Ч.Ган-Өлзий. “Тогтвортой хөгжил: Оюуны ертөнцийн философи” /УБ.,2018/ бүтээл
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Философийн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Ган-Өлзий “Тогтвортой хөгжил: Оюуны ертөнцийн философи” бүтээлд тогтвортой хөгжлийн оюун санааны үндсийг тодорхойлж, өөрчлөлтийн философи бий болгохын тулд хүн төрөлхтний бүтээсэн оюуны ертөнцийн бүх мэдлэг, туршлага, соёлын баримт, өв уламжлал, сэтгэлгээний туршилтын үр дүнг нэгтгэн ирээдүйд ач холбогдолтой суурь зарчмыг авч үзсэн.
Ч.Ган-Өлзий нь ХҮI жарны усан могой жил (1953 онд) Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт төрсөн. Хэнтий аймгийн Биндэр сумын бүрэн дунд сургууль, МУИС-ийн герман хэлний бэлтгэл, Философийн анги дүүргэж, философич, улс төр судлаач мэргэжилтэй.
1972-1975 онд Зүүнбаянд хугацаат цэргийн алба хаасан. 1980-1987 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын Дээд Сургуульд багш, 1990-1992 онд Засгийн газрын дэргэдэх Судалгааны төвд эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар ажиллаж байгаад 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллажээ.
1990 онд ЗХУ-ын Москва хотод НУА-ийн аспирантурт суралцаж “БНМАУ-ын хөгжлийн өнөөгийн шатанд нийгмийн шударга ёсыг хэрэгжүүлэх асуудал” сэдвээр философийн доктор (Ph.D)-ын, 2008 онд Улаанбаатар хотноо “Оюун санаа, зан үйл ба улс төрийн ертөнцийн гоц чанарын шударга зохицол” гэдэг сэдвээр философийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1997 онд профессор цол хүртсэн.
1997-2004 онд Улс төрийн Дээд сургууль, Их засаг их сургуульд профессор. Одоо ШУА-ийн Философийн хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан. 2010 онд ШУА-ийн Бага Чуулганы гишүүнээр сонгогдсон.
Ган-Өлзий өрнийн философи ба монголын уламжлалт сэтгэлгээний компаратив суурь судалгаа хийдэг. Шинжлэх ухааны философи, арга зүйн үндэслэлийг тайлбарлаж, шинжлэх ухаан ба олон соёлын хоорондын эргэцүүлэл, танин мэдэхүй ба суурь ахуйн тулгамдсан асуудал, нийгэм, улс төрийн хөгжлийн онол, практик, нээлттэй нийгэм ба ардчилсан засаглал, үйлийн боловсролын үзэл баримтлалыг задлан шинжилж ганц сэдэвт ном 22, сурах бичиг, толь 6, өгүүлэл 84-ийг нийтлүүлж, гадаад дотоодын эрдэм шинжилгээний хуралд 46 илтгэл хэвлүүлжээ.
“Нийгэм судлалын сурах бичгийн шинэчлэл”, “Нээлттэй нийгмийн тайлбар толь”, “Иргэний нийгэм ба боловсрол”, “Өрнө дорнын философийн харьцуулсан судалгаа”, “Оюунлаг танин мэдэхүй”, “Монгол дахь иргэний нийгмийн төлөвшлийн философи, улс, төр эрх зүйн асуудал”, “Тогтвортой хөгжлийн оюун санааны үндэс” зэрэг суурь судалгааны төслийн удирдагч ба гүйцэтгэгчээр ажилласан. Монгол-Хятад-Оросын хамтарсан байнгын семинарын оролцож байна.
Монголын Нээлттэй нийгэм хүрээлэн (Соросын сан)-гийн шагнал (1998), Шинжлэх ухааны шилдэг бүтээлийн шагналыг 2011, 2016 онд хоёр удаа, “Шинжлэх ухаан, технологи ба инноваци -2018” үзэсгэлэнгийн 3-р байрны шагнал тус тус хүртсэн.
Ч.Ган-Өлзий гүн ухаан, социологи, улс төр, урлаг судлалын шинжлэх ухааны докторын (Sc.D), философийн докторын (Ph. D) зэрэг хамгаалуулах зөвлөлүүдийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.