Өвөр монголд “Жамуха” номын өргөө нээгдлээ
Өвөр монголын Ордос хотын Үүшин хошууны Бузай гацааны Шаваг овооны өрцөнд 2024 оны 7-р сарын 1-ний бэлэгт сайн өдөр “Жамуха” номын өргөө үүдээ нээж, өрхөө сөхлөө. Энэхүү номын өргөөг үүсгэн байгуулагч нь монголын гүн ухаан, буддын логикийн судалгаа хийдэг Өвөр монголын Багшийн их сургуулийн багш, доктор (Sc.D), профессор Тү.Өлзий юм.
Нээлтийн бага хуралдайд соёл судлаач Эрхсэцэн, нэрт сэтгүүлч Ш.Ганхуяг, номын өргөөг санаачлагчдын төлөөлөл Сэцэнбаатар, Алтангоо нар болон нутгийн зон олон хуран цуглажээ. Нээлтийн үеэр Өвөр монголын Ардын хэвлэлийн хорооны дарга асан Журамт олон тооны номоор хандив өргөсөн юм. Гадаадын монгол судлаачдаас Японы эрдэмтэн Ба.Болд, АНУ-д ажилладаг Журамту, МФХ-ы гүйцэтгэх захирал доктор (Ph.D) М.Золзаяа, ӨМ-ын яруу найрагч Эрдэнэтогтох, Төрийн радио хорооны нэвтрүүлэгч Уранчимэг нараас баярын мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүсэв. Тус номын өргөөний эрхлэн хариуцагчаар Өвөр монголын “Гаршаа” соёл, зуучлалын ХХК-ны захирал Сэ.Үлэмж томилогдон ажиллаж байна. Номын өргөөний хамт олноос Монголын философич эрдэмтэдтэй хамтран ажиллах талаар санал солилцов.
Бэлтгэсэн Сэ.Үлэмж