Б.ГАЛИНДЭВ: ХҮН БАЙХ УХААНД НАСАН ТУРШДАА СУРАЛЦДАГ

<<< ӨМНӨХ ХЭСЭГ

 

Д.О. Аанхаа. Тэгэхээр ийм л зүйл дээр битгий алдаасай гэж залууст онцгойлон захих зүйл таны хувьд юу вэ? 
Б.Галиндэв: Амьдралдаа алдсан үйлдэл олонтой хүнд залууст хэлчихмээр сургамжтай санаа олон байдаг ч байж магадгүй юм. Залуу насандаа залхуурч хойш сууж өнгөрөөсөн цаг хугацаа урагшаа ахиж дөхье гэсэн хүнд хамгийн  том нөхөгдөшгүй гарз хохирол учруулдаг, сэтгэлийн гэмшил үлдээдэг юм байна. Бидний залуу нас одоог бодвол нарийн, хатуу ч гэмээр юм уу дэг журамтай цаг үед өнгөрч. Одоо хүүхэд, залуучууд юу л хүснэ, сонирхоно түүнийгээ хийж үйлдэх бололцоо нээгдсэн цаг байна. Хүүхэд, залуучуудад байдаг  нийтлэг давуу болон сул тал ажиглагддаг. Давуу тал нь алсын тэмүүлэл, өндөр эрмэлзэлтэй, дээш гарч хөгжиж, манлайлагч болох сонирхолтой байдаг. Сул тал нь  сэтгэл хөнгөн хөөрүү, бие биеэ дуурайж дарвимхай, өөрийн бодол ухаан хараахан суугаагүй, амар хялбар аргаар амжилт олно, зорьсондоо хүрнэ гэж үздэг, зугаа  цэнгэлд амархан автамхай, чөлөөт цагаа үр ашиг муутай зарж, өнгөрөөдөг, залуу ахуй насаа бараг л мөнх, урт удаан үргэлжлэх юм шиг боддог гэнэн санаа үзэл бодолд нь  уяатай явдаг. Ийм бодол санаатай байдгаасаа болоод амьдралыг дан ганц наадам  наргиан, зугаа цэнгэл гэж ойлгож мэдрээд шуугиан тарьсан, алс хожмын  ач холбогдолгүй мэдээ, мэдээлэл, үзвэр, шоу тоглолт, архи тамхины хорхойсол мэтхэнээр хамаг цагаа үр ашиггүй, өөрт унацгүй үйлдэлд зараад хаячихдаг. Иймэрхүү дүр төрхтэй амьдралын хожмын гэмшил алдаа, хохирол хэтэрхий хүнд хэцүү ул мөр үлдээдэг. Японы хүүхдүүд сард 15-16 ном уншдаг гэсэн судалгаа гарчээ. Манай хүүхдүүд сард 1-2 ном л уншдаг гэх юм. Ном уншиж ухаарах, хүний  амьдралын олон талт үзэгдлийн утга учрыг тайлах гэж япон хүүхдүүд ингэж чармайж, хөдөлмөрлөж, номын хорхойтон болж байхад манай эцэг эхчүүд ч хүүхдийнхээ оюун санааны өсөлт, төлөвшилд бага анхаарч, өөрсдөө уншиж, үлгэр жишээ үзүүлэх оюуны чадвар, тэвчээр, чармайлт ч бага гаргаж байгааг нь  тодорхой ажиглагддаг. 
“Ном уншиж ухаарах, хүний  амьдралын олон талт үзэгдлийн утга учрыг тайлах гэж эцэг эхчүүд хүүхдийнхээ оюун санааны өсөлт, анхаарч, өөрсдөө уншиж, үлгэр жишээ үзүүлэх оюуны чадвар, тэвчээр, чармайлт гаргах хэрэгтэй” 
Хүн төрөлхтний өнөөгийн өндөр хөгжлийн түүхийг бүтээлч хөдөлмөр, хичээл, чармайлт тэсвэр хатуужил гээд хүний шилдэг сайн чанарууд л бүтээсэн. Манай өнөөгийн залуучуудын зарим хэсэг тодорхой зорилгогүй, эд хэрэглэгдэхүүн элбэг хангалуун, сул чөлөөт цаг ихтэй, зугаатай хөхиүн, бие амар амьдрах сонирхолтой болчихсон юм шиг ажиглагддаг. Хүнд хэцүү бэрхшээлтэй, сорилт шалгуур илүүтэй малчны болон газар тариалангийн ажил хөдөлмөрөөс  залуучууд зайлсхийдэг болчихлоо. Хот суурин газар амьдарч, хөнгөн хялбар ажил эрхэлж, болдог сон бол хийж бүтээснээсээ илүү цалин мөнгө авч бие амар, зугаа, наргиантай, амар хялбар амьдрах хүсэл сонирхолтой болсон байна.  Мал зүйч, агрономич, зоо техникч, ойн болон арьс ширний инженер, технологич  зэрэг  мэргэжлийн ангиудад элсдэг оюутан олдохоо болиод байдаг. Мал маллах хүн олдохгүй боллоо, залуучууд хот руу явчихаад эргэж ирэхгүй юм гэсэн яриа малчдын амнаас олон жил сонсогдож байна. Энэ бүхний цаана залуучууд хүнд хэцүү хөдөлмөрөөс бэрхшээж зайлсхийдэг, бие бялдрын хувьд сул дорой, оюун сэтгэлгээний хувьд биеийн амрыг хардаг болсныг харуулах хандлага ноёрхож байгаа нь мэдэгдэнэ. Оюуны хөдөлмөр эрхлэхээр сурч байгаа манай оюутнууд ч гэсэн нийтээрээ эрэл хайгуул хийж, шинжлэх ухааны ном, сурах бичгээ уншиж, судалгааны сорилт туршилт хийж, сургуулийн танхим, номын санд сууж олон цагаар ажиллахаа больсон байна. Харин үүний эсрэгээр бие амар явж байгаад  өндөр дүн авч, сургууль төгссөн нэр хэмээх нийтлэг сонирхолтой болчихсон байна шүү дээ.  Манай хүүхэд, залуусын ийм зан араншин, сэтгэцийн хэв маяг, хэвшиж тогтчих гээд байгаа муу дадал зуршил маань угтаа дэлхийн улс орнууд, хувь хүний  хөгжил, дэвшилд хүрсэн үзэл санаа, нийгмийн амьдралын туршлагын эсрэг үйлдэл болж байна. Хувь хүний тухайд  онцолж хэлбэл, эрч хүчтэй залуу насныхаа хөдөлмөр зүтгэл, түүнийхээ үр дүнгээр бахархах юмгүй болж хайран сайхан насаа хий хоосон өнгөрөөж  дээ гэж харамсан бодох, гутаж гуниглах хойчийн үйлийн үрийг дуудаад ч байж болзошгүй шинж хандлага болж хувирч байна гэвэл арай хэтийдсэн үнэлэлт болох уу. 

Д.О: Та бид хоёр нэлээдгүй удаан ярилцлаа. Ингээд энэ удаагийнхаа ярилцлагыг дараах асуултаар өндөрлөе. Философи сонирхдог, философид дуртай, мөн философийн чиглэлээр сурч буй хүмүүст хандаж философийн ахмад багшийн хувьд юу хэлмээр байна. Бид яагаад философи, ёс зүйг зайлшгүй судлах шаардлагатай вэ?
Б.Галиндэв: Манай нийгэм, дэлхий ертөнц  бүх л салбар нэгжээрээ эрс өөрчлөлтөд орж буй сонирхолтой цаг үед амьдрах хувь зохиол бидэнд заяажээ. Ийм их эрчимтэй өөрчлөлтийг дагаад, зарим тохиолдолд түрүүлээд хүмүүсийн сэтгэлгээ ч ихэд өөрчлөгдөж, олон янзын утга агуулга бүхий үзэл баримтлал боловсрон, тарж түгэх боллоо. Байгаль, нийгэм-хүмүүнлэгийн ухааны чиглэлээр боловсорч нийтийн хүртээл болж буй олон утга санаа бүхий үзэл баримтлалыг анхааралтай судалж, өөрийн үзэл баримтлал, дүгнэлтээ дэвшүүлж, маргаан мэтгэлцээн өрнүүлж үнэний эрэл хийдгээр философи бусад мэргэжил, мэдлэгийн төрлүүдээс онцгойрч байдгийг бид мэднэ. Ингэхлээр философи сонирхогчид, философийн мэргэжлээр суралцаж байгаа оюутан залуус гарцаагүй их унших төдийгүй уншиж, сонссоноо олон талаас нь бодож, эргэцүүлэх, бясалгаж тунгаах хэрэгцээ гарч байна. Ямар нэг шинэ санаа олж авах, өөрийн бодож санаж буй бодол, эргэцүүллээ бусадтай хуваалцахад дөхөм үзүүлдэг үйл ажиллагааны зохистой хэлбэр найз, нөхөд, ойр дотнынхон, анги хамт олныхоо дунд янз бүрийн сэдэв чиглэлтэй яриа, мэтгэлцээнд өрнүүлж, үнэнийг эрж хайсан идэвхтэй үйл ажиллагаа явуулж сурвал бидний сэтгэлгээг задалж, аливаа асуудлыг эерэг, сөрөг олон талаас нь бодож, ухаардаг, үнэлж цэгнэдэг сэтгэлгээ, зан үйлдлийн хэв маягттай болж болох юм болов уу гэж боддог. Философи сонирхож судалж буй залуус орос, англи, герман гээд гадаад хэлний сайн мэдлэг, чадвар эзэмших хэрэгцээ ч гарцаагүй тавигдлаа. Философийн чиглэлээр олон ном бүтээл бичиж, орчуулсан ахмад философич Ц.Балхаажав гуай, Б.Даш-Ёндон, Ц.Гомбосүрэн  нарын ахмад багш нарынхаа үнэ цэнтэй мэдлэг, туршлагаас суралцах хэрэгцээ залуучуудад их байгаа. Философи мэдлэгийн анхаарлын төвд түүхэн цаг бүрд хүний тухай асуудал байсныг бид мэднэ. Одоо ч манайд хүнээ л, монгол хүнээ л таних, энэ танин мэдэхүйнхээ хүрсэн дүнд түшиглэж, шийдвэр гаргаж, удирдаж залах, харилцаа, хандлагаа зохицуулах, оновчтой болгох хэрэгцээ хүмүүс хоорондын өдөр тутмын харилцаанаас эхлээд нийгэм, төр засгийнхаа түвшинд хүртэл чухалчлагдаж байгаа юм биш үү? Миний хувьд хүмүүн бид өөрсдийгөө болон бусдыг танин мэдэхэд, бие биеэ ойлгоход түүхэн янз бүрийн цаг үед бичигдсэн, олон улс үндэстний төлөөлөл болсон хувь хүний дүрийг уран яруугаар дүрслэн үзүүлж, тухайн цаг үеийн хүний өмнө дэвшигдэж байгаа асуудлыг хөндөж, уран сайхны болон философи боловсруулдаг дэлхийн сонгодог болон орчин үеийн шилмэл бүтээлүүдийг боломжийнхоо хэрээр уншиж, оюутан залуучуудын сонорт хүргэж, чадвал, өөрсдөөр нь уншуулж, аль нэг зохиолын уран сайхны  дүр, хөндөж тавьсан асуудлаар маргаан мэтгэлцээн өрнүүлж байвал, уншдаг, маргаж, мэтгэлцдэг,сэтгэлгээ нь задарч сэхээрсэн залуу хойч үетэй болох юм болов уу гэсэн таамаг  төдий төсөөлөл, санаа хадгалж явдаг юм. Дэлхийн сонгодог болон орчин үеийн шилмэл уран зохиолын бүтээлүүд нь  уншигч юуны өмнө өөрийнхөө асуудлыг олж ухаарч болохоор өргөн агуулга, философилог санаатай байдаг. Дэлхийн том шашнууд бүгд л хүний нэгэн төрлийн гэм согог болох  гол сул талыг “шунал” хэмээн тодорхойлж, энэ шунал хүслийг  хорьж цагдсан, болгоомжлуулж анхааруулсан үзэл номлол дэвшүүлж, бурхны нэрийг барьж номлодог. Буддын шашин үйлийн үрийн ойлголтоор энэ асуудлыг ярьдаг. Төрөлхөөс заяасан ч гэмээр юм уу энэ гэм согог даамжирсаар хүний сул тал болж, зарим нэгнийх нь тухайд өөрийнх нь  асуудал болж хувирдаг.  Өөрөө бий болгосон энэ асуудлаа шийдэх гэж хувь хүн их цаг зарж, чармайж, эрэл хайгуул хийдэг. Заримдаа асуудлынхаа шийдлийг ололгүй, олсон ч шийдэж чадахаар эр зориг, сэтгэлийн тэвчээр чармайлт гаргаж чадалгүй хорвоог орхидог. Үр удмынхаа түүхэнд нэгэн хар толбо тавиад өөрөө хүний хорвоогоос яваад өгдөг. Эд мөнгөний, эрх мэдлийн, алдар нэрийн, бие махбодын шунал хүслээ дарж, тэвчиж чадаагүйгээс болоод хүний нэгэн насны амьдрал сүйрэх юм уу, бүр амь, амьдралаа алдахад ч хүрдэг тохиолдол байдаг. Хүний амьдралын ийм хурц асуудлыг шашин, уран зохиол хоёр л хамгийн ойлгомжтой, сэтгэлд унахуйц дүр дүрслэлээр дэвшүүлэн тавьдаг. Ингээд бодвол сонгодог болон шилмэл уран зохиол хүн өөрийгөө болон бусдыг  танин мэдэх философийн нэг талыг тээж явдаг гэсэн дүгнэлт хийж болох юм. Нийгмийн амьдралын оюун санааны ертөнцөд олон ургалч үзэл ноёрхож, хүн болгон санал бодлоо чөлөөтэй хэлж, ярьдаг, нийгмийн хөдөлгөөн хурдсаж, хувь хүн, хамтлаг нийтлэг өдөр болгон, цаг тутам шийдлээ хүлээсэн шинэ асуудалтай  тулгардаг болсон энэ сонирхолтой цаг үед ярьдаг, хэлдэг, үйлддэг хүн болгон л философи сэтгэлгээний цагаан толгойд суралцаж  байх хэрэгтэй болдог юм байна. Тулгарч байгаа асуудлынхаа үүсэл гарал, хөгжил хувирлын үйл явц, олон талт хамаарал, хожим хойчдоо үзүүлэх үр дагавар гээд мөн чанарыг нь танин мэдэх хэрэгцээ шаардлагын өмнө хүмүүн үргэлж зогсож байдаг. Манай их, дээд сургуулиудад нийгэм-хүмүүнлэгийн ухааны хичээлүүдийг оновчтой хөтөлбөрөөр зааж, үнэнийг эрж хайсан яриа, мэтгэлцээнд суралцуулж, бэлтгэн гаргаж буй мэргэжилтнүүддээ байгаль нийгмийн аливаа юмс үзэгдлийг олон талаас нь тайлж тайлбарладаг сэтгэлгээний дадал дүй, чадвар эзэмшүүлмээр байгаа юм. Ямар ч мэргэжлийн инженер, эмч багш хэн ч байлаа гэсэн нийгмийн хүн, нийгмийн харилцааны идэвхтэй оролцогч байх иргэний эрх, үүрэгтэй болдог. Иргэд бидэнд юуны өмнө амьдарч байгаа нийгмийнхээ мөн чанар, хүн болж төрсөн амьдралын учир утгыг ухаарч, өдөр тутам өөртөө тулгарч байгаа асуудлуудад оновчтой хариу шийдэл эрж хайх чадвартай иргэн болох хэрэгцээ байна шүү дээ.
Хүн байх, хүн болохын гол ноён нурууг ёс суртахуун босгодог. Зүй нь “ардчилсан нийгэм” хэмээх хүмүүсийн энэ олон талт харилцааны тогтолцоо маань ёс суртахууны хэм хэмжээ, зарчмуудаар иргэд бид зан үйлдлээ зохицуулж амар тайван, бие биедээ итгэж найдаж, хүлээцтэй ажиллаж, амьдрах амьдралын хэв маягтай, дадал зуршилтай байх ёстой систем юм байна. Өөрийн зан үйлдлээ зохицуулах сэтгэл, оюун ухааны өргөн цар хүрээтэй, ёс суртахууны тодорхой боловсрол, дадал зуршилтай хүн л орчин тойрондоо үлгэр жишээ, өмөг түшиг болохоор амьдарч, ажиллаж чадах сэтгэл, оюуны нөөцийг дотроо агуулж явдаг. Бид ардчилсан өөрчлөлтийн энэ өнгөрсөн жилүүдэд “дур зорго”, “эрх чөлөө” гэсэн хоёр үзэл ойлголтоо эрс зааглаж ялгаж чадалгүй явсаар ирсэн ч байж болзошгүй юм. Аристотель хүн ерөөс дур зоргоороо байх төрөлх чанартай амьтан гэсэн санаа хэлсэн байдаг. Энэ санааны цаана хүн дур зоргоороо байх гэсэн төрөлх чанараа нийгмийн олон үеийн амьдралаар туршигдаж тогтсон, бас шинэчлэгдэж байдаг ёс суртахууны хэм хэмжээ, зарчмаар хязгаарлаж байх ёстойг анхааруулсан үзэл санаа агуулагдаж байдаг.  Дур зорго бол урьд өмнөх түүхийнхээ өв болж үлдэх учиртай үнэ цэнтэй бүхнийг нурааж, үгүй хийдэг, түүгээр ч үл барам хүн өөрийгөө сүйтгэж, бусдыг дайсагнадаг, амьдарч буй нийгмээ эмх замбараагүй, дэг журамгүй нөхцөл байдал руу түлхдэг зохисгүй үр дагавартай. Ийм сөрөг үр дагаврыг нь тооцож ухаарсан суут философич Аристотель эрх чөлөө дур зоргоос огт өөр агуулгатай болохыг яруу тодорхой илэрхийлсэн ёс зүйн гурвал зохиолоо бичиж хойч үедээ өв болгон үлдээсэн. Хариуцлага хүлээдэг бүтээлч сонголт хийх боломжийг л эрх чөлөө хэмээн ойлгож ухаарч болно. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд үүрэг хүлээхгүйгээр эрх эдлэхийг урьдал болгодог сөрөг үзэгдэл нийгэмд ноёрхох болсныг үгүйсгэх аргагүй. Эрхгүй үүрэг, үүрэггүй эрх аль ч улс оронд хэвийн байдлаар үйлчилдэггүй гэдгийг бид мэднэ. 
Эрх чөлөөт ардчилсан нийгмийн иргэд бид өөрийнхөө зан үйлдлээ өөрөө сонгож, хариуцлагыг нь хэнтэй ч хуваалцахгүйгээр өөрөө хүлээх ёс суртахууны чадвар, чансаатай байх учиртай цаг үеийн хүүхдүүд болсноо өнөөдөр ойлгож ухаарахуйн ач холбогдлыг үнэлж баршгүй. Нөгөө талаар түүхэн цаг үе бүрд хүмүүн төрөлхтний цоо шинэ үе нийгмийн амьдралд түрэн орж ирдэг бодит байдлаас үүдэн ёс зүйн судалгаа цаг үе болгонд л шинээр хийгдэж олон талт агуулгаараа баяжиж байх ёстой юм байна. Өнөөдөр ёс суртахууны асуудлыг нийгмийн болон хувь хүний сэтгэл зүйтэй холбон судлах хэрэгцээ гарч байна гэж  би ухаарах болсон. Ёс суртахууны хэм хэмжээ, зарчмыг хувь хүн, нийгмийн нийтлэг хэрхэн сахиж, мөрдөж байгаа зан  үйлдлийн гадаад төлөв байдлыг авч үзэхээс цаашлаад “нийгмийн баг-нүүрэвчнийх нь (Карл Юнгийн маск гэж нэрлэсэн) цаадах нууцлаг далд бодол санаа, шийдэл, зорилт, төлөвлөгөөг бас л олж үзэх, тандаж судлах хэрэгтэй болоод байна. Өнөөгийн манай нийгмийн амьдрал олон талаараа хэлбэрдлийн давалгаанд автаад байгаа бодит байдлыг дагаад хувь хүний зан авир ч гэсэн мөн чанар нь бүдгэрсэн гаднах өнгөний жүжиглэл ихтэй болчихлоо. Сайн, сайхан хүн болж дүр эсгэж жүжиглэдэг чадвар ч гэх юм уу, “авьяас” гэж арай хэлж болохгүй байх, ямар боловч хүмүүсийн жинхэнэ дотор чанарыг танин мэдэхэд ээдрээ, өнгөлгөө ихтэй болсон. Нэгэнт ийм цаг үеийн бодит байдалтай тулгарсан нийгмийн ёс суртахууны судалгаа илүү гүнзгийрч философи, социологи, сэтгэл судлал, эрх зүй, эдийн засаг гээд олон талтай болох шаардлага тулгарч байгаа юм болов уу гэж би бодох болсон. 

Д.О: Амьдрал ахуйдаа байнга хэрэглэх чухал санаануудыг хэлж өглөө. Олон хүн Таны ярилцлагыг уншаасай. Танд эрүүл энх, эрдэм бүтээлийн их амжилтыг хүсье. Түр орхисон номоо удахгүй хэвлүүлээрэй. Номын цагаан буян дэлгэрэх болтугай. 
Б.Галиндэв: За баярлалаа. 

Ярилцсан: МУИС-ийн багш, доктор Д.Оюунгэрэл 

Шинэ бүтээл