С.ТӨМӨР-ОЧИР: ФИЛОСОФИЙН БОЛОВСРОЛЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ
Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор (Sc D), профессор С.Төмөр-Очиртой уншигч Та бүхнийг уулзуулж байна.
Д.О: Сайн байна уу? Танд Дэлхийн философийн өдрийн мэндийг хүргэе. Мөн ярилцах зөвшөөрөл олгож цаг заваа зориулж буйд талархал илэрхийлье.
С.Төмөр-Очир: Философийн өдрөөр намайг урьж санал бодлоо хуваалцаж байгаад талархаж байна. Философичдодоо, философийн мэргэжлийг сонгон суралцаж байгаа оюутан залуучууддаа, философийг сонирхогч бүх хүнд дэлхийн философийн өдрийн мэндийг дэвшүүлж сургалт, эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Д.О: Таныг математикч хүн гэж сонссон. Яагаад философийг сонирхох болов? Философич болоход танд хэн хамгийн их нөлөө үзүүлсэн бэ? Бас та Философийн тэнхимд олон жил ажилласан. Ямар хичээл заадаг байсан бэ?
С.Төмөр-Очир: Би 1969 онд Архангай аймгийн төвийн 10 жилийн сургуулийн 10 дугаар ангид суралцаж байхдаа аймгаасаа шалгарч, улсын математикийн олимпиадад амжилттай оролцож, тэр үеийн боловсролын сайд Д.Ишцэрэн багшаас 10 дугаар анги төгсөөгүй байхдаа МУИС-ийн математикийн ангид суралцах томилолт авч сургуулиа алтан медальтай төгсөөд МУИС-ийн оюутан болж байлаа. Оюутан байхдаа ч муугүй суралцсан.
МУИС-ийг төгсөх жил ШУА-ийн Одон орныг судлах төвд эрдэм шинжилгээний ажилтнаар авахаар тохиролцсон боловч тэнхимийн эрхлэгч Д.Шагдар багш “Хэрэггүй, Математикийн хүрээлэн шинээр байгуулагдаж байгаа. Тэнд ажиллах нь зөв” гэж зөвлөсний дагуу больсон юм.
Гэтэл 1974 оны 5 дугаар сард МАХН-ын Төв хорооны боловсон хүчний хэлтсийн Санжмятав гэдэг хүн дуудаж уулзаад “Манай оронд хүмүүнлэгийн ухааны философийн асуудлаар нэлээд олон судлаач эрдэмтэдтэй болж байна. Одоо дэлхий дахинаа байгалийн шинжлэлийн философийн асуудлыг сонирхон судлах боллоо. Чамайг Намын дээд сургуульд философийн багшаар ажиллуулна. Тэнхимийн эрхлэгч нь доктор Р.Нансал гэж багш байгаа, очиж уулз” гэсэн. Р.Нансал багш бол манай нэртэй философич, Москвагийн Их Сургуулийг төгсөгч таван эрдэмтний нэг байсан билээ. Р.Нансал багш В.И.Лениний “Материализм ба эмпирокритицизм” зохиолын агуулгаас хэд хэдэн чухал ойлголтыг асууж ярилцаад, “Багшилж сурах бололцоотой юм шиг байна. Чи МАХН-д хэдэн онд элссэн бэ?” гэж асуухад нь би “МАХН-д элсээгүй байгаа” гэж хариултал “Манай сургуульд багш нь байтугай оюутан нь МАХН-ын гишүүн байдаг ёстой. Чи Санжмятавтай очиж уулз” гээд буцаасан юм.
Санжмятав гуайтай уулзахад УБДС-д Философийн болон математикийн багшийн орон тоо байна гээд томилолт олгосон. Тэр үед Марксизм-Ленинизмийн тэнхимийн эрхлэгчээр Москвагийн Их Сургуулийн анхны төгсөгчдийн нэг С.Пүрэв багш ажиллаж байсан. С.Пүрэв багш сургуулиа логикийн чиглэлээр суралцаж төгссөн болохоор их олзуурхаж “Математикийн мэдлэг надад дутаад байдаг юм. Хамтарч ажиллах сайхан бололцоо бий боллоо” гэдэг байсан.
Философич болоход С.Пүрэв, С.Норовсамбуу, Д.Дагвадорж, Ү.Нямдорж, Ж.Төмөрбаатар, Лу.Бат-Очир, Н.Хавх, Ц.Гомбосүрэн зэрэг миний ахмад багш нар болон байгалийн шинжлэлийн философийн асуудлыг сонирхогч үе тэнгийнхэн болох Д.Баттөмөр, Г.Лодой, Я.Долгоржав, Т.Дорждагва нар чухал үүрэг гүйцэтгэсэн. Миний өдий зэрэгтэй яваа маань бүхий л багш нарын минь ач буян гэж боддог.
Би МУИС-д оюутнаас эхлээд захирлыг хүртэл бүх албан тушаалын ажлыг хашсан. Тиймээс МУИС бол миний дахин төрж хүн болсон өлгий минь гэж сүслэн шүтэж явдаг. Би мэргэжлийн ангид формаль болон математик логик, нийгмийн шинжлэх ухаан, социологийн тодорхой судалгаанд хэрэглэгдэх математик аргууд, мэргэжлийн биш ангид диалектик, түүхийн материализмын хичээл заадаг байсан.
Д.О: Жил бүрийн арван нэгдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гарагт Дэлхийн философийн өдрийг тэмдэглэдэг. Ингэхдээ хүн төрөлхтний сэтгэлгээ, соёл, хүний хөгжилд философийн гүйцэтгэх үүрэг, үнэ цэнийг онцолдог. Ер нь философийн боловсрол гэж юу вэ? Философийн боловсролтой байхын чухал нь юу вэ? гэдгийг манай уншигчдад тайлбарлаж өгөөч.
С.Төмөр-Очир: Философи бол хамгийн эртний шинжлэх ухааны нэг. АНУ-ын нэрт философич, прагматизмыг үндэслэгч, томоохон логикч Чарльз Сандерс Пирс логикийг хамгийн эртний бөгөөд хамгийн орчин үеийн шинжлэх ухаан. Логик үүслээрээ математик, философи хоёрын дараа л орно гэж тэмдэглэсэн байна билээ. Үүнийг үнэн гэж тооцвол философи ч, математик ч хамгийн эртний бөгөөд хамгийн орчин үеийн шинжлэх ухаан гэсэн логик дүгнэлт урган гарч таарна. Философи үүссэн цагаасаа л хүн төрөлхтний сэтгэлгээ, соёл, хүний хөгжилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж ирсэн.
Философийн боловсрол гэж юу вэ? гэдгийг ойлгохын тулд ер нь боловсрол гэдэг ойлголтыг зөв тодорхойлох ёстой. Боловсролыг бие хүний хүмүүжил, сургалтын тогтолцоо, олж авсан мэдлэг, үнэт зүйл, чиг үүрэг, туршлага, ур чадварын цогц гэж тодорхойлдог. Өдөр тутмын амьдралд боловсролыг тэр хүний эзэмшсэн мэдлэг гэдгээр хязгаарлаад байна. Мэдлэгтэй, гадаад хэлтэй хүн бүрийг өндөр боловсролтой хүн гэж тооцох албагүй болов. Боловсролд мэдлэгтэй байх нь хэрэгтэй боловч мэдлэгээ туршлага, амьдрал үйл ажиллагаанд хэрэглэх ур чадвар хамгийн чухал байдаг. Япон Улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан Марохито Ханада сан надтай ярилцсан ярилцлагадаа “Монголын малчдын боловсролоор би үргэлж бахархдаг. Тэдний боловсрол бол жинхэнэ боловсрол мөн” гэж онцлон тэмдэглэж байсан билээ.
Философийн боловсрол гэдэг бол философийн мэдлэгээ амьдрал үйл ажиллагаандаа ашиглах чадвар л гэж ойлгож болно. Философи өөрөө байгаль, нийгэм, сэтгэхүйн хөгжлийн түгээмэл зүй тогтлыг судалдаг шинжлэх ухаан гэж тодорхойлдог байлаа. Өнөөдөр философийн шинжлэх ухааны тодорхойлолт, судлах зүйлийн талаар философичид нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй байна. Гэвч философи танин мэдэхүй болон аливаа үйл ажиллагааны арга, аргачлалын үндэс болдог учраас философийн боловсролын ач холбогдол байнга өсөн нэмэгдэж байна
Д.О: Дэлхийн философийн өдрийг ЮНЕСКО-оос анх санаачлахдаа, ялангуяа оюутан сурагчдын дунд философийн сэдвээр яриа өрнүүлэх зорилгыг чухалчилсан юм билээ. Суралцагчдын дунд энэ ажлыг хэрхэн эрчимжүүлбэл дээр вэ? Миний бодлоор энэ талын ажил жаахан дутмаг санагдаад байгаа юм.
С.Төмөр-Очир: Жил бүр тэмдэглэдэг философичдын өдрийг Монголд уламжлал болгон тэмдэглэдэг болоход мэргэжлийн хүмүүс хичээл зүтгэл гаргаж ирсэн. Энэ сайн хэрэг. ЮНЕСКО-гоос оюутан, сурагчдын дунд философийн сэдвээр хэлэлцүүлэг хийхийг чухалчилдаг. Энэ ганцхан философи төдийгүй бүх шинжлэх ухаан, сургалтад хэрэглэх хойшлуулшгүй зорилт болон тулгараад байна. Бие даан эзэмших боловсрол XXI зууны боловсролын тулгуур болоод байна. Манайд багш бүрийг “Тонгоруу” сургалтыг хэрэглэ гээд байгаагийн утга санаа үүнд л оршиж байгаа юм. Оюутан сурагч бүр багштайгаа, үе тэнгийнхэнтэйгээ харилцан мэтгэлцэж өөрөө өөртөө нээлт хийж мэдлэг, чадвар, хандлага эзэмшинэ гэсэн үг юм.
Д.О: Философийн боловсролгүй ард түмний гол шинж юу вэ? Ямархуу төрх байдалтай байдаг вэ?
С.Төмөр-Очир: Философийн боловсролгүй ард түмэн гэж нэрлэх нь гэж нэрлэх нь тийм ч зохимжтой нэр томьёо биш гэж бодож байна. Монголын ард түмнийг философийн боловсролгүй ард түмэн гэж нэрлэх нь бүр ч зохимжгүй. Монголын ард түмний хэлж, хэрэглэж байгаа оновчтой, зүйр цэцэн цаанаа маш чухал философи санааг агуулж байдаг. Философийн боловсролгүй хүн байж болно. Ийм хүний шинж төрх бол аливаа асуудлыг бие даан шийдвэрлэх чадваргүй байдлаар л илэрдэг.
Д.О: Философийн боловсролыг иргэддээ олгоход бодлогын түвшинд бид юун дээр анхаарах хэрэгтэй гэж Та бодож байна вэ?
С.Төмөр-Очир: Философийн боловсролыг иргэдэд олгохдоо хүүхдийн бага наснаас нь анхаарч монгол зан заншил, ёс зүйд анхаарч эх оронч, жинхэнэ монгол хүн болгон төлөвшүүлэхэд анхаарах ёстой гэж бодож байна.
Д.О: Таны ярианаас нэг зүйлийг тодруулмаар санагдлаа. “Боловсролын философи”, “Философийн боловсрол” гэсэн хоёр ойлголтын ялгаа юу вэ?
С.Төмөр-Очир: Энэ хоёр ойлголт хоорондоо холбоотой боловч ялгаатай. “Философийн боловсрол” гэж юуг илэрхийлсэн ойлголт болохыг өмнө тайлбарласан. Харин “Боловсролын философи” гэдэг нь боловсролын үндэс болсон боловсролын бодлого, зарчим, түүний үүрэг, зорилго, хөгжлийн зүй тогтол, боловсролын хөгжлийг тодорхойлогч хүчин зүйл, бие хүний төлөвшлийн асуудал, боловсролын агуулга, технологи, багш, сурагчийн үүрэг хөгжил, боловсролын хөгжлийн чиг хандлага зэргийг философийн үүднээс судлах, тайлбарлах сургаалын цогц гэж тодорхойлж болно.
Д.О: Таныг боловсролын салбарт олон жил ажилласан, боловсролын удирдах шатны ажил эрхэлж явсан хүний хувьд манай улсын боловсролын философийн үзэл баримтлал ямар байна вэ? Цаашид юун дээр анхаарах, юу хийвэл зүйтэй гэж та бодож байна вэ?
С.Төмөр-Очир: Боловсролын философийн асуудлаар эрдэмтдийн санал зөрөлдөөнтэй байдал нэлээд хэдэн жил үргэлжилсэн. Зарим эрдэмтэн боловсролын философи гэж байх бололцоогүй. Зөвхөн боловсролын онол, арга зүйг судалдаг боловсрол судлалын шинжлэх ухаан л оршин байх бололцоотой гэж үзэж байв. Нөгөө хэсэг эрдэмтэн боловсролын философийн шинжлэх ухаан л оршин байх бололцоотой. Боловсролын онол арга зүйг боловсролын философи л судлах ёстой гэж үзэж байлаа. Сүүлийн жилүүдэд эрдэмтэд зөвшилцөлд хүрч боловсролын философи, боловсрол судлалын шинжлэх ухаан оршин тогтнон хөгжиж байгааг хүлээн зөвшөөрөх боллоо.
Манай боловсрол судлалын болон философийн хүрээлэн хамтарч боловсролын философийн асуудлаар эрдэм шинжилгээний хурал бараг жил бүр зохион байгуулж, сурах бичиг, гарын авлага хэвлүүлэх боллоо. Цаашид эрдэм шинжилгээний хурлын зөвлөмж, судалгааны бүтээлийн шинэлэг санаа, санаачилга, төрийн бодлогыг амьдралд хэрэгжүүлж, чанарын өөрчлөлт гаргах л шаардлагатай байна.
Д.О: 2020 онд та “Дэлхийн боловсролын харьцуулсан судалгаа” гэсэн сонирхолтой бүтээл туурвисан. Мэргэжлийн хүрээнийхэн мэдэж байгаа байх. Тэгэхээр тэр талаас танаас бас тодруулах зүйл байна. Тэр бүтээлдээ “…залуу үеийнхний хөгжилд ёс суртахууны үнэт чанарын ялгааг хүндэтгэх хүмүүжил зайлшгүй” хэмээн бичсэн байсан. Энэ санаагаа та дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү.
С.Төмөр-Очир: Өнөөгийн дэлхийн улс орнуудын боловсролын тогтолцоог харьцуулан судалбал бараг адил болж байна. Хүүхдийг сургуульд суралцуулж эхлэх нас, сургалтын агуулга, технологи ижил боллоо. Харин орон бүрийн хүүхдийн нас бие, сэтгэхүй, зан заншил. үндэсний онцлогоос хамаарах өвөрмөц байдал хадгалагдах ёстой. Ямар ч нөхцөлд, ямар ч аргаар сургасан монгол хүүхэд хэзээ ч япон, англи хүүхэд болж өөрчлөгдөхгүй. Монголчуудын ёс суртахууны үнэт чанар өвлөгдсөөр ирсэн. Өөрөөр хэлбэл, үүгээрээ ондооших болно. Өөр үндэстний ёс суртахууны үнэт чанарыг үл хайхрах, дорд үзэх явдал илэрч болзошгүй байна. Үүнийг гаргуулахгүй байх арга зам бол бусдын ёс суртахууныг хүндэтгэх хүмүүжил олгох явдал зайлшгүй болоод байгаа юм. Энэ чанарыг эзэмшүүлэх нэг арга зам бол монгол хүний ёс суртахууны үнэт чанар болон халх, казах, буриад, дөрвөд, баяд, захчин, торгууд, үзэмчин, өөлд зэрэг угсаатны бүлгийн ёс заншил зэргийг хичээлээс гадуур заавал заадаг болох ёстой гэж боддог.
Д.О: Та МУИС-ийн ректороор ажиллаж байсан. Бүр өмнө нь сургалт, хүмүүжил эрхэлсэн дэд захирлын алба эрхэлдэг байжээ. Тэр үед оюутнуудад ёс зүйн боловсрол олгоход ямар ажил голдуу хийдэг байсан бэ? Өнөөдөр бид юун дээр илүү төвлөрч ажиллавал дээр гэж бодож байна?
С.Төмөр-Очир: Намайг МУИС-д ажиллаж байх үед бүх ангид “Этика” буюу ёс зүйн хичээл заавал судлах хичээлд тооцогддог байсан. Бид хуучин зүйлийг бүгдийг нь таягдан хаяж болохгүй. Гэхдээ хуучныг тэр хэвээр нь хуулна, давтана гэсэн үг биш. Зохимжтой хэлбэрийг олж ёс суртахууны боловсролыг олгоход анхаарах ёстой гэж боддог.
Д.О: Эцэст нь Тантай ярилцах боломж олгосон Дэлхийн философийн өдөрт талархаж байна. Энэ жилийн Дэлхийн философийн өдрийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх философи” гэсэн сэдвийн дор тэмдэглэж байгаа юм байна. Хүн төрөлхтний философи сэтгэлгээний хөгжил, соёлын талаарх мэдлэгийг хүн бүрт хүргэхэд энэ өдрийг тэмдэглэх нь чухал ач холбогдолтой. Ирээдүйд илүү сайн сайхан амьдрахад философи ямар ач тустай вэ? гэдэг асуултаар энэ удаагийн ярилцлагаа түр өндөрлүүлье.
С.Төмөр-Очир: Философи танин мэдэх, амьдралаа өөрчлөх, аливаа асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх арга, аргачлал болдог учраас түүнд л ач холбогдол нь оршино гэж хэлж болно байх.
Д.О: Баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье. Монголын залуучуудыг соён гэгээрүүлэх эрдэм номын ажилд нь улам их амжилтыг хүсэн ерөөе.
Ярилцсан: МУИС-ийн багш Д.Оюунгэрэл