Д.ТУНГАЛАГ: ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДИЙН СУРЛАГААС ГАДНА ЗАН АВИРЫН ТӨЛӨВШИЛ, ХҮН ЧАНАРЫН ХҮМҮҮЖИЛД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ
Гэр бүлийн ёс зүйн асуудал өнөөдөр тулгамдсан асуудлын нэг болж байна. Залуус гэр бүлийн боловсролтой, зохих бэлтгэлтэй байж амьдрал зохиох, гэр бүлийн өмнө хүлээх хариуцлагыг сайн ухамсарлах хэрэгтэй байгаа нь алхам тутамд ажиглагдаж байна. Тиймээс бид энэ удаа философийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Д.Тунгалаг багштай ярилцлаа.
Д.О: Сайн байна уу та? Ярилцах хүсэлтийг хүлээж авсанд юуны өмнө талархлаа илэрхийлье. Манай Тунгалаг багш Ёс зүй, тэр дундаа гэр бүлийн ёс зүйн асуудлаар дагнан судалгаа хийдэг эрдэмтэн хүн. Иймээс өнөөдрийн ярилцлагын өнгө төрх тодорхой байх нь?
Сайхан хаваржиж байна уу. Намайг ярилцлагадаа урьж оролцуулсанд баярлалаа.
Д.О: Ярилцлагын үндсэн сэдэв рүү орохоос өмнө надад танаас асуух өөр хэд хэдэн асуулт байна. Эхнийх нь, та яагаад философийн мэргэжлийг сонирхож сонгосон бэ? Хэн, юу нөлөөлөв?
Дөнгөж 10-р ангиа төгссөн охинд битгий хэл хүмүүс ч ийм мэргэжил байдгийг ч бараг мэддэггүй байсан цаг үе. Ний нуугүй хэлэхэд одоогийн залуус шиг ирээдүйгээ харсан, ухаалаг сонголт хийгээгүй, философи гэдэг мэргэжлийг ойлгож, дурлаж, сонирхсондоо ч сонгосон юм биш. Уг нь ээж маань эмч, ах маань эдийн засагч болгоно гэдэг байсан ч яг мэргэжил сонгох үед миний аз дутаж зөвлөх хүнгүй болчихсон, учраа олохгүй явж байтал 10-р анги хамт төгссөн ангийн охин Эрдэнэчимэг “МУИС-д философийн гоё анги шинээр нээгдсэн, чи тэр ангид ор” гэхээр нь за гээд л орчихсон. Тэгээд л 10-р ангийн нийгэм судлалын хичээл дээр багшийн ярьдаг “матери”-ийг ч ойлгодоггүй, бас дургүй байсан хичээлээ ирээдүйн мэргэжил болгоод сонгочихсон байж билээ. Ингэж хамгийн дургүй хичээлдээ дуртай болж, ойлгодоггүй хичээлээ ойлгодог болж, хайртай дуртай мэргэжил минь болсон. Ёстой л хувь тавилан гэдэг чинь энэ байхгүй юу.
Д.О: Анх ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ? Тэр тухай дурсан ярих түүх арвин байгаа даа танд?
Тэр үед их, дээд сургууль төгссөн хүн бүрийг ажилд хуваарилдаг байлаа. Дипломоо гардаж авсны дараа хуваарь уншлаа. Дотроо бол багш л болох хүсэлтэй байв. Тэгтэл Ш.Түдэв бид хоёрыг ШУА-д хуваарилчихдаг юм байна. Философийн хүрээлэн гэж байсан биш, Түүхийн хүрээлэнгийн философийн тасагт ажлын гараагаа эхэлж билээ. Хоёр жилийн дараа Философи, Социологи, Эрхийн хүрээлэн байгуулагдаж Түүхийн хүрээлэнгээс өрх тусгаарлаж философийн хүрээлэнгийн анхны таван ажилтны нэг болж байсан түүхтэй. Аажмаар хүрээлэн маань өргөжиж, философи, социологи, хууль, шашин судлалын тасгууд шинээр байгуулагдаж, ам бүл нэмэгдэж олуулаа болсон. Ингэж хүрээлэнд ажлын гараагаа эхэлсэн нь эрдэм шинжилгээний ажлын дөртэй болж, өнөөдрийг хүртэл болсон болоогүй үзэг цаас нийлүүлэн, эрдэм шинжилгээний ажил хийх суурь үндэс минь болсон гэж боддог. Энэ бас л их хувь тавилан.
Д.О: Таны яриа бидэнд мэдэх ёстой үүх түүхийг сануулж байна шүү. Гэр бүлийн ёс зүй бол чухал сэдэв мөн. Энэ сэдвийг анх яагаад сонирхон судлав?
Би 1980 оноос МУИС-ийн НУФ-ийн Философийн тэнхимийн Марксизм-Ленинизмийн кабинетын эрхлэгчээр ажиллаж байв. Кабинетын эрхлэгч байхдаа оюутнуудад эх зохиолтой ажиллах гарын авлага, эх зохиолын товчлол хийхийн зэрэгцээ “Ёс зүй”-н хичээл заадаг байсан. Тэр үеэс хойш 30 гаруй жил мэргэжлийн ба мэргэжлийн бус ангид философийн үндэс, ёс зүйн хичээл зааж ирсэн. Хичээл орох тусам ёс зүйн асуудлыг улам сонирхож, дурлаж, учир шалтгааныг нь хайж, лекц уншиж байхад хүртэл зарим нэг санаа орж ирдэг байлаа. Үсчин хүн хүний үсийг харж явдаг гэдэг шиг ёс зүйн хичээл заадаг болоод ч тэр үү хүмүүсийн харилцаа, ёс суртахууны алдаа оноо, залуучуудын төлөвшил, хүмүүжил, өнөө үеийн хүмүүсийн хүн чанарын асуудал анхаарлыг минь их татдаг байв. Тэгээд хүний ёс суртахууныг төлөвшүүлэх суурь үндэс нь гэр бүл юм байна гэсэн бодол төрөөд ёс суртахууны судалгааг “гэр бүлийн ёс суртахуун”-аас эхэлье гэж шийдсэн. Манай тэнхим багш нарынхаа эрдэм шинжилгээний ажлын сэдвийг тэнхимийн хурлаар батлуулдаг байсан. Тэгээд би сэдвээ батлуулахаар хэлэлцүүлж байдал “наадах чинь научный сэдэв мөн үү” гэж хүртэл асууж байсан. Ер нь саяхан хүртэл “ёс зүй”, “гэр бүл”-ийн асуудалд хүмүүс нэг их ач холбогдол өгдөггүй байлаа шүү дээ. Гэтэл өнөөдөр зарим хүмүүсийн нийгмийн эрэлт хэрэгцээгээр гэж ярьдаг шиг ёс зүйн асуудал, гэр бүлийн асуудал аль алин нь нийгмийн тулгамдсан асуудын нэг болоод байна. Ингээд 1982 онд батлуулж байсан гэр бүлийн ёс суртахууны сэдвээрээ 1996 онд магистр, 1999 онд философийн ухааны доктор /Ph.D/, 2021 онд философийн шинжлэх ухааны доктор /Sc.D/-ын зэрэг хамгаалсан
Д.О: Багш маань 2021 онд докторын (Sc.D) зэргээ хамгаалсан. Та өөрийн судалгааны ажил, бүтээлийнхээ талаар товч танилцуулж өгөөч.
Анх судалгаа хийж эхэлсэн цагаас хойш олон жил өнгөрлөө. Энэ хугацаанд нийгэм ч өөрчлөгдлөө, нийгмийн өөрчлөлтөө дагаад амьдралын хэв маягт ч өөрчлөлт орлоо. Энэ нь өмнөх судалгаанд хийж байсан дүгнэлт, зарим нэг үзэл санаагаа эргэж харахад хүргэж байгаа юм. Тиймээс нэг талаар, судалгааныхаа ажлыг цаашид үргэлжлүүлэх, зарим нэг тодорхойлолт, дүгнэлт, санаа оноогоо засаж залруулах, нөгөө талаар гэр бүлийн судалгааны шинэ арга зүйг эрэлхийлэх үүднээс урьд нь бичиж эхэлсэн ажлаа дуусгасан. Энэ ажилдаа гэр бүлийн ёс суртахууны асуудлыг арай өргөн хүрээтэй авч үзсэн. Арга зүйн хувьд мэдлэгийн бусад салбаруудтай уялдуулах, уламжлалт гэр бүлийн ёс суртахууны онцлог, өнөө үеийн гэр бүлийн ёс суртахуунд гарч буй өөрчлөлт, эерэг, сөрөг үр дагавар, тэдгээрийн шалтгаан нөхцөлийг объектив, субъектив хүчин зүйл, судалгааны үр дүнд тулгуурлан тайлбарлах оролдлого хийсэн.
Д.О: Ер нь гэр бүл гэж юу вэ? Гэр бүлийн үнэ цэн юунд оршдог вэ? Ахмад хүний болоод гэр бүлийн ёс зүйг олон жил судалсан хүний хувьд таны хэлсэн үг бүр залууст зөвлөгөө болно гэдэгт итгэлтэй байна.
Ер нь гэр бүлийн олон талт асуудлыг тайлбарлах, зарим ойлголтуудад хариулт өгөхийн тулд гэр бүл гэж юу вэ? гэдэг ойлголтыг заавал томьёолох хэрэгтэй. “Гэр бүл” гэдгийг тодруулахын өмнө “гэрлэлт” гэдгийг тодруулах хэрэгтэй. Яагаад гэвэл өнөөдөр зарим хүмүүс гэрлэлтэд ач холбогдол өгдөггүй хандлага ажиглагдаж байна. Гэрлэлт бол зүгээр нэг найр хуримын асуудал биш. “Гэрлэлт” бол гэрлэгчдийн гэр бүлдээ гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг нийгмийн зүгээс баталгаажуулж байгаа эрх зүйн баталгаа юм. Ингэснээрээ гэрлэгсэд гэр бүлийнхээ өмнө төдийгүй нийгмийн өмнө хариуцлага хүлээж байгаагаа ухамсарлах ёстой. Гэрлэлтэд ач холбогдол өгдөггүйгээс насаараа шахуу баталгаагүй амьдардаг хүмүүс байна. Ялангуяа сүүлийн үед хамтран амьдардаг хэлбэрийг сонгох хандлага ч бий болж байна. Энэ бол хариуцлага хүлээхээс зайлсхийж байгаа үйлдэл юм. Энэ нь тэдний амьдралд гарч буй төвөгтэй, эрсдэлтэй асуудлыг шийдвэрлэх эрх зүйн үндэслэл хомсодно гэсэн үг.
Хамгийн гол нь гэрлэлтийг үл ойшоох нь гэр бүлийн үнэ цэнийг үл ойшоох үзлийг бий болоход хүргэнэ. Тэгэхээр гэр бүл болж буй залуус заавал гэр бүлээ батлуулах ёстой. Учир нь гэрлэлт бол 1-рт, эрх зүйн баталгаа төдийгүй эрх зүйн хамгаалалт болдог, 2-рт, гэр бүлийн тогтвортой байдлын үндэс, 3-рт, үүрэг хариуцлагын ухамсрын суулгаж өгдгөөрөө ач холбогдолтой. Товчоор хэлбэл, гэр бүл нь гэрлэлтэд үндэслэгдэх ёстой. Урьд өмнө нь судлаачид “гэр бүл” гэдэг ойлголтыг томьёолохдоо “хайр дурлал дээр үндэслэгдсэн, цусан төрлийн” гэдэг санааг чухалчилдаг байсан бол би “гэр бүл” гэдэг бол аж ахуй, сэтгэл санаа нэгдмэл, бие биеийгээ хайрлан халамжилж, тэжээн тэтгэх үүрэг бүхий эцэг эх, үр хүүхдүүдийн холбоо гэж томьёолсон.
Мэдээж хоёр биенээ хайрлаж байж л гэрлэнэ. Гэхдээ тодорхой шалтгаанаар, амьдралын шаардлагаар гэрлэсэн, эсвэл хоёрдох гэрлэлт байж болно. Хүүхэд үрчилж авсан, эсвэл дагавар хүүхэдтэй ч байж болно. Тэгэхээр заавал цусан төрлийн гэж тодотгох нь чухал биш, хамгийн гол нь ёс зүйн үүднээс гэр бүл бологсод бие биедээ санаа тавин халамжилдаг, харилцан бие биенээ хүндэлдэг, үр хүүхдийнхээ хүмүүжил, зөв хүн болгон төлөвшүүлэхэд анхаарал тавьдаг, гэр бүлийн болон нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцлагаа ухамсарладаг, гэр бүл, удам угсааныхаа нэр төрийг хадгалах, хамгаалах явдал юм.
Д.О: Та энэ яриагаа яагаад гэдэг дээр жаахан тодруулж өгөөч. Гэр бүл бол цусан төрлийн хүмүүс гэж ойлгохоос илүү үнэт зүйлийг бүтээдэг хүмүүс гэж ойлголоо.
Яагаад гэвэл гэр бүл өөрөө нийгмийн үнэт зүйл. Тиймээс гэр бүлээ бат бэх, тогтвортой байлгаж, үүргээ ухамсарлаж, үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, гэр бүлийнхээ нэр төрийг хамгаална гэдэг бол өргөн утгаар нь аваад үзвэл, нийгмийн үнэт зүйлийг хамгаална гэсэн үг. “Олон тооны гэр бүлүүдээс нийгэм үүсдэг” гэж хэлсэн Гегелийн үг бол үүнийг илэрхийлээд байгаа юм. Монголчуудын “Биеэ засаад гэрээ зас, Гэрээ засаад төрөө зас” гэж сургадаг нь ийм учиртай. Тиймээс өрнийн сургаалд ч, өвөг дээдсийн сургаалд ч нийгэм, төрийн сайн сайхан байдал гэр бүлээс хамааралтай гэдгийг хэлж сургасаар ирсэн, өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй, харин ч үнэ цэнтэй хэвээр байгаа гэдгийг хүн бүр ойлгож байвал сайн байна.
Ахмад хүний хувьд, судлаач хүний хувьд хэлэхэд насаараа муудалцахгүй, ам мурийхгүй, санал зөрөлдөхгүй явна гэж байхгүй. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Эдийн засгийн хувьд, сэтгэл санааны хувьд хямрах, уурлах, уцаарлах үе ч гарна. Уур бол архитай адил хүний хяналтыг алдагдуулдаг. Тийм ч учраас буддын сургаалд уурыг нисванисын 5 хорын нэг гэж үздэг. Уураа барьж чадаагүйгээс хэл амаар доромжлох, гомдоох, сэтгэлд нь сэв суулгах, улмаар хүч хэрэглэх зэрэг зүй бус үйлдэл гаргадаг. Энэ нь гэр бүлийн амьдралын бөх бат байдлыг алдагдуулж эцэст нь гэр бүл салахад хүргэдэг.
Иймээс уураа барьж, сэтгэлээ хатамжилж, хүлээцтэй байж, буруу юм хийсэн бол буулт хийж, нэг нь уучлал гуйж, нөгөөх нь уучилж сурах нь амьдралаа тогтвортой байлгахад чухал ач холбогдолтой. Өнөөдөр монголчуудын тайван дөлгөөн, хүлээцтэй зан үгүй болж, ууртай догшин авиртай болж байгаа нь зөвхөн залуучуудад бус нас тогтсон нас ахисан хүмүүст ч их ажиглагдаж байна. Зан авирын зөв төлөвшилтэй, ёс суртахуунтай хүн уурласан ч уураа барьж чаддаг, муудалцсан ч үгээ хянаж чаддагаараа ялгаатай. Энэ зан чанар дутагдаад байна.
Гэхдээ бүх гэр бүл ийм биш. Ажил, амьдрал, гэрийн доторх хөдөлмөрөө зөв зохион байгуулдаг, хоорондоо эвтэй, бие биеийгээ халамжилдаг, эцэг эх, хадмууд, үр хүүхдүүддээ анхаарал тавьдаг сайхан гэр бүлүүд ихэнх нь байгааг дурдах хэрэгтэй. Дахин хэлэхэд, үр хүүхдүүдийнхээ сурлагад нь анхаарал тавихаас гадна зан авирын төлөвшил, хүн чанарын хүмүүжилд нь гойд анхаараарай гэж хэлье.
Д.О: Гэр бүлийн сайн сайхан байдал гэдгийг уламжлалт сэтгэлгээнд юу гэж ойлгож байв? Өнөөдөр уламжлалт сэтгэлгээ хэр өөрчлөгдсөн бэ? Алдаа, оноо нь юу вэ?
Уг нь өвөг дээдэс маань бидэнд их зүйлийг өвлүүлсэн. Бид даанч авч үлдсэнгүй. Аав ээжийнхээ үлдээсэн өв хөрөнгийг идэж уугаад дуусгадаг юм шиг л болж байна. Гадныхан манайхыг “хоцрогдсон, буурай, соёлгүй” гэж гоочилдгийг нь одоогийн зарим нэг хүн шууд утгаар нь ойлгоод уламжлал гэхээр дургүйцээд байх шиг байдаг. Угтаа бол нүүдэлчин монголчууд маань материалын болоод оюуны асар их соёлыг бүтээсэн ард түмэн. Өрхийн аж ахуйтай, гэр ахуйн болон, эдэлж хэрэглэдэг бүх зүйлээ өөрсдөө бүтээдэг, анагаах ухаан, байгаль, цаг агаар, ургамал, одон зурхайн өргөн мэдлэгтэй, идээ цагаа, мах махан бүтээгдэхүүн боловсруулах арга технологитой, биеэ авч явах, харилцааны тогтсон соёлтой ард түмэн байсан. Энэ бүхнийгээ үр хүүхдэдээ гэрийн сургуулиар зааж сургаж ирсэн. Гэр бүлийн ёс суртахууны тухайд гэвэл, эхнэр нөхөр хоёр бие биедээ хүндэтгэлтэй ханддаг байсан учраас “та”, “өөрөө” гэдэг үгийг хэрэглэдэг. Гэр ахуйн гадаад дотоод ажил, хүүхдийн хүмүүжил болон тэдний ирээдүйн тухай бүх асуудлаа хамтран ярьж шийдвэрлэдэг. Тиймээс ч эхнэр нөхөр хоёрыг гэрийн хоёр баганатай зүйлэн үздэг байсан.
Д.О: Уламжлалт сэтгэлгээнд ёс суртахууны өв тэгш хүмүүжилтэй болгоход ихээхэн анхаардаг. Тэр талаар тодруулж яриагаа үргэлжлүүлье.
Тэгье. Гэр бүлийн ёс суртахууны уламжлалыг өвлүүлэх, хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө хэд хэдэн зүйлд голлон анхаарч байсан. 1-рт, тэднийг хөдөлмөрт сургахыг гол зорилгоо болгож залхуу болохоос цээрлэж, “залхуугийн гадаа түлээгүй, залгидгийн гэрт хоолгүй гэж залхууг жигшүүлдэг байж. Хүү, охиноо өрх тусгаарлахад ар гэрээ авч явах чадвартай, хадамдаа гологддоггүй ажил төрөлтэй хүн болгоход гол анхаарлаа хандуулж “Ажил хийж хүн болдог, Ар давж хүлэг болдог” гэж сургаж ирсэн. Ялангуяа бэр болох, хүргэн болох хүнээ царай зүсээр нь бус ажил төрлөөр нь шинждэг. Гэрийн доторх хөдөлмөрийн хуваарь нь их тодорхой байдгаас гэрт элдэв маргаан гарах нь ховор. 2-рт, хүүхдийн зан араншны төлөвшилд их анхаарал тавьдаг. Ялангуяа хадамд гарах охиндоо ааш зангаа хямгадаж, даруу төлөв байхад нь анхааруулан сургаж байсны нэг тод жишээ нь “нөхрийн нэрээр орж эхнэрийн нэрээр гардаг”, “зан сайтай айлд хүн бүхэн цуглаж, замаг сайтай усад шувуу бүхэн цуглардаг” хэмээн сануулж байв.
Хадам бэрүүдийн харилцааны хувьд гэвэл харилцан биенээ хүндэлдэг байсан талаар Х.Нямбуу “хадам аав нь өглөө эрт бэрээ босоогүй, үс гэзгээ самнаагүй байхад нь бэрээ эвгүй байдалд оруулахгүй гэж түрүүлж гэрт нь ордоггүй байсан” талаар тэмдэглэн үлдээсэн байдаг г.м олон сайхан уламжлал байдаг. Яг үнэндээ эдгээр сайхан уламжлал орхигдоод байна. Өнөөдөр хадмууд нь бэр, хүргэнээ гоочилдог, бэр, хүргэчүүд нь хадмуудаа элдвээр муулдаг бараг л хадны мангаа гэх нь холгүй байдаг. Эцэг эх, төрөл садныг нь үл хүндэтгэдэг, ам муруйдаг, гомдоодог, хов ярьдаг ч хүмүүс байна.
Эхнэр нөхрүүд бие биенээ үл хүндэтгэсэн, нэг нэгнийгээ дээрэлхсэн, бие биедээ анхаарал тавьдаггүй, бусдын үгэнд хэт автдаг, ажил хөдөлмөр хийдэггүй, залхуу, гэр орноо өөд татдаггүй, ажилгүй, анхиагүй, санаачилгагүй, ааш зан муутай зэрэг дутагдал байна. Энэ бүхэнд хүүхдээ ажил төрөлд сургаагүй, ааш занг нь засаж хүмүүжүүлээгүй эцэг эхэд буруу байгаа боловч насанд хүрсэн хүмүүс өөртөө дүгнэлт хийж, өөрийгөө хянаж сурах хэрэгтэйг сануулах нь зөв байх. Учир нь таны үр хүүхдүүд нь танаас суралцдаг, удам угсаа цаашаагаа үргэлжилж буй гэдгийг мартаж болохгүй.
Д.О: Өнөөгийн манай нийгэмд гэр бүлийн ёс суртахууны асуудлыг тулгамдсан асуудлын нэг гэвэл та хүлээн зөвшөөрөх үү? Цахим орчин хөгжиж байгаатай холбоотой юм уу, юутай ч гэр бүлийн ёс суртахууны шинжтэй маргаанууд өдөр бүр л өрнөх юм.
Тэгэлгүй яахав. Гэр бүлийн ёс суртахуун манай нийгмийн тулгамдсан асуудал болоод байна гэдгийг би дээр хэлсэн. Нийгмийн сүлжээ сайн муу хоёр талтай. Мэдээж, сайн тал нь мэдээллийг түргэн шуурхай авдаг, зарим мэдээлэл нь бидний мэдлэгийн цар хүрээг тэлж байна. Олон сайн сайхан юмыг уншиж харж, сонсож таашаал авдаг. Гэхдээ гэр бүлийн асуудлаарх мэдээлэл нь эерэг гэхээсээ сөрөг тал нь давамгайлж байна. Гэр бүлийн асуудлаа өөрсдөө бичих нь цөөхөн хувийг эзэлж байгаа харагддаг. Харин сайтууд түүнийг дэвэргэж хувилж бичээд байгаа нь тоогүй. Хэдийгээр гэр бүл нийгмийн бичил бүлэг боловч нийгмийн бусад институцийг бодоход хувийн орон зай нь халдашгүй байх ёстой. Тиймээс гэр бүлийн нууцад хэн ч халдах эрхгүй. Учир гэр бүлийн нэг гишүүний асуудал гэр бүлийн бусад хүмүүсийн эрх ашиг, нэр төр, сэтгэл санаанд маш хүчтэй, сөргөөр нөлөөлдөг. Үүнээс гарах үр дагавар нь ч эрсдэлтэй. Цахим ертөнцөд гэр бүлийн асуудлыг хэн ч шийдэхгүй, хэн ч зөвлөгөө өгч чадахгүй, магадгүй эвлэрэх боломжтой гэр бүл хэзээ ч эвлэрэхгүйгээр төгсөх аюултай. Гэр бүлийнхээ дотоод асуудлыг олон нийтэд дэлгэж байгаа хүмүүс үүнийг анхаарах хэрэгтэй. Өнгөц харахад, ёс суртахууны шинжтэй маргаан мэт, хүмүүс сэтгэгдлээрээ зөвлөөд болчих юм шиг харагдаж байгаа боловч маш ээдрээтэй, нуугдмал олон асуудал олон хүний эрх ашиг (ялангуяа хүүхдийн, аав ээжийн, хамт олны, нутаг усны, удам угсааны нэр төр) цаана нь хөндөгдөж байдаг. Гэр бүлийн судалгааны хамгийн төвөгтэй асуудлын нэг бол энэ юм. Цахим ертөнцөд гарч буй гэр бүлийн маргаан, түүн дээр бичигдсэн сэтгэгдлүүдийг ажиглахад, өнөө үеийн монголчууд маань зан авирын, харилцааны, ухамсрын доголдолд яасан их ороо вэ, сэтгэл зүйн зөвлөгөө авахаар хүмүүс ч яасан их болоо вэ гэмээр л байх юм. Ийм л учраас цахим ертөнцөөр гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж хэлээд байгаа юм. Харин ч эсрэгээрээ хүүхэд залуучуудын хүмүүжил, ирээдүйдээ итгэх итгэлд сөргөөр нөлөөлж, монгол гэр бүлийн нэр хүнд, үнэ цэнэ улам унах эрсдэлтэй. Нэмж хэлэхэд, нууц гэдэг бол ёс зүйн кодекст хамаардаг асуудал. Аль ч улс оронд улсын нууц, байгууллагын нууц гэж байдаг бөгөөд тухайн байгууллагын ёс зүйн кодексоор зохицуулагддаг. Манайд одоо гэр бүлийн нууц битгий хэл, улсын нууц ч байхгүй болж байх шиг байна. Улсын нууц тусгаар тогтнолтой холбоотой байдаг бол гэр бүлийн нууц гэр бүлийн тогтвортой байдлыг хадгалах, хамгаалахтай холбоотой асуудал. Монголчуудын “олгой хагаравч тогоон дотроо” гэдэг нь гэр бүлийн нууцыг хадгалах тухай санаа юм. Тэгэхээр гэр бүлийнхээ хамаг асуудлыг нийгмийн сүлжээгээр дэлгээд байх нь зохисгүй бөгөөд ёс суртахуунгүй үйлдэл гэдгийг анхаарч байх хэрэгтэй байхаа.
Д.О: Түрүүн ярьсанчлан цахим орчин хөгжиж байгаатай холбоотой асуудлууд ар араасаа ундраад байна уу, аль эсвэл сүүлийн үед гэр бүлийн ёс суртахууны зөрчил маргаан ихсээд байна уу?
Гэр бүлд зөрчил маргаан байхыг үгүйсгэхгүй гэдгийг дээр дурдлаа. Зөрчлийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудлын гол нь. Шийдвэрлэж чадахгүй бол салалтад хүрнэ. Салалтын үндэс нь зөрчил шүү дээ. Судалгаагаар салалтыг 1, 5, 10 жилээр харьцуулж үзэхэд тийм их өсөлт ажиглагдаагүй. Хүмүүст гэр бүлийн зөрчил ихсээд байгаа мэт харагдаад байгаа нь цахим орчинтой холбоотой гэж үзэж болно. Сайн ажиглаад үзээрэй, Нийгмийн сүлжээнд тоогоо алдсан хэдэн зуугаараа гэр бүлийн зөрчил маргаан байхгүй. Тодорхой хэдэн гэр бүлийн хүрээнд яригдаж байгаа ч янз бүрийн зорилгоор түүнийг дэвэргэсэн, дахин дахин хуулбарласан зүйлүүд л байгаа. Тиймээс л би гэр бүлийнхээ дотоод асуудлыг нийтэд битгий дэлгэ гээд байгаа юм.
Д.О: Судалгаагаар гэр бүлийн ёс суртахууны гэр бүлийн ёс суртахууны зөрчлийн үндсэн шалгаан шалтгаан юу гэж гарсан бэ? Асуудлыг шийдвэрлэхийн тулд төр засгийн төвшинд юун дээр анхаарвал зохилтой гэж мэргэжлийн хүний хувьд үзэж байна?
Айл бүрийн амьдрал, хүн бүрийн хүмүүжил, сэтгэл зүй өөр өөр байдаг учир яг ийм шалтгаан гэж ганц зүйлээр хэлэх боломжгүй. Нийтлэг шинжээр нь авч үзвэл, нэгд, нэг талаас, гэр бүлд эр хүн шийдвэрлэх үүрэгтэй байх ёстой гэсэн сэтгэл зүй, нөгөө талаас, амьдралд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг роль нэмэгдэж байгаатай холбоотойгоор үүсдэг эхнэр нөхрийн эрх мэдлийн зөрчил; хоёрт, боловсролын түвшний ялгаанаас үүдсэн эхнэр нөхрийн хоорондын хүмүүжил, соёл, зан үйлийн холбогдолтой зөрчил; гуравт, эцэг эхийн хүмүүжлийн тогтсон стереотип, орчин үеийн мэдээллийн орчинд өссөн хүүхэд залуусын хоорондын үнэлэмжийн зөрчил; дөрөвт, гэр бүлийн гишүүдэд хадмын талаас хамааралтай үүсдэг зөрчил, гэр бүлд ажлын хамт олон, найз нөхөд зэрэг микро орчны нөлөөллөөс үүдсэн зөрчил гэх зэрэг шинжтэй байна. Тавд, эхнэр нөхрийн боловсролын ялгаа нь гэр бүлд зөрчил үүсэхэд нөлөөлдөг байна. Зургаад, хамтран амьдрах нь бие биенийхээ болон нийгмийн өмнө хариуцлага хүлээх эрх зүйн субъект болдоггүй учир “гэр бүл” гэдэг томьёололд багтаах боломжгүй, гагцхүү амьдралын хэв маягийн нэг хэлбэр, цаг хугацааны үзэгдэл гэж судлаачийн хувьд үзсэн. Цаашид судлаачид судалгааныхаа хэвшмэл арга зүйг өөрчлөх, хуулийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд судлаачдын санаа бодлыг сонсож харилцан уялдаатай ажиллах, гэр бүлд зөвлөгөө өгдөг төвүүдийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, арван жилийн ахлах ангийн сурагчдад гэр бүлийн анхан шатны мэдлэг, боловсрол олгох, гэр бүлийн хуулийг шинэчлэн сайжруулах шаардлагатай байна.
Д.О: Би хувьдаа гэр бүлийг ёс зүйн сургалтын маш чухал төв гэж боддог. Тэгэхлээр өнөөдөр энэ төв үүргээ хэр гүйцэтгэж байна вэ?
Зөв л бодож байна. Судлаачдын нэрлэдгээр гэрийн сургуулиар олгодог мэдлэг л дээ. Нүүдэлчин монголчуудын гэрийн сургууль “хүнээр хүн хийх” зарчмыг баримтлан ёс суртахууны мэдлэгийг системтэй олгож байсан. Үнэндээ чиний хэлдгээр өнөө цагийн энэ төв үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Эцэг эхчүүд зав чөлөөгүй, мөнгөгүй, амьдралын боломж муу гээд л баахан шалтаг тоочих байх л даа. Угаасаа одоо амны бэлэггүй (байхгүй, мэдэхгүй, сургууль, цэцэрлэг байхгүй) болчихоод байгаа шүү дээ. Зурагт үзэж байхдаа, гэрээ цэвэрлэж байхдаа, хоолоо хийж байхдаа дэлгүүрт худалдан авалт хийж байхдаа, жолоо барьж явахдаа л сайн муу, зөв буруугийн ялгаа, хүний ёс, хүнлэг чанар, товчоор хэлбэл, хэрхэн зөв амьдрах тухай ярьж, ойлгуулж болно. Угаасаа таны хэл яриа, үйл үйлдэл өөрөө сургалт болно. Иймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ дэргэд хараал хэлэхгүй, бусадтай болон өөр хоорондоо хэрэлдэхгүй, архи уухгүй, хүн муулахгүй, худлаа ярихгүй, элдэв зүй бус авир, дутагдал доголдол гаргахгүй байх нь үр дүнтэй хичээл гэж ойлгож болно. Товчоор хэлбэл, өөрийгөө эхлээд зөв төлөвшүүл. Жишээ нь: гэртээ ирчихээд утсаар хүнтэй ярихдаа би ажил дээрээ байна, гэрээсээ гараагүй байж би яг ороо очиж явна гэж хүүхдийнхээ дэргэд худлаа ярьчихаад хүүхдээ “худлаа битгий ярьж бай” гэж сургах нь үр дүнгүй биз дээ.
Д.О: Бие бялдар, сэтгэл зүй, оюун ухаан, харилцааны эв дүйг эзэмшиж, төлөвшиж байж залуус үр хүүхэдтэй болбол сайн гэж боддог. Залуус хэт яарах, төлөвлөгөөгүйгээр гэр бүл болох байдал сүүлийн үед ажиглагдаж байна. Энэ тал дээр таны бодлыг сонсъё.
Энэ бүхнийг дээр дурдсанчлан гэр бүлдээ олж авч чадвал шүү дээ: хуучин цагт 12-14, одоо цагт 18-20 насыг гэр бүлд бэлтгэгдсэн нас гэж ойлгож болно.Тийм ч учраас хуульд гэрлэх насыг 18 гээд заачихсан байгаа. Харамсалтай нь эцэг эхчүүд үр хүүхдээ амьдралд бэлдээгүйгээс залуус алдаж эндэж байгаа тохиолдол байна. Хэт яарсан нь тийм ч их биш байх. Судалгаагаар манайд ч, гадаадад ч залуучууд хожуу гэрлэх хандлагатай болсон гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийсэн байна. Эрт гэрлэх нь муу, хожуу гэрлэх нь сайн гэсэн хатуу үнэлэмжтэй стандартыг би зөв гэж үзэхгүй байна. Олныг нуршаад яах вэ. Аль алинд нь сайн ч тал бий, муу ч тал бий.
Д.О: Гэр бүлийн хүчирхийлэл яагаад гардаг вэ? Хайр дуусдаг уу, эсвэл түр зуурын сэтгэл хөдлөлөө хайр гэж андуурсан байдаг уу?
Хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөдөө дарамт үзүүлэн хүч хэрэглэж байгаа үйлдэл. Бие махбодын хүчирхийллээс гадна, сэтгэл санааны, далд хэлбэрийн хүчирхийлэл байдаг. Хүчирхийлэлд өртөгчдийн ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байдаг нь харагдаж байгаа боловч далд хэлбэрийн хүчирхийлэлд эрэгтэйчүүд, ахмадууд өртдөг нь сүүлийн жилүүдийн статистик мэдээнээс харагдаж байна. Тиймээс өөр өөр насны, өөр өөр хүйсийн хүмүүс хүчирхийлэлд өртсөн шалтгааныг ганц үгээр хариулах боломжгүй. Зонхилох шалтгаан нь гэр бүлийн доторх хөдөлмөрийн хуваарь, захиран зарцуулах эрх мэдлийн зөрчилдөөн, архидалт, ажилгүйдэл, боловсрол зэрэг субъектийн зүй бус, ухамсаргүй харилцаанаас үүдэлтэй болох нь судалгаанаас харагдсан. Хайр дуусна гэж байхгүй. Нас ахих тусам биедээ улам ээнэгших учиртай. Түр зуурын сонирхлоо хайр гэж андуурснаас сэтгэл хувирах тохиолдол байдаг. Халамж бол дутагдах тал байна.
Д.О: Гэр бүлийн ёс зүйн тухай ярилцаж байгаа болохоор хүүхдийн хүмүүжлийн тухай асуухгүй өнгөрч болохгүй. Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд эцэг эхийн үлгэр дуурайл онцгой байдгийн учрыг залуу хүмүүст тайлбарлаж өгвөл чухал хэмээн бодож байна.
Дээр дурдаад өнгөрсөн дөө. Эцэг эхийн үлгэр дуурайл, биеэ авч яваа байдал, бусадтай хэрхэн харилцаж байгаа зэрэг нь хүүхдийн хүмүүжилд онцгой нөлөөтэй. Хүүхэд бүх л зүйл дээр аав ээжийгээ дуурайх дуртай, ээж ааваараа бахархдаг, том болоод аав ээж шигээ хүн болохыг мөрөөддөг байвал үлгэрлэж чадаж байна гэсэн үг. Харин хүүхдэд буруу үлгэр дуурайл үзүүлбэл хүүхдэд төдийгүй нийгэмд уршигтай.
Д.О: Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд бид юун дээр илүү анхаараасай хэмээн бодож байна? Бид юун дээр алдаж байна вэ?
Хүүхдийг хүүхэд биш, “хүн” гэдэг талаас нь харж харилцаж байгаасай гэж эцэг эхчүүд төдийгүй багш нарт ч хэлмээр байдаг. Ихэнх эцэг эхчүүд, багш нар хүүхдийг “хүүхэд” гэж харьцаад үл тоомсорлодог, захирах тушаах, загнах маягаар харьцдаг нь өөрөөсөө холдуулах нэг шалтгаан болдог. Та өөрийгөө хүндлүүлмээр байвал хүүхдээ хүндэлдэг байх хэрэгтэй. Хүүхдийнхээ үгийг сонсдог, ойлгодог, зарим зүйлээ хүүхэдтэйгээ зөвлөдөг, сайн найз нөхөр байж чадвал эцэг эх, хүүхдийн холбоо улам ойртоно. Эс тэгвэл хүүхэд танаас юмаа нуудаг, айдаг, итгэдэггүй болно. Тэгвэл та хүүхдээ өөрөөсөө улам холдуулж байна гэсэн үг. Ийнхүү хүүхэд чинь танд дотоод ертөнцөө нээж чадахгүй болсноор найз хэмээх янз бүрийн хүмүүсээс зөвлөгөө авснаар алдаа эндэгдэлд орох нь бий.
Д.О: Та бид хоёр нэлээд удаан ярилцлаа. Чилээсэнд уучлаарай. Та одоо ямар бүтээл дээр ажиллаж байна?
Бүтээл гэж том яриад ч яах вэ. Гэхдээ огт зүгээр суухгүй санаатай /нас минь хүрвэл хэ хэ/. Угаасаа ёс зүйн судалгаа төгсгөлгүй шүү дээ.
2023.03.06
Ярилцлага өгч цаг заваа гаргасан Танд баярлалаа.
Ярилцсан: Д.Оюунгэрэл