“ӨНДӨР ГЭГЭЭНИЙ ҮСГИЙН УРЛАЛ” Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдав
Зүүн хүрээ Дашчойлин хийд, Бурханы шашин соёл судлалын хүрээлэн, “Зүүн хүрээ” коллежоос санаачлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Өндөр гэгээний үсгийн урлал” эрдэм шинжилгээний бага хурлыг 2019 оны 10-р сарын 4-ний өдөр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд амжилттай зохион байгууллаа. Хурлын хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, Монголын философийн холбоо, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей оролцов.
Хурлыг нээж Зүүн хүрээ Дашчойлин хийдийн хамба лам, доктор Ч.Дамбажав, Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, академич Д.Цэрэнсодном нар үг хэллээ.
Хуралд профессор Л.Тэрбиш, МФХ-ны ерөнхийлөгч, доктор Д.Гантөмөр, МСҮА-ийн ЭНБД доктор Д.Наранцэцэг, ШУА-ийн ХЗХ-ийн ЭША Р.Отгонбаатар, Варшавын Их сургуулийн Дорно дахин судлалын тэнхимийн багш Р.Бямбаа, МУИС-ийн багш С.Дэмбэрэл, “Зүүн хүрээ” коллежийн багш Ц.Мөнх-Эрдэнэ, Богд хааны ордон музейн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Гүнчин-Иш, МҮНС-ийн ажилтан Х.Түмэнбаяр, МФХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор Г.Мягмарсүрэн, ОХУ-ын Дорно дахин судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Сурун-Ханда Сиртыпова, А.В.Андреев нар илтгэл хэлэлцүүллээ.
Ерөнхий зохион байгуулагчдын зүгээс 10-р сарын 6-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Төвхөн хийдэд Соёмбо үсэгт зориулсан гэрэлт хөшөө-тааллын шүтээний нээлт хийхээр төлөвлөжээ.