Б.ДАШ-ЁНДОН: ФИЛОСОФИ БОЛ ЕРТӨНЦИЙГ ХАРАХ ЗӨВ ЦОНХ МӨН

-Монголд философийн салбарын нэр хүндийг өндөрт өргөж яваа хүмүүстэй хийх цуврал ярилцлагын энэ удаагийн зочноор таныг урьж ярилцаж байгаадаа баяртай байна. Юуны өмнө танд Дэлхийн философийн өдрийн мэнд хүргэе.

Б.Даш-Ёндон: Баярлалаа. Чамд бас баярын мэнд хүргэе. Философийн салбарт ажиллаж буй, философи сонирхдог бүх хүнд мөн мэнд дэвшүүлье.

-Сая би тантай ярилцлага хийхээр гарахаа хэлэхэд таны танил нэг хүн “Хойд нутгийн гойд хүнтэй ярилцах нь уу” гэж байна. Би тантай ярилцлага хийнэ гэхдээ нэлээд эмээж байна л даа.
Б.Даш-Ёндон: /Инээв/ Гойд гэнэ шүү. Хэн тэгж байна? Сүртэй хүмүүс шүү. Юундаа эмээх вэ дээ.
-Юуны өмнө таны хийж буй судалгааны ажил, бүтээж буй ном судрын тухай асуултаар эхэлье гэж бодож байна.
Б.Даш-Ёндон: Би энэ онд “Монголын хөгжлийн философи” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Үүнд энэ оны эхний хагасын бүх цаг, ажил зориулагдсан. Ер нь миний зорилго бол философиор оролдож явдгийн хувьд Монголд яг одоо цагтай нийцсэн, өөрийн гэсэн философи шинжилгээний урсгалтай болох ёстой гэж үздэг. Энэ нь юугаар илрэх вэ? гэвэл Монголын хөгжлийн философи гэдэг асуудлыг бид нар 2012 оноос эхэлж оролдоцгоогоод яваад байна. Үндсэндээ энэ сэдэв маань л үргэлжилж байна. Энэ сэдвийг тоймтой, барьцтай, хүртээмжтэй болгохын тулд эх сурвалжуудыг, эртний том сэтгэгчдийн бүтээлүүдийг маш сайн ашиглах ёстой хэмээн бодож, их зууралдаж байна л даа.

-Тухайлбал:
Тухайлбал, яг одоо “Гегелийн философийн түүхийн лекцүүдийн оршил” гэдэг номыг орчуулаад дуусаж байна. Түүнээс өмнөхөн би Удирдлагын академи дээр “Монголын хөгжихүйн философи” гэсэн сэдвээр лекц уншсан. Яг одоо миний хийж байгаа юм бол ирэх 7 хоногт Монголын хөгжлийн философийн үндсэн санааны сэдвээр лекц унших гээд тэрийг бэлдээд сууж байна.

-Хүн бүр л улс орныхоо хөгжлийн ирээдүйд санаа тавьж явдаг. Харин таны хувьд сүүлийн үеийн бүтээлүүдээс харахад Монголын хөгжлийн тухайд философийн үндэсний онол баримтлал боловсруулах зорилго тавиад ажиллаж байна. Энэ зорилгоо та хэрхэн биелж байна гэж бодож байна вэ?
Хүмүүст ойлгуулах тухай л яриа шүү дээ. Энэ ажилд бас жаахан ахиц гарч байгаа юм болов уу гэж бодогдож байгаа. Энэ нь Даш-Ёндон юм бичээд, Монголын хөгжлийн философийг хүмүүс анхаарч эхэллээ гэсэн утгаар ярьж буй юм биш. Ер нь бид нарын ярьж байгаа юмыг хүмүүс ойлгож эхэлсэн, төр засаг ч гэсэн анхаарч байна. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр угаасаа Монголд хөгжлийн онол, хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт зайлшгүй хэрэгтэй болчихоод байгааг энэ хэдэн жилийн дараа бүгдээрээ ойлгож эхэлж, тал талаасаа санаа оноогоо нийлүүлэх цаг боллоо гэж бодож эхэлсэнтэй холбоотой. Түүнээс биш нэг хүн нэг юм хэлээд л тэрнийг нь энд тэнд дагаж гүйнэ гэж энэ хорвоод байх ёсгүй. Ийм аятай л явж байна. Хүмүүс ойлгож эхэлж байгаагийн баримт нь бол тийм сэдвээр энд тэндгүй ярьдаг болсон байна. Бие биенийгээ урьж, хэлэлцүүлэг хийж, лекц уншуулж санаа оноогоо солилцдог болжээ.

МОНГОЛД ХӨГЖЛИЙН НЭГДСЭН БОДЛОГО ХЭРЭГТЭЙ.

-2017 хэвлүүлсэн таны “Монголын хөгжлийн философи” бүтээлийг хүмүүс сонирхож уншиж байгаа нь анзаарагдсан. Тэр номонд “Монгол дахь намууд ба монголын хөгжлийн философи” гэж хэсэг бий. Тэр хэсгийг улс төрийн хүрээнийхэн хэр харсан бол?
Б.Даш-Ёндон: Тэр хүмүүс хэр уншсаныг би бол мэдэхгүй байна. Ер нь бол намууд маань ч янз бүрийн бодлого гаргаад явж л байна. Тэрэнд бас нэг их буруу юм байхгүй. Гэхдээ гол асуудал нь төрийн нэгдсэн бодлого байхгүй байгаа учраас намууд өөр өөрийнхөө зөв гэж бодсон юмаа хийж, түүгээрээ олон нийтээс санал авах гээд байна шүү дээ. Миний бичиж байгаа юманд хэлэх гээд байгаа гол санаа бол нэгдсэн бодлого, нэгдсэн зорилго, нэгдсэн төлөвлөлт байх ёстой. Ийм учраас одоо бол, хуучнаар төлөвлөгөөний комисс гэж байлаа шүү дээ. Тэрэнтэй төстэй тийм төлөвлөлттэй, төлөвлөлтийг эхэлдэг байгууллагатай, тодорой хугацаан дахь  төлөвлөгөөгөө гаргаж, төлөвлөлтөөрөө дамжуулж л улсыг удирдах хэрэгтэй санагдаж байна. Парламентын ч бай, ерөнхийлөгчийн ч бай бүх нам, нэр дэвшигчид тэрийг харж амлалтаа авдаг байх юм. Тэгэхгүй бол тэнгэрээс нэг юм биччихдэг, тэгээд тэр нь биелдэг ч үгүй бөөн будлиан болдог, төсөв санхүүд хүндрэл учруулдаг ийм замаар явж болохгүй. Тиймээс бидэнд хөгжлийн нэгдсэн бодлого хэрэгтэй. Энэ бол намуудтай л холбоотой. Одоо бол улс төрийн намууд төлөвшөөгүй байна, бойжоогүй байна гэцгээгээд л байна. Хэргийн гол нь тэрэндээ биш, нам байгуулж байгаа хүмүүст буруу өгөөд байх юм байхгүй. Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө гээд л байж байна. Би юу хэлэх гэж байна вэ гэхээр улс төрийн намууд төлөвшиж өгөхгүй байна гэдэг бол хоосон яриа. Хэрвээ төлөвшиж өгөхгүй байна гэвэл бид нар өөрсдөө л буруутай. Нэгдсэн бодлого байхгүй учраас л төлөвшихгүй байна гэдэг яриа гарч байгаа хэрэг.

-Манай улсын хөгжилд саад болж байгаа гол зүйл бол хөгжлийн нэгдсэн бодлогогүй байна та хэлж байна. Философичийн нүдээр харахад бидний хөгжилд саад болж буй өөр зүйл нэрлэвэл?
Хүмүүс бид өөрсдөө шүү дээ. Нэгдсэн бодлого гаргаж улс орноо улс шиг хөгжүүлж чадахгүй байгаа нь бид нарын буруу. Байхгүй учраас дур дураараа авирлаж буй нь бас л бид нарын буруу. Тэгээд янз бүрийн ил далдын маргаан, тэмцэл нь нэгдсэн бодлогогүйн л маргаан тэмцэл учраас бид өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй. Эцсийн эцэст хүн л бүхнийг хийнэ. Бид өөрсдөө буруутай.

-Дэлхийн философийн өв сангаас монголчуудад нэлээдгүй олон бүтээл орчуулж хүргэсэн. Томоохон бүтээлүүдээс гэвэл “Эртний Грекийн философи сэтгэлгээний эх сурвалж” гээд философийн гурван боть зохиолыг нэрлэнэ. Философиор суралцаж байгаа, философийг сонирхдог хүмүүс эдгээр бүтээлтэй зайлшгүй танилцах ёстой л доо. ...
Б.Даш-Ёндон: Тэр чинь эртний Грекийн том сэтгэгчдийн зарим бүтээлээс нь орсон эд шүү дээ. Философийн боловсролтой болъё, философиор мэргэшье гэж байгаа бол философийн түүхийг судлах ёстой. Толгой доторх юм цэгцрэх нь түүхийг уншиж судалж, эргэцүүлэхээс шалтаална. Тийм учраас би эцсийн дүндээ “Гегелийн философийн түүхийн тухай лекц” гурван ботийн нэгдүгээр ботийг орчуулж дууслаа. Дараах хоёр ботийг нь хөөцөлдөж байна. Олдохгүй байна л даа.  

-2018 онд Б.Ю.Кагарлицкийн “Марксизмыг шинжлэхүй” гэдэг бүтээлийг орчуулжээ. Яагаад ингэж асууж байна вэ гэхээр марксизм гэдэг нэрийг сонсоод дургүйцэж байхад та яагаад сонгож орчуулав?
Б.Даш-Ёндон: Хүмүүс жийрхдэг /инээмсэглэв/. Энэ бол миний сэтгэл зүйтэй холбоотой асуудал биш. Энэ бол монголоо судлах, юмныхаа учрыг ойлгох гэсэнтэй холбоотой. Б.Ю.Кагарлицкийн бичсэн тэр ном бол их сайн ном байна лээ. Тэгэхдээ тэр хүн номоо “Үүнийг сурах бичиг гэж хэлэхгүй шүү. Сонирхож буй нөхөд судлаарай” гэсэн утгатай юм хэлсэн.  Би бас тэгж ойлгож л орчуулсан. Тэгэхдээ тэр их сайн ном. Одоо өрнийн орнуудад Марксын үндсэн үзэл санаа дахиад эргэж эхэлж байна. Бид нар бас хоцорч болохгүй. Өөрсдөө бас үзэж судалж явсны хувьд үзэцгээх хэрэгтэй. Манай залуучууд бол сонирхвол зүгээр. Мэдээжийн хэрэг 200 шахам жилийн өмнө Маркс, Энгельс нарын бүтээсэн энэ үзэл зарим нь үзэл сурталтай их холбогдсон, тэмцэлтэй холбогдсон, зарим талаараа мөрөөдөлтэй холбоотой юмнууд байгаа. Коммунизмд орно, бүх өмчийг хураана гэх мэт зүйлсийг бол ярих, хүлээж авах боломжгүй. Тэр цагтаа бол чухал байсан биз.
Хүний танин мэдэхүй чинь эхлээд нэг юм хэллээ, тэр хэлсэн дотроос нэг хэсэг нь бодит байдлыг яг тусгаад гаргаж чадаж байгаа. Нөгөө хэсэг нь түүн дээрээ тулгуурлан уран сэтгэмж, фантазыг зайлшгүй оруулдаг. Бидний лекц ч гэсэн ойлгуулж ухааруулахын тулд схемчлэх, давтах, фантазлах, жишээ баримт татах гэх мэт янз бүрээр л хичээдэг. Гэхдээ би Монголд марксизмыг дахин сэргээнэ гэсэн утгаар яриагүй шүү дээ. Марксизмын, ялангуяа Марксын, Энгельсийн гол гол үзэл санаануудыг судлах л хэрэгтэй. Гегелийг бас нэмчихье. Тэд нарын сэтгэж бодож амьдрал, ухаан гээд бүх юмаа зориулж хийсэн судлаач бол энэ дэлхийд тэд нараас хойш гараагүй.  Нөхцөл байдал нь өөрчлөгдсөн учраас одоогийн энэ бужигнаж байгаа ертөнцийг хэрвээ тэд байсан бол юу гэж үзэх юм бүү мэд. Одоо яг энэ юмыг тэдэн шиг, тэр юмаа тэд нар яаж судалсан бэ гэдэгтэй адилхан хэмжээгээр хийж чадах тийм ухаантан олдохгүй. Тийм учраа бид нар дотроос нь шим шүүсийг нь олж харах ёстой. Энд хамгийн гол нь сэтгэх, бодох, шинжлэх арга зүй, методологи нь байгаа юм. Тэр нь диалектик арга байна.

-Энэ өдрүүдэд дэлхийн философийн өдрийг тэмдэглэж байна. Философийн ангид орж ирээд оюутнуудад тулгардаг нэг асуулт нь “Философич хүн юу хийдэг вэ?” гэдэг асуулт байдаг. Та энэ асуултад хэрхэн хариулах вэ?
Б.Даш-Ёндон: Хариулахад хэцүү асуулт байна. Яагаад гэвэл тодорхой мэргэжлүүд тодорхой хариулттай. Тухайлбал, барилгын мэргэжил, хэлний мэргэжил гэм мэт их тодорхой шүү дээ.
Философи бол өргөн дэлгэр мэдлэгийн систем юм. Бид нар философийн анги төгслөө гэхэд хүнтэй холбоотой янз бүрийн салбарт ажиллах боломжтой. Очсон газар бүхэндээ судалгааны арга зүйн чиглэл, жишээлэхэд албан байгууллагын бичиг баримт боловсруулахдаа хүртэл тархиа зөв чиглүүлж ажиллуулна. Философийн анги бол их том утгаараа философичийг төгсгөж байгаа хэрэг биш, харин философийн боловсролтой, юманд философийн үүднээс хандаж чаддаг тийм л чадвартай хүмүүсийг бэлтгэж байгаа юм. Цааш яах нь тэр хүмүүсийн өөрийн чадал тэнхээний хэрэг.

ФИЛОСОФИЙН БОЛОВСРОЛГҮЙ АРД ТҮМЭН БОЛ ХИЧНЭЭН ГОЁЖ ЧИМЭГЛЭЛЭЭ Ч СҮСЭГ БИШРЭЛ ТӨРҮҮЛЖ ЧАДДАГГҮЙ СҮМТЭЙ АДИЛ

- Философийн хичээл их дээд сургуульд сонгон хичээл болсон. Мэргэжлийн биш ангийн оюутнуудын уг хичээлийг сонирхон сонгож, судалж байгаа хандлагаас харахад хүмүүс философийг сонирхож байна гэж дүгнэдэг. Нийт хүмүүст философийн ач холбогдлыг та хэлж өгнө үү.
Б.Даш-Ёндон: Сайн байна. Философи гэдэг бол ертөнцийг зөв харах цонх гэж хүлээж аваарай. Гегелийн хэлсэн нэг үг байдаг юм. “Философийн боловсролгүй ард түмэн бол хичнээн гоёж чимэглэлээ ч сүсэг бишрэл төрүүлж чаддаггүй сүмтэй адил” гэж хэлсэн байдаг. Философийн үүргийг хэлсэн байгаа биз? Философийн боловсролгүй ард түмэн гэж байгаа шүү. Тиймээс бид философийн боловсролоор хэр ард түмэн билээ, бодох л хэрэгтэй. Ямархуу сүм болчихоод байна вэ бид чинь. Философийн хичээлийг хуучин бүх оюутан үздэг байлаа. Хуучин үздэг байсан учраас одоо бүгд үзэх ёстой гээгүй. Гэхдээ орчин үеийн залуус философийн хичээлийг судлалгүй их дээд сургууль төгсөх нь учир дутагдалтай. Бодох, сэтгэх, ойлгох чадварыг философи олгодог юм шүү дээ.  
Монголын нийгмийн хөгжилд өнөөгийн философичдын үүрэг оролцоо ямар байна вэ? Та юу гэж дүгнэж байна вэ? Хүмүүс “Философичид хаана байна”, “Философичид хаачив”гэж эрж хайж байна.

Б.Даш-Ёндон: Философичид уг нь байж байгаа. Философийн анги гэж байгаа биздээ?

-Байгаа
Б.Даш-Ёндон: Тэр байж байгаа. Байж байх ёстой. Философи чинь онолын асуудал шүү дээ. Онолоо практиктай холбох тухай ярьдаг. Цэвэр практик руу явчихаар онол нь хаягдчихдаг. Тэрийг нь хаячихсан мөртлөө “Философичид хаана байна” гээд байж болохгүй. Өөрөөр хэлбэл, философичдынхоо ярьж хэлж байгаа онолын сэтгэлгээнээс гарч байгаа дүгнэлтүүдийг сонсдог хүмүүс нь ховордчихжээ. Сонсохыг ч заримдаа хүсдэггүй. “Би өөрийнхөөрөө л явна. Ингэж л хийнэ. Тэгээд л болоо. Өнөөдөр ингэнэ, маргааш тэгнэ” гээд л болчихож байна. Нөгөөдөр, нөгөөдрийн маргааш нь яахаа мэддэггүй болчихсон байна. Уг нь философио судалж, дүгнэлт хийж байж хариултаа олно. Төлөвлөлт байхгүй байнаа гээд байгаа чинь онол, хөгжлийн бодлого, нэгдсэн философи үгүйлэгдээд байнаа л гэсэн үг.

-Таны орчуулсан бүтээлүүд оюутнуудад судалгааны ажил хийх боломжийг олгосон байдаг. Та тэдгээр ажлуудтай танилцаж байв уу?

Б.Дашundefined-Ёндон: Үгүй. Сонирхолтой санагдаж байна. Гэхдээ миний бүтээлүүдээр судалгаа хийж буй хэрэг биш, Аристотелийн ч юм уу бүтээлээр судалгаа хийж буй хэрэг. Орчуулж дамжуулсан хүн нь л би. Философийн бүтээлүүдийг монгол хэлээр аваад судалгаа хийж буй нь сайн хэрэг.

Философийг судална гэдэг бол тэр өөрийнхөө л улс орны амьдралтай холбоотойгоор ертөнцийн том сэтгэгчдийн бий болгосон зүйлийг л судалж өөр дээрээ буулгах ёстой. Философийн гол утга учир нь сэтгэлгээг зөв арга зүйтэй, замбараатай болгоход л чиглэж байдаг. Замбараатай болж сурахад амархан биш. Нэлээд туршлага хэрэгтэй. Хуучин бол марксизм гээд нэгдсэн нэг сургаалаар явж байлаа шүү дээ. Одоо бол ертөнц дээр олон урсгал чиглэл байж байна. Бид сонирхож байна. Тэгэхдээ урсгал чиглэл болгоны гол санааг мухар сохроор дагаж болохгүй. Судалж харин болно.

Монгол дээр хэрхэн буулгах вэ гэдгээ л бодох ёстой. Яаж ч цэцэрхэж болно. Хэний ч юмыг уншиж болно. Монголд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгээ бодож явах ёстой.

 

 

 

 

Монгол дээр хэрхэн буулгах вэ, монголд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгээ бодож явах учиртай гэснээс ер нь монгол хүний сэтгэлгээний гол онцлог юу вэ?
Б.Даш-Ёндон: Энэ бол ерийн юм шиг мөртлөө тун хэцүү асуулт. Би хариулж чадахгүй. Яагаад гэвэл би орос хүн, герман хүн байж үзээгүй. Үндэстэн бүхэн өөр өөрийн гэсэн сэтгэлгээний онцлогтой. Манай монголчууд бол мал аж ахуй эрхэлдэг, суурин байдалд онцын их дасаагүй, хөдөөнөөс хот руу орж ирээд хотжих гэсээр байтал хэдэн жил алддаг гэх мэт. Хүний аж төрөх ёсноос хүний сэтгэлгээ гарна. Инжинаш, ноён хутагт Данзанравжаа нарын бүтээлд монгол хүний ааш авирын тухай сонин сонин юм хэлсэн байдаг. Тэр ааш авир чинь сэтгэлгээтэй нь л холбоотой биздээ, тийм ээ? Гэхдээ эцсийн дүндээ бас монголчуудаа сайн сайхан талаас нь ч хэлдэг. Цэвэр сайхан сэтгэлтэй, алсын уужим хараатай гэх мэтээр өгүүлсэн буй. Хятад хүн бол газарт хадаастай. Маш нарийн сэтгэлгээтэй. Яагаад гэвэл хогийн ургамлыг түүж, тариа ногоог үймүүлж байгаа юмыг доороос нь харж авч хаядаг. Орчлон дэлхий гэж юу юм гэдгийг их боддог. Манай монгол бол хөх тэнгэрийг л харна. Таван хошуу малаа маллаж явсаар өдий хүрсэн. Ган зуд болоод гашуун зүйл таарчихгүй бол тэгээд гайгүйхэн яваад л байдаг. Хол нутаглацгаадаг хэдий ч хоорондоо мэдээллээ маш хурдан солилцдог. Энд нэг сонин юм нь манай монголчууд мэдээлэл дамжуулахдаа аль ч үндэстнээс илүү юм шиг байгаа юм. Тэр дотор нь эрдэм мэдлэг ч явж байдаг, процессыг дамжуулж тайлбарлах юм ч л явж байдаг, сониуч, гярхай мундаг. Уугуул талаасаа бол муугүй үндэстэн. Сэтгэгч үндэстэн гэж байдаг бол манайхан тэнд орно.

- Өнөөдөр бид “Сэтгэгч үндэстэн” шинжээ жаахан алдаад байгаа юм шиг санагдаж байна. Тийм байж чадахгүй байгаа нь юутай холбоотой бол?  
Б.Даш-Ёндон: Бүх юмыг гадна тал руу чихээд байж болохгүй. Тэгэхдээ чиний энэ хэлээд байгаа нөхцөл байдал чинь гадаадтай их холбоотой. Янз бүрийн шашны урсгалууд орж ирж байна, философийн олон янзын үзэл санаа орж ирж байна. Заримыг нь манайхан итгэл үнэмшлээрээ хүлээж авч байна. Зарим нь миний дотроо боддогоор хөлс мөнгөтэй холбоотой ч юм шиг санагддаг. Өрнийн ертөнц гэдэг чинь том, боломжтой тийм ертөнц. Монголыг бол их жижгээр харж байгаа. Эд нарыг бол тэгэхэд л болчихно гэж хардаг. Бид нар тэрэнд нь автаж гүйдэг. Учраа олохгүй дуурайх гэдэг л их осолтой. Хүүхэд дандаа дуурайдаг биздээ. Тэд жаахан дуурайж байснаа больчихдог. Гэтэл бид нар дуурайж давхиад ерөөсөө болж өгөхгүй байна. Энд их анхаарах хэрэгтэй.  Олзуурхууштай  юм нь хэл маань байж байна, ёс заншил маань байж байна, соёл маань байж байна.

-Ийм нөхцөлд бид нар хэрхвэл зохилтой вэ? Бид чинь нэг үндэстэн учраас нийтлэг үнэт зүйлсээ төлөвшүүлэх шаардлагатай байх. Таны дэвшүүлж буй хөгжлийн философийн зорилго ч гэсэн үнэт зүйлсдээ тулгуурлаж, хөгжлийн бодлогоо боловсруулах шаардлагатайг онцолж байгаа гэж ойлгосон.
Б.Даш-Ёндон: Монгол хүний гол үнэт зүйлс гэдгээ бид цөмөөрөө мэдэж байгаа уг нь. Гэтэл бодож олох гээд байдаг. Монгол хүний үнэт зүйл нь монгол хүн өөрөө. Эрүүл биетэй, саруул ухаантай, ёс суртахуунтай, хүнд хэцүү нөхцөлд өлсөөд үхчихээргүй санхүүгийн хувьд өөрийгөө арчлаад аваад явчих чадвартай байх ёстой. Үүний төлөө бид явах ёстой юм. Хэт мөнгөний хойноос явах хэрэггүй. Үүнийг зорилго гэж харах учир дутагдалтай. Монголын хөгжлийн зорилго бол монгол хүн л байх учиртай.

-Та монголын ирээдүйг хэр өөдрөгөөр төсөөлж байна вэ?
Б.Даш-Ёндон: Хөгжлийн нэгдсэн бодлоготой, нэгдсэн зарчмаа олж аваад явахад бидэнд бол маш их сайхан зам бий. Бид тэрэндээ яаж хүрэх вэ гэдгээ өөрснөө л хийх ёстой. Тэгтэл хоорондоо эв нэгдэлгүй, нэг юмны төлөө явж байгаа гэдгээ ухаарч өгөхгүй байгаа нь асуудал болж байна. Бид нэг юмны хариуг нэг зүйлээс л хайж болохгүй. Олон зүйлээс хайх хэрэгтэй. Гэхдээ олон зүйлээс хайж байаа нь энэ гээд будилсаар байтал юм урагшаа яваад бүтэх нь бүтээд, бүтэхгүй нь бүтэхгүй будилж байна. Бидэнд зөв л явбал ирээдүй байна. Хоёр хөрштэй учраас бид нар их аятайхан шүү дээ. Энэ хоёрынхоо эвийг нь олоод явбал гайгүй яваад байж болно.

- За танд их баярлалаа. Энэ удаагийн ярилцлагыг үүгээр өндөрлөе. Тантай дахин ярилцах боломж олдоно хэмээн найдаж байна.

Б.Даш-Ёндон: Болох байх оо. Танд ч гэсэн баярлалаа.

Ярилцсан: Д.Оюунгэрэл

 

Шинэ бүтээл