Б.ГАЛИНДЭВ: ХҮН БАЙХ УХААНД НАСАН ТУРШДАА СУРАЛЦДАГ

Энэ удаагийн зочноор Отгонтэнгэр Их Сургуулийн профессор, Монгол Улсын Гавьяат багш Бүдрэгчийн Галиндэв оролцож байна. 

Д.О: Ярилцах урилгыг маань хүлээж авсан танд юуны өмнө талархлаа илэрхийлье. Эхлээд танаас аль нутгийн хүн бэ? Хаана аль сургуулийг ямар мэргэжлээр дүүргэсэн бэ?, философитой  амьдралаа холбосон түүхээсээ хуваалцаач хэмээн хүсэж байна.

Б.Галиндэв: Би Завхан аймгийн Сонгино сумын харьяат. Манай сум чинь хөдөлмөрийн баатар, хоньчин Ц.Намхайнямбуу, Ардын жүжигчин, Төрийн шагналт, уран нугараач Б.Норовсамбуу нарын хөдөлмөрийн олон алдартан, гавьяатуудаараа бахархдаг зантай. Улсын хэмжээгээр хамгийн цөөн хүн амтайд тооцогддог ч хамгийн олон хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяатууд төрүүлсэн сум манайх гээд л манай нутгийн залуучууд ярих дуртай юм байна лээ. Би Цэргийн сургуулиар бие даасан амьдралынхаа замыг эхэлсэн. 1970 онд Цэргийн ерөнхий сургууль төгсөж, 1983 онд ЗХУ-ын (хуучин нэрээр) Цэргийн улс төрийн академи төгсөж, философийн багшийн мэргэжлийн дипломтой болсон юм. Философийн багшаар одоогийн Үндэсний Батлан хамгаалах их сургуульд томилогдон ажилласнаас хойш 40 жил өнгөрсөн байна. Ахмад багш нартай харьцуулахад бага хугацаа юм шиг уншигдах байх. Гэхдээ миний тухайд бас л багагүй хугацаа шиг санагддаг. 1995 онд ОТИС-д ирж ажиллаад өөрийн чадал, боломж, сургуулийн хамт олны тус дэмжлэгтэйгээр мэргэжлийнхээ дагуу 9 ном хэвлүүлсэн байна. Миний ажлуудын  сэдэв голчлон философийн төв асуудал хүн, түүний ёс суртахуун, нийгмийн төлөвшлийн  чиглэлтэй болсон. 

Д.О: Энэ удаа хоёулаа хүүхэд залуусын хүмүүжил, ёс суртахууны боловсролд чиглэсэн агуулгаар ярилцъя гэж бодож байна. 
Б.Галиндэв: Тэгье. Энэ их чухал шүү. Манай орны хүн амын 70 гаруй хувийг  нь хүүхэд, залуучууд эзэлдэг. Эх орныхоо үнэ цэнтэй иргэн болох анхныхаа гарааг  хүүхэд ахуй наснаасаа эхэлдэг  учир утгыг монголчууд “Хүн болох багаасаа, Хүлэг болох унаганаасаа“ гэсэн зүйр үгээрээ философидож ирсэн эртний уламжлалтай ард түмэн. Өнөөдөр яагаад хүүхэд, залуучуудынхаа хүмүүжил, төлөвшлийн талаар олон талаас нь сайн ярилцах хэрэгтэй вэ? гэвэл Нэгд, дээр дурдсан бодит тоо баримтыг гарцаагүй анхааран үзэх учиртай. Хүүхэд, залуучуудынхаа зан үйлдэлд нөлөөлж, хувийн үлгэр жишээ үзүүлдэг ахмадуудын тооны харьцаа цөөн байна гэсэн үг. Өөдрөг, зөв үзэлтэй, амьдралынхаа төлөө өөрийгөө хөгжүүлэн тэмцэн ажиллаж, чармайн хөдөлмөрлөдөг ирээдүй хойч үеэ бэлтгэх үүрэг гэр бүлд ч, төр, засагт  ч, ахмад үеийнхэнд ч  түүхэн цаг бүрт тавигддаг. Хоёрт, өнөөгийн хүүхэд, залуучууд ардчилагдаж байгаа нийгмийн цоо шинэ орчинд амьдарч, ажиллах боллоо. Тодруулж хэлбэл: Чөлөөт зах зээлийн өрсөлдөөнт нийгмийн оюун санаанд олон ургалч үзлийн суурь зарчим хэрэгжиж, олон агуулга тайлбар бүхий мэдээллийн их давлагааны түрэлтийн орчинд, даяаршиж буй дэлхийн нэгэн ам бүл болоод байгаа Монгол орныхоо нийгмийн орчинд, өөрийнхөө итгэл үнэмшлээр сонголт хийж, хариуцлагыг нь өөрөө хүлээх  болсон эрх чөлөөт нийгмийн орчинд амьдарч, ажиллах сонирхолтой цаг үетэй манай хүүхэд, залуучууд нүүр тулгарлаа. Гуравт, Асар их хурдаар өргөн орон зайд мэдээлэл түгээдэг цахим технологийн ололтууд эцэг эхчүүд, ахмад настан, багш нарын хуучин уламжлалт нөлөөллөөс хүүхэд багачууд, залуусыг маань булааж аваад сониуч соргог байлгах өөрийнхөө зорилгыг эрчимтэй хэрэгжүүлж байгааг гарцаагүй тооцон үзэж, үр дагаврынх нь эерэг, сөрөг талыг философи, социологи, сэтгэл судлал талаас судлан үзэх шинэ хэрэгцээ тавигдаж байна. Ийм цаг үед хүүхэд, залуусын хүмүүжил, төлөвшлийн асуудлыг онол, суртахууны талаас нь ч, практик хэрэгжилтийн талаас нь ч гэр бүлээсээ эхлээд нийгмийн бүх л нийтлэгүүд, төр засаг тал бүрээс нь эрэн шинжилж, тунгаан бодож, оновчтой зохистой чиглэлд бодит ажил үйлдлээ  чиглүүлэх учиртай эгзэгтэй цаг үед бид амьдрах  хувь тохиосон байна гэж үздэгээ илэрхийлье. 

Д.О: Хүн байх ухаан, хүн болоход суралцах гэдэг их чухал том сэдэв. Хүн чанар гэж юу вэ багш аа? Энэ тухай таны бүтээл байдаг даа. Ухаалаг утас, ухаалаг самбар, ухаалаг технологи гээд хүнээс бусад нь ухаалаг болоод байгаа болохоор асууж байгаа юм. Хүн чанараа алдах нийгмийн эрсдэл юу вэ? Жишээ хэлбэл философи сонирхож амжаагүй хүмүүст илүү ойлгомжтой байх болов уу. 
Б.Галиндэв: “Амьдадаа нүүрээ улайлгахгүйгээр, үхсэн хойноо ясаа өндөлзүүлэхгүйгээр амьдар” гэсэн монгол философитой ард түмний үр сад юм аа бид. Эндээс үүтгэн бодвол “Хүн байх ухаан”-д хүн насан туршдаа суралцах учиртай юм биш үү? Эхийн хэвлийд ураг бүрэлдэх цагаас энэ орчлонгоос үдүүлж явах хүртлээ хүн байх ухаанд боловсорч суралцдаг. Хүн чанарын талаар ёс зүйн философид олон тодорхойлолт байдгийг бид мэднэ. Байгалийн амьтан болж төрсөн хүмүүн бид насан туршид “нийгмийн хүн” болохоор өөрийн хүн чанараа бүрдүүлдэг. Зарим нэг нь хүн болж төлөвшиж чадалгүй явсаар эцсийн амьсгалаа татдаг ч байх. Ийм этгээд гаж зан үйлтэй хүн өөртөө болон нийгэмдээ хор хөнөөлтэй амьдралын замаар орж, дасаж дадсан муу зуршилдаа баригдан явсаар эцсийн мөчид өөрийнхөө дотор сэтгэл рүү өнгийж харах ухаан суусан ч дахиад амьдрах хувь зохиол хүмүүн бидэнд заяадаггүйд гоморхоод л хүний орчлонгоос явдаг байх. Жан Поль Сартрын экзистенциалист философид миний ойлгосноор ийм санаа тодорхой тусгагдсан байдаг шүү дээ. Ингэхлээр “Хүн чанар” хэмээх ойлголт чинь учир утгатай амьдрах ухаан юм уу, бүр тодорхой хэлбэл гэр бүл, орчин, нийгэмдээ үнэ цэнтэй, өгөөж буянтай хүн болж амьдрах үйл явц юм уу?. Сайн сайхан, аз жаргалтай амьдралыг хүсэж мөрөөдөөд, өдөр тутмынхаа ажил, амьдралын бага ч гэсэн амжилт, хүрсэн үр дүнгээс сэтгэл ханамж аваад өөртөө итгэх итгэлтэй болоод хөдөлмөрлөж, тэмцээд, зовлон бэрхшээл тохиолдсон ч шантарч цөхрөлгүй өөдрөг үзлээр жигүүрлээд зүтгэж чармайгаад, бүтээснийхээ хэрээр хэрэглээд, түүндээ сэтгэл хангалуун яваад байвал хүмүүн бид амьдралынхаа учир утгыг  бүрдүүлээд байна гэж үзэж болно байх.  

“Өнөөгийн хүүхэд, залуучуудын хүмүүжил, төлөвшлийн асуудал гэр бүлээс эхлээд зүй зохисоороо шийдэгдээд явахгүй бол хүмүүжил, төлөвшлийн нарийн төвөгтэй үйл явцад цаг алдах, тулгарч буй энэ асуудлынхаа ирээдүй хойчийн үр дагаврыг нь дутуу мөчид ухаарах бүтэлгүйдэл манай нийгэмд байнга ажиглагдаж байна”. 

Нийгмийн эрсдэл гэсэн үзэл ойлголт нэлээд эртнээс бий болжээ. Одоо манай нийгмийн өрнөж буй амьдралыг анхаарч үзвэл, энэ ардчилал, зах зээлийн тогтолцоо ерөөс эрсдэл бүхий өөрчлөлт юм байна гэдэг нь ойлгомжтой болно. Нийгмийн эрсдэл өөрийн сорилтдоо тэнцэхүйц хүнийг шаарддаг юм байна. Өөрөөр хэлбэл, тасралтгүй боловсорч, хөгжиж байгаа хүн, нийгмийн хурдсаж буй өөрчлөлтөөс түрүүлдэггүй юм гэхэд хоцордоггүй хөгжиж, өөрийгөө боловсруулж байгаа хүн нэхдэг ийм тогтолцоо. Хувь хүн өөрийгөө боловсруулах, хөгжүүлэх гэсэн ойлголтыг дан ганц сургуульд суралцаж, онолын мэдлэг эзэмших утгаар ойлгож болмооргүй боллоо. Амьдрал, ажлын туршлагаар, цохож хэлбэл нийгмийн  шударга амьдралын туршлагаар өөрийгөө боловсруулж, сайн үйл хийх дадал зуршлыг өөрийн зан үйлдээ, сэтгэл, оюундаа дадуулах хэмээн өргөн утгаар яригдах учиртай юм байна. Ингээд бодвол хүүхэд, залуучуудын хүмүүжил, төлөвшлийн асуудал гэр бүлээс эхлээд зүй зохисоороо шийдэгдээд явахгүй бол хүмүүжил, төлөвшлийн нарийн төвөгтэй үйл явцад цаг алдах, тулгарч буй энэ асуудлынхаа хойчийн үр дагаврыг нь дутуу мөчид ухаарах бүтэлгүйдэл манай нийгэмд байнга ажиглагдаад байгааг багш нар бид алхам тутамдаа мэдрэх боллоо. Хүн чанараа алдсан хүмүүс, нийгмийн эрсдэлийг төрүүлж байгаа олон баримт байна. Ялангуяа улс төрийн хоосон амлалт, гар дээр тавьсан хэдэн мөнгөнд нь болж хүнийг нь танин мэдэлгүйгээр иргэд бидний сонгож, эрх мэдэлтэй болгосон нөхдийн ичиж нүүр улаймаар ааш авираас их тодорхой болж байна. Олон түмэн хүртэж, үйлдвэр, үйлчилгээ эрхэлж аж амьдралаа өөд нь татаж  байх ёстой хямдхан хүүтэй зээлийг өөрсдөө авчихдаг, банкнаас олон тэрбумаар нь зээл авчихаад буцааж, төлдөггүй улс орноо эдийн засгийн ядуурал руу түлхчихдэг гээд хүн чанарын алдагдлын жишээ болсон олон баримтыг дурдаж болохоор  байна шүү дээ. Гэр бүлийн хүчирхийлэл өнөөдөр бас л нэг хурц асуудал болоод байна. Өдөрт дунджаар 100-120 орчим гэр бүлийн хүчирхийлэл бүртгэгдэж байгаа нь манай хүүхэд, залуучуудын ирээдүйн хүн ёсны төлөвшилд сэв суулгасан үзэгдэл болж байгааг бас л хүн чанарын доройтол нийгмийн эрсдэлт, айдас түгшүүртэй амьдралыг  бий болгож байгааг илүүтэй ухаарч зан үйлдлээ засаж залруулах цаг боллоо. Сүүлийн үеийн баримтаар манайд өдөр бүр 10 айл өрх гэр бүлээ цуцлуулж байна. Гэр бүлээ цуцлуулагчдын 80 шахам хувь нь нэг гэрт орж “тоонот гэр толгой холбож, тостой шөлөнд хушуу дүрснээсээ” хойш 7-10 жил болсон хосууд байгаа баримтын цаана 1-4 хүүхдийн хувь заяаны зураг ямар байх вэ? гэдэг асуудал гараад ирнэ. Эцэггүй эсвэл эхгүй, амьдын өнчрөл үзэж өсөж өндийж байгаа хүүхдийн сэтгэл бүтэн, зан авир эерэг зөөлөн байж чадах уу? Та бид хоёрын ярианы нэг том сэдэв хүн чанарын доройтол манай нийгмийн хожмын амьдралд ямар эрсдэл учруулж байгааг баримжаалж үзвэл энэ мэт олон гашуун баримт илрээд байх боллоо. 

Д.О: Тантай санал нэг байна. Ялангуяа гэр бүл салалтаас үүдэлтэй хүүхэд хохирох, Таны хэлдгээр амьдын хагацал үзэх зэрэг ирээдүйн нийгмийн эрсдэлд би анхаарах ёстой. Тэгэхлээр өнөөгийн нийгэмд хүүхэд, залуусыг хүмүүжүүлэх асуудал чухал болоод байна. Ер нь аль ч нийгэмд чухал байх л даа. Гэтэл энэ тал дээр эцэг эхийн боловсрол, үлгэр дуурайл ямархуу байна вэ? Ажигладаг, судалдаг хүний хувьд юу хэлэх вэ? 

Өөрийн удам  угсаагаа зүй ёсоор нь нэр төртэй үргэлжлүүлэх, гал голомтоо цэвэр ариунаар нь дараагийнхаа үед буухиалан өгөх ёс суртахууны үүргээ манай залуучууд зүрх сэтгэлдээ хадгалж явах учиртай.

Б.Галиндэв: Өмнөх асуултын баримт болгож би зарим жишээг дурдлаа. Монгол гэр бүл судлалын асуудлын үндсийг тавигчдын нэг доктор (Sс.D) Т.Намжил агсан гэр бүлийн боловсролын асуудлыг олонтоо хөндөж ярьсан. Гэр бүлийн нийгмийн учир утга гэж томьёолмоор юм уу нэг асуудал байна. Өөрийн удам  угсаагаа зүй ёсоор нь нэр төртэй үргэлжлүүлэх, гал голомтоо цэвэр ариунаар нь дараагийн үед буухиалан өгөх ёс суртахууны үүрэг өнөө үеийн залууст тавигддаг. Энэ нууцлаг ч юм шиг нандин үүргээ манай залуучууд зүрх сэтгэлдээ хадгалж явах учиртай юм. Бие эрүүл, сэтгэл ариун үр хүүхэд төрүүлж, хүний дайтай хүн болгож, өсгөж хүмүүжүүлэх гээд эцэг эхийн ёс суртахууны хэнтэй ч хуваалцах ёсгүй нандин үүргээ ухаарч байж, гэрлэх ухааныг гэр бүлийн боловсролын тэргүүн эгнээнд оруулах учиртайг манай зарим залуус дутуу ойлгож, бие биеэ бүрэн таниагүй байж гэрлэхийг урьтал болгодгоос гэр бүлийн салалт өсөөд байна гэвэл та зөвшөөрөх үү? 

Д.О: Зөвшөөрнө. 
Б.Галиндэв: ОТИС-ийн Философийн хичээлийн хөтөлбөрт “Хайрын философи” гэсэн сэдэв оруулсан юм. Философи сэтгэлгээний суутуудаас эхлээд дэлхийн уран зохиолын сонгодгууд секс, хайр сэтгэл хоёрын нарийн ялгааг гаргаж, өгүүлсэн олон гайхамшигтай санаа хэлж, уран дүр бүтээсэн байдаг. Оросын философич В.П.Шестаков “Эрос и Культура” ном хэвлүүлж, өрнө дахины хайрын философийн суут бүтээлүүдийг түүвэрлэж, энэ талын судлаачдын гарын авлага болгосон. Манай гэр бүл судлаачид, багш нар энэ бүтээлтэй аль хэдийн танилцсан байх аа. Эцэг эхийн гэр бүлийн боловсролын асуудлын дотор “гоо сайхны боловсрол” том байр эзлэх учиртай, “Гартаа хийл барьсан хүн муу муухай үйлдэл хийхгүй” гэсэн хэлц үг европын соёлд байдгийг бид мэднэ. Сайхныг дээдэлж, сайхан үйлс бүтээх, сайхан явахыг гадна төрх, гял цал байдлаараа бус дотор сэтгэлээрээ мэдэрч ухаарсан хүний гэр бүлд хүчирхийлэл үйлдэгдэж, эхнэр хүүхдээ уйлуулж, нулимсыг нь урсгаж, эмээ, өвөөгөө ад шоо үзэж, амьдралынх нь сүүлчийн жилүүдэд сүүдэр тусгах уу даа. Өнөөгийн манай гэр бүл, эцэг эхийн  боловсролын бүрдэлд хэмнэлтийн зарчим үйлчилж, барууны орнуудад ихэд яригдах болсон минималист амьдралын дэг журам ноёрхох хэмжээний ухаарал тооцоог оруулмаар санагдаад байдаг юм. Ингээд бодохоор “Хайр сэтгэл” гэдэг чинь сэтгэл зүй, ёс суртахуун, гоо сайхан, биологи, эдийн засаг, эрх зүйн зэрэг үзэл ойлголтыг өөртөө багтаасан, сэтгэл хөдлөл, догдлол, дур сонирхол, хүсэл тачаал төдийгүй гэр бүл, нийгмийн амьдралын үндсийг бүрдүүлдэг, хүний амьдралын хамгийн нарийн нандин нууцлаг үзэгдэл болж байна. Зарим талаас нь харвал манай нийгэмд “Хайр гудамжинд гарчихаад” байгаа юм шиг бодогдох нь бий. Хаа бол хаа “хайр аа, хайр аа” л гээд байдаг атлаа гэр бүлийн салалт, хүчирхийлэл өсөөд байгаа баримтаас би ийм этгээд нэр томьёо хэрэглэхэд хүрлээ л дээ. 

Д.О: Нээрээ л “Хайр гудамжинд гарчихсан”-ыг илтгэх гэр бүл салалт, хүүхдийн эрх зөрчигдөх, үл хайхрах хүчирхийллийн золиос болсон мэдээллийг өдөр бүр хардаг болжээ. Энэ асуудлыг бүр тодруулах дараагийн асуултаа тавья. Манай нийгмийн ёс суртахуунд эгоист байдал илүү давамгайлж байгаа нь ажиглагдаж байна. Та үүнтэй санал нийлэх үү? Уг нь рациональ байдлаар ойлговол бусдад саад болохыг өөртөө, өөрт саад болохыг бусдад зөвшөөрөхгүй хувийн хариуцлагатай амьдарч болох тухай гэж ойлгомоор. Гэтэл бидний хариуцлагагүй, нэг  нэгэндээ төвөг учруулж амьдарч буй зэргээс харахад илүү хар амиа хичээсэн амьтанлаг эгоист шинж илүү байх шиг. Энэ бүхний шалтгааныг та юу гэж бодож байна вэ?
Б.Галиндэв: Юуны өмнө нэгд, хүн ерөөс байгалийн амьтныхаа хувьд амиа бодсон зөн совинтой оршихуй гэдгийг, хоёрт энэ чөлөөт зах зээлийн өрсөлдөөн чинь угаасаа ашиг орлогын төлөө явдаг тогтолцоо юм гэж би ойлгож явдгаа хэлье. Эдгээрийг суурь үндэслэлүүд гэж үзээд байгаа үзэл санаанаасаа үүтгэвэл манай нийгэмд эгоист үзэл хандлага, зан үйлдэл одоо зарим талаараа хэрээс хэтэрсэн хэмжээгээр ноёрхож байна. Амиа бодох үзэл, хандлагыг бусдыг, нийгмээ хохироож өөрөө завших, амар хялбар аргаар их ашиг орлого олох утгаар нь бид шүүмжлэн буруутгаж, олон нийтийн санаа бодлыг зөв чиглэл рүү нь залах хэрэгтэй болно. Хувь хүн өөрийнхөө амиа бодох үзлийг тодорхой хэмжээнд хязгаарлах ёс суртахууны чансаа, дархлаатай болохыг ардчилсан нийгэм иргэдээс шаарддаг жамтай. Харин амиа бодох үзлийг нөгөө талаас нь авч үзээд хувь хүн бусдын туслалцаа, бөөцийлөлд найдалгүй өөрийгөө хөгжүүлж, өрсөлдөөнд тэргүүлж, нийгэмд өөрийнхөө эзлэх байр суурийг өсгөх утгаар тайлбарлаж, хүүхэд, залуучууддаа өрсөлдөөний явцад тохиолдож болох олон сорилт, шалгуурыг давж, бие даан ажиллаж, амьдрах ухаарал, туршлага суулгахыг урьдал болгох ёстой болов уу. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ зохистой эдэлж, хэнээс ч гуйж, хайр бөөцийлөл нэхэлгүй, өөрийгөө болон гэр бүлээ аваад явдаг мэдлэг-оюуны боловсрол, ажил, амьдралын туршлага хуримтлуулж, өөртөө эзэн болох ухааныг амиа бодох үзлийн эерэг утга санаа болгож тайлбарлавал болох юм гэж би үздэг. “Ухаалаг амиа бодох үзэл” гэсэн үзэл ойлголт ч философид байдаг шүү дээ.

Д.О: Тийм шүү. Үүний нэг илрэл нь хүн биеэ зөв яван, бусдын гар харалгүй, бие даан хичээж эх орондоо хувь нэмэр оруулах гэж ойлгож болох байх. Эх оронч үзлийг та нэг тодорхойлооч. Эх оронч байх гэдгийг үйлдлээрээ хэрхэн харуулах вэ? Эх оронч байна гэдгийг орчин үеийн хүүхдүүд хэрхэн ойлговол зохилтой вэ?
Б.Галиндэв: Эх орон дараах дөрвөн тулгууртайгаар оршин байна. 1-д бидний төрж өссөн газар нутаг, 2-т Монгол түмний үүсэн бий болсон түүхийнхээ туршид бүтээсэн өв соёл,уламжлал, 3-т Монгол үндэстний төр улсын тусгаар тогтнол, 4-д өнөөгийн монгол хүн, түүний хөгжил нь ийм л тулгуур үндэстэй өнөөгийн Монгол орон, төр-улс оршин байна. Цэргийн албан хаагчдад эх орны сэдвээр яриа таниулга хийхдээ би Д.Нацагдоржийн “Миний нутаг”, Б.Явуухулангийн “Би хаана төрөв өө”, Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгүүдийг уншин сонсгож эх оронч сэтгэл хөдлөлийг нь яруу найргаар өдөөх зорилт тавьдаг аргатай болоод байгаа. Монгол  эх орныхоо  оршихуйн энэ дөрвөн амин сүнсний учир холбогдлыг хүүхэд залуучуудад мэдрүүлж ухааруулмаар санагддаг. Түүхэн цаг үе болгонд эх оронч үзэл санаа өөр өөр утгаар тавигддаг ч энэ дөрвөн сэдэв хэзээ ч мөнхийн байх учиртай байх. Сонголт хийгээд олоод авч болдоггүй эх орон, эцэг, эх хоёр л хүнд хамгийн үнэ цэнтэй, насан туршийн учир утгатай байдаг. Аль ч улс орон үндэсний бахархалгүй бол хүн ардынх нь сэтгэл зүрхэнд шингэсэн эх оронч үзэлтэй байна гэж итгэж, найдах боломжгүй. Дэлхийн талыг эзэлж, хөрш зэргэлдээ улс орнуудаа эзэнт том гүрэн болгох эхлэлийг тавьж, ХIII зууны хүн төрөлхтний түүхэнд нэрээ мөнхөлсөн Чингис хааныхаа төр улсын мэргэн бодлого, үйл ажиллагаа, цэргийн урлагаар өнөө үеийнхэн бид зүй ёсоор бахархана. Энэ үндэсний бахархлаа өнөөгийн монгол хүн бид шинэ үйл хэргээр баяжуулах ёстой болжээ гэж би ойлгодог. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын эрчимтэй хөгжлийн ололтуудаас илт хоцорч байгаа улс орноо өнөөгийн монгол залуучууд, хойч үеийнхэн өөрсдийнхөө эзэмшсэн шинжлэх ухаанч боловсрол, хуримтлуулж байгаа нийгмийн туршлага, ажилч хичээнгүй чанар, хөдөлмөрч зүтгэл бүтээлээрээ орчин цагийн өндөр хөгжилтэй улс орон болгосон тийм эх оронч үйл хэргээ манай үеийнхэн  монгол хүнийхээ  бахархал болгож үлдээмээр байна шүү дээ. Гаднын улс орон руу ажил хийхээр явж буй залуучууд эх орондоо хичээж чармайгаад, тэвчиж зүтгээд хэрэгцээтэй байгаа ажиллах хүчнийхээ нөөцийг бүрдүүлээд ажиллаад эхэлбэл Монгол орон минь урагшлан эрчимтэй хөгжихөд тийм ч их хугацаа шаардахааргүй боломж бололцоо байна шүү дээ. Дэлхийн II дайны дараах он жилүүдэд Герман, Япон, 1970-аад онд Хятад хөгжлийн  ямар түвшинд байлаа. Энэ улс орнуудын эх оронч үзэл итгэлтэй хүн ард, залуучууд л өөр өөрсдийнхөө эх орныг хичээл зүтгэл, бие хайргүй хөдөлмөрөөрөө өнөөгийн өндөрлөгт хүргэсэн биз дээ. 

Д.О: Тэгэхээр таны бодлоор бид юу хийх нь зүйтэй вэ? Үндэсний соёлын дархлааг хүүхэд залууст суулгах ёстой гэж ойлголоо? 
Б.Галиндэв: Даяаршиж байгаа дэлхий олон соёлын зааг уулзварт амьдарч байгаа ч юм шиг ойлгогдох болсон өнөө цаг үед манай хүүхэд, залуучууд Монгол үндэстнийхээ түүхийг нарийвчлан судалж, олон талаас нь ухаарч чадвал бидэнд “үндэсний бахархал” хэмээх  оюуны дархлаа тогтох байх гэж боддог юм. Нийтийн соёлын гэх “үзвэрүүд”-ээр хойч үе минь сатаарч, зугаацаж, цагаа өнгөрөөх болоод байгаа өнөө цагт Монгол үндэстний минь түүхийн мэдлэг гүнзгийрч, олон талтай болох байтугай, харин саармагжиж, бүдгэрч байхыг үгүйсгэх аргагүй боллоо. Либерал ардчилсан өөрчлөлтийн том нийтлэлч Баабар дэлхийн олон улс оронд байгаа түүхийн баримтуудыг судалж, Монгол үндэстнийхээ түүхийг бичиж, тав дахь хэвлэлээ олон нийтэд толилуулаад байна. Хүүхэд, залуучууд гэлтгүй Монгол Улсынхаа түүхийг үзэл сурталжсан хуучин үеийн ном сурах бичиг, түүхийн сургалтаар гадарлах болсон бидний үеийн ахмадууд ч гэсэн эх түүхээ анхааралтай уншиж, Монгол үндэстнийхээ түүхийг лавшруулан судалмаар санагдах болсон. Эх оронч үзлийн асуудал өнөөдөр аль ч улс орны иргэдийн тухайд ялангуяа манайх шиг хөгжлийн түвшингөөр доогуур, ардчилсан үзэл, онолын дагуу нийгмийнхээ эрс өөрчлөлтийг хэрэгжүүлж байгаа орны тухайд хурцаар тавигдаж байгаа асуудлын нэг боллоо. Учир нь өнөөгийн Монголын хүүхэд, залуучуудын өмнө ирээдүйн амьдралынхаа замыг сонгох олон сонголт бий болсны улмаас манай зарим залуус эд баялгаар элбэг, биеэ зовоохгүй ажил хөдөлмөр эрхлээд амар хялбар, зугаа цэнгэлтэй амьдарч болох улс орон байвал хаа ч амьдарсан яах вэ? гэсэн үзэл ойлголт, чиг баримжаатай болчихоод байгааг үгүйсгэхээргүй үзэл санаа, үг яриа, зан үйлдэл ажиглагдаж байна. Зарим нэг нь Монголд амьдрал алга гэж шууд хэлж, ярих ч болсон. Ийм үзэл хандлага илрэх болсныг шууд буруутгах ч аргагүй болж. Өнөөдөр БНСУ-д очиж ажиллаж, амьдрах гэсэн залуучуудын цуваа, хүсэлт тасрахгүй байгааг бид цөм л харж байгаа. Тэнд очиж ахиу цалин хөлстэй ажил эрхлэх сонирхол их байна. Гэтэл ийм баримтын цаана манай орны үйлдвэр, барилга, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын гэх мэтийн олон салбар ажиллах хүчний хомсдолд ороод байгаагаа удаа дараа зарлаж мэдээлэх болсон. Багш, эмч, сувилагч, инженер, техникийн сайн боловсролтой ажиллах хүчний хэрэгцээ асар их болсон өнөөгийн эрэлтийг хангахад хүүхэд, залуучууд анхаарлаа төвлөрүүлж, хичээн суралцдаг, эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчид ч энэ чиглэлд анхаарлаа хандуулж хойч үеэ бэлтгэдэг болчихвол нөгөө хийсвэр юм шиг ойлгогдож олон нийтийн дунд яваад байдаг эх оронч үзэл маань бодитоор ажил хэрэг болж, улс орон минь өөдөлж дэвжих цаг хугацаа нь наашлах байх. Өнөөгийн Монголд эх оронч үзэл Монгол хүн бүр эрхэлсэн ажилдаа эзэн болохуйц эрдэм боловсрол, ажлын туршлагатай, ёс суртахууны чансаатай, бүтээлч хөдөлмөрийн дадал дүйтэй болсон үзүүлэлтээр, өнөө цагт хэрэгтэй болоод байгаа мэргэжлээр сайн боловсрол эзэмшиж, ажил амьдралынхаа гарааг эрч хүчтэй өөдрөгөөр эхэлж буй бодит ажил үйлсээр  хэрэгжинэ  гэж ойлгож болох юм. 

Д.О: Монгол хүнийг монгол хэмээн тодотгох агуулга руу Та бид хоёрын яриа шилжиж байна. Энэ талаар хоёулаа бага боловч хөндье. Даяаршлын энэ нөхцөлд Монголоороо үлдэх гэдгийг хэрхэн ойлгох вэ? Бид юу хийх хэрэгтэй байна вэ? 
Б.Галиндэв: Юуны өмнө “Тэнгэр заяатай монгол”, “Босоо хийморьтой монгол” гэх мэт мухар сүсэг шахуу болчихсон хуурамч үзлээ бид таягдан хаямаар байна. “Сайхан цаг хэзээ ирэх вэ?” гэж санааширч суух бус, хүүхэд, залуучууд, хойч үе минь чармайн ажиллаж чанартай үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг, хүч чадлаа шавхан суралцаж дэлхийн түвшний боловсрол эзэмшиж байж тэр сайхан цагийг бид өөрсдөө авчирна гэдгийг ухаарч ажиллаж амьдарч чадвал хүнийхээ хөгжлөөр хойгуур эрэмбэлэгдэж байгаа Монгол хүн” хэмээх тодотголоо олж, Монголын төдийгүй дэлхийн хүн гэдгээ харуулна. Дорнын уламжлалт ёс суртахууны шилдэг сайн чанарыг, өрнийн оюун ухаантай хослуулан хөгжиж чадсан монгол хүн, дэлхийд танигдах цаг хугацааг наашлуулж чадсан монгол хүн, монгол  түмнийхээ өв соёлыг орчин үежүүлэн баяжуулж, эзэмшсэн амьдралын хэв маягтай монгол хүн болсноороо ”Монголоор үлдэх” хэмээх ойлголтыг өргөжүүлэн  хэрэгжүүлж таарна. 

Д.О: Мөн Таныг уран зохиолын агуулгыг шинжлэх замаар хүмүүст ёс суртахууны боловсрол олгох арга замыг илүү эрэлхийлж байна гэж харж байгаа. Энэ их үр дүнтэй арга гэж бодож байна. Хүмүүс илүү уншдаг болсноор сэтгэх болон бусад олон талын ач холбогдол бий болно. Та үүнийгээ хийж буй ажлаараа дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү? 
Б.Галиндэв: Нийгмийн ухамсрын анхны хэлбэр бол олон үе дамжин яригддаг үлгэр домог, шидэт домгийн сэтгэлгээ байж. Үүний мөрийг даран шашин үүсэн цагаасаа хойш бас л олон түмний итгэл бишрэл болоод өдийн хүртэл аль ч нийгмийн оюун санааны ертөнцөд томоохон орон зай эзэлсээр байна. 

Өр нимгэн өрөвч зөөлөн сэтгэл, өөдрөг шантрашгүй хүсэл, зоригоо залуус уран зохиолоос олж авна. Иймээс хүүхдийг ном уншдаг болгож хүмүүжүүл.

Хүний ургуулан бодож төсөөлөх уран сайхны сэтгэлгээ, философи бодол эргэцүүллийг өөртөө шингээж, өөрийн урлан бүтээсэн уран сайхны дүрээрээ дамжин хүний оюун санаанд хүрч, үе дамжин ой санамжид нь урт удаан хугацаагаар хадгалагдан байдаг урлаг, уран зохиолын үр нөлөө, ач холбогдол өнөө үед бүр ч өндөр өргөгдөх учиртай оюун санааны үзэгдэл болоод байгаа юм. Учирлавал 1-д Дэлхийд уншигдаж буй уран зохиолоор дамжаад бид юмс үзэгдлийг тухайлбал, хүмүүний амьдралыг олон талаас ухаарч ойлгодог, дүрслэн боддог, учир утгыг нь тайлж тайлбарлах оюун ухааны чадвар, сэхээрэлтэй болно. 2-д Уран зохиолын шилдэг сайн ном уншсанаар иргэд, ялангуяа шинийг мэдрэх соргог мэдрэмжтэй манай хүүхэд, залуучууд уншсан номынхоо үйлдэгч дүрүүдийн оронд өөрийгөө тавьж өрөвдөж энэрдэг, зовж шаналдаг, уйтгарлаж гуньдаг, бахархаж хөөрдөг, бодож бясалгадаг хүн болох амьдралынхаа сэтгэл оюуны гарааг эхэлнэ. Өр нимгэн өрөвч зөөлөн сэтгэл, өөдрөг шантаршгүй хүсэл, зоригоо залуус уран зохиолоос олж авна. 3-д  Муу муухайг жигшин зэвүүцэж, сайн сайхныг дээдлэн хүсэмжлэх торгон мэдрэмжийг уран зохиолоос олж уншдаг. Хошин шогийн мэдрэмж, ёгтлол, егөөдлийн ухааныг уран зохиолоос суралцана. 4-д Уран зохиолын тод томруун яруу тодорхой дүрслэгдэж байгаа дүрүүдийн оронд өөрийгөө тавьж, жишиж үнэлэх баримжаа ч уншигчдын сэтгэл оюунд ургаад ирдэг шүү дээ. Дашрамд хэлэхэд, Ням гараг бүрийн 15 цагт уран зохиолын шууд ярилцлагыг МЦНХ-ы нүүр номын хуудсаар хийдэг Бурхан багшийн дүйчин өдөр 125 дахь дугаарыг “Агнистийн гэгээ”, “Мял богдын гэгээрсэн түүх” бүтээлийн тухай ярьсан. Өнөөгийн манай хүүхэд, залуус гэлтгүй  монгол хүн бүр л “Би хэн бэ” гэсэн асуулт өөртөө тавьж дотор сэтгэлдээ хариулт эрж, өөрийнхөө хэлсэн үг, хийсэн үйлдлээр бахархаж, сэтгэл ханамаар, эсвэл нүүр халж ичмээр тийм үнэлэлт дүгнэлт хүлээгдэж  байгаа цаг үед бид амьдарч байна. Хүн бүр өөрийгөө шинжин таних цор ганц субъект байх хувь зохиолтой, надаас өөр намайг сэтгэлийн мухарт минь хүртэл нь тандан таних хэн ч энэ хүний хорвоод байхгүй гэдгийг философи хэлдэг. Оросын суут зохиолч, сэтгэгч Ф.М.Достоевскийн зохиол бүтээлүүд  хүний дотор сэтгэлийг шинжлэхэд зориулагдсан байдаг юм байна гэж би ойлгосон. 
undefinedӨөрийгөө голж чамлалгүй “Достоевский ба хүний асуудал” гэсэн ном бичсэн. Орос, монгол хэлээр нийтэд уншигдсан бүх л зохиол бүтээлүүд болон  зохиолчийн тухайх судалгааны ном товхимлыг уншиж хэр чадлаараа эргэцүүлж бодоод ийм ном бичих бодол төрөөд хийж гүйцэтгэсэн юм. Оросын философич Н.А.Бердяев “Толстой хүний гаднах түүхийг бичсэн бол Достоевский түүний дотоод түүхийг нь бичсэн юм” гэсэн үгнээс санаа аваад “Лев Толстойн ертөнц ба хүний асуудал” гэсэн хоёр дахь номоо бичиж олны хүртээл болгох оролдлого хийгээд хэдэн жил өнгөрлөө. 

Д.О: Аль бүтээлүүдийг онцолж байна вэ? Уншигчдад санал болгох бүтээлээс  нэрлэнэ үү. 
Б.Галиндэв: Дэлхийн сонгодог болон шилмэл уран зохиолын номуудыг тэр нь сайн, энэ нь тааруухан гэсэн үнэлгээ хэлж, оношлоход төвөгтэй. Ерөнхийлөн дүгнэж хэлбэл, Европ, Америкийн соёл, иргэншлийн өлгий дундаас тодорч гарсан зохиолууд бичигдсэн цаг үеийнхээ баян хоосны ялгааг  илэрхийлж, хүний  эрх мэдэл, эд хөрөнгө, алдар нэрийн шунал, үүний улмаас хүн амын тодорхой хэсэг төсөөлж хэлэхийн аргагүй ядуурч хүний данснаас хасагдах хүртлээ гадуурхагдаж шоовдорлогдож байгааг дүрсэлсэн байх нь олонтой байдаг. Чарльз Диккенс, Виктор Гюго, Теодар Драйзер нарын романуудыг өнөөгийн манай хүүхэд, залуучууд уншмаар, өөр хоорондоо ярилцаж маргаж мэтгэлцмээр санагддаг. Гётегийн “Фауст”, “Залуу Вертерийн сэтгэлийн шаналан”, Гюстов Флобэрийн “Бовари хатагтай” гээд хайр сэтгэлийн тухай яруу тодорхой өгүүлсэн бүтээлүүдийг манай ахмад үеийнхэн бараг л толгой дараалан уншсан байх. Америкийн зохиолч Жек Лондон, Марк Твенийг ч уншсан. Харин саяхан орчуулагдсан Хермин Мелвиллийн “Моби Дики”, Владимар Набоковын ”Лолита”-г уншиж амжаагүй ч киног нь үзсэн байх. ХIХ зууны Английн уран зохиолын өнгийг тодорхойлж байсан Энн Бронтен “Уайлдфелл-Холлын “Үл таних эмэгтэй”, Эмили Бронтен “Аянгат даваа”, романууд онц сонирхолтой, бэрхшээл зовлонг хэтлэн давж байгаа үзэсгэлэнт бүсгүй Грэхем, гудамжны өнчин хүүхэд байснаа далд хар санаат, эд мөнгө, эрх мэдлийн хязгааргүй шуналтан болж өсөж өндийсөн Хитклип нарын тухайх философилог өгүүлэмж, уран дүрслэлээрээ уншигчдын оюун санааг байлдан дагуулдаг. Латин Америкийн зохиолчдын бүтээлүүд ХХ зуунд онцгой тодрох болсныг уншиж болно. Нобелийн шагналт Габриэль Гарсиа Маркесийн “Зуун жилийн ганцаардал” Г.Акимын орчуулгаар одоо тав дахь удаагаа хэвлэгдээд байхад манай уншигчдын оюуны эрэлт хэрэгцээ ассаар л байна. Мөн энэ зохиолчийн “Тахлын үеийн дурлал”, “Эзэнтний намар” болон бусад бүтээлийг манай орчуулагчид уншигч бидний гар дээр тавьсан. Бразилын зохиолч  Пауло Коэльюгийн “Алхимич”, “Верноника үхэхийг хүссэн нь”, “Нууц” роман хүний сэтгэлд ормооргүй уран дүр бүтээж, бидний оюун санааг маргаан, мэтгэлцээний зүг өөрийн эрхгүй өдөөн дууддаг. Философич, Нобелийн шагналт зохиолч Жан Поль Сартр, Альбер Камю, Эрнст Хемунгуэй, Андрей Жид Томас Мани, Хермэн Хессе болон зохиолч Франц Кафка, Марсель Прусст, Жеймс Жойс нарыг уншихгүй бол үгүйдээ л америк европын залуучуудтай ярих амьдрал, урлаг, уран зохиолын сэдэв олдохгүй ч байж магадгүй юм. Японы ХIХ зууны үеийн зохиолч Нацумэ Сосакийн “Муур миний өчил”, ”Сэтгэл”, “Бочаны” болон Нобелийн шагналт Ясунари Кабабата, Оэ Кэнзабура гээд бусад зохиолчдыг уншихаар хүний сэтгэл рүү их лав өнгийсөн дүр дүрслэл, уран яруу өгүүлэмж, бодол, эргэцүүлэл, баяр хөөр, сэтгэлийн шаналан, уйтгар гуниг, ганцаардал гээд япон хүний хэрсүү ухаан, шинжилгээ тандалтууд уншигдаад байдаг. Харин Хятадын орчин үеийн Мо Янь (https://www.youtube.com/watch?v=zTV4X-4Mn7o), Үй Хуа тэргүүт нэрт зохиолчдын бүтээлүүдээс миний олж уншсанаар Маогийн тогтоосон тоталитар дэглэмийн үеийн эгэл жирийн хөдөлмөрч хятад хүний хөлс ханхалж, хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр амтагддаг.  Амьдралыг эрхэмлэж хайрлах хятад хүний үзэл итгэл, эцсээ хүртэл амьдралын төлөө тэмцэж байгаа сэтгэлийн хат тэнхээ, ёс суртахууны нугаршгүй чанар харагдаж, хүн өөрийнхөө амьдралыг өөрөө хичээж чармайж, зүтгэж бүтээх тийм  холын итгэл найдвар, ойрын хүсэл зориггүйгээр юунд ч хүрч чадахгүй юм байна гэсэн итгэлийг  уншигчдын сэтгэлд ургуулж, амьдралын өөдрөг зураглал оюун санаанд нь бүтээдэг. 

Д.О: Энэ бүхнийг бид номоос уншиж мэддэг болохоор хүүхдээ ном уншдаг дадалтай болгож хүмүүжүүлэх нь туйлын чухал юм даа, тийм ээ? Хүний амьдралд ёс суртахууны үнэт зүйл яагаад чухал вэ? Энэхүү үнэт зүйлийг хүн ер нь хаанаас олж, эзэмшдэг вэ? Бид юун дээр илүү анхаарах хэрэгтэй байна гэж ахмад багшийн хувьд бодож байна? 
Б.Галиндэв: Социалист тогтолцооны үед бидний зан үйлдэл, дадал зуршилд бий болж бүрэлдэж төлөвшөөд байсан ёс суртахууны үнэт зүйлс, үнэлэмж ажиллахаа больсон. Одоо өөрчлөгдөж байгаа шинэ ардчилсан нийгмийн маань эрх чөлөө, шударга ёс, үүрэг хариуцлага, нэр төр, хүн чанар гэх мэт үнэт зүйлс хараахан төлөвшиж амжаагүй, олон нийтийн сэтгэл оюун, зан үйлдэлд төлөвшин бүрэлдэж системлэг шинжээ олоогүй байгаа ээдрээтэй, нэг ёсондоо ёс суртахууны эрэл хийж байгаа  цаг үед бид амьдарч байна гэж би боддог. Ёс суртахууны үнэлэмж бол өнөөгийн монгол хүн бидний эрх чөлөөт сонголтын зорилго, чиг баримжаа, түүгээр ч үл барам хэрэгцээг тодорхойлох хэмжээний хүчтэй утгачилсан үзэл, ойлголт юм.  Ёс суртахууны үнэт зүйлсээ монгол хүмүүн бид юуны өмнө гэр бүлийнхээ орчин, бүх шатны сургуулиудын суралцахуйн хичээл чармайлт, нийгмийн олон талт амьдрал, ажил, хөдөлмөр дундаас, жижиг, том  хамт олны гишүүний идэвхтэй оролцоон дундаас олж авна гэж үзвэл танд ямар санагдана.   

Ёс суртахууны үнэлэмж бол өнөөгийн монгол хүн бидний эрх чөлөөт сонголтын зорилго, чиг баримжаа, түүгээрч үл барам хэрэгцээг тодорхойлох хэмжээний хүчтэй утгачилсан үзэл, ойлголт юм.

Манай боловсролын орчинд бол суралцахуйн үйлийн хичээл, зүтгэл шаргуу хөдөлмөрийн явцад хүүхэд, залуучууд маань өөрийн гэсэн өөриймшүүлж эзэмшсэн эрдэм мэдлэг, ёс суртахууны үнэт зүйлтэй болж ардчилсан нийгмийн бие хүнийхээ дүр төрхийг олно. Боловсролыг эзэмших үйл явцыг бид тодорхой хэмжээний бэлэн онол, үзэл баримтлал цээжлэн, үүгээрээ шалгалт өгч батламж, диплом авахын төдий ойлгож байсан үзэл санаа, итгэл үнэмшил маань одоо хуучирсан. Орчин цагийн боловсролын амин сүнс нь юуны өмнө амьдрах арга болох мэдлэг, туршлага эзэмших, бие сэтгэл, оюуны тэвчээр сорьсон хичээл чармайлтаараа шинэ мэдлэг, шинэ санаа бүтээх эрэл хийх, тасралтгүй суралцаж хувь хүн өөрийгөө шинэчилж байх чиг баримжаатай болох утгаар ойлгогдох боллоо. Одоо чанаргүй цаасан диплом уу? эсвэл хичээл чармайлт гаргаж ажилладаг сэтгэлийн хат тэнхээ, бүтээлч эрэл хийдэг чадварын алийг нь авч ирсэн бэ? гэсэн асуултыг ажил олгогчид, хүлээж буй ажлын байр, шинэчлэгдэн байгаа манай нийгмийн амьдрал суралцагч хүнд тавьж байна. Манайд “Боловсрол бол бизнес мөн” гэсэн томьёолол нэлээд газар авсан. Энэ үнэн чиг баримжаа байж болно оо. Гэвч эцэг эхчүүд ч, суралцагч хүүхэд, залуучууд ч төлсөн мөнгөнийхөө хариуд чанартай бүтээгдэхүүн болж, сайн боловсрол эзэмшээд сургуулиа төгсөхийн тулд багшаас ч ихийг нэхэх эрхтэйн зэрэгцээ өөрөө ч их хичээл чармайлт гаргах учиртай шүү дээ. 

Д.О: Одоо ямар дүр төрх ажиглагдаад байна вэ? 
Б.Галиндэв: Миний ажиглаж байгаагаар, манай хүүхэд залуучууд олонхоороо оюуны залхуурал гэдэг гайтай үзэгдэлд өртчихсөн юм шиг төлөв байдал байнга илрээд байгаа. Хүзүүгээ хөшөөж, нүдээ чилтэл номын санд сууж, чанартай, хэрэгцээтэй сайн боловсрол эзэмших гэж чармайж байгаа оюутны тоо эрс цөөрсөн гэвэл та зөвшөөрөх үү? 

Д.О: Харин л дээ. Ямартаа ч хуулах үзэгдэл буюу оюуны хулгайтай тэмцэх хэрэгтэй гэж бодож байна. 
Б.Галиндэв: Семинар, ангийн ажил, дипломоо бичих гээд нойр, хоолоо хасаж, хичээнгүйлэн зүтгэж байгаа оюутан тийм ч олон биш болчихлоо. Харин өдөр, шөнөгүй л гар утсаа маажиж байгаа хүүхэд, залуучуудтай хаа бол хаа дайралдаж байна шүү дээ. Манай хүүхэд, залуучууд өдөрт 4-5 цаг гар утасныхаа мэдээлэл хардаг гэсэн судалгаа гарсан байна. Дэлхийн дунджаас 2-3 дахин их цагийг гар утсаа үзэхэд зориулж байна гэсэн баримт мэдээлэгджээ. Америкийн судлаач Йохан Хари ”Хулгайлагдсан төвлөрөл” хэмээх судалгааны ном бичиж цахим мэдээллийн энэ их давлагаа хүүхэд залуучуудын анхаарлыг нь сарниулж, оюун ухааныг нь сулруулж тэдний ой санамжийг бүдгэрүүлж, баллуурддаг болохыг дэлхийд нэрд гарсан тархи, сэтгэл зүй судлаач олон эрдэмтдийн 20-30 хийсэн судалгааны баримтууд дээр тулгуурлан дүгнэлт хийсэн байна. Цахим хэрэгслээсээ шинжлэх ухааны үндэстэй ховор шинэ мэдээлэл олж авч байгаа юу, эсвэл тулга тойрсон хов, живхэн, хувцасны моод загвар, ойр дотно танил нөхдийн зураг, хөрөгхөн, зугаа цэнгээний юм уу, эсвэл аллага хядлага, цагдаагийн  мөрдөлт, секс үйлдэл харуулсан кино мэтхэн үзээд буцаад хэзээ ч олдохгүй хайран цагаа барж, залуу насаа өнгөрөөж байна уу гэсэн асуудал гарна. 

 

 

ТӨГСГӨЛИЙН ХЭСЭГ >>>

Шинэ бүтээл