Л.ДАШНЯМ: ҮНДЭСТЭН ОЮУНЛАГ БАЙНА ГЭДЭГ САЙХАН ХЭРЭГ
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ардын багш, СГЗ, профессор Л.Дашнямтай уншигч Та бүхнийг уулзуулж байна.
- Сайн байна уу? Танд Улс тунхагласны өдрийн мэндийг хүргэе. Мөн бидний урилгыг хүлээн авч, ярилцах зөвшөөрөл олгож цаг заваа зориулж буйд талархал илэрхийлье.
- Баярлалаа. Та бүхэнд Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд найрамдах Улсаа тунхагласны баярын мэнд хүргэж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе өө!
- Юуны өмнө манай Монголын Философийн холбооны сайтын уншигчдад зориулан өөрийгөө товч танилцуулахгүй юу?
- Би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын хүн. Дунд сургуулиа төгсөөд Москва хотноо Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн. Одоо төгссөн сургууль маань Их сургууль болсон доо. Оросын дэлхийд нэртэй гурван сургуулийн нэг юм. Үндсэн мэргэжил маань Олон улсын эдийн засагч. Мөн шинжлэх ухаан судлаач болж эрдмийн зэрэг хамгаалсан. Одоо бол монгол судлаач гэдэг нь давамгайлах болсон шиг байна. Намайг ямар мэргэжлийн хүн бол гэж гайхдаг ч юм уу, ер нь олон янзаар л нэрлэх юм. Би нэг их тоодоггүй ээ. Гол нь Дашням л байя.
- Философийг хэзээнээс сонирхож эхэлсэн бэ? Тан анх аль философичийн ямар бүтээлд илүү их татагдаж сонирхож байв? Ер нь хүний амьдралд философийн мэдлэг ямар үүрэг гүйцэтгэдэг гэж та боддог вэ?
- Би оюутан байхын философи их сонирхдог байлаа. Философитой хамааралтай олон ном уншсан даа. Эхний үед сонголт муутай аа. Уншаад л байна. Тэгээд жаахан ухаан ороод ирэхээрээ ч гэх юм уу даа Германы философичдыг илүү сонирхдог болсон. Ялангуяа Гегель, Кантыг уншина аа. Германыг бусад үндэстэн түүхэн туршид л хэлгүй пайтан шахуу амьтас болгож, нэр хоч өгч ирсэн дээ. Гэвч хүн төрөлхтний оюуны сан хөмрөгт тэдэн шиг гайхамшигтай ихийг хийж бүтээсэн үндэстэн элбэг биш шүү. Та нар мэдэх байх даа. Эртний ромчууд, германчууд ялангуяа Рейн мөрний батавчуудыг барборой гэдэг байж. Тэр нь одоо бидний мэддэг варвар буюу зэрлэг гэсэн үг мөн боловч тэр үеийн утга нь хэлгүй гэсэн илэрхийлэл юмсанж. Хожим, хожим ч юу байхав одоо ч оросууд германуудыг немцүүд гэдэг шүү дээ. Тэр нь мөн л дүлий, хэлгүй гэсэн үг! Бусдаар муу хэлүүлэвч өөрснөө оюунлаг байна гэдэг сайхан хэрэг л дээ! Философийг ихэнхдээ амьдралаас хол, цэцэрхэгчдийн ажил мэт боддог. Гэвч философи үзсэн хүн юманд маш ултай, олон талаас нь бодож болгоосон, оюунлаг ханддаг юм. Буддистууд нэг тиймэрхүү байдаг шүү дээ. Ихийг багад хурааж чаддаг, эсвэл багаас том дүгнэлт гаргаж чаддаг гэж хэлбэл тойм нь ойлгогдох байх аа.
- Монгол Улсын Ардын багш хүнтэй Улс тунхагласны ойг тохиолдуулан уулзаж байгаагийн хувьд хүүхэд залуусын боловсрол, соёл гэгээрлийн тухай асуултыг илүү асууна хэмээн бодож байна. Монгол хүүхдийг ухаалаг, бүтээлч болгон төлөвшүүлэхэд бид юунд илүү анхаарах хэрэгтэй вэ? Хэрвээ бид энэ тал дээр илүү сайн байж чадахгүй байгаа бол бидний гол алдаа юу вэ?
- Орчин үеийн хүмүүс бүх юманд маш яаруу сандруу болж. Хурдхан амжъя гэдэг л нэг санаа яваад байдаг шиг байна. Цагийн хөл түргэслээ гэж ярьдаг даа. Бараг хүн бүхэн мэддэг нэг монгол сайхан үг бий, гэвч! Бушуу туулай борвиндоо баастай! гэж. Яарч сандарч, дутуу дулим бодсоноос юм түүхийрдэг гэдгийг л хэлээд байгаа юм. Тэгэхээр хүүхдүүдийг аливаа юм хийхдээ эхлээд сайн бодож нягтлахыг сургаж, бүр хэвшил болгуулах хэрэгтэй. Ер нь хүн түүхэн ба логик сэтгэлгээ сайтай байвал тун зүгээр! Энэ юуг хэлж байна гэхээр юмыг урьд нь ямар байсан юм бол, одоо яагаад ийм байгаа юм бол, үүнийг яаж улам сайн сайхан болгох вэ гэж асуудаг, боддог, тийм сэтгэлгээ, хандлага, зуршил, хэвшилтэй болгохыг хичээх хэрэгтэй юм. Ачиртаа энэ бол философич хандлага л даа. Залуус аливаад зорилго тавьж хандахгүй цаг зуурын, тухайн үеийн л явдал мэт хандах нь их болсон байна. Ул суурьтай хандаж сурах хэрэгтэй. Үүнд ахмадын сургаал, үлгэр дууриалал их хэрэгтэй л дээ. Харамсалтай нь ахмадын оролцоо, нөлөө их сул байна. Хүүхдийг ухаалаг болгоно гэдэг юмыг ажигладаг, боддог, учрыг олохыг хичээдэг болгоно л гэсэн үг юм даа. Их бага зүйлээс эхлэх хэрэгтэй. Манайхан үр хүүхдээ шууд л нэг их юм мэддэг, за бараг л шууд эрдэмтэн болгочих юм бодоод байх юм. Хүн болно, ухаантай болно гэдэг насан туршийн ажил шүү дээ!
- Тийм шүү. Хүн байхуйд суралцах нь насан туршийн ажил мөн. Аливаа улс үндэстний бүтээсэн соёл нь тэр ард түмнээ гэгээрүүлж, хүмүүжүүлж төлөвшүүлж байдаг. Монгол хүүхдийг үндэсний соёлын дархлаатай болгож өсгөж хүмүүжүүлэх ёстой гэдэгтэй санал нэгдэх байх. Тэгвэл таныхаар үндэсний соёлын дархлаатай болгоно гэдэг яахын нэр вэ? Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
- Монголоо мэднэ гэж нэг сайхан үг бий дээ. Тэр юуг хэлж байна гэвэл юуны өмнө өөрсдөө бусадтай юугаараа ижил, тэднээс юугаараа өөр байна гэдгийг хэлнэ. Түүнийг мэднэ гэдэг том ажил! Ялангуяа өөр байгаа, бидэнд эрхэм сайхан санагдаж байгаа бүхэн манай соёл! Мянган мянганы амьдрал маань тэр соёлыг, Монголын гэхээр соёлт амьдралыг бий болгосон юм. Монгол соёлд маш их юм багтана. Энгийн үгээр хэлбэл, хаана ч явсан бидэнд санагдаад, үгүйлэгдээд байдаг юмс маань тэр! Тэр чинь л бидний унаган юм, энэ Монгол орон, монгол газар шороотой биднийг уяж холбож байгаа үнэт зүйлс байхгүй юу! Монголчууд хүнээ ингэж хүндэлдэг юм, аав ээж, ахан дүүсээсээ эхлээд ойр дотно хүмүүсээ ингэж хайрладаг юм, өв соёл маань энэ энэ нь юм, үүнийг бид ингэж хайрлаж хамгаалдаг, ингэж хөгжүүлдэг гэдгээ мэддэг, тэр мэдлэг нь хиймэл дууриамал, ёс төдий биш жинхэнэ мах цусанд нь шингэсэн байвал хүн өөрийн соёлын дархлаатай болно. Дархлаатай болгоно гэдэг зөвхөн мэдүүлэхийг хэлж байгаа юм биш түүнийг ойлгож ухаарч, өөрийн болгохыг, өргөмжилж дээдлэж, бахархал болгож чадсаныг хэлнэ. Заримдаа ч эцэг эх нь ийм байхад хүүхэд шуухад ч аргагүй юм даа гэж жаахан харамсмаар үе ч байх л юм байна шүү.
- Тэгэхээр үүнийг бодлого, зорилготойгоор хийх хэрэгтэй байх. Төр засгийн зүгээс энэ тал дээр ямар бодлого баримталж ажиллаасай хэмээн боддог вэ?
- Төр засгийн зүгээс одоо хүнээ бодох, Монголын нийгэмд юу болоод байгааг, ялангуяа хүмүүс маань хэн болчихоод байгааг олж харах, анхаарах цаг болсон байна. Нийгэм маань их эмзэг болсон байна. Туйлшрал, хуваагдал, сөргөлцөө, талцал, намчирхал, өмчирхөл ер нь юу эс л бий болсон байна. Тийм учраас нийгмийнхээ одоогийн байдал, хүмүүсийнхээ бодол үзэл төдийгүй аж төрж буй байдал, хүсэл эрмэлзэл, хандлагыг судлах, зөв дүгнэлт гаргах хэрэгтэй болсон байна. Ялангуяа гэр бүлийн олон асуудлыг анхаарч, хүүхэд залуустай ойр, тэднийг, цаг үеэ ойлгох, хүмүүжлийн ажил, хүн төлөвшүүлэх ажлыг шинэ нөхцөлд цоо шинээр харах цаг болсон байна. Ахмадын оролцоо, нөлөөлөл, үлгэрлэлийг сэргээх, тэдэнд урам зориг өгөх хэрэгтэй болсон байна. Монголынхоо үнэ цэнийг өргөж, дууриадаг, бусдынхаар байдаг, голж чамалдаг, үгүйсгэдэгтээ дүгнэлт хийх цаг болсон байна. Нэг үгээр монгол ухаанаар монголоороо амдрана гэж юуг хэлээд байгаагаа бодох цаг болжээ. Зөвхөн байгалийн баялагаа зараад, бусдын хийж бүтээснийг эдэлж хэрэглээд л байх төдий юм бодмооргүй байна! Үүнийг төр засаг сонсох биш бодот ажил үйлийнхээ суурь хөрс болгож анхаармаар байна даа.
- Нийгмийг соён гэгээрүүлэх тал дээр манай философич эрдэмтдийн нөлөө хэр байна гэж үзэж байна? Ер нь зөвхөн философийн гэхгүйгээр Монголын эрдэмтдийн манлайлал, үүрэг оролцоо хэр вэ, түүнийг хэрхэн дээшлүүлэх тал дээр таны санал юу вэ?
- Маш бага, маш муу байгаа. Тэр байтугай хэн нь эрдэмтэн хэн нь эрдэмтэн биш юм бэ гэдгээ ч мэдэхээ болилоо. Мэдэмхийрэгчдийн цаг ирсэн байна. Тэдэнд хариу өгдөг шинжлэх ухааны дүгнэлт, эрдэмтдийн үг дутагдаж байна. Цолтой хэргэмтэй гэгддэг хүмүүс иргэний үүрэг, нийгмийн хариуцлагаа ер мэдэхээ ч больсон. Магадгүй идэвхтэй байх ч хэрэггүй гэж үздэг хүн ч байгаа л байх. Гэтэл нийгэм, ялангуяа энэ эгзэгтэй үед шинжлэх ухаанч хандлага, шинжлэх ухааны үгээр үнэхээр дутагдаж байна!
- Нуулгүй хэлэхэд би санал нэг байна. Одоо бид бодлоготой, төлөвлөгөөтэйгээр хойч үедээ анхаарал хандуулмаар байгаа юм. Ирээдүй хойч үеэ сэтгэлгээ нь эрүүл, үйлдэл нь ухаалаг байлгахын тулд бодлогын түвшинд юу хийх шаардлагатай байна вэ? Энэ чиглэлийн дорвитой хэрэгжиж буй бодлого, шийдвэрээс нэрлээч гэвэл?
- Бид хоёр дээр бараг ярьсан даа. 30 гаруй жил бид ямар замаар яаж шүү яваад байгаадаа шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа шинжилгээнд тулгуурласан үг огт хэлэхгүй байна шүү дээ. Хойч үе ямар байхыг одоогийн амьдрал л харуулна. Юу гэвэл, юу ч хөрсгүйгээр ургадаггүй! Үр хүүхдээ хүмүүжүүлэх өвгөд өтгөсөө асарч халамжлах, тэдний нийгмийн оролцоо, үлгэрлэл дууриаллыг л нэмэгдүүлэх нь чухал. Үүний тулд энэ хоёр салбартаа илүү их анхаарч, бүтээгч үе болох залуус маань ярих шүүмжлэх биш бодтой биетэй ажил хийж. Эх орноо хөгжүүлэх хэрэгтэй! Дорвитой ажил гэдэг нь Монгол хүн хэн байхыг, юу хийхийг шууд хэлдэг, хийлгэдэг, хийх нөхцөл бололцоог бүрэн дүүрэн нээгдүүлэхийг л хэлнэ.
- Таны бичсэн бүтээлүүд миний асуугаад байгаа асуултад хариулсан бий. Тухайлбал, “Язгуураа танихуйд өчүүхэн дусал” хэмээх бүтээлийг 2020 онд олны хүртээл болгосон. Энэ бүтээлийнхээ талаар товч танилцуулна уу. Уг бүтээлээрээ орчин үеийнхэнд юу хэлэхийг хүсэв? гэдгийг зохиогчоос нь тодруулахыг хүссэн юм.
- Миний бодол яриан туршид л гарсан байх. Би хүмүүс өөрийгөө л юуны өмнөө таниасай, юуны өмнө бусдад биш өөртөө л үг хэлдэг байгаасай, өөрийгөө л эхлээд өөрчлөөсэй гэж боддог. Энэ бодлын үүднээс л дээрхи номыг түмэн олондоо хүргэе гэж бодсон юм. Бага сага судалгаа хийсэн, бага сагыг бодож тунгаасан минь л дээ. Судалгааны өгүүлэл, лекц, яриа, хэлэлцүүлгийн түүвэр юм. Ийм яриа хүмүүсийг жаахан ч гэсэн өдөөж юм боддог, санаа авдаг болгох боловуу л гэж найдсан хэрэг. Зарим нь овоо уншсан байна лээ.
- Язгуураа танина гэдэг агуулгад юу юу багтах вэ? Язгуураа танихын ач холбогдлыг орчин үеийн хүүхэд залууст товч тайлбарлаж өгнө үү?
- Гарвал үүсэл, үүх түүхээсээ эхлээд ахуй амьдрал, ялангуяа монгол хүний оюуны амьдрал, монгол нийгмийн хөгжлийн онцлог, монгол хүнийхээ өөрийнх нь онцлогийг мэдэх учиртай. Тийм суурь мэдлэгтэй болоод ирэхээр хүн өөрийгөө илүү ойр танина, танихаараа тэр танисан юмаараа, өөрөөр хэлбэл, өөрөөрөө юу хийхээ, юу болгохоо арай бодтой олж харна. Өөрийгөө зөв залж жолоодно гэсэн үг. Ядаж л өөрөөсөө “Би бүтээгч үү, бүрэлгэгч үү” гэдэгээ асуудаг, тунгааж боддог болно доо.
- Боловсролын эцсийн зорилго бол хүн байхуйд суралцах явдал гэж ойлгож болно. Мэдээж мэдлэг маш чухал ч дан ганц мэдлэгээр хязгаарлагдахгүй. Өнөөдөр бид хүн байхуйд суралцахад юун дээр онож, бас алдаж явна гэж харж байна?
- Энэ далимд нэг зүйл гуймаар санагдчихлаа. Би 10-аад жилийн өмнө “Монголчуудын хүн бүтээх эрдэм” нэртэй нэг авсаар ном бичсэн юм. Монгол бичигт буулгасныг одоо Өвөр монголд их уншицгааж байна гэсэн. Тэр номыг маань зав зайдаа хараасай гэж хүсэж байна. Орчин үед хүн өөрийгөө аль болохоор эрт нээж олохыг шаарддаг болж байна. Юуны төлөө төрснөө, хэн байж чадахаа, юу хийж бүтээдэг хүн болохоо аль болохоор эрт мэдэх нь чухал болж байна. Мэдэх бага хэрэг хийж бүтээж чадах нь гол болж л дээ. Нийгмийн хүн гэдэг нийгэмд оролцоотой хүнийг хэлдэг. Амьдралын утга учир ч түүнд юм! Эерэг оролцоотой, бүтээгч байна гэдэг эрхэм юм байна. Гол алдаа маань өөрийн хийх юмаа оройтож олж байна, тууштай байж чадахгүй байна. Энэнээс ч барьж түүнээс ч зүүгдэж явсаар цагийг барж байна. Бусдыг их дууриаж байна. Уг нь өөрийгөө олоод өөрийгөө л илүү их дууриах учиртай юм. Туршлага сууна, дүгнэлт хийх нь дутуу дулим, чамлалттай байна. Яривал их юм байна аа. Залуусын улс учир нялхсын өвчин элбэг байна даа.
- Таны ярианаас анзаараад нэг асуулт тодорлоо. Та XXI зууны монгол хүний дүр төрхийг нэг тодруулж өгөөч?
- Ерөнхийдөө хувиа хичээхийг л номлоод байх болж. Уг нь Робинзо Крузод хүртэл Баасан тоть нь их хэрэгтэй л байсан даа. Бусдад биш өөртөө илүү их итгэх, бусдын төлөө биш өөрийнхөө төлөө л амьдана гэдэг юу болохыг, юунд хүргэдгийг хөгжсөн орнуудын өнөөгийн байдал, ялангуяа хүмүүсийн нь зан ааш, харилцаа хандлага харуулж л байгаа л даа. Энэ зууны хүмүүс техникт илүү их шүтэж байна. Биеийн хөдөлмөрөөс улам улмаар холдож байна. Техник технологийн үргэлжлэл л болсон байна даа. Байгалийн нэг хэсэг гэдгээ бүрэн хүлээж бүрэн ухаарч чадахгүй байна. Байгалийн Эзэн, өөрчлөгч гэдгээ улам хүчтэй харуулсаар л байгаа. Эцэг эх нь буруу юм хийвэл зэмлэдэг шиг байгаль ч гал түймэр, салхи шуурга, газар хөдлөлт, цунами энэ тэрээрээ ойлгуулахыг оролдож л байна л даа. Энэ зууныхан ухаантай, соёлжсон төрхтэй ухаангүйчүүд, улайрагчид л болж хувирах гээд байна даа
- Тэгвэл Монгол хүний мөн чанарыг тодорхойлогч гол шинжүүд юу вэ?
- Монгол хүний гол чанар бол хүнлэг, энэрэнгүй, нөхөрсөг чанар! Унаган нутаг, байгаль дэлхийдээ эцэг эх шигээ хайртай. Маргаашаар биш өнөөдрөөрөө амьдрах дуртай. Бодож сэдэх ухаарахдаа чадварлаг. Юманд дүйтэй, ургуулж бодох авьяастай. Ийм л хүмүүс дээ.
- Та бол зураач, утга зохиол, шинжлэх ухааны гээд олон чиглэлээр бичдэг авьяас билиг төгөлдөр бичгийн хүн. Сүүлийн үеийн болон залуус уншвал сайн гэж үзсэн бүтээлээсээ танилцуулна уу? Мөн одоо ямар бүтээл дээр төвлөрч ажиллаж байна вэ? гэдэг асуултаар энэ удаагийн ярилцлагаа өндөрлөе.
- Би одоо “Монгол яриан хүрхрээн” нэртэй ном хэвлэлд шилжүүлээд байгаа. Түүнийг уншиж монгол хүнээ, нийгмээ, өөрийгөө тольдон хараарай л гэж хүсье дээ.
- Танд баярлалаа. Урт насалж, удаан жаргаж, Монголын залуучуудыг соён гэгээрүүлэх эрдэм номын ажилдаа улам их амжилт гаргаарай хэмээн хүсэн ерөөе!
- Та бүхэнд их баярлалаа. Бүтээгч сэтгэлгээтэй бүтээл арвинтай байгаарай!
Ярилцсан: МУИС-ийн багш Д.Оюунгэрэл
2024.11.22