Р.ДАРЬХҮҮ: МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ НЬ МЭРГЭЖИЛТНИЙ САЙН САЙХАН, ЧАНАРТАЙ, ЗОХИСТОЙ АМЬДРАХ БАТАЛГАА МӨН

Асуулт: Сайн байна уу? Ярилцлага өгөхөөр зөвшөөрөн өөрийн үнэт цагаа зориулж байгаад юуны өмнө танд талархлаа илэрхийлье.

Р.Дарьхүү: Өдрийн мэнд хүргэе.

Асуулт: Өнөөдөр тантай мэргэжлийн ёс зүй болон боловсролын ёс зүйтэй холбоотой асуудлаар ярилцья гэж бодож байна. Учир нь сүүлийн үед мэргэжлийн ёс зүйн асуудал тулгамдсан асуудлын нэг болоод байна л даа. Ярилцлагаа мэргэжлийн ёс зүй гэж юу вэ? гэдэг асуултаар эхэлье.

Р.Дарьхүү: Өнөө үед манай улс дахь сургалт, судалгааны ном зохиолд мэргэжлийн ёс зүйг ихэнхдээ мэргэжлийн ёс суртахууны эрхэмлэл, зарчим, хэм хэмжээ гэх утгаар ярьж бичиж байна. Мэргэжлийн ёс зүй нь үүнээс илүү өргөн агуулгатай ойлголт. Мэргэжил бүхэн онцгой бөгөөд өөрийн ёс суртахуунтай. Мэргэжлийн ёс зүй бол мэргэжилтний ёс суртахууны ухамсар, харилцааны ёс зүй, ёс суртахуунлаг үйлдэл, үйл ажиллагааны нэгдлийг илэрхийлж буй ойлголт гэдгийг эхлээд хэлэх хэрэгтэй. Мэргэжилтний ёс суртахууны ухамсар нь мэргэжилдээ үнэнч байх, мэргэжлийн үнэ цэн, үүрэг, хариуцлага, нэр төр, нэр хүндийг эрхэмлэдэг байх ёс суртахууны зарчим, хэм хэмжээ, үнэлэмж, итгэл үнэмшил юм. Мэргэжилтний ёс суртахууны ухамсар бол сайн мэргэжилтэн болж төлөвшихөд зайлшгүй чухал. Мэргэжилтний ёс суртахууны ухамсар нь ёс суртахууны эмпирик мэдлэгт суурилж, ёс суртахууны онолын мэдлэгийг эзэмшсэнээр бий болох учиртай. Харилцааны ёс зүй нь мэргэжилтний өдөр тутмын үйл ажиллагааны салшгүй хэсэг, мэргэжилтний ёс суртахууны ухамсарын бодит илэрхийлэл мөн. Харилцааны ёс зүй бол мэргэжилтний зан байдлын хэм хэмжээг тогтоож буй дүрэм, биеэ авч явах соёл, оюун санааны үнэт хөрөнгө гэж ойлгодог. Ёс суртахуунлаг үйлдэл, үйл ажиллагаа нь ёс суртахууны ухамсар болон харилцааны ёс зүйтэй шууд холбоотой. Мэргэжилтний ёс суртахуунлаг үйлдэл, үйл ажиллагаа нь мэргэжлийн ёс суртахууны үндсэн зарчим, хэм хэмжээний дагуу хийж буй зөв, зохистой үйлдэл, үйл ажиллагаа юм. Тухайлбал, мэргэжилдээ үнэнч байх, шударга, хариуцлагатай, хүнлэг, хөдөлмөрч үйлдэл, үйл ажиллагааг энд нэрлэж болно.

 Мэргэжлийн ёс зүйн мэдлэг, чадвар бол тухайн мэргэжилтнийг шалгах гол шалгуур байдаг. Мэргэжлийн ёс зүйн зорилго нь мэргэжлийн ёс суртахууны алдаанаас урьдчилан сэргийлэх, мэргэжлийн нэр хүнд, үнэ цэнийг өсгөх, мэргэжилтний ёс суртахууны ухамсар, харилцаа, хандлага, үүрэг, хариуцлагыг дээшлүүлэхэд оршино. Иймд мэргэжлийн ёс зүй нь аливаа мэргэжилтний эрхэмлэдэг зүйл байх учиртай. Мэргэжлийн ёс зүйд холбогдох нэг чухал зүйл бол мэргэжлийнхээ үнэ цэнийг ойлгох, мэргэжлээрээ бахархах бахархал гэж ойлгодог. Мэргэжлээ муулаад сууж байгаа хүнээс хэр амжилт, бүтээл гарах бол.

Асуулт: Мэргэжилтэн бүр мэргэжилдээ сайн чадварлаг байхын зэрэгцээ мэргэжлийн ёс зүйтэй байх нь ямар ач холбогдолтой вэ? Энэ тухай таны бодлыг сонсмоор байна.

Р.Дарьхүү: Мэргэжлийн ёс зүй олон талын ач холбогдолтой. Ер нь шилдэг мэргэжил гэж байхгүй, шилдэг мэргэжилтэн л байдаг. Манай нийгмийн аль ч салбарт мэргэжлийн мэдлэг, ур чадвар сайн мэргэжилтэн шаардлагатай байгаа, мөн хүн чанартай, ёс суртахууны үүрэг, хариуцлагаа ухамсарласан, мэргэжилдээ үнэнч, шударга, идэвх зүтгэлтэй, санаачлагатай мэргэжилтэн чухал байдаг. Хүнлэг ёс, хүн чанар нь хүнийг хүн ёсоор хүндэтгэх харилцаа, хүн хүнээ хайрлах, хүний сайн сайхны төлөө санаа тавих, хүний мөс чанараар сайн байх явдал мөн. Шударга ёс бол бидний харилцаанд тэгш байдлыг хангаж өгдөг бөгөөд хүний хөгжлийн түвшинг үнэлэх гол шалгуур юм. Шударга бус аргаар олж авсан эрх мэдэл, эд хөрөнгө, нэр төр, ашиг нь харилцааны тэгш бус байдлыг үүсгэнэ. Шударга ёс нь ёс суртахуунлаг байдал бөгөөд мэргэжлийн хамт олны эв нэгдлийг хангадаг. Мэргэжилтэн бүр шударга ёсыг эрхэмлэн дагаж хэрэгжүүлвээс хамт олны харилцаа илүү хүмүүнлэг болно. Мэргэжлийн ёс суртахууны үүрэг бол аливаа мэргэжилтэн өөрийнхөө хувийн хүсэл эрмэлзлийг мэргэжлийнхээ эрх ашигт захируулах үндсэн дээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх шаардлага юм. Мэргэжлийн ёс суртахууны үүрэг нь мэргэжилдээ хайртай байх, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх, ажил үүргээ бүрэн ухамсарлах, ажил үүрэгтээ хариуцлагатай хандах, мэргэжлийн онцлогтой холбоотой тавигдах шаардлагыг биелүүлэх,  мэргэжилдээ эзэн байх, бусад хүмүүст үнэнч шударга бөгөөд хүндэтгэлтэй харилцах зэрэг өргөн агуулгатай. Мэргэжлийн ёс суртахууны хариуцлага нь мэргэжлийн ёс суртахууны үнэт зүйлийг эрхэмлэх ухамсартай шууд холбоотой бөгөөд өөрийгөө хянах, сэтгэл санаагаа зөв удирдан чиглүүлж, ажиллаж амьдрах арга хэрэгсэл болно. Мэргэжлийн ёс суртахууны хариуцлага нь өөртөө болон бусдад өндөр шаардлага тавих, идэвх санаачлагатай байх, хичээл зүтгэл гаргах, бурууг бусдаас хайхгүй байх, өөрийн үйлдлийн бурууг хүлээхэд бэлэн байх зэрэг шинжээр илэрдэг. Хүнлэг, шударга, хариуцлагатай, ухаалаг, хөдөлмөрч мэргэжилтэн бол манай нийгмийн үнэт баялаг юм. Ийнхүү мэргэжлийн ёс зүй нь мэргэжилтний  сайн сайхан, чанартай, зохистой амьдрах баталгаа мөн. Мэргэжлийн ёс зүйн ач холбогдол нь мэргэжилтэнд ёс суртахууны ухамсар, төлөвшил, үлгэр дуурайл, сайн үйл, хариуцлага, шударга байдал, үнэнчээр ажиллах мэдлэг чадвар, дадлыг олгодогт, мөн мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэх, мэргэжлийн ёс суртахууны зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэрхүү ёс суртахууны зөрчлийг бууруулах арга хэрэгсэл болоход оршино.

Мэргэжилтнүүд албан ажлаа хийж гүйцэтгэхэд олон бэрхшээлтэй тулгардаг. Энэ бэрхшээлийг даван туулахын тулд мэргэжилтэн хангалттай мэргэжлийн мэдлэг, туршлагатай байхын зэрэгцээ мэргэжлийн ёс суртахуунтай байх ёстой. Мэргэжлийн ёс зүй нь ажил мэргэжлийн нэр хүнд, үнэ цэн, ёс суртахууны үүрэг, хариуцлагыг дээшлүүлж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зэргээр улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чанарын шинэчлэл хийх үндсэн нөхцөл болдог бөгөөд тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой..

Асуулт: Өнөөдөр монголд мэргэжилтнүүдийн хувьд мэргэжлийн алдаа их гарч байна уу, мэргэжлийн ёс суртахууны зөрчил их гарч байна уу?

Р.Дарьхүү: Өнөөгийн манай нийгмийн бодит байдлаас ажиглахад мэргэжилтнүүд бусдыг нас, хүйс, үзэл бодол, хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, алагчлах, шударгаар үнэлэхгүй байх, нэр төрд халдах, мэдээлэл хүргэхгүй байх, хууран мэхлэх, бусдад үзэл бодлоо тулгах, бусдад элдэв дарамт үзүүлэх, хувийн эрх ашгийг чухалчлах, бусдыг үг хэлээр гутаан доромжлох, айлган сүрдүүлэх зэрэг зөрчил гаргаж байна. Мэргэжлийн ёс суртахууны  зөрчил нь олон талаар сөрөг үр дагавартай байдаг. Тийм учраас манай улсад энэ зөрчлийн сөрөг үр дагаврыг бууруулах хэрэгцээ шаардлагаар мэргэжлийн бүхий л салбарт мэргэжлийн ёс зүйн дүрэм боловсруулж хэрэгжүүлж байна. Мэргэжлийн ёс зүйн дүрэм нь мэргэжлийн ёс суртахууны зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд тухайн салбарын мэргэжилтнүүдийн үйл ажиллагаандаа баримтлах ёс суртахууны зарчим, хэм хэмжээ, үүрэг хариуцлагын нийтлэг шаардлагыг тусгадаг. Мэргэжилтэн бүр мэргэжлийн ёс зүйн дүрмээ сайн судалж, биелүүлж байх юм бол мэргэжлийн ёс суртахууны  зөрчлөөс харьцангуй ангид байх боломжтой. Мэргэжилтнүүдэд мэргэжлийн ёс зүйн боловсрол дутагдалтай байгаагаас болж, хүнлэг бус, шударга бус, хариуцлагагүй үйлдэл хийж, тэр нь улмаар мэргэжлийн ёс суртахууны зөрчил гаргах нэг нөхцөл шалтгаан болж байгааг анхаарах шаардлагатай байна. Мэргэжилтний биеэ авч явах байдал, аливаа сонголт, үг яриа, үйлдэл бүхэн ёс суртахууны хариуцлага шаарддаг.

Асуулт: Та зарим жишээ нэрлэж болох уу?

Р.Дарьхүү: Ийм жишээ өдөр бүр л хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсогдож байх юм. Жишээ нь, зарим эмч мэргэжлийн ёс зүйн боловсрол, ёс суртахууны ухамсар, харилцааны ёс зүй, зан суртахууны төлөвшил хангалтгүйгээс болж, өвчтөнд хүний ёсоор хүндэтгэлтэй хандахгүй байх, загнах, цаг авсан дарааллаар үзэхгүй, танил хүнээ дараалал харгалзахгүй шууд оруулж үзэх  зэрэг ёс суртахууны зөрчил  гаргаж, өвчтнийг чирэгдүүлэх асуудал  мөн эмчийн ёс суртахууны хариуцлагагүй байдлаас болж үйлчлүүлэгч нь эрүүл мэнд, амь насаараа ч хохирсон тохиолдол цөөнгүй байдаг. Зарим сэтгүүлч хов живийг эх сурвалж болгох, доромжлох, баримт гуйвуулах, хүний хувийн амьдралыг дэлгэх, үзэл бодлоо тулгах, өөрийн үнэлэмжээр тайлбарлах, захиалгаар бичих, хүнлэг ёсыг зөрчих зэрэг алдаа гаргаж байна.

Асуулт: Ер нь мэргэжилтний мэргэжлийн ёс суртахууны төлөвшилд нөлөөлөх гол хүчин зүйл юу вэ?

Р.Дарьхүү: Мэргэжилтний мэргэжлийн ёс суртахууны төлөвшилд хувь хүний ёс суртахууны ухамсар, ёс зүйн боловсрол, зан суртахууны төлөвшил голлох үүрэгтэй байдаг. Мэргэжилтний ёс суртахууны ухамсар, боловсрол, зан суртахууны төлөвшил хангалтгүй байгаагаас болж тухайн мэргэжлийн хамт олонд, өөртөө ч их бэрхшээл, хор хохирол  учруулдаг. Жишээлбэл, тэрхүү мэргэжилтний ёс суртахууны хариуцлагагүй байдлаас  тухайн мэргэжлийн нэр хүнд ихээхэн унаж байна. Нэг багш,  нэг эмч, нэг хуульч, нэг сэтгүүлч ёс суртахууны зөрчил гаргахад л нийгэмд нийт багш, нийт эмч, нийт хуульч, нийт сэтгүүлч тийм гэж үзэх ойлголт хандлага их байдаг ба тэр хэмжээгээр тухайн мэргэжлийн нэр хүндийг унагадаг. Мэргэжилтэн бүр мэргэжилдээ тууштай, тогтвортой ажиллах, бүтээлч байх нь амжилтын үндэс мөн. Мэргэжилтэн бүхэн асуудлаас ухарч, бууж өгч болохгүй, бэрхшээлийг даван туулах чадвартай, шийдэмгий, зоригтой, ухаалаг, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Дахин хэлэхэд мэргэжилтэн бүр мэргэжлийн болон ёс суртахууны боловсролоо байнга дээшлүүлэх нь чухал. Учир нь мэргэжлийн ёс суртахууны зорилго бол мэргэжилтний ажил, амьдралын өсөлт, сайжралт юм. Мэргэжилтний ёс суртахуун сайжрах, өөрчлөгдөх үйл явц бол байнгын шинжтэй.

Асуулт: Та боловсролын салбарт тасралтгүй 40 жил буюу насаараа ажиллаж буй эрдэмтэн, багш хүн. Энэ салбарын ёс зүйн онцлогийг тодруулж өгнө үү?

Р.Дарьхүү: Боловсрол нь өргөн агуулгатай ойлголт юм. Боловсрол бол хувь хүний чухал хэрэгцээ, нийгмийн амьдралын бүрэлдэхүүн хэсэг, хувь хүнийг болон нийгмийг хөгжүүлэх, өөрчлөх хүчирхэг арга хэрэгсэл юм. Боловсрол бол нэг талаас эрдэм, ур чадварыг зааж сургах үйл явц, нөгөө талаас хувь хүн өөрийгөө танин мэдэж, хөгжүүлэх идэвхтэй үйл ажиллагаа, түүний үр дүн, мөн иргэдийн сурч боловсрох, хөгжих эрхээ эдлэхэд нь төр нийгмийн зүгээс дэмжлэг үзүүлж буй үйлчилгээ юм. Боловсрол нь хүний амьдралын шийдвэрлэх үнэт зүйл мөн.

Боловсролын гол зорилго нь хүн байхуйд суралцах явдал мөн. Хүн байхуйд суралцахуй нь ёс зүйгээс ангид байх бололцоогүй билээ. Боловсролын чанар, үр дүнг сайжруулахад ёс зүйн боловсрол онцгой ач холбогдолтой. Боловсролын салбарын бодлого, үйл ажиллагаа нь зөв буюу ёс суртахуунлаг байх зайлшгүй шаардлагатай. Энэ шаардлагыг тус салбарын мэргэжилтнүүд, оролцогч нар хэр зэрэг ойлгож, хэрэгжүүлж байгаагаас хувь хүний хөгжил болон нийгмийн хөгжил, хүний ирээдүй шууд хамаарна.

Боловсролын ёс зүй нь боловсролын салбарын субъектуудын ёс суртахууны ухамсар, ёс суртахууны харилцаа, ёс суртахууны үйлдэл үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг судалдаг хэрэглээний ёс зүйн нэг чухал салбар. Боловсролын ёс зүй нь энэ салбарт ажиллагсад хамгийн хүнлэг байх, хамгийн шударга байх, хамгийн хариуцлагатай байх, сайн үйл хийхийг эрмэлзэх, бусдад хор хөнөөл учруулахгүй байх, муу үйл хийхээс зайлсхийх, үр дүнтэй ажиллах, ёс суртахууны зөрчлөөс урьдчилан сэргийлэх  арга хэрэгсэл юм. Товчхоноор хэлбэл, боловсролын ёс зүй ямар байгаагаас нийт нийгмийн ёс зүйн байдал шууд хамаарна. Үүнд л боловсролын ёс зүйн онцлог нь байна.

Асуулт: Нэгэнт та бид хоёрын яриа боловсролын салбар луу орлоо. Энэ жил БШУЯ 2022 оныг боловсролын салбарт Ёс зүйн жил болгон зарласан. Боловсролын салбар дахь ёс зүйн асуудалд анхаарч байгаа нь сайн хэрэг. Та энэ хүрээнд ямар ажил хийгээсэй хэмээн бодож байна?

Р.Дарьхүү: Юуны өмнө манай улсын боловсролын салбар дахь ёс суртахууны тулгамдсан асуудлуудыг судалж, шийдэх арга замыг боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Юуны өмнө бүх шатны сургууль дахь ёс зүйн боловсролын агуулга, арга зүйн асуудал, суралцагчдын ёс суртахууны хүмүүжил, төлөвшлийн асуудал, энэ салбарт ажиллагсадын харилцааны ёс зүйн асуудал, багшийн нэр хүнд, үүрэг хариуцлагын асуудал, удирдах ажилтны болон багшийн үлгэр дуурайл, ёс суртахуунт манлайллын асуудал гээд олон асуудал байна. Тухайлбал, боловсролын салбарын зарим удирдах албан тушаалтан ажилтнуудынхаа өмнө хүлээх үүрэг хариуцлагаа умартах, бусад хүнийг хэрэгсэл мэтээр хандах, үндэс, угсаа, нас, хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, үзэл бодол, эрүүл мэндийн болон хувийн шалтгаанаар  ялгаварлан гадуурхах, өөрийн үзэл бодлыг тулгах, хэл амаар доромжлох, айлган сүрдүүлэх,  авилга авах, ажилтнуудад тэгш боломж олгохгүй байх, ёс бусаар авирлах нь жирийн үзэгдэл мэт ойлгох, ажилтнуудын үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах зэрэг харилцааны ёс зүйн зөрчил гаргасаар байна. Эдгээр асуудлаар одоохондоо манай улсад тусгайлан хийсэн судалгааны ажил байхгүй, ёс зүйг сэтгэл зүйтэй андуурах, адилтгах ойлголт түгээмэл байна. Эдгээр алдааг нэн даруй залруулах ажил хийх хэрэгтэй.

Манай улсад боловсролын ёс зүйд тулгамдаж буй асуудлын нэг бол бүх шатны сургуульд ёс зүйн боловсрол олгож буй өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, шинэчлэл хийх асуудал байна. Тухайлбал, ЕБС-ийн “Иргэний ёс зүйн боловсрол” сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал, агуулгын гажуудлыг засч залруулах, шинэчлэхэд, энэ хичээлийн сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг бичихэд философийн мэргэжлийн багш, судлаачдыг оролцуулах, энэ хичээлийг заах мэргэжлийн багш нарыг сайтар бэлтгэх ёстой.

Ер нь цаашид боловсролын салбар дахь ёс зүйн тулгамдсан асуудлаар мэргэжлийн түвшинд шинжлэх ухааны салбар дундын дорвитой суурь судалгаа хийж, төрийн бодлогод тусган ажиллах шаардлагатай. Ийм суурь судалгаагүйгээр боловсролын салбар дахь ёс зүйн асуудлыг иж бүрэн шийдвэрлэх боломжгүй. Мөн боловсролын ёс зүйн чиглэлээр сургалт, соён гэгээрүүлэх ажил ч хангалтгүй байгаа. Иймд боловсролын ёс зүйн чиглэлээр зохион байгуулж байгаа бүх шатны албан ба албан бус сургалт, ном бүтээл, сурах бичиг, сургалтын гарын авлага, соён гэгээрүүлэх ажлын чанар, үр дүнд БШУЯ анхаарч,  шинэ шатанд гаргах шаардлагатай.

Асуулт: Таны ажигласнаар багш мэргэжилтэнд тулгарч буй ёс зүйн асуудал юу вэ? Асуудлыг шийдэх ямар арга зам байна?

Р.Дарьхүү: Багш мэргэжилтэнд тулгарч буй ёс зүйн асуудал нь мэргэжлийн ёс зүйн боловсрол, харилцааны ёс зүй, ёс суртахууны хариуцлага, багшийн нэр хүндийн асуудал байна. Эдгээр асуудлыг шийдэхэд багш өөрийнхөө ёс суртахууны боловсролд байнга анхаарч, сайжирч байх, мөн багш нарын мэргэжил дээшлүүлэх албан сургалтын салшгүй бүрдэл хэсэг нь тэдний ёс зүйн боловсролтой холбогдож байх хэрэгтэй. Багш мэргэжлийн ёс суртахууны хариуцлага, харилцааны ёс зүй, мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэхэд багш бүрийн оролцооноос гадна багш нарын мэргэжлийн ёс зүйн боловсрол, цалин, нийгмийн хамгааллын асуудлыг төрөөс бодлогоор дэмжиж өгөх нь бас чухал байна.

Асуулт: Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр багш нарын харилцааны ёс зүйтэй холбоотой асуудал нэлээд бичигдэх юм. Үүний цаад шалтгаан юу вэ?

Р.Дарьхүү: Багш нарын харилцааны ёс зүйн асуудал боловсролын ёс зүйн чухал асуудал мөн. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр багш нарын харилцааны ёс зүйтэй холбоотой асуудал их бичигдэх шалтгаан нь энэ мэргэжлийн ёс суртахуун болон хувь хүний зан суртахууны онцлогтой шууд холбоотой. Багш бол өөрийн төлөө бус, харин бусдын төлөө мэргэжил юм. Ааш зан муутай хүн багшлахад тун бэрхшээлтэй. Тэд тухайн хамт олондоо, улмаар суралцагчдадаа эцэст нь өөртөө бэрхшээл учруулдаг. Багш өөрөө хариуцлагажиж, мэргэжил, ялангуяа ёс зүйн мэдлэгээ байнга өргөжүүлж, хүмүүнлэг ёс суртахууныг эрхэмлэн, зөв харилцаа хандлагыг өөртөө төлөвшүүлэх, суралцагчдад ямагт үлгэр дуурайл үзүүлэх нь чухал байна. Багш нар харилцааны ёс зүйн алдаа гаргахгүй байх гол арга зам бол мэргэжлийн ёс зүйн мэдлэг, боловсролоо байнга тасралтгүй дээшлүүлэх, ёс зүйн дүрмээ биелүүлэх  явдал мөн.

Асуулт: Багш нарын харилцаа, үйл ажиллагаан дахь ёс суртахууны зөрчил дутагдлыг тэдний цалин хөлс бага байгаатай холбож тайлбарлах хүмүүс байна. Та энэ тал дээр ямар бодолтой байна? 

Р.Дарьхүү: Багшийн ёс суртахууны зөрчлийн асуудал нь тэдний цалин хөлстэй шууд холбоогүй гэж боддог. Хэдийгээр манай улсад багш нарын цалин бага ч ихэнх багш нар ёс зүйн дүрмээ баримтлан, харьцангуй шударга, хариуцлагатай ажиллаж байгаа. Зарим нэг багшийн үйлдсэн ёс суртахууны зөрчил нь ихэнх тохиолдолд хувь хүний ёс суртахууны ухамсар, харилцааны ёс зүй, ёс зүйн боловсрол хангалтгүй байгаатай шууд холбоотой. Багш хүн өдөр тутмын үйлдэл, үйл ажиллагаагаа оюун ухаанаараа, мэргэжлийн ёс зүйгээрээ удирдах чадвар чухал. Тийм чадвар дутагдалтайгаас болж, зарим багш суралцагчаа  хэл үгээр доромжлох, элдвээр ялгаварлах, суралцагчаасаа бэлэг сэлт нэхэх, суралцагчийн болон бусад багш нарынхаа хөдөлмөрийг шударга бус үнэлэх, хүнлэг бусаар хандах, хов ярих, уурлаж бухимдах, хэрэлдэж, маргалдах зэрэг ёс суртахууны зөрчил гаргаж байгаа.

Асуулт: Нэлээд удаан ярилцлаа. Ярилцсанд баярлалаа танд.

Р.Дарьхүү: Баярлалаа. Ёс зүйн боловсролыг түгээн дэлгэрүүлэх болон сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь өндөр амжилт хүсье.

 

Ярилцсан: Д.Оюунгэрэл (доктор Ph.D)

 

Шинэ бүтээл