бодол, ухамсарыг эрдэмтэн судлаачид биш, харин Пушкин, Тургенев, Толстой, Достоевский гэх зэрэг зохиолчид голцуу төлөвшүүлэн бүрэлдүүлж иржээ. Одоо Латин Америкт ч байдал тийм байна. Дээр дурдсан зохиолчид, утга зохиол, уран зохиолын суу билигтнүүд байлаа. Тэдний ачаар манай уран зохиол дэлхий нийтийн гайхамшигт үзэгдэл болж чадсан юм. Гэвч тэд бол Оросын хамгийн боловсролтой үнэнч шударга иргэдийн зүгээс хариу, шийдвэр хүсч хүлээсэн нийгмийн асуудлыг судалдаг мэргэжлийн судлаачид биш байлаа. Суу билэгтэн ч бай, хорон муу санаатан ч бай хэрэв тэрээр мэргэжлийн бус этгээд байвал өөрт нь ахдаж хүндэдсэн асуудлыг шийдвэрлэхдээ сэтгэхүйн адал балмад логикийг зайлшгүй бий болгодог байна. “Хэн нь буруутай вэ? Буруутанг яах вэ?” гэсэн хоёр асуултыг бүхэл бүтэн зууны туршид шүүж хэлэлцсэнээр большевикуудын энэ асуултад өгсөн хариу тайлбарт бэлтгэж авчирсан юм. Тэдний энэ хариу тайлбар нь сүүлдээ аймаглан устгах бодлого болж хувирсан ба тэр дотроо энэ асуултыг томьёолон тавьж түүнд өгөх хариу шийдвэрийг эрж хайсан хүмүүсийн өөрсдийг нь ч хамарсан билээ. Үүний харгайгаар бид өнөөдөр ч гэсэн, ХХ зууны төгсгөлд ч гэсэн өөрсдийнхөө нийгмийн асуудлуудыг балчир багын гэнэн асуултуудын хэлбэрээр тавьж хэлэлцэн ярьсан хэвээр байгаагаар барахгүй түүнийгээ олон түмний өмнө ил тодоор эрхэмлэсээр байна. Харин аз завшаан тохиолдоход сүүлийн үед мэргэжлийн судлаачид нийгмийн орчин үеийн асуудлуудыг дээр дурдсан хоёр асуултын хэлбэрээр томъёолон илэрхийлэхээс итгэлтэйгээр татгалзах болж байгаа нь баярлууштай хэрэг.
Одоо феноменологи шүүмжлэлийн үлдсэн хоёр хандлага буюу шүүмжлэн буй үзэл баримтлалыг эмпирик баримтуудтай харьцуулах, мөн уг үзэл баримтлалыг “сонгодогчуудын үзэл үндэслэлүүдтэй” харьцуулах асуудлыг нягтлан авч үзье.
Мэргэжлийн бус хүнд үл ойлгогдох, “хар, битүү хайрцаг” мэт санагдах онолыг тэрээр эмпирик баримтуудтай харьцуулан жишиж үзэх чадваргүй мэтээр ойлгогдож болох юм. Гэтэл бодит байдал дээр тэрээр чухамдаа тэгж харьцуулан жишиж үзэх явцад түүний мэргэжлийн бус логик, сэтгэхүйн дүр зураг нь бүхий л өнгө төрхөөрөө илрэн харагддаг байна. Энэ талаар бид дээр К.Марксын томьёолсон туйлдаа хүртэл ядуурах хуулийг шүүмжлэн няцаахдаа гарсан арга зүйн алдаатай холбогдуулж нэгэнт дурьдсан билээ. Энэ алдаа онолын хийсвэр объектыг тусган илэрхийлсэн онолын үндэслэлүүдийг онолын тухайн объектыг өөртөө агуулж багтаасан эмпирик баримттай зөвхөн нэг л утгаар тольдож харьцуулан жишсэнээс үүсэж гардаг байна. Энэ алдаа яаж гардгийг К.Маркс өөрөө ч амьд ахиудаа шүүмжлэгчдээс санаа авч тайлбарлажээ.
Байгаль шинжлэлд цэвэр онолын үзлийг няцаагдашгүй эмпирик баримтуудтай шууд механикаар харьцуулан жишиж болохгүй гэдгийг Галлилей нотлон харуулсан байдаг. Идеальчлах, судлан буй объект, судлагдахууныг цэвэр байдлаар хийсвэрлэж ялгаж тусгаарлаж судлах Галлилейн аргыг Маркс нийгмийн шинжлэх ухаанд нэвтрүүлэн хэрэглэжээ. Чухам үүгээр нь түүнийг “нийгмийн шинжлэх ухааны Галилей” хэмээн нэрлэдэг билээ. Манай урваж шарвагчид дэлхийн шинжлэх ухааны түүхэнд бат бэх орж байр сууриа эзэлсэн Марксын тэдгээр гавьяаг ч хүртэл үгүйсгэх, түүнийг “томоотой согтуу”, “сахалтай гайхал” гэх зэргээр хочилж, тэгснээрээ нийгмийн шаар шавхруу болсон давхраа хэсгийнхнээс оноо, хонжоо авахыг эрмэлзэж байна. Энэ бол мэргэжлийн бусчууд болон түүний үйл ажиллагааг даган дуурайгч хий хоосон маргагчдын нэг туйлаас нөгөө туйлд савлаж гуйвж дайвж байдгийн сонгодог жишээ юм. Цэвэр хэв маягийн тухай М.Веберийн онол нь мөн адил энэхүү үзэгдлийг авч үзэж судалсан бөгөөд тэр онол нь судлагдахууныг цэвэр байдлаар нь ялган салгаж авч үзэх Марксын аргатай харьцуулахад хожуу гарсан, үүсмэл шинжтэй болохыг М.Вебер өөрөө ч тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байдаг.
Эндээс үзвэл цэвэр онол ба эмпирикийн няцаагдашгүй баримт сэлтийг хооронд нь механикаар яв цав харьцуулан жишихэд тэдгээрийн хооронд зөрчил үүсдэг нь онолын мэдлэгийн салшгүй чухал шинж чанар байдаг ажээ. Онолын үндэслэлүүдийг эмпирик баримттай мэргэжлийн үүднээс харьцуулан жишиж үзэх явдал судлан гажуудуулагч, бүрхэгдүүлэгч нөлөөг тал бүрээс нь тооцож анхаарч авч үзэхийг шаарддаг юм.
Феноменологи шүүмжлэлийн дөрөв дэхь чиглэл бол шүүмжлэн авч үзэж буй онолыг “хэвшмэл болсон” эх бичигтэй үг үсэгчлэн харьцуулах явдал байдаг. Ийм шүүмжлэлийн баримт бичигт тусч баталгаажсан сүүлчийн жишээ бол шашны номлолын дэд доктор Юрченкогоос ЗХУ-ын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн ажилтнуудад хүлээлгэсэн материйн тухай Лениний тодорхойлолтын талаарх маргаан юм. “Сонгодгуудын үндэслэл” ба шүүмжлэгдэн буй тухайн эх бичгийн хоорондын зөрөө, зөрчил нь “сонгодгуудад” ашиг тустайгаар тайлбарлагддаг байна. Мэргэжлийн бусчуудын диктатурын үед мэргэжлийнхний хүрээнд гаднаас хүчээр түрээ барьж дайран орж ирсэн зөвхөн шохоорхон сонирхогч этгээд мэргэжлийнхэнд шүүмжлэлийн чухам ийм аргыг тулган хүлээлгэдэг байв. Үүнээс болж шинжлэх ухааны сэтгэлгээг ердөө л хоёрхон эшлэлийн хоорондын богинохон зай чөлөө мэтээр л төсөөлөх болжээ.
Гэхдээ “Сонгодогчуудын мөр болгонд бөхийн бишрэх” нь мэргэжлийн бусчуудын маргааны цорын ганцхан арга биш ээ. Мэргэжлийн бусчуудын ноёрхол диктатур сүүрэн нурсан үед сониучлан шохоорхогчид “хөнгөмсөг бодолтой, худал явдалтай” байдгаа харуулж маргагч этгээдийн төдийгүй, мөн “сонгодогчуудын” үзэл баримтлалыг ч гэсэн үнсэн товрог болгож хийсгэдэг ажээ.
Тун саяхан хүртэлх үед марксизм ба социализмын үзэл санаанд хязгааргүй үнэнч байсан явдал нийтлэг, түгээмэл зүйл байсантай нэгэн адил одоо тэдгээрээс татгалзах явдал мөн тийм түгээмэл, нийтлэг зүйл болсон өнөө үед энэхүү үзэгдлийг судлан шинжлэх явдал тун сонирхолтой хэрэг болно.
Мэргэжилтнүүд ба мэргэжлийн бусчуудын аль алины баримталж буй үзэл баримтлалыг нэгэн зэрэг шүтэн бишрэх явдал үнэн голоос урган гардаггүй. Тэр нь дотоод сэтгэлийн эргэлзэх, тээнэгэлзэх ба дургүйцэн татгалзах явдлыг ухамсартайгаар болон ухамсаргүйгээр дарагдуулах замаар гарч ирнэ.
Жишээлбэл мэргэжлийн бус этгээд хагас дүүрсэн стаканыг мэлтэлзтэл нь дүүрсэн стакан хэмээн үзэж ойлгохыг өөрийгөө хүчлэн албадахтай адил юм. Тийм ойлголт нь онолын гадаад хүчин зүйл болох нийгмийн нөхцөл байдалтай холбоотой байдаг. Энэхүү гадаад хүчин зүйл арилж алга болсноор “цорын ганц үнэн зөв сургаал” нь “номхон, дөлгөөхөн согтуугийн дэмийрэл, солиорол” болж, “ирмэгээсээ хальсан дүүрэн стакан нь огт хоосон” болж хувирна. Энэ тохиолдолд маргаанд оролцсон мэргэжлийн бус этгээд давлагаа дайвалзааны үеийн усан онгоцон дахь ийш тийш өнхрөн буй торхтой адилхан байдаг ба түүний нэг туйлаас нөгөө туйлд гулсан савлахыг нь зогсоох аргагүй байдаг. Мэргэжлийн бус этгээд эцэстээ “өөрийнхөө эрмэлзэл, эрхэм дээд эрмэлзлэлээ” халж солихоо зогсооно. Гэхдээ тэрээр хэлэлцэн буй үзэл баримтлалд яв цав тохирсон үнэлэлт дүгнэлттэй болсондоо биш, харин цаашаа хөдлөх зай чөлөөгүй болсноос тэгнэ. Хоёр туйлын хооронд гулсан савлахыг нь зогсоох гэж оролдсон хэний ч аливаа оролдлогоос тэрээр улс төрийн ял зэмлэл тулгах, ёс суртахууны талаар гутаан доромжлох, сэтгэл санаагаар нь унагаан дарамтлах зэрэг хатуу хахир, хүний мөсгүй, сэхээтний шинж төрхгүйгээр өөрийгөө хамгаална. Түүгээр ч үл барам логикийн хуулийг зөрчихөөс ч буцахгүй.
Мэргэжлийн бус этгээд үнэлэлт дүгнэлтийн хэмжүүрийн хуваариас дунджийг, төвийг огтлон хаяж зөвхөн хоёр туйлыг л үлдээх, судлан буй үзэгдлийг нухацтайгаар цэгнэж дэнслэх, тэнцвэр төвийг нь олж үзэхийг таслан зогсоох гэж эрмэлзэхдээ өөрийгөө хамгаалах зөн билгийг удирдлага болгодог.
Аливаа үзэгдлийг үнэлэн дүгнэх зөвхөн туйлын эерэг ба туйлын сөрөг үнэлгээ үлдсэн тохиолдолд мэргэжлийн ба мэргэжлийн бус этгээдийн хоорондын ялгаа заагийг тогтоох аргагүй болдог.
Мэргэжлийн бус этгээд өөрийнхөө мунхаг мулгуу байдлаа, нийгмийн бүтцэд хууль бусаар эзэлсэн байр сууриа хамгаалахад оюуны болон материаллаг үнэт зүйлсийг устгахаас ч буцахгүй. Энэ онцлогийг “Хүчирхийлэл дарангуйллын ертөнцийг бид үндэс сууриар нь нурааж дараа нь...” гэх мэтээр үргэлжилдэг интернационалын зөн билэгт үг тун оновчтой, яг илэрхийлжээ.
Мэдлэг мэргэжилгүйн эрхшээлээр урьд өмнө нь мэргэжилтнүүдийн бүтээсэн бүхэн нь өөрсдөд нь “саад болохгүйн” тулд ямагт огт хоосноос, нүцгэн халцгай газраас, заримдаа бүр зориуд ухамсартайгаар хоосон, нүцгэн болгосон суурин дээрээс юмыг эхлэхээс өөр аргагүй байдаг мэргэжлийн бусчуудаас өөр өөдтэй зүйлийг хүсэн хүлээхэд бэрх юм.
Мэргэжлийн бусчуудын логикийг мэргэжилтнүүдийн логикоор бүрэн дүүрэн халж солих явдал Орос орон бүр наанадаж Петрийн үеэс хойш хүсэн тэмүүлж ирсэн дээдийн дээд зорилго мөн.
Одоо үед зөв бичгийн дүрмийн алдаа гаргахаас ичиж зовдог шигээ эрт орой хэзээ нэгэн цагт маргаан мэтгэлцээнд мэргэжлийн бус арга ажиллагааг хэрэглэхээс ичиж зовдог цаг үе ирэхдээ л ирнэ. Гэвч үүний тулд мэргэжлийн бусчуудын логикийн шинж төрхийг өргөн олны нүдний өмнө цэвэр, байгаагаар нь ил гаргаж дэлгэж харуулах шаардлагатай. Миний бие энэ ажлын өчүүхэн хэсгийг ч гэсэн хийж гүйцэтгэхийг хичээж чармайсан минь энэ бөлгөө.
ОХУ-ын ШУА-ийн “Вопросы философии” сэтгүүлийн
1996 оны №1-ээс орчуулсан А.Жамбал.