Ц.БАТЦЭРЭН: Философи нь зөв үзэл хандлагатай, хариуцлагатай мэргэжилтэн болж төлөвшихөд тусална
www.mongolianphilosophy.org сайтын эхний ярилцлагыг уншигч та бүхэндээ хүргэж байна. Сайтын ярилцлагын анхны зочин ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн багш доктор, дэд профессор Ц.Батцэрэн юм. Тэрбээр 2010 онд БНСУ-ын Чомбук Их сургуульд “Монголын уламжлалт сэтгэлгээ: үнэлэмжийн онолоор тайлбарлахуй” сэдвээр докторын зэрэг хамгаалсан, үнэлэмж, ёс зүй, миграцийн чиглэлээр судалгааны ажил хийж байна.
Манайд их, дээд сургуулийн философийн сургалт ямар түвшинд явагдаж байна вэ?
Их, Дээд сургуулиудын философийн багш нартай уулзаж ярилцаж байхад ихэнхи сургуулиудад философийн хичээл сонгон хэлбэрээр ордог, зарим сургуульд огт ордоггүй гэж сонсож байсан.
Би ШУТИС-д 20 орчим жил философийн багшаар ажиллаж байна. Манай сургуулийн хувьд баклавар оюутнуудад “Философи”, магистр оюутанд мэргэжлээс хамаарч “Техникийн философи”, “Эдийн засгийн философи”, “Соёлын философи”, доктор оюутанд “Шинжлэх ухааны философи” гээд гурван түвшний сургалтанд Философийн хичээл орж байсан. Гэвч 2015-2016 оны хичээлийн жилд хийсэн хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд магистрын хөтөлбөрөөс Философийн хичээлийг үндэслэлгүйгээр хассан нь хөгжлөөс ухарсан мэт санагддаг. Оюутан Философийн хичээлийг үзсэнээр аливаа нийгмийн асуудлыг олон талаас нь задлан шинжилж дүгнэлт хийх чадвартай болохоос гадна зөв үзэл хандлага, зөв итгэл үнэмшил, хариуцлага бүхий зөв мэргэжилтэн болж төлөвшихөд ач холбогдолтой.
Философийн сургалтын агуулга, арга зүйг сайжруулахад анхаарах зүйл юу байна вэ?
Бид шинжлэх ухаан технологийн хурдацтай хөгжилтэй хөл нийлүүлэх шаардлагатай. Оюутнуудын мэдлэг, чадвар тухайлбал гадаад хэл, техник технологийн мэдлэгийн түвшин дээшилсээр байна. Энэ хэрээр хичээлийг уламжлалт хэлбэрээр орох нь учир дутагдалтай болсон. Сүүлийн жилүүдэд бид философи, ёс зүйн хичээлийн хүрээнд оюутнуудаар шинжлэх ухаан технологи, нийгэм эдийн засаг, улс төрийн сэдэвтэй дэлхийн шилдэг эх зохиолуудыг уншуулан, номын агуулгаар илтгэл, хэлэлцүүлэг, мэтгэлцээн хийж, мөн тодорхой сэдвүүдээр медиа контент хийх даалгаварт ажлыг өгч байгаа нь үр дүнтэй байна.
Ажил олгогчдын хүлээж буй мэргэжилтнийг бэлтгэж гаргахад философийн боловсрол ямар нөлөө үзүүлж чадах вэ.?
Өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр мэргэжлийн мэдлэгээс гадна хувь хүний чадвар, ухамсрыг илүүд үзэж байна. Жишээлбэл, багаар ажиллах чадвар, бүтээлч сэтгэлгээ, хариуцлагатай байдал гэх мэт. Эдгээр мэдлэг, чадварыг олгоход хүмүүнлэгийн философи, ёс зүй, гоо зүйн мэдлэг чухал ач холбогдолтой.
Учир нь Хүн гэж юу вэ?, Бид яагаад ёс суртахуунтай үйлдэл хийх ёстой вэ?, Хүн төрлөхтний хөгжил хандлага ямар байна? Бидний хийж буй зүйл зөв үү, буруу юу? зэрэг ертөнцийн олон асуултыг хариуг зөвхөн философи суурьтай хичээлийг хүрээнд судлан мэдэх боломжтой. Уг хичээл нь оюутнуудад өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, харилцан санал солилцох, нэгдсэн гаргалгаа дүгнэлтийг хийж сурах боломжийг олгодогоороо онцлог.
Оюутны мэргэжлийн онцлогт тохируулсан философийн хичээлийн хөтөлбөрийг боловсруулах тал дээр хэр зэрэг ахицтай байна вэ?
Их, дээд сургуулиудын онцлог, мөн мэргэжлийн онцлогт тохирсон философийн хичээлийн агуулгаар уг хичээлийг орох тухайлбал, инженер мэргэжлийн ангид шинжлэх, техник технологи, бизнес, менежментийн чиглэлээр сурч буй оюутанд эдийн засаг, зах зээлийн мөн чанар, тэдгээрийн үзэл онолтой холбоотой сэдвүүд байвал оюутнуудад нэг талаас илүү сонирхолтой, нөгөө талаас мэргэжлийн суурь мэдлэгээ дээшлүүлэхэд илүү дөхөмтэй санагддаг.
Ярилцлага өгсөн танд баярлалаа.