Академич Ч.Жүгдэрийн эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган
БШУЯ-ны сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлөөс эрхлэн хэвлүүлдэг “Монгол судлалын шилдэг өв” цувралын хүрээнд академич Ч.Жүгдэрийн эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган 2 боть номыг МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, ШУА-ийн Философийн хүрээлэнгээс хариуцан хэвлүүлжээ. Үүнд: “Монголын нийгэм-улс төр, философийн сэтгэлгээний хөгжил (Эртнээс-XX зуун хүртэл)”, “Агваанбалдангийн гүн ухааны үзэл ♦ Ахмад үе ♦ Илтгэл, өгүүллүүд” гэсэн 2 боть бүтээл нь академич Ч.Жүгдэрийн эрдэм шинжилгээний ганц сэдэвт цуврал бүтээлүүд болон онолын суурь судалгааны үр дүнг цогц, бүхэл байдлаар нэгтгэн тусгасан бөгөөд тус бүтээлийг эмхэтгэн хэвлүүлэх ажлыг судлаач А.Жамбал, Ж.Бямбацогт нар гүйцэтгэжээ.

Номын нээлтийг МУИС-ийн Эрдмийн танхимд 12-р сарын 16-ны өдөр зохион байгуулав. Нээлтэд МУИС-ийн ШУС-ийн захирал Д.Заяабаатар, Философийн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэн, хамтран ажиллаж байсан профессор Д.Дашпүрэв, Д.Тунгалаг, “Монгол уламжлал академи”-ийн тэргүүн Л.Дашням, МФХ-ы ерөнхийлөгч Д.Гантөмөр, МУИС-ийн профессор Р.Дарьхүү, судлаач А.Жамбал, Ч.Жүгдэр агсны хүү Ж.Бямбацогт нар үг хэллээ.
