Эрдэм шинжилгээний хурал болж өнгөрлөө
2021 оны 12-р сарын 17-нд Л.Витгенштейний “Логико-философский трактат” зохиол анх хэвлэгдсэний 100 жилийн ойг тохиолдуулан МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав.
Тус хуралд философийн шинжлэх ухааны доктор, зөвлөх профессор Ц.Гомбосүрэн “Логико- философский трактат”-ыг анх уншсан, дахин 20 гаруй жилийн дараа уншсан хоёрын маань онцлог (философидох хорхойтой ч туршлага хараахан суугаагүй залуусад зориулав)” сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ. Тэрээр илтгэлдээ “Доктор, профессор М.Отгонбаярын орчуулсан “Логик, философийн трактат” гэдэг Л.Витгенштейний бүтээл бол тэрээр зохиомол хэлэнд, бүр тодруулж хэлбэл математик логикийн хэлэнд аналитик философийн үүднээс хийсэн шинжилгээний нь үр дүн билээ. Энэ бүтээл “сонгодог биш”, “уламжлалт биш” гэж тодотгодог ердөө 100 гаруй жилийн түүхтэй байсан философийг улам бататгаж, түүний бие даасан аналитик чиглэлүүдийн нэгийг нь үүсгэлцэж, тодорхой байдлаар хөгжүүлсэн юм” хэмээн дүгнэжээ.