Ц.НЯМСҮРЭН: ФИЛОСОФИЙН ОНОЛЫГ ПРАКТИКТ БУУЛГАХЫН ТУЛД САЛБАР ДУНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ
ЮНЕСКО-гоос санаачлан жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь Пүрэв гарагт Дэлхийн философийн өдрийг тэмдэглэдэг болсон. Гол зорилго нь хүн төрөлхтний оюун санааны хөгжил, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, нийгмийн тулгамдсан асуудлуудад философийн үүднээс хариу олоход чиглэдэг.
Тус өдрийг тохиолдуулан МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Ц.Нямсүрэнтэй уншигч та бүхнийг уулзуулж байна.
Танд дэлхийн философийн өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийн гол ач холбогдлыг та манай уншигчдад тайлбарлаж өгөхгүй юу. ЮНЕСКО-гоос дэвшүүлж буй сэдэвтэй тэнхимийн энэ оны эрдэм шинжилгээний ажлууд хэрхэн уялдаж байгаа вэ?
Ц.Нямсүрэн: Баярлалаа. ЮНЕСКО-гоос 2002 онд санаачилсан Дэлхийн философийн өдөр бол зөвхөн философич, энэ талбарын эрдэм, судлаачдын баяр бус, нийт хүн төрөлхтөн өөрийн оршихуй, үнэт зүйл, ирээдүйн чиг баримжаагаа эргэн харж, хамтдаа эргэцүүлдэг чухал өдөр. Энэхүү өдрийг дэлхий даяар хүмүүс үзэл бодлоо хуваалцах, суурь таамаг нөхцөлүүдийг эргэцүүлэн нягтлах, хүлээцтэй байдал, энх тайвныг түгээн дэлгэрүүлэх, орчин үеийн даян дэлхийн сорилтуудыг нээлттэй хэлэлцэхийг дэмжих зорилгоор бий болгосон байдаг. Дэлхийн философийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийн гол ач холбогдол нь уг салбар ухааны нийгэмд үзүүлэх гүн гүнзгий нөлөөг олон нийтэд таниулахад оршино. Учир нь философи бол онолын ухаан төдийгүй нийгмийг өөрчлөх чиг баримжаа болох өдөр тутмын практик юм. Тус өдрийг тэмдэглэснээр бид оюуны олон янзын урсгалыг илүү танин мэдэж, соёл хоорондын харилцан яриаг идэвхжүүлэх боломж бүрддэг. Түүнчлэн, сэтгэж сурах, үзэл бодлоо үндэслэлтэйгээр мэтгэлцэх соёлд суралцах, ингэснээр илүү хүлээцтэй, бие биеэ хүндэтгэдэг нийгмийг цогцлооход чухал түлхэц болдог. Ийн өөрчлөлтийн төлөөх оюун санааны нөхцөлийг бүрдүүлж, орчин үеийн томоохон сорилтыг ойлгож, тэдгээрт оновчтой хариу үзүүлэхэд дэмжлэг болдогт энэ өдрийн үнэ цэн оршиж байна.
МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн хувьд энэ жил ЮНЕСКО-гийн энх тайван, ирээдүйн тогтвортой хөгжлийн үзэл санаатай уялдуулан технологи, хүний эрх, алгоритмын эрх мэдэл, нийгмийн итгэлцэл, аюулгүй байдал, монголчуудын уламжлалт сэтгэлгээ, ёс зүй зэрэг чиглэлээр эрдэм шинжилгээний хурал, олимпиад, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа.
Тодруулж асууя. Философийн өдрийг тохиолдуулан нийгэмд философийн ач холбогдлыг сурталчлах чиглэлээр академик ямар санааг түгээхийг зорьж байна вэ?
Ц.Нямсүрэн: Энэ чиглэлд түгээхийг зорьж буй хамгийн гол санаагаа “философи бол өнгөрсөн үеийн сэтгэгчдийн үзэл баримтлал, сургаалын цуглуулга биш, харин өнөөдрийн бидэнд тулгарч буй асуудлыг задлан шинжилдэг, шийдэл дэвшүүлдэг өдөр тутмын үйл ажиллагаа” гэсэн агуулгаар илэрхийлж болно. Нийгэм, соёл, үнэлэмж, сэтгэлгээ, технологийн өөрчлөлтөөс үүдэлтэй сорилт бүрийн цаана үзэл баримтлалын буюу философийн асуудал оршиж байдаг. Тиймээс бид академик мэдлэгийг дан ганц их сургуулийн танхимд бус, харин философидох арга барилаар дамжуулан нийгмийн чөлөөт иргэн хүний суурь сэтгэлгээ болгон түгээхийг зорьж байна.
Таны ярианд философидох гэдэг үг гарлаа. Философидох гэдгийг тодруулбал?
Ц.Нямсүрэн: Энгийнээр хэлбэл, “философидох” гэдэг нь бидний жирийн, мэдээжийн гэж хүлээн авдаг зүйлсэд эргэлзэж, цаад учир шалтгаан, үндэслэлийг шалгаах зориг, дадал юм. Эртний Грекийн философичид үүнийг гайхахаас эхэлдэг гэж тодорхойлсон байдаг. Өдөр тутмын хэвшмэл ойлголт, сохор итгэл үнэмшлээсээ түр ч болов ангижирч, аливаа үзэгдлийн мөн чанар, учир шалтгааныг үндэслэлтэйгээр эрэлхийлэх үйл явцыг философидох гэж нэрлэж байгаа хэрэг. Энэ нь сэтгэл хөдлөлөөс ангид, цэгцтэй, шүүмжлэлт, логик үндэслэлтэй сэтгэх, оюун ухаан өөрийгөө тусган тунгаах, туйлшралгүй хандах зэрэг онцлог шинжээр илэрнэ. Үүнийг эзэмшихийн тулд хувь хүн олонхын сэтгэлзүйд автахгүй бие даан сэтгэж, танин мэдэхүйн даруу, сониуч зангаар аливаад хандах шаардлагатай.
Философийг нийгмийн өдөр тутмын амьдрал, иргэний боловсролд ойртуулах зорилгоор анх энэхүү өдрийг тэмдэглэх болсон. Залуучуудыг философи сонирхдог, философийн боловсролтой болгоход юу хийх хэрэгтэй вэ?
Ц.Нямсүрэн: Философидоход заримдаа мэдлэгийн тодорхой хөрөнгө шаардагддаг. Ийм хөрөнгөгүйн улмаас философид дурлахгүй, сонирхохгүй хандлага нэг талдаа үүсэж байж болно. Гэвч нөгөө талаас хүн бүрт гайхах чадвар угаас заяасан байдаг учраас философидох бололцоо бүгдэд бий. Тэгэхээр эн тэргүүнд философийг хэт хүнд, амьдралаас тасархай, хөндий маягаар сургах арга барилаас ангижрах хэрэгтэй. Энэ нь сургалтын арга зүйг өөрчилж, үзэл сургаалыг таниулахаас илүү мэтгэлцээн, эх бичвэрийн задлан шинжилгээ, амьдрал дээрх ёс зүйн диллем зэрэгт тулгуурлан бодуулж, эргэцүүлж, онолын зарчмыг хэрэглэж сургахыг шаардана. Кино, уран зохиол, цахим орчин, хиймэл оюун гэх мэт залуусын өдөр тутам хэрэглэдэг соёлын орон зайгаар дамжуулан философийн асуудлыг хөндөж, амьдралд илүү ойртуулах нь ч үр дүнтэй байж болно. Тодруулбал, тэдний өөрсдийнх нь хэлээр өөрсдийнх нь итгэл үнэмшлийг сорьж, тодорхойгүй нөхцөлд шийдэл эрэлхийлж, асуудлыг шийдэх өөр өнцөг байгааг ойлгуулж, тэдэнд үзлийн олон цэгийг төлөвшүүлэхэд анхаарах хэрэгтэй.
Философийн онолын мэдлэгийг нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх практик хэрэгсэл болгох боломжийн тухайд бид яавал дээр вэ?
Ц.Нямсүрэн: Философи бол бидэнд шууд үр ашгаа өгдөг мэдлэг биш боловч ертөнцийг үзэх үзэл, хандлагад маань суурь маягаар нөлөөлдөг. Уг нөлөөнөөс хамаарч бид аливаад хэрхэн хандах, яаж үнэлэх гээд олон зүйл тодорхойлогдоно. Зүйрлэж хэлбэл, энэ нь байшин барихад шууд хэрэглэгддэг “техне” мэдлэг биш боловч байшинг яагаад, хэнд зориулж, ямар зарчмаар барих вэ гэдгийг тодорхойлдог зураг төслийн маягтай “софи” мэдлэг юм. Философийн онолыг практикт буулгахын тулд салбар дундын хамтын ажиллагаа зайлшгүй хэрэгтэй. Эрх зүй, анагаах ухаан, мэдээллийн технологи, байгаль орчин, төрийн бодлогын шийдвэр гаргах түвшинд философийн оролцоог нэмэгдүүлж, асуудлыг зөвхөн техник эсвэл санхүүгийн талаас бус, хүний эрх, зүй ёс, урт хугацааны үр дагаврын үүднээс үнэлж эхэлбэл философи жинхэнэ практик хэрэгсэл болно.
Жишээлбэл?
Ц.Нямсүрэн: Хамгийн ойрын, тод жишээ гэвэл хиймэл оюун, дижитал орчны ёс зүйг нэрлэж болох юм. Өнөөдөр бидний ямар мэдээлэл үзэх, юу худалдан авах, тэр байтугай хэнийг дэмжихийг ч алгоритмууд чиглүүлж байна. Энд хүний эрх чөлөө, хувийн орон зай, мэдээллийн тэгш байдлыг яаж хамгаалах вэ гэдэг нь яалт ч үгүй философийн асуудал. Түүнчлэн хотын замын түгжрэлийг бууруулах, хот төлөвлөлтийг оновчтой болгох зэрэг практик асуудлыг авч үзэж болно. Энэ бол зөвхөн замын хөдөлгөөн зохицуулах байгууллагуудын техникийн шийдэл бус, харин системийн сэтгэлгээ, логик үндэслэл, салбар дундын цогц бодолтыг шаардах талбар мөн. Үндсэн хуулийн шинэчлэл, хууль тогтоомжийн хэрэгжилтэд ч энэ зарчим бүрэн хамаарна. Хуулийн заалт нь үг, өгүүлбэр төдий бус, түүний цаана ямар шударга ёсны зарчим үйлчилж буйг эрх зүйн философийн үүднээс гүнзгий шүүн тунгааж, философийг ашиглах шаардлагатай.
Философийн боловсролыг олон нийтэд түгээх нь чухал гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Тиймээс философийг зөвхөн академик хүрээний сэдэв байлгахаас илүү өдөр тутмын амьдрал, шийдвэр гаргалтад чухал болохыг олон нийтэд таниулах талаар та салбарыг удирдаж буй хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?
Ц.Нямсүрэн: Үүний тулд бид зөвхөн оюутнуудад хичээл заагаад зогсохгүй, олон нийтэд зориулсан нээлттэй лекц, судалгааны семинар, подкаст, хялбаршуулсан нийтлэл, мөн иргэний нийгмийн байгууллагатай хамтарсан хэлэлцүүлгийг тогтмолжуулах нь чухал. Үүний зэрэгцээ тодорхойгүй, ээдрээтэй нөхцөл байдалд философичдын дуу хоолойг хүсэн хүлээдэг нийгмийн хүлээлтийг эзэнгүй орхихгүй, бидний өдөр тутмын амьдралд тулгамддаг асуудлыг философийн үүднээс тунгааж, шийдэл санал болгодог соёлыг дэлгэрүүлбэл сайн. Цээжлэн тогтоож, сэргээн санадаг гэхээсээ бие даан, шүүмжлэлтэй сэтгэдэг эрх чөлөөт иргэнийг төлөвшүүлэхийн тулд ерөнхий боловсролын сургалтаасаа эхлээд ийм сэтгэлгээг хамгийн ихээр хөхиүлэн тэтгэдэг философийн хичээлд суралцаж эхэлмээр байна. Ингээд бид яагаад тухайн нэг сонголтыг хийх ёстой, бусад нь аз жаргалгүй байхад би аз жаргалтай байж чадах уу гэх мэт асуудлыг нийтээрээ ач холбогдол өгч хэлэлцдэг болсон цагт философи амьдралд аль хэдийн нэвтэрч эхэлсэн гэсэн үг.
Надад нэг зүйл ажиглагдаж байна л даа. Өнөөгийн бидний амьдарч буй нийгэмд асуудалд өөрийн гэсэн эргэцүүлэл, ул суурьтай бодол, логик үндэслэлтэйгээр хандах чадвар дутмаг байх нь түгээмэл байна. Ийм байдлаас залуу үеийнхнийг хол байлгах, аливаа юмыг бэлнээр нь хүлээж авалгүй эргэцүүлж, шүүмжлэлт хандах чадварт сургах зайлшгүй хэрэгтэй л дээ. Ер нь шүүмжлэлт сэтгэлгээ гэж юу вэ? Философи үүнд яаж тусалдаг юм бэ?
Ц.Нямсүрэн: Танд ажиглагдсан зүйл энд тэнд бас анзаарагдаж байсан бололтой. Тухайлбал, Д.Трампыг анх ерөнхийлөгч болсны дараа философийн мэдлэг урьд өмнөхөөс илүү хэрэгтэй болж байна гэсэн агуулгатай нийтлэл хэвлэгдэж байсныг санаж байна. Эмч, сувилагч, эсвэл засварчин нь бидний төлөө ажилласан учраас бид тэдэнд мөнгө төлдөг, харин философич нь биднийг өөрсдийнхөө төлөө өөрөө сэтгэхэд сургадаг. Ингэж сэтгэж сурахад аливааг бүхий л тал харилцаанд нь авч үзэх, эргэлзэх, шүүн шинжлэх чадвар нэн чухал. Аль ч мэргэжилд тустай хөрвөх энэ чадваруудыг философиос илүү суулгадаг өөр ухааныг нэрлэх тийм амар биш. Эдгээр чадварыг ерөнхийд нь шүүмжлэлт сэтгэлгээ гээд байгаа болохоос биш, шүүмжлэх, буруушаах, зэмлэх гэсэн утга биш. Энэ бол аливаа мэдээлэл, үзэл бодлыг сэтгэл хөдлөлөөр бус, баримт нотолгоо, логик уялдаа, учир шалтгааны үүднээс нягтлан шалгаж, давуу, сул талыг нь тэнцвэртэй шүүн үнэлээд бие даасан дүгнэлт гаргах чадвар юм. Философи нь хүнд сэтгэхүйн алдааг таних, далд ухуулга, төөрөгдлийг ялгах, өөрийнхөө ч буруу ташаа итгэл үнэмшлийг эргэн харах сэтгэлгээний дархлааг суулгаж өгдөг.
Жил бүр дэлхийн философийн өдрийг тодорхой сэдвийн хүрээнд тэмдэглэдэг. Энэ жилийн сэдэв юу вэ? Яагаад энэ сэдвийг онцолж байгаа вэ?
Ц.Нямсүрэн: Бидний хувьд энэ жил олон улсын чиг хандлага, нийгмийн хэрэгцээнд тулгуурлан “Ирээдүй, энх тайвны төлөөх философийн дуу хоолой” сэдвийг онцолж байгаа. Өнөөгийн дэлхий дахинд өрнөж буй геополитикийн хурцадмал байдал, хиймэл оюун, технологийн үсрэнгүй хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, олон нийтийн талцал, туйлшрал зэрэг олон талт сорилт нь хүн төрөлхтний ирээдүй, хамтын оршихуйн үндэс суурийг ахин эргэцүүлэхэд хүргэж байна. Ийм цаг үед асуудлыг гүн гүнзгий шинжлэн судлах, мөргөлдөөн, үл ойлголцлыг рационал яриа хэлэлцээгээр шийдвэрлэх, ирээдүй үеийнхний өмнө хүлээх ёс зүйн хариуцлагаа тодорхойлоход философи сэтгэлгээ чухал үүрэгтэй хэмээн үзэж зөрчил, тэмцэл, энх тайван, эв эеийн тухай ойлголт, туршлага, олон ургалч үзэл, технологийн эрин дэх хиймэл оюун, биотехнологи, хүний эрхэм чанар, экологийн хямрал, тогтвортой хөгжил, ирээдүйн ёс зүй, дижитал шилжилтийн үе дэх нийгмийн итгэлцэл, глобал шударга ёсны талаарх асуудлыг философийн онол-арга зүйн үүднээс хэлэлцэх академик орон зайг бүрдүүлэх зорилгоор энэ сэдвийг сонгосон юм.
“Ирээдүй, энх тайвны төлөөх философийн дуу хоолой” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна. Нийгмийн шударга ёс, энх тайван, аюулгүй байдал зэрэг хүн төрөлхтний өмнө тулгарч буй глобал асуудлуудад философи, ёс зүйн үүднээс шийдэл хайж байгаа нэг хэлбэр гэж харж байна.
Ц.Нямсүрэн: Тийм ээ, энэхүү эрдэм шинжилгээний хурал нь яг тийм зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа. Тус хуралд хэлэлцүүлж буй илтгэлүүдийн хураангуйгаас харахад нийгмийн шударга ёс, энх тайван, аюулгүй байдал зэрэг хүн төрөлхтний өмнө тулгарч буй глобал сорилтод философи, ёс зүйн үүднээс олон талт шийдлийг эрэлхийлж байна. Тухайлбал, даяаршлын эрин дэх нийгмийн талцал туйлшралыг багасгахад монголчуудын эв эеийг эрхэмлэх уламжлалт үнэт зүйлээс суралцах, үг хэлэх эрх чөлөө болон үзэн ядах үг хэллэгийн далд механизмыг шинжлэх, мөн Европ дахь исламын талаарх хэлэлцүүлгийг шүүмжлэлтэйгээр авч үзэж хамтын оршихуйг бүрдүүлэх боломжийг хайж байна. Түүнчлэн хиймэл оюуны хөгжил, дижитал шилжилт, хүн амын насжилтын үр дагавар, амьтан, байгаль орчныг хамгаалах ёс зүй зэрэг орчин үеийн тулгамдсан асуудалд өрнө, дорнын философийн онол, сэтгэгчдийн үзэл санаанд тулгуурлан шийдэл эрэлхийлж байна.
Философи нь хүмүүс хоорондын ялгаатай байдлыг ойлгоход, харилцан ойлголцлыг бий болгоход ямар үүрэгтэй байдаг вэ? Бид шүүмжилнэ гэдгийг буруутгах гэж ойлгоод байх шиг. Харин ч харилцан ойлголцлын гүүр биш үү?
Ц.Нямсүрэн: Монгол хэлний өдөр тутмын хэрэглээнд “шүүмжлэх” гэдгийг “буруутгах, муулах” гэдэгтэй холбож ойлгох нь элбэг. Гэтэл философид энэ нь тухайн зүйлийн боломж, хязгаар, үндэслэлийг гүнзгийрүүлэн ойлгох, шүүн шинжлэх үйл явц байдаг. Орчин үеийн философи “Бусад” буюу өөрөөсөө өөр үзэл бодол, соёл, итгэл үнэмшилтэй хүнийг өөртэйгөө ижилсүүлэх гэж хүчлэлгүйгээр, ялгаатай байдлыг нь хүлээн зөвшөөрч, хүлцэх чадварыг онцолдог. Тэр бүү хэл бидний амьдран буй цаг үе, постмодерн үеийн мэдлэг нь нэгэн философичийн хэлснээр “өөр дуу хоолойг” хүндэтгэж, ялгааг мэдрэх мэдрэмжийг маань хурцлахын хамт харилцан үл нийцэх байдлыг хүлцэх чадварыг маань нэмэгдүүлэхэд үйлчлэх учиртай. Нэг нэгнээ сонсож, ялгаатай байдлын цаад шалтгааныг ойлгосон цагт л жинхэнэ харилцан ойлголцлын гүүр тавигдана.
Философийг нийгмийн амар амгалан байдал, хүний эрх, ардчилал, шүүмжлэлт сэтгэлгээнд хувь нэмэр оруулах гол хэрэгсэл гэж ойлгодог. Тэгвэл философийн боловсролоор дамжуулан нийгэмд тэдгээрийг хамгаалах, эргэцүүлдэг, боддог иргэдийг төлөвшүүлэхэд боловсролын байгууллагууд хэрхэн хувь нэмрээ оруулж байна вэ? Юун дээр онож, алдаж байна гэж бодож байна?
Ц.Нямсүрэн: Их, дээд сургуулиудын ерөнхий суурийн хөтөлбөрт философи, ёс зүй, логикийн хичээлүүд багтаж, оюутнуудад мэргэжлээс үл хамааран философи сэтгэлгээний суурь тавих боломж бүрджээ. Гэхдээ энэ нь дийлэнхдээ сонгон судлах хэлбэрээр байгаа нь хүнийг эрх чөлөөтэй болгоход суурь байдлаар нөлөөлдөг ерөнхий эрдмийг оюутан бүр эзэмшиж чадахгүй байдал руу хөтөлж байна. Түүнчлэн бид Ерөнхий боловсролын сургуулиас эхлээд хүүхдэд хэрхэн үндэслэлтэй сэтгэх, асуудлыг хэрхэн шүүн шинжилж, бүтээлчээр шийдвэрлэх гэхээс илүү цээжлэн тогтоох, сэргээн санах, бэлэн зөв хариуг шаардаад байна. Философийн хичээлийг өөрийн амьдрал, үйл ажиллагаа, ардчилал, хүний эрхтэй шууд холбоотой амьд мэдлэг гэдгийг мэдэрч чадахгүй байна. Тиймээс аль ч түвшинд сургалтын хөтөлбөрөө эргэцүүлэн бодох, хэлэлцэх чадварт суурилсан болгож зохион байгуулах хэрэгтэй байна.
Өнөөдөр нийгэмд хүмүүс хэт туйлширч байна, янз бүрийн баталгаа нотолгоогүй мэдээлэл дунд төөрч байна. Ийм цаг үед философийн хувьд нухацтай боддог, эргэцүүлдэг хандлагыг танхимын сургалтаар зогсохгүй бүр нийгмийг зөв чиглүүлэх гол хэрэгсэл болгон хөгжүүлэх боломж юу байна?
Ц.Нямсүрэн: Өнөөдөр бид “үнэний дараах” буюу баримтаас илүү сэтгэл хөдлөл, дуулиан шуугиан хүчтэй болсон цаг үед амьдарч байна. Туйлшрал гэдэг нь аливаа асуудлыг зөвхөн “хар эс бөгөөс цагаан” гэсэн хоёрхон өнгөөр харах сэтгэлгээний явцуурал байх. Магадгүй энэ мэт эсрэгцэл нь ихэнхдээ дундын шийдэлгүй гэмээр сэтгэгдэл төрүүлэхүйц хуурмаг үзэгдэл байдаг. Үүний эсрэг философийн санал болгох гарц бол олон өнцгөөс харах соёл, нээлттэй хэлэлцүүлгийн талбар болов уу. Бид хэвлэл мэдээлэл, соёлын байгууллагуудтай хамтран нийгмийн тулгамдсан сэдвээр шинжлэх ухаанч, баримт, логикт суурилсан олон нийтийн хэлэлцүүлэг, цахим контентыг системтэйгээр бий болгох нь оновчтой санагдаж байна. Би ч буруу бодож байж магадгүй гэсэн өөрийгөө буцааж тусгасан, даруу, хүлээцтэй хандлагыг эзэмшсэн цагт туйлшрал аяндаа саарна. Үүнээс гадна мэдээлэл хэт илүүдсэнээс бодит, хуурамч хоёрыг ялгахад улам төвөгтэй болсон энэ үед философийн төлөвшүүлдэг мөнөөх шүүн шинжлэх чадвар улам бүр чухал хэрэгсэл болж байна. Эх сурвалжийг нягтлах, найдвартай эсэхийг үнэлэх, азнаж эргэцүүлэх, харсан, сонссон зүйлдээ шууд үл итгэх, цааш түгээснээр үүсэж болох үр дагаврыг урьдчилан харах, эргэлзэх хандлага, чадварыг өдөр тутмын хэрэглээ болгох хэрэгтэй.
Та орчин үеийн философиор судалгаа хийдэг. Сүүлийн үеийн судалгааны ажлаасаа танилцуулна уу. Мөн орчин үеийн философид ямар сонирхолтой үйл явдал өрнөж байна?
Ц.Нямсүрэн: Оюутан цагаасаа эхлэн структурализм, постструктурализм, постмодернизмын талаар судалгаа хийж иржээ. Анхандаа энэ зүгийн үзэл, онолыг мэдэх, ойлгох гэж оролдож байсан бол хожмоо тэдгээр онол, зарчмыг Монголын соёлын бодит үзэгдэлд хэрэглэж шинжлэхэд анхаарлаа хандуулсан. Үүний үр дүнд хэвлэгдсэн “Монгол, Грек туульсын бүтээлийг харьцуулан судалсан нь” хэмээх бүтээл маань орчин үеийн философийн онол, арга зүйгээр монголын аман зохиолыг судлан шинжлэх бололцоотой төдийгүй шаардлагатайг харуулахад чиглэсэн юм.
Үүний дараа КОВИД-19 цар тахлын үеэр Засгийн газрын хэрэгжүүлсэн “Залуусыг хөдөлмөрт бэлтгэх” төсөл зэрэг зарим бодлого, үйл ажиллагааг орчин үеийн философийн үзэл хандлагаар задлан шинжилж, институцийн эрх мэдлийн далд сүлжээсийг илрүүлэхийг оролдож байлаа. Түүнчлэн хууль, ёс зүй, хүний эрх, уламжлалт соёл, зан үйлийн бэлгэдэл зүйн харьцуулсан судалгааг эрдэмтэн багш нартайгаа хамтран хийж байна.
Саяхан шинжлэх ухааны философийн нөлөө бүхий төлөөлөгчдийн нэг Т.С.Куны “Шинжлэх ухааны хувьсгалын бүтэц” бүтээлийг эх хэлнээ орчуулан, уншигч олноо өргөн барилаа. Удахгүй болох Дэлхийн философийн өдөрт зориулсан “Ирээдүй, энх тайвны төлөөх философийн дуу хоолой” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд дижитал эрин үеийн платформ, алгоритм нь үнэнийг ялган зааглагч “шинэ дэглэм” бүтээж буй тухай, мөн энэ цаг үед философийн байр суурь, үүрэг юу байж болох тухай санаагаа танилцуулна. Өнөөдөр философийн талбарт дуураймал дүр, хиймэл оюун, ёс зүй, улс төр, хүн, технологи, экологи, боловсролын философи, мөн мэдээллийн эрин дэх эпистемологийн асуудал хамгийн халуун сэдэв болон өрнөж байна.
За танд их баярлалаа. Цаг зав гарган бидний урилгыг хүлээж авч ярилцсанд талархал илэрхийлье.
Ярилцсан: Д.Оюунгэрэл
