Г.Д.Левин. “Мэргэжлийн бусчууд мэргэжлийн маргаанд”
Оросын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, философийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Д.Левиний 1996 онд бичсэн “Мэргэжлийн бусчууд мэргэжлийн маргаанд” хэмээх өгүүллийг Та бүхэнд толилуулж байна. Тэрээр мэргэжлийн бусчуудын логикийн шинж төрхийг өргөн олны нүдний өмнө цэвэр, байгаагаар нь ил гаргаж дэлгэж харуулах зорилгоор эл өгүүллийг бичсэн бөгөөд 1) Бодит судлагдахууны ба арга зүйн мэргэжлийн бус чанар, 2) Туйлын ба харьцангуй мэргэжлийн бус чанар, 3) Мэргэжлийн бусчууд нэвтрэн орж чадах ба үл чадах шинжлэх ухаан байдаг тухай зарчмын гурван зааг ялгааг тодруулжээ. Энэ өгүүллийг ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан А.Жамбал 2001 онд орчуулж хүрээлэнгийн “Философи, эрхийн судлал” цувралд хэвлүүлжээ.
Өнөөдөр манай нийгмийн бүх салбарт эл асуудал томоохон бэрхшээл дагуулсаар байгаа билээ. Иймд тус өгүүллийн орчуулагчаас зөвшөөрөл авч дахин нийтэлж байна.
Энэхүү өгүүлэлд:
• Философи бол мэргэжлийн бусчууд халдан нэвтрэн орж байдаг гайтай, азгүй шинжлэх ухаан мөн бөгөөд энэ ухаан хэцүү бэрхшээлтэй байдалтай байгаагийн сургийг сонссон үнэнч шударга дилетант, сониуч шохоорхогч мэргэжлийн бус этгээд “хөөрхий муу философичдод тус хүргэх” гэж хэдхэн хуудас зүйлээс эхлээд хэд хэдэн боть зохиолыг туурвин бичиж тэдгээртээ мэргэжлийн философичдын хэдэн арван жилийн туршид хөдөлмөрлөж махаа идэж судалсан асуудлыг “бүрэн гүйцэд, эцэслэн төгсгөж” шийдвэрлэчихсэн байдаг.
• Мэргэжлийн бусчуудын диктатур ийнхүү бий болсон бөгөөд энэ бол улс орныг удирдан жолоодох оюун ухааны ч, ёс суртахууны ч, мэргэжлийн ч эрх байхгүй.
• Өнөөдөр мэргэжлийн бусчууд мэргэжлийн маргаан мэтгэлцээнд оролцсон хэвээр байгаа ч гэсэн энэ маргааныг шүүж дүгнэн цэгнэх нь багасаж байна.
• Мэргэжлийн бус этгээдийн маргаан мэтгэлцээний явцад илэрч гардаг өөр нэг хоёр дахь “хачин сонин” шинж бол тэрээр “зогсоо зайгүй” тасралтгүй ярих дуртай явдал мөн. Түүний ийм тасралтгүй яриаг шууд таслахаас өөр арга байхгүй.
• Бусдад зааж зааварлах, сургах хүсэл тэмүүлэл, харин өөрөө сурахыг хүсэхгүй байх явдал бол мунхаг харанхуй бүдүүлэг хүний шинж тэмдгийн хачирхалтай илрэл хэлбэр мөн бөгөөд тэр нь ялангуяа эрх мэдэл, албан тушаалтай мэргэжлийн бус этгээдэд илэрхий байдаг.
• Мэргэжлийн хүнийг шахаж, “ойлгомжтой” орос хэлээр ярь, элдэв “изм”, “эрдэмтдийн нэр усыг иш таталгүй ярь” гэх зэргээр хавчиж мэргэжлийн бус, өөрийн доогуур соёлын түвшинд татан доошлуулахыг оролддог байна. Ийм тохиолдолд мэргэжлийн хүн яах ёстой вэ?
• Хэний ч өмнө юу ч хамгаалаагүй, тухайн шинжлэх ухааны талаар юу ч мэдэхгүй байж тэр “шинжлэх ухаанд” зориулж өөрийнхөө үгээ хэлэхийг хичээсэн шохоорхогч бол нийгмийн ихээхэн тогтворгүй үзэгдэл байдаг.
• Хэрэв тоталитар нийгэмд гаргасан шийдвэрийг тулган хүлээлгэх хэрэгсэл нь хүчирхийлнэ шүү хэмээн сүрдүүлэх явдал байдаг бол ардчилсан нийгэмд тэр нь мэргэжилтнүүд ба мэргэжлийн бусчуудын харилцан яриа, ойлголцол байдаг.
• Хэрэглэгч бүхий мэргэжлийн бусчуудын итгэл загварыг урьдчилан зээлдэж авахын тулд тэдэнтэй мөн чанарын хэлээр биш, харин мөн чанарын илрэл, тусгал болох “сүүдрийн хэлээр” ярилцах шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл мэргэжилтэн хүн элдэв ”изм”-гүйгээр, эрдэмтэн мэргэдийн нэр усыг иш татахгүйгээр энгийн, жирийн ойлгомжтой үг өгүүлбэрээр ярилцах ёстой.
• Ямар нэг тусгай мэргэжилгүй этгээдийн дуу хоолой, санал нь маргааны үйл явц, үргэлжлэлд хэрэг дээрээ нөлөөлж чадахгүй. Тэгсэн хэрнээ мэргэжлийн бусчууд хамтаараа нийлж ардчилсан нийгэмд үндсэн хууль, ерөнхийлөгч, парламентын хувь заяаг шийдвэрлэж чаддаг.
Г.Д.Левин -
ОХУ-ын ШУА-ийн Философийн
хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх
ажилтан, философийн шинжлэх ухааны доктор, профессор
МЭРГЭЖЛИЙН БУСЧУУД МЭРГЭЖЛИЙН МАРГААНД
Манай социологийн онол хэрэв өөрийнхөө ойлголт ухагдахууны санд шинжлэх ухааны суурь шинжтэй “тэнэг” ба “мунхаг” гэсэн хоёр ойлголтыг оруулж хэрэглэсэн сэн бол илүү их эрэл хайгуулч байх байсан. Бид энэ өгүүлэлд хоёр дахь ойлголтыг явцуу утга агуулгаар нь авч үзэх болно. Мэргэжлийн маргаан мэтгэлцээнтэй “тэнэг” хэмээх ойлголтыг холбож үзэхээ больё, учир нь маргаан мэтгэлцээнд мулгуу тэнэгүүд оролцохгүй, оюун ухааны зохих түвшинтэй хүмүүс л оролцох нь мэдээж.
Оросын түүхэнд мэргэжилтнүүд ба мэргэжлийн бусчууд, эрдэмтэд ба мунхгуудын хооронд ямагт хурц маргаан яриа болсоор иржээ. Тийм маргаан большевикуудын хувьсгалын дараа бүр ч ширүүсэх болсон юм. Оюутнууд надаас бүр 60-аад оны эхэн үед “Mанай агуу их улс гүрнийг яахаараа хоёрхон үгийг хооронд нь холбож чаддаггүй хүмүүс удирддаг юм бэ?” гэж асуудаг байв.
Орос орны засаг төрийн толгойд 1917 онд гарч ирсэн хүмүүс үнэхээрийн боловсролтой хүмүүс байлаа. Гэхдээ тэд тухайн үед удирдаж байсан салбар хүрээний биш байсан. Тэдний энэ байдал амжилтгүй болж нуралтад гарцаагүй хүргэж, тэднийг мэргэжлийн хүмүүс шүүмжилж байлаа. Чухам ингэснээрээ “дэлхийн хамгийн боловсорсон засгийн газар” өөрийнхөө байр сууриа шүүмжлэгч- мэргэжилтнүүдэд тавьж өгөх, эсвэл тэднийг зайлуулж авч хаях ийм хоёр замын нэгийг л сонгох хэрэгтэй болсон юм. Энэ сонголтыг хэрэгжүүлэх ажлыг тэднийг гадаадад хүчээр хөөж гаргахаас эхэлжээ. Дараа нь тэднийг баривчилж хорих лагерь байгуулцгаасан. Эцэст нь үй олноор нь алж устгаж эхэлсэн бөгөөд энэ нь аймаглан устгах геноцид бодлого болж хувирсан. Мэргэжлийн бусчуудын диктатур ийнхүү бий болсон бөгөөд энэ бол улс орныг удирдан жолоодох оюун ухааны ч, ёс суртахууны ч, мэргэжлийн ч эрх байхгүй, Гроссманы онож хэлснээр засгийн эрхэнд зүгээр нэг хүчирхийллээр биш харин үлэмжийн их хүчирхийллээр л тогтож байсан засаглал байлаа. Тэд засаг төрийн эрх мэдлийг байгалийн жам ёсны шалгарлын эсрэг чиглэсэн арга механизм гэж нэрлэгдэх арга барилаар гартаа тогтоон барьжээ. Тухайлбал өндөр дээд оюун ухаан, ёс суртахуунтай Чаянов, Кондратьев, Вавилов шиг жинхэнэ мэргэжилтнүүдийг зайлуулж, тэдний оронд хавьгүй дорд оюун сэтгэлгээ, ёс суртахуун, мэргэжилтэн биш хүмүүсийг тавьсан бөгөөд тэднийг шат зиндаагаараа бүр ч доогуур түвшний боловсон хүчнүүд халж, сольж гарч ирсэн ба энэ үйл явц цаашид үргэлжлэх чөлөөгүй болж эцэстээ тулж дараагийн удирдагчдын ёс суртахуун, оюун ухаан, мэргэжлийн түвшинд хэлмэгдүүлэлт нөлөөлөөгүй юм.
Мэргэжлийн бусчуудын диктатур үе тэнгийнхэн нэг нь нөгөөгөөрөө халагдан солигдох хуулинд нэгэн адил захирагдсаны үр дүнд тэд засгийн эрхээс өөрийн эрхгүй зайлуулагдсан билээ. Гэхдээ тэд энэ хуулийн үйлчлэл, үйл явцийг чадлаараа эсэргүүцсэн. Тухайлбал ЗХУКН-ын сүүлийн үеийн ерөнхий нарийн бичгийн дарга нар үхлээ хүлээсэн хүнд өвчтэй хүмүүс байлаа.
Мэргэжлийн бусчууд бусадтай маргаж мэтгэлцэхдээ энэ маргааны зөвхөн оролцогчид биш, түүний зөв бурууг шүүдэг шүүгчид нь байлаа. Тухайлбал А.А.Жданов философи, хөгжмийн урлаг, яруу найргийн асуудлаар болсон маргаан ярилцлагад оролцож ямар “хувь нэмэр” оруулсныг, түүнчлэн Н.С.Хрущев уран зураг, утга зохиол, хөдөө аж ахуй гэх зэрэг салбарын асуудлаар ярилцлага маргаанд оролцож байсныг санацгаая. Тийм маргаан мэтгэлцээнд дарангуйлагч-мэргэжлийн бус этгээдийн хэрэглэдэг үндсэн арга, үндэслэл нотолгоо бол хүчирхийлэл, эсвэл хүчирхийлнэ хэмээн сүрдүүлэх явдал байдаг. Өнөөдөр хүч, хүчирхийллийн арга хэрэгсэл нь жинхэнэ бодол сэтгэлгээний хүчээр түрэгдэж халагдаж байна. Өнөөдөр мэргэжлийн бусчууд мэргэжлийн маргаан мэтгэлцээнд оролцсон хэвээр байгаа ч гэсэн энэ маргааныг шүүж дүгнэн цэгнэх нь багасч байна. Мэргэжлийн бусчууд өнөөдөр маргаан мэтгэлцээний хуульд захирагдаж, харин маргагч талыг шууд алж устгах явдлаас өөрийн эрхгүй татгалзахаас өөр аргагүй болжээ. Тиймээс маргаан мэтгэлцээнд оролцохдоо мэргэжлийн бусчуудын баримтлах арга тактикийг өөрчлөгдөн буй нийгмийн нөхцөл байдалтай холбож судлах явдал арга зүйн чухал ач холбогдолтой болно.
Аристотелийн үед диалектикийг хэлхээ холбоо, хөгжлийн тухай сургаал гэсэн утгаар биш харин энэ үгийн өөрийнх нь жинхэнэ гарал үүсэл, утга санаагаар нь (dialeqomoi- яриа үүсгэх, маргах) харилцан ярилцлага, маргаан мэтгэлцээн гэсэн утгаар ойлгож байлаа. Тэр үед диалектикийг “метафизик” гэсэн үг, ойлголттой биш, харин “эвристик” (eristikos-маргагч, мэтгэлзэгч) гэсэн ойлголттой холбож хэрэглэж байлаа. Тэр үед диалектикч хүн үнэнийг олох, үнэнд хүрэхийн төлөө маргаж мэтгэлцдэг байсан бол харин эрист буюу маргагч этгээд маргаан мэтгэлцээнд ямар ч үнээр хамаагүй зөвхөн ялан дийлэхийн тулд л маргаж мэтгэлцдэг байв. Бид энэ өгүүлэлд диалектик гэдэг бол үнэнийг олж тогтоох зорилготой маргаан мэтгэлцээний онол мөн хэмээн үзэж байгаа ба харин тийм маргаан, мэтгэлцээн үүсгэж буй хүнийг диалектикч хүн гэж нэрлэн ойлгож байна.
Харамсалтай нь манай холбогдох утга зохиолд мэргэжлийн бусчууд мэргэжлийн маргаанд оролцох асуудал судлагдаагүй, тусгагдаагүй өдий хүрчээ. Энэ ч аргагүй биз. Учир нь мэргэжлийн бусчуудын ноёрхол, диктатурын үед энэ талаар бичих нь тэртээ тэргүй шагшраад байгаа шаазгайг өдөж овоо босгохтой адилхан хэрэг болох байсан. Түүгээр ч үл барам тэр үед “мэргэжилтэн”, “мэргэжлийн” гэсэн үгийг хэрэглэхгүй байхыг хичээдэг байлаа. Энэ үгийн оронд “боловсорсон, юмаа мэддэг”, “мэдлэгтэй” гэх зэрэг үгийг хэрэглэж байв. Oрчин үеийн улс төрийн үгийн санд “мэргэжлийн”, “мэргэжлийн бус хүн” гэдэг нэр томьёо орж ирсэн нь өөрчлөгдсөн цаг үеийн шинж тэмдэг юм.
Одоо ч гэсэн харилцан ярилцлага, маргааны соёлын түвшин бас л ихээхэн доогуур байна. Mаргах урлагийн соёлын түвшин төр засгийн түвшинд Хрущев, Брежневийн үеийн түвшингээс нэг их өөдөлж өөрчлөгдсөнгүй. Чухамдаа ийм үндэс шалтгаанаас болж маргаж мэтгэлцэх явдал хэвийн биш болж жинхэнэ зэвсэгт мөргөлдөөн, тэмцэл болж хувирах явдал гарч байна. Тухайлбал 1991 оны найм, 1993 оны ес, 1994 оны 12-р сарын үйл явдлыг санацгаая.
Мэргэжлийн маргагч бол худал хуурамч санаа бүхнийг ямар ч хамаагүй софист овжин үндэслэлээр хамгаалаад байхгүй. Тэрээр диалектикч, мэргэжлийн бус маргагч этгээдэд зөв зүйл мэт санагдах, итгэж үнэмшмээр тийм, үндэслэл, санаа нотолгоог хамгаална. Диалектикч хэрнээ мэргэжлийн бус этгээд маргаантай асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэх хүсэл сонирхолтой байдаг боловч тэгж шийдвэрлэх хэрэгтэй мэдлэг эзэмшээгүй байдаг. Эрист буюу маргаанч этгээд худал хуурамч асуудлаар маргахгүй, харин харагдах, санагдах байдлын хүрээн дэх асуудлаар маргаж мэтгэлцэнэ. Тиймээс тэрээр маргаж ярилцахдаа диалектикч хэр нь зохих мэдлэг мэргэжилгүй хүнийг итгүүлж үнэмшүүлэхүйц үндэслэл, санаа бодлыг ашиглаж өөрийгөө зөвтгөж хамгаална. Мэргэжлийн бус, мэргэжилгүй байдал нь дотроо судлагдахууны ба арга зүйн гэсэн хоёр төрөлтэй байдгийг ялгах ёстой. Тэдгээрийн нэгдэх нь судлагдахуун, судалгааны зүйлийг үл мэдэх, хоёр дахь нь уг зүйлийг судлах арга зүйг үл мэдэх явдал байдаг. Судлах зүйлээ мэддэг судлагч нь санааны зоргоор биш, харин судалгааны арга зүйн соёл дутмаг байдгийн улмаас мэргэжлийн бус хүний логикт гардаг шиг тийм алдаа гаргаж болно. Би нэгдүгээр дамжааны оюутан байх үеийн нэгэн зүйлийг одоо хүртэл тод санадаг юм. Чөлөөтэй бодож сэтгэдэг нэгэн багш маань Марксын туйлын ядуурлын тухай хуулийг шүүмжлэн няцаадаг байсан ба түүнийгээ энэ хууль үйлчилснээр тодорхой он жилүүдийн дараа энэ ажилчид хамгийн муу хүнсээр хооллоход хүрэх болно гэсэн үндэслэлээр хамгаалж зөвтгөж байлаа. Би багшийнхаа энэхүү няцаалтын үндэс тулгуур нь алдаа буруутай болохыг хожмын үед судлагдахууныг хийсвэрлэж цэвэр байдлаар ялган авч үзэх Марксын арга, М.Веберийн онол, Польшийн нэрт философич Л.Новакийн онолтой танилцах үндсэн дээр ойлгож мэдсэн юм. Тэрхүү алдаа судлагдахууныг цэвэр байдлаар нь хийсвэрлэн авч үзэх онолын судалгаа ба уг судлагдахууныг эмпирик байдлаар бүрэн бүтэн утга агуулгаар нь авч үзэх явдалтай хольж хутгаснаас гарчээ. Ийм байдлаар бодож сэтгэвэл бүх дэлхийн таталцлын хуулийг ч гэсэн шүүмжлэн няцааж буруушааж болно. Тэр бол тун амар хялбар бөгөөд утаа бол энэ хуулийн эсрэгээр дээшээгээ л суналзан байдаг шүү дээ.
Үлгэр жишээ бүхий туйлын мэдлэгтэй мэргэжилтэн гэдэг бол судлагдахуунаа сайн мэддэг, түүгээр бүхнийг хийж чаддаг хүн юм. Бүтээгч эзэн буюу бурхнаас туйлын мэргэжилтэн хүн юугаараа ялгаатай байдаг вэ? гэвэл тэрээр ертөнцтэй бүхэлд нь харилцдаггүй, харин түүний тодорхой нэг хэсэг, хэлтэрхийтэй л харьцдагт хамаг ялгаа зааг нь байдаг. Үүнтэй харьцуулж үзвэл туйлын мэргэжилгүй, туйлын мэргэжлийн бус хүн гэдэг бол юу ч мэддэггүй, юу ч чаддаггүй хүн мөн. Туйлын мэдлэггүй, мэргэжилгүй хүн бол хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн түүхийн гарааны цэг байдаг бол туйлын мэдлэгтэй, туйлын мэргэжилтэн хүн бол энэ түүхийн ирээдүйн эрхэм дээд зорилго, бариа мөн болно. Туйлын мэргэжилтнээс харьцангуй мэргэжилтнийг ялган салгах хэрэгтэй бөгөөд аль ч мэргэжилтэн өөрийнхөө хүрээ салбар дотор бусад хүрээ салбарын мэргэжилтнүүдтэй харьцуулахад харьцангуйгаар мэргэжлийн бус хүн байдаг.
Шинжлэх ухааны үзэл санаа, дүгнэлтүүд эхлээд тухайн салбарын нэртэй томоохон төлөөлөгч мэргэжилтнүүдийн яриа маргааны хүрээнд хэлэлцэгдэж, мэргэжлийн сэтгүүлүүдэд өгүүллийн хэлбэрээр хэвлэгдэх ба тэгснээрээ анх удаагаа бүх нийтийн хүртээл болж мэдээлэгдэнэ. Эцэстээ тэдгээр үзэл санаа, дүгнэлт, мэдлэг нь нэг талаас хамгийн сүүлийн үеийн шинэ мэдлэг болохын хувьд сурах бичгүүдэд томьёологдож орно. Мэргэжилтэн хүн гэж тухайн мэргэжлийн салбарын сурах бичгийн утга агуулгыг мэддэг, энэ мэдлэгийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж чаддаг хүнийг нэрлэж болох юм. Тэгэхдээ мэргэжлийн техникумын ба дээд сургуулийн сурах бичгийг шүү.
Мэргэжилтэн биш мэргэжлийн бус хүнийг эмпирик шалгуур үзүүлэлтээр тогтоон тодорхойлох явдал бэрхшээлтэй байдаг. Үүний тулд мэдлэгийн хоёр эх үүсвэр байдгийг ялгах хэрэгтэй. Нэгдүгээрт, мэдлэгийн эх үүсвэр болох бодит юмс, судлагдахууны, хоёрдугаарт, тэдгээр юмс, судлагдахууны тухай мэдлэг байна. Бодит юмс, судлагдахуунаас мэдээлэл нь хоёр арга замаар мэдлэг болж хувирна. Нэгдүгээрт, судлагдахуунаас хувийн ухамсарт шилжин орно, (үүнийг судалгаа шинжилгээ гэж нэрлэе). Хоёр дахь хувийн ухамсраас хүмүүсийн хоорондын харилцааны ухамсарт (энэ бол сургалт эсвэл илтгэж өгүүлэх явдал болно) шилжинэ. Нэг дэх тохиолдолд мэдээлэл нь уг мэдээллийн эх үүсвэр болох бодит юмс, судлагдахуунаас судлагчийн ухамсар тархинд шууд шилжиж орно. Мэдээлэл, мэдлэгийг нээж бүрдүүлэгчийн тархинаас тухайн мэдээлэл мэдлэг нь сургалт-боловсролоор дамжиж сургагч, сонсогчдын уураг тархинд шилжинэ. Орчин үед хүн чухамдаа энэхүү хоёр дахь арга замаар мэргэжилтэн болж чадахгүй болох нь тогтоогджээ. Мэдлэг эзэмшиж мэргэжилтэн болоход хүмүүс мэдлэгийг хоорондоо шууд мэдээлэлцэж харилцаж ярилцах, санал солилцох явдал чухал ажээ. Цэвэр байдлаар бүрэлдэж бий болсон мэдээллийг уураг тархинаас уураг тархинд шууд дамжуулж эзэмшүүлэх явдал урт удаан хугацаагаар, төвөг бэрхшээлтэйгээр, үе удмаас үе удамд удамшин дамжиж байж, аль нэг тусгай хувь хүний бүхэл бүтэн амьдралын туршид үргэлжлэн хэрэгждэг үйл явц ажээ. Үүнд нэн ялангуяа хүүхэд бага насны үе нэн чухал юм. Байгаль гэдэг хайр найргүй. “Гансик” хүүгийн сурч эзэмшээгүй юмыг тэрээр Ганс хэмээх том эр болсон хойно сурдаггүй. Асуудлын гол нь цаг хугацаа, эрт оройдоо байгаа юм биш. Хамгийн гол чухал зүйл бол хүнд хүүхэд ахуйд нь цэвэр мэдээллийг эзэмших чадвар, дадал төлөвшиж тэр үндсэн дээр үйл ажиллагаа явуулдагт байгаа юм. Насанд хүрсэн том хүний удаан хугацаагаар хичээнгүйлэн хөдөлмөрлөж мэдээлэл, мэдлэг эзэмших дадал чадварыг эзэмшээгүй бол цаг хугацаа нэгэнт өнгөрсөн хойно хожим нь өөрийгөө хэчнээн их зүтгүүлээд ч, төрөлхийн асар их чадвартай байгаад ч олигтой мэдлэг эзэмшиж чадахгүй, түүгээр ч үл барам тэгж хичээж зүтгэснээс болж өвдөж бүр үхэж болно. Соёлын хувьсгалыг зөвхөн нэг үеийнхний амьдралын хугацаанд хийж хэрэгжүүлэх гэсэн большевикуудын оролдлого чухамдаа энэхүү бэрхшээл саадтай тулгарсан юм. Тэдний зарим тухайлбал, А.В.Луначарский энэ зовлон, бэрхшээлийг мэдэж байсан бололтой. “Хүн өөрийгөө соёлтой хүн хэмээн үзэж тооцохын тулд хэдэн дээд сургууль төгсвөл болох вэ?” гэсэн асуултад тэрээр хариулахдаа англичуудын зүйр цэцэн үгийг утга шилжүүлэн ашиглаж “Нэг дээд сургуулийг гурван удаа төгсөх, тэгэхдээ түүнийг таны өвөө, эцэг, та өөрөө дүүргэж төгссөн байх ёстой.” гэж хариулжээ. Өсгөж төлөвшүүлэхэд хэд хэдэн үеийнхний амьдрал, хүчин зүтгэл шаардагдаж зориулагдсан мэргэжилтэй, мэдлэг боловсролтой сэхээтний шилмэл давхрааг большевикууд устгачхаад чухам юу хийснээ мэдэж ухаарсан болов уу, үгүй болов уу?
Бид ийнхүү мэргэжилтэн биш, мэргэжлийн бусчуудын хоёр янзын эмпирик шинж, шалгуур байдгийг тогтоолоо. Тэдгээр нь нэгдүгээрт, “уураг тархинаас уураг тархинд шилжүүлэх аргаар” олж авах ёстой мэргэжлийн мэдлэгийг эзэмшээгүй явдал. Хоёр дахь нь тэдгээр мэдлэгийг олж эзэмшихэд зайлшгүй шаардлагатай удаан хугацааны туршид бүрэлдэн төлөвшдөг дадал чадварыг эзэмшээгүй явдал юм. “Тэнэг хүн өөрийнхөө алдаанаас сургамж авна, ухаантай хүн бусдын алдаанаас сургамж авна”, гэсэн зүйр үг мэргэжилтэн ба мэргэжлийн бус хүний алинд ч холбогдолтой. Мэргэжлийн бус хүн өөрийнхөө туршлагад тулгуурлаж сурахыг илүүд үзнэ. Энэ бол тэрээр мэдлэг эзэмших цорын ганц арга, эх үүсвэр байдаг. Учир нь тэрээр мэдээллийг “уураг тархинаас уураг тархинд” дамжуулах арга ухааныг сурч эзэмшээгүй байдаг.
Одоо мэргэжлийн бус хүний эдгээр шинж, дутагдал нь маргаан мэтгэлцээний явцад яаж илэрдгийг авч үзъе.
Мэрэгжилтэн хүн, мэргэжлийн бус хүнтэй харилцан ярилцаж санал солилцохдоо авч үзэн буй тухайн асуудлын талаар мэргэжлийн бус этгээд зохих ёсны мэдлэггүй байдгийг юуны өмнө олж харна. Мэргэжлийн хүн ийм тохиолдолд юуны өмнө хүн ёсоор хандаж мэргэжлийн бус этгээдэд зохих мэдээллийг хэлж өгч мэдээлэхийг оролдоно. 1948 онд болсон ВАСХНИЛ-ийн чуулган дээр мэргэжлийн генетикчид, “Мичурины генетикчидтэй” санал солилцохдоо чухам яг тэгж ханджээ. Гэтэл тэд мэргэжлийн бусчууд нь санал, үг яриа сонсох дургүй байсан “хачин сонин” явдалтай эхлээд тулгарчээ. Маргаж, мэтгэлцэх урлаг, техникт сургахдаа чухам энэ дутагдалтай тэмцэх, ярилцаж буй хүнийг анхааралтай сонсох шаардлагатай байдаг. Сонсох дургүй, сонсож сураагүй тийм дадал зуршилгүй явдал бол мэргэжлийн бус этгээдийн тохиолдлын, санамсаргүй, зүгээр нэг жижиг дутагдал биш. Энэ дутагдлыг ширээний тоос тортгийг арчиж арилгадагтай адил амархан арилгаж болдоггүй, энэ бол мэргэжлийн бус этгээдийн ноцтой үндсэн шинж тэмдэг байдаг. Бусдыг сонсох дургүй, сонсох чадваргүй байдаг нь зүйрлэж хэлбэл далайн мөсөн уулны зөвхөн ил цухуйсан хэсэг бөгөөд харин түүний жинхэнэ их бие нь усан дотор байдагчлан энэ дутагдлын жинхэнэ үндэс суурь бол мэргэжлийн мэдлэггүй, түүнийг эзэмших дадал чадваргүй байдаг явдал мөн.
Мэргэжлийн бус этгээдийн маргаан мэтгэлцээний явцад илэрч гардаг өөр нэг хоёр дахь “хачин сонин” шинж бол тэрээр “зогсоо зайгүй” тасралтгүй ярих дуртай явдал мөн. Түүний ийм тасралтгүй яриаг шууд таслахаас өөр арга байхгүй. Гэтэл мэргэжлийн бус этгээд энэ сануулгыг маргаан мэтгэлцээнд оролцох хамгийн гол хэрэгсэл болох, саналаа ярих бололцоог алдагдуулж байна хэмээн сөргөөр хүлээж авна. Бусдад зааж зааварлах, сургах хүсэл тэмүүлэлтэй, харин өөрөө сурахыг хүсэхгүй байх явдал бол мунхаг харанхуй бүдүүлэг хүний шинж тэмдгийн хачирхалтай илрэл хэлбэр мөн бөгөөд тэр нь ялангуяа эрх мэдэл, албан тушаалтай мэргэжлийн бус этгээдэд илэрхий байдаг.
Маргаанд оролцогч шүүмжлэгчийг үг хэлэх боломжгүй болгоно гэдэг бол уг маргаан, ярилцлагыг зогсооно гэсэн үг. Мэргэжлийн бусуудын диктатурын үед тэд мэргэжилтэнтэй тэмцэхдээ чухамдаа энэхүү аргыг тэмцлийн үндсэн арга болгож байлаа. Гэхдээ энэ үед тэмцлийн өөр аргыг ч хэрэглэдэг байв. Тухайлбал, мэргэжлийн хүний ялгагдах давуу чанар болох мэргэжлийн мэдлэг, мэргэжлийн дадлага туршлагыг маргааны явцад хэрэглэхийг мэргэжлийн бус этгээдээс хориглодог байлаа. Мэргэжлийн хүнийг шахаж, “ойлгомжтой” орос хэлээр ярь, элдэв “изм”, “эрдэмтдийн нэр усыг иш таталгүй ярь” гэх зэргээр хавчиж мэргэжлийн бус, өөрийн доогуур соёлын түвшинд татан доошлуулахыг оролддог байна. Ийм тохиолдолд мэргэжлийн хүн яах ёстой вэ?
Мэргэжлийн хүний зүгээс тийм шахалт оролдлогод үзүүлэх хамгийн зүй ёсны хариу үйлдэл бол мэргэжлийн яриа, маргаанаас тухайн мунхаг бүдүүлэг этгээдийг бүр мөсөн шахаж гаргахыг оролдох явдал мөн. Гэхдээ энэ бол арга зүйн бүдүүлэг алдаа биш гэдгийг харуулахын тулд өөр нэг зүйлийг тодруулах, тухайлбал шинжлэх ухаан нь мэргэжлийн бусчууд нэвтрэн ордог ба орж үл чаддаг хоёр хэв маягт хуваагддагийг ялган салгах ёстой. Мэргэжлийн бусчууд нэвтэрч орж чаддаг шинжлэх ухаанууд бол аливаа шинжлэх ухаан үүсэхээс хэдэн мянган жилийн өмнө хүн төрөлхтөн өөрийнхөө өдөр тутмын практик үйл ажиллагаагаар эзэмшиж чадсан бодит байдлын тийм салбарыг судалдаг. Энэ бол анагаах ухаан, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, гар урлал, цэрэг дайны урлаг, ёс зүй, гоо зүй, эдийн засаг гэх зэрэг шинжлэх ухаанууд юм. Бодит байдлын эдгээр хүрээ салбарыг судалдаг тэдгээр шинжлэх ухаанууд өмнөх үеийн туршлагын ердийн мэдлэг, нэр томъёо, эмпирик шинжтэй дүгнэлтүүд, тэдгээрт тулгуурласан практик зөвлөмжүүдийг зүй ёсоор уламжлан авчээ. Дурдсан шинжлэх ухаанууд туршлагын, онолын өмнөх үеийн мэдлэг дээр сүндэрлүүлж нэг ёсондоо хоёрдугаар давхар бүхий жинхэнэ өөрийнхөө шинжлэх ухааны өвөрмөц нэр томьёо, шинэ мэдлэг, шинэ заалт зааврыг аажмаар бүрэлдүүлэн бий болгож суурилуулжээ.
Мэргэжлийн бус этгээд судлагдахууны тухай онолын өмнөх үеийн, туршлагын мэдлэгтэй байдаг ба энэ мэдлэгт тулгуурлаж уг мэдлэгийн эх үүсвэр болох тухайн бодис юмс зүйлсийг амжилттай үйлдэж чадна. Тухайлбал тариа ногоо ургуулах, цаг агаарыг урьдчилан тааж мэдэх, эмчилж анагаах, худалдаа наймаа хийх чадвартай байдаг. Мэргэжлийн бусчууд энэ явцад үүсэн гардаг аливаа асуудлыг хоорондоо шүүж хэлэлцэх, ярилцах чадвартай байдаг. Тэд тухайн асуудлаар мэргэжлийн хүмүүстэй ярилцаж хэлэлцэхэд болно үүнд ямар ч саад бэрхшээл байхгүй гэж үзэж, энэ талаарх мэргэжилтнүүдийн шинжлэх ухааны мэдлэгийг үл тоож, тийм мэдлэг бол “схоластик”-хий хоосон номчирхсон, хоосон зүйлээр цэцэрхсэн хэрэг хэмээн үздэг. Лев Толстой физикч юм уу эсвэл химичдийн ярианы үед үг ч дуугарахгүй байсан хүн уран зохиолын нарийн төвөгтэй асуудлаархи яриа маргаанд шууд оролцдогт ихэд гайхаж байжээ.
Хоёр дахь төрөл, хэв маягт багтах шинжлэх ухаанууд бол хүн төрөлхтөн урьд өмнө нь хөл тавьж үзээгүй бодит байдлын тийм шинэ салбарыг судлан эзэмшдэг. Тухайлбал атом, эгэл бөөмсийн онол, генетик, кибернетик гэх зэрэг. Эдгээр шинжлэх ухааны дотор явагддаг маргаан ярилцлагад оролцохын тулд оюун сэтгэлгээ ба мэргэжлийн өндөр том саад босгыг даван туулах шаардлагатай болно. Генетикийн гетерозит чанартай аллелүүд юм уу математикийн резольвентийн асуудлаар хөндлөнгийн хүн юу ч ярьж, юу ч төсөөлж үл чадна. Эдгээр хоёр дахь төрлийн шинжлэх ухаанууд тийнхүү мэргэжлийн бусчуудад хүртээлгүй, хатуу хаалттай байдаг учраас тэдгээр нь мэргэжлийн бусчуудын диктатур, ноёрхлын үед ч гэсэн дэлхийн түвшинд байж чадсан юм.
Хэрэв мэргэжлийн мэдлэг дандаа хоёр дахь төрлийн шинжлэх ухааных шиг байдагсан бол мэргэжлийн бусчуудын диктатур ноёрхол тогтох боломжгүй байхсан.
Ийнхүү бид 1) Бодит судлагдахууны ба арга зүйн мэргэжлийн бус чанар, 2) Туйлын ба харьцангуй мэргэжлийн бус чанар, 3) Мэргэжлийн бусчууд нэвтрэн орж чадах ба үл чадах шинжлэх ухаан байдаг тухай зарчмын гурван зааг ялгааг тодрууллаа. Эндээс үзэхэд мэргэжлийн ба мэргэжлийн бусчуудын хоорондох маргаан, ярилцлага зөвхөн эхний төрлийн шинжлэх ухааны хүрээнд л явагдах боломжтой. Үүнд тулгуурлаж нэг дэх төрлийн шинжлэх ухааны хүрээн дотор мэргэжлийн ба мэргэжлийн бусчуудын хоорондох маргаан, ярилцлага зөвхөн эхний төрлийн шинжлэх ухааны хүрээнд л явагдах боломжтой. Үүнд тулгуурлаж нэг дэх төрлийн шинжлэх ухааны хүрээн дотор мэргэжлийн ба мэргэжлийн бусчуудын хоорондын яриа маргааныг арга зүйн үүднээс шинжлэн судлах боломжтой болно.
Ямар ч харилцан ярилцлага, маргаан нь хоёр шаттай байдаг бөгөөд тэдгээр нь нэгдүгээрт, асуудлыг шийдвэрлэх арга замыг эрж хайсан эрэл хайгуулын, хоёрдугаарт, шийдвэрлэх шат буюу асуудлыг шийдвэрлэсэн шийдвэр нь эсвэл хүлээн зөвшөөрөгдөх, эсвэл няцаагдах үе шат мөн болно. Нэг дэх төрлийн шинжлэх ухааны маргааныг энэхүү хоёр үе шатны алинд нь ч мэргэжлийн бус этгээд оролцохыг хичээн эрмэлзэнэ. Мэргэжлийн бус этгээд маргааны эхний шатанд хэрхэн оролцдогийг авч үзье. Яриа маргааны эхний эрэл хайгуул, шинжилгээний шатанд мэргэжлийн бусчуудын оролцох оролцооны хамгийн гэмгүй, энгийн хэлбэр нь “хөдөлмөрчдийн захидал” гэсэн нэртэй болж тогтсон байна.
Философи бол мэргэжлийн бусчууд халдан нэвтрэн орж байдаг гайтай, азгүй шинжлэх ухаан мөн бөгөөд энэ ухаан хэцүү бэрхшээлтэй байдалтай байгаагийн сургийг сонссон үнэнч шударга дилетант, сониуч шохоорхогч мэргэжлийн бус этгээд “хөөрхий муу философичдод тус хүргэх” гэж хэдхэн хуудас зүйлээс эхлээд хэд хэдэн боть зохиолыг туурвин бичиж тэдгээртээ мэргэжлийн философичдын хэдэн арван жилийн туршид хөдөлмөрлөж махаа идэж судалсан асуудлыг “бүрэн гүйцэд, эцэслэн төгсгөж” шийдвэрлэчихсэн байдаг.
Хэний ч өмнө юу ч хамгаалаагүй, тухайн шинжлэх ухааны талаар юу ч мэдэхгүй байж тэр “шинжлэх ухаанд” зориулж өөрийнхөө үгээ хэлэхийг хичээсэн шохоорхогч бол нийгмийн ихээхэн тогтворгүй үзэгдэл байдаг. Тэр мэргэжилтнүүдийн анхаарлыг татъя гэвэл тэдний мэддэг зүйлийг мэдэх ёстой гэдгийг ойлгосон байдаг. Тийм мэргэжлийн бус этгээдийн гарт хүч, албан тушаал орж ирвэл нөхцөл байдал өөр болж хувиргадгийг 1948 онд ВАСХНИЛ- ийн чуулган ба А.А.Ждановын удирдсан философийн маргаан харуулсан юм.
Одоо маргааны хоёр дахь шийдвэр гаргах шатан дахь мэргэжлийн ба мэргэжлийн бус этгээдийн харилцан ярилцлага, маргааныг авч үзье. Энэ асуудлыг авч үзэхдээ уран илтгэх урлагт Сократын давхар тойрог гэж нэрлэгддэг загварыг ашиглая. Энэ бол маргаанд оролцогчид давхар цагариг тойргоос бүрдэнэ гэсэн үг. Доторх нэг дэхь тойргийг тухайн маргаантай асуудлаар ажилладаг мэргэжилтнүүд бүрдүүлэх ба хоёр дахь гаднах тойргийг мэргэжлийн бусчууд бүрдүүлнэ. Энэ загвар маргаан диалектик онолын үндсэн зарчмуудын нэгийг томъёолон гаргахад тус дөхөм болно. Тухайлбал, маргаантай асуудлыг шийдвэрлэх нь мэргэжлийн бусчуудын хувь заяаг хөндсөн байдаг бөгөөд тэр шийдвэрийг мэргэжилтнүүд гаргана гэхдээ түүнийг хүлээж авах эсэх нь шийдвэрийг хэрэглэгчид буюу мэргэжлийн бусчуудын монополь мэдэлд байна. Энэ бол маргааны диалектик онолын зарчим төдийгүй мөн аль ч ардчилсан нийгмийн өөрийгөө зохицуулан жолоодох зарчим мөн болно. Хэрэв тоталитар нийгэмд гаргасан шийдвэрийг тулган хүлээлгэх хэрэгсэл нь хүчирхийлнэ шүү хэмээн сүрдүүлэх явдал байдаг бол ардчилсан нийгэмд тэр нь мэргэжилтнүүд ба мэргэжлийн бусчуудын харилцан яриа, ойлголцол байдаг.
Мэргэжилтнүүдтэй хийх маргаан, ярилцлагад мэргэжлийн бус бүх этгээд оролцож үл чадна. Түүнд зөвхөн энэ маргаанаас гарах шийдвэр хувь заяанд нь нөлөөлөх мэргэжлийн бус этгээд оролцоно. Тийм мэргэжлийн бус этгээд өөрийнхөө бодит нөхцөл байдлын эрхээр тухайн асуудал зөв зүйтэй шийдвэрлэгдэхийг хүсэж хүлээсэн байдаг. Энэ бол уг шинжээрээ байгалиас заяагдсан диалектикч (Аристотелийн үеийн утга агуулгаар) этгээд байдаг. Гэвч тэрээр зөвхөн хагас дутуу диалектикч байдаг. Учир тэр асуудлыг зөв шийдвэрлэхийг хүсдэг хэдий боловч түүнийг өөрөө шийдвэрлэж үл чадна. Тийм хүнийг мэргэжлийн бус диалектикч, хэрэглэгч хэмээн нэрлэе.
Мэргэжлийн маргаан ярилцлагын хоёр дахь шатанд мэргэжлийн бус этгээд зүй зохистойгоор, эергээр оролцох боломж бий юу гэдгийг тодруулах зорилгоор Платоны алдарт “Агуйн бэлгэдэл”-ийг ашиглаж болох юм. Мэргэжилтэн нь онолын, Платоны нэрлэж заасан мөн чанаруудыг шууд ашиглан харж мэдэх бөгөөд тэдгээр мөн чанаруудын төлөв байдлыг цэвэр онол дүрслэн илэрхийлсэн байдгийн зэрэгцээ тэдгээр мөн чанарууд мөнгөний ханш, хяналт, дефляци, ажиллах хүчний илүүдэл, эсвэл дутагдал гэх зэрэг өдөр тутмын ердийн үйл явдлын хэлбэрээр “агуйн гадна” буюу мэргэжлийн бус этгээдийн өдөр тутмын амьдрал, туршлагад тусч илэрнэ. Мэргэжлийн этгээд өөрийнхөө программ, хөтөлбөрөө амьдралд нэвтрүүлж хэрэгжүүлэх, хэрэглэгч бүхий мэргэжлийн бусчуудын итгэл загварыг урьдчилан зээлдэж авахын тулд тэдэнтэй мөн чанарын хэлээр биш, харин мөн чанарын илрэл, тусгал болох “сүүдрийн хэлээр” ярилцах шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл мэргэжилтэн хүн элдэв ”изм”-гүйгээр, эрдэмтэн мэргэдийн нэр усыг иш татахгүйгээр энгийн, жирийн ойлгомжтой үг өгүүлбэрээр ярилцах ёстой.
Нэг дэх хэв маягт багтах (мэргэжлийн бусчууд нэвтрэн орох боломжтой) шинжлэх ухааныг төлөөлсөн мэргэжилтэн нь өөрийнхөө шийдвэр үнэн зөв гэдгийг мэргэжлийн бус этгээдэд “сүүдрийн хэлээр” буюу мөн чанарын илрэлийн хэлээр итгүүлэн үнэмшүүлж чадна. Учир нь мөн чанар ба түүний илрэх хэлбэрийн хооронд зарчмын ялгаа зааг байхгүй, түүнчлэн мэргэжлийн бус этгээд гарах шийдвэрээс зөвхөн өөрийнхөө өдөр тутмын амьдралд шууд холбоотой байдаг, түүнд ойлгомжтой байдаг тэр үр дагаврыг л сонирхсон байдаг.
Мэргэжлийн бус этгээд бол эсрэг тэсрэгийн нэгдэл, хоорондоо хэлхэгдэж холбогдошгүй зүйлсийн хэлхээ холбоо байдаг. Тухайлбал мэргэжлийн бус этгээд бол шинжлэх ухааны маргаан, ярилцлагын нэг талаас хамгийн их мунхаг, бүдүүлэг, юм мэддэггүй оролцогч, нөгөө талаас энэ ярилцлагын хамгийн мэдэц мэдлэгтэй, нэр хүндтэй оролцогч байдаг. Энэ бол эмийн нэрийг ч дурдаж мэддэггүй өвчтөн хүн уг эмд хамаг амь амьдралаа найдаж даатгасан байдаг ч юм уу, эсвэл хамаг амьдралаа хамтралжуулалтад зориулсан хэр нь түүний алдаа завхралаар хамаг амь амьдралаа сүйтгүүлсэн хамтралчин эмэгтэйтэй агаар нэгэн байна. Гуравдугаарт, диалектикч, хэрэглэгч бол маргаан, ярилцлагын хамгийн эрхгүй, тэгсэн хэрнээ хамгийн их хүчирхэг, эрх дархтай оролцогч байдаг. Ямар нэг тусгай мэргэжилгүй этгээдийн дуу хоолой, санал нь маргааны үйл явц, үргэлжлэлд хэрэг дээрээ нөлөөлж чадахгүй. Тэгсэн хэр нь мэргэжлийн бусчууд хамтаараа нийлж ардчилсан нийгэмд үндсэн хууль, ерөнхийлөгч, парламентын хувь заяаг шийдвэрлэж чаддаг.
“Соктарын тойрог”-ийн гаднах бүслүүрийн төлөөлөгчидтэй мэргэжилтнүүд яриа маргаан өрнүүлэх нь өөр нэг бэрхшээлийг үүсгэдэг. Энэ бол ихээхэн өргөн том бүслүүр бүхий тойрог юм. Энэ тойрог мэргэжилтнүүдийнх нь өөрсдийнх нь хүрээн дотор бүрэлдэн бий болоод харин эцэс төгсгөл болохдоо нийгмийн хамгийн их мулгуу бүдүүлэг буюу шаар шавхруу болсон, ичгүүр сонжуургүй, ёс суртахуунгүй, хэрүүл маргаанчийн даллага, дуудлагад амархан татагдаж ордог хэсгийнхний дотор эцэс төгсгөл болдог. Хэрэв диалектикч хэрэглэгчдийн зах хязгаарын бөглүү харанхуй давхрааг ичгүүргүй, ёс суртахуунгүй маргаанчид өөрийнхөө талд татан элсүүлж чадвал тухайн улс орон түүхэн хөгжлийн түвшингөөрөө чухамдаа тэдгээр бүдүүлэг харанхуй давхраа хэсгийнхний оюун сэтгэлгээ, боловсрол соёл, ёс суртахууны доогуур дорой түвшинд гэдрэг татагдаж орно. 1917 онд Орос орон, 1933 онд Герман орон тийм байдалд орсон юм.
Мэргэжлийн бусчуудын диктатурын үед ардчиллыг тасалдуулахгүй байлгах зорилгоор бүхэл бүтэн арга хэрэгслийн тогтолцоог бүрэлдүүлэн бий болгосны нэг нь маргаанд оролцогчдын дотоод ба гадаад тойрог бүслүүрийн дунд нь өөр нэг гурав дахь жийргэвч тойргийг бий болгосон явдал юм. Энэхүү гурав дахь тойргийн оролцогчид угаасаа асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэхийн төлөө байдаг бөгөөд мэргэжилтнүүдийн үйл ажиллагааны эцсийн үр дүнг бодитойгоор үнэлэн цэгнэхэд бүрэн хүрэлцэхүйц оюуны чадавхи, боловсролтой хүмүүс байдаг.
Асуудлын талаар гаргасан шийдвэр нь шүүмжлэлээс дээгүүр түвшинд байж болно. Тэгвэл уг шийдвэрийг хэлэлцэхгүйгээр хүлээж авна. Харин уг шийдвэр шүүмжлэлийн түвшингээс доогуур байвал шүүмжлэгдэж, гэхдээ ажил хэрэгчээр хэлэлцэгдэхгүйгээр няцаагдана. Мэргэжлийн бус шүүмжлэл бол ихээхэн сонирхолтой хэр нь тун бага судлагдсан үзэгдэл мөн. Мэргэжлийн бусчууд мэргэжлийн маргаанд оролцохдоо юуны өмнө шүүмжлэгч байдаг.
Мэргэжлийн бус этгээдийг ойлгох, түүний ажиллагааг урьдчилан таамаглаж харахын тулд хэлэлцэн гаргаж буй асуудлаарх үзэл баримтлалын дотоод, жинхэнэ утга агуулга түүнд ойлгомжгүй, хүртээлгүй байдаг, тэр нь түүнд “битүү хар хайрцаг” мэт, чухамдаа онгойлговол дотор нь агуулагдсан “ид шидтэй” зүйлийг аргалж чадахгүй мэт санагдаж төсөөлөгдөхийг тооцож анхаарах ёстой. Тийм учраас ч мэргэжлийн бус этгээд мэргэжлийн үзэл баримтлал, онолын “хар хайрцгийг” онгойлгохгүйгээр, битүүгээр нь “шүүн цэгнэх үнэлж дүгнэхийг” хичээдэг. Энд мэргэжлийн бус этгээдэд ойлгомжтой, хүртээмжтэй байдаг үзэл баримтлалын онолын утга агуулгаас урган гардаг эмпирик үр дагаврыг онолын гаднах хүчин зүйлстэй харьцуулан авч үзэх хэрэгтэй болно. Тийм хүчин зүйлс нь дөрвөн янз байх ба тэдгээр нь 1. Няцаагдашгүй эмпирик баримт, сэлт. 2. Нийтээр хүлээн зөвшөөрсөн мэдлэг. 3. Практикийн хэрэгцээ. 4. Уг үзэл баримтлалыг баримтлагч зохиогчийн ашиг сонирхол. Тийм гадаад феноменологи шүүмжлэл бол мэргэжлийн шүүмжлэлийн чухал элемент хэсэг байдаг. Тийм шүүмжлэл дотоод утга агуулгыг шүүмжлэх шүүмжлэлтэй хамт, түүнтэй нэгдэлтэй байхгүйгээр зөвхөн дангаараа, дотоод агуулгын шүүмжлэлийг орхигдуулж, түүнийг орлож сольсон тохиолдолд алдаа буруутай болж хувирдаг.
Шүүмжлэгч-мэргэжлийн бус хүнтэй маргаж ярилцах явцад түүний зүгээс гарч ирж тулгардаг хоёр дахь зүйл бол түүний шүүмжлэлийн эхлэл нь өвөрмөц сонин байдаг явдал мөн. Аливаа эхлэл бол ажил хэргийн тал хувь нь байдаг. Гэтэл мэргэжлийн бус хүн тийм эхлэлийг шууд төгсгөл болгох, маргаан яриаг ганцхан цохилтоор төгсгөж өөрийнхөө зөвийг харуулах гэж оролддог. Мэргэжлийн бус шүүмжлэгч этгээд энэ оролдлогоо хэрэгжүүлж ч чадна. Энэ нь яагаад тийнхүү бололцоотой болдог вэ гэхээр тэрээр шүүмжлэлээ дээр дурдсан феноменологи шүүмжлэлийн дөрөв дэх хэсэг, чиглэлээс шууд эхэлдэг учраас, өөрөөр хэлбэл маргагч этгээдийн үзэл бодлыг түүний хувиа бодсон ашиг сонирхлын илрэл, түүний өмхий санаа зорилго, тэрээр хэн нэг этгээдийн “хөлсний зарц үйлчлэгч” байдгийн илрэл мэтээр тайлбарлаж гутаах, гүтгэхээс эхэлдэг. Хэрэв шүүмжлэгч этгээд шүүмжлэлээ чухам үүнээс эхэлбэл тэрээр эсвэл мэргэжлийн бус этгээд мөн гэдэгт, эсвэл хий хоосон маргаж мэтгэлцэгч этгээд мөн гэдэгт итгэлтэй байж болно. Гэхдээ диалектикч, мэргэжлийн хүн ч гэсэн шүүмжлэгчийн үзэл баримтлалыг тийнхүү тайлбарладаг тал бий. Гэвч тэрээр шүүмжлэл, санал бодлоо хэзээ ч шууд үүнээс эхэлж тавьдаггүй. Диалектикийн зарим нь маргалдагч талын хүнийг, шүүмжлэгчийг эцсийн боломж хүртэл үнэнч шударга, дэг журамтай хүн хэмээн хүндэтгэж, хардаж сэрдэхгүй байхыг шаарддаг. Мэргэжлийн хүн шүүмжлэгч, маргагч этгээдийн үзэл бодол, шүүмжлэлийг чухам энэ зарчмын дагуу ойлгох гэж тэвчин оролдох явдал амжилтгүй төгссөний дараа л түүнтэй маргаж ярилцахаас татгалзах ёстой.