ВОЛКЕР ГЕРХАРДТ: ҮНЭНДЭЭ НИЦШЕ, КАНТ ХОЁР МАШ ТӨСӨӨТЭЙ
Дэлхийн философийн 24-р их хурлыг тохиолдуулан Фуданы их сургуулийн Философийн сургууль, Зүүн Хятадын БИС-ийн Философийн тэнхимээс хамтран 24 философичтой ярилцлага хийжээ. Уншигч та бүхэнд Фуданы их сургуулийн Философийн сургуулийн дэд профессор Луо Я Линь-ий Германы философич Волкер Герхардтай хийсэн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
Асуулт: Бээжинд зохион байгуулагдсан Дэлхийн философийн их хурлын өмнөхөн бидний урилгыг хүлээн авсанд маш их баяртай байна. Та 1988-1992 онд Кельн дэх Германы Спортын их сургуулийн Философийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж, 1992 онд Берлиний Хумбольдтын их сургуулийн профессор болсон. Хүрээлэнг сэргээн босгох чиглэлээр олон ажил хийсэн. Тухайн үед нөхцөл байдал ямар байсан бэ? Философийн хүрээлэнг сэргээн босгохын тулд та юу хийсэн бэ?
Хариулт: 1967 оноос хойш оюутны төлөөллөөс эхлээд их сургуулийн туслах багш нар, профессоруудын улс төрийн асуудал биднийг ихэд зовоож байсан. Энэ нь хожим Хумбольдтын Их Сургуульд шинэчлэл хийх үндэс болсон бөгөөд нэн яаралтай тогтолцооны шинэчлэл хийхийг шаардсан юм. Боловсон хүчний асуудлыг шийдвэрлэх, хүмүүсийн итгэлцлийг бий болгох, юуны өмнө бид БНАГУ-ын эрдэмтэдтэй мэргэжлийн түвшинд харилцаж, нэгдсэн төлөвлөгөө гаргах хэрэгтэй болсон. Харамсалтай нь цөөн тооны хүмүүст амжилттай бөгөөд залуучууд шинжлэх ухааны тогтолцооны өөрчлөлтөд дасан зохицоход бэрхшээлтэй байсан. Зарим судлаач логик, философийн түүхийн судалгаагаа үргэлжлүүлэн олон улсын судалгаатай уялдах боломжтой болсон нь амжилт байв.
Бид Хумбольдтын их сургуульд ХХ зууны философийн судалгааны шинэ салбаруудыг нэвтрүүлж, Берлинд Эрнст Кассирерийн өвийг хэвлэн нийтлэх ажлыг эхлүүлсэн.
Өөр нэг утга учиртай зүйл гэвэл Берлинд Карл Марксыг мартагдахаас сэргийлэхийн тулд тодорхой ажил хийсэн. 1996, 2001 онд салбар дундын хоёр цуврал лекцээр авч үзсэн. Дараа нь би хоёр цуврал лекцийн эсээнүүдийг нэгтгэн хэвлүүлсэн. Миний бодлоор 1933, 1945 онд болсон түүхэн хоёр тасалдлын дараа Хумбольдтын их сургуулийн философийн уламжлалыг хүмүүсийн дурсамжид сэргээсэн нь маш чухал болсон. Хувь хүн талаас би их сургууль, шинжлэх ухаан, улс төрөөс болж философиос холдсонгүй. Кант, Ницше нарын тухай судалгаагаа хэвлүүлж байна. 1999, 2000 онд хоёр монографид янз бүрийн сэдвийг өөрийн үзлээр тайлбарласан нь тодорхой хэмжээгээр онцлогтой болсон.
Асуулт: Та Хумбольдтын их сургуульд ажиллахаас гадна 1998 оноос Берлин-Бранденбургийн ШУА-ийн гишүүн, тус академид удирдах алба хашсан. Берлин-Бранденбургийн ШУА ямар онцлогтой байгууллага вэ? Их, дээд сургуулиас ямар ялгаатай вэ?
Хариулт: ШУА бол Афины Платоны академиас уламжлалтай гэж болно. 15-р зууны дундуур Афинаас Флоренц руу шилжсэн. 16-17-р зууны үед европын олон хотод ШУА-иудыг байгуулсан. Берлин 1700 онд ШУА-ийг байгуулсан. Тэр үед Пруссын ШУА гэж нэрлэгддэг байсан нь өнөөгийн Берлин-Бранденбургийн Шинжлэх Ухааны Академи юм. ШУА нь салбар дундын эрдэмтдийн хамтын ажиллагааг хөгжүүлж, судалгааны төслийг хэрэгжүүлдэг. Би 1998 онд Берлиний ШУА-ийн албанд байх үедээ ШУА-ийн судалгаа нь их сургуулийн судалгаанд нэмэлт нөөц болдогийг маш тодорхой ойлгосон. ШУА нь урт хугацаанд судлах ажилд тэргүүлдэг бол их сургуулиуд эдгээр ажлыг хийх хангалттай мөнгө, цаг зав гаргадаггүй байсан.
Би “Кант” номоо дуусгаад ШУА-ийн нэг төлөвлөгөөт төслийг хэрэгжүүлэх шийдсэн учир энэ “урт хугацааны төлөвлөлт”-д их анхаарсан. Дараа нь би Берлин-Бранденбургийн ШУА-ийн төлөвлөгөөт 30 төслийг хариуцсан дарга болсон. 2002 онд би Германы Шинжлэх Ухааны Академийн 8 зөвлөлийг багтаасан даргаар сонгогдсон бөгөөд энэ албан тушаал дээр байхад 160 төлөвлөгөөт төсөл хамаарч байсан.
Энэ албыг 2012 он хүртэл хашсан, арван жилд улсын төсөв 30 саяас 60 сая болж нэмэгдсэн. Кантын бүтээлүүдийн 2024 онд 300 насны ойгоор нь дуусгахаар төлөвлөж байна.
Асуулт: Таны шинжлэх ухааны менежментийн салбарт хийсэн ажил Германы олон эрдэмтэнд өгөөжөө өгчээ. Та олон жилийн турш Ницше, Кант нарын үзэл санааг судлахад онцгойлон анхаарч ирсэн, тэдний талаар тодруулъя. Кант, Ницшегийн философид ямар асуудал сонирхолтой вэ?
Хариулт: Тэд орчин үеийн ертөнцийг шүүмжилдэг. Ницше өөрийгөө Кантыг эсэргүүцэгч гэж үздэг ч үнэндээ Канттай их төсөөтэй. Тиймээс тэдгээрийг холбон тайлбарлах нь зүйтэй юм. Харьцуулалтаас харахад Кант амьдралын тухай үзэл, соёлын онол боловсруулсан тул түүнийг “амьдралын философич” гэж нэрлэж болох юм. Ницше, Кант хоёрын адил тал нь “шүүмжлэлт” сэтгэгчид юм. Кант мэдлэг, үнэнийг шүүмжилсэн ч танин мэдэхүйн логик шалгуурыг шаарддаг. Түүний философи бүхэлдээ мэдрэхүй ба оюун ухааны хөгжлийн онцлогийг авч үзсэн.
Ницшегийн онцгой хувь нэмэр бол тэрээр шинжлэх ухаанаас хамааралгүйгээр философийн нэр хүндийг сэргээсэн юм. Ницше улам нарийссан академик философийн хил хязгаарыг эвдэж, философи ба урлагийг хослуулсан. Тиймээс өнөөдрийг хүртэл боловсролтой уран бүтээлч, зохиолчдоос гадна залуучууд түүний философийг сонирхож байна.
Чухамдаа Ницшегийн үзэл санааны зөрчилт тал нь хойч үе тайлбарлах өргөн боломжийг үлдээсэн юм. Тэрээр үнэнийг шүүмжилж үнэний хүчин төгөлдөр байх шаардлагыг үнэн шүүмжлэлдээ харуулсан. Ницше “бурхан үхсэн” гэж тунхагласан. Түүний бурхны үхлийн тунхаглалд хэлсэнчлэн, энэ бурхны тухай бид дахин ийм гэж хэлэх аргагүй. Ницше ухамсар ердөө махан биеийн хүүхэлдэй ч ирээдүйн философийн гол хэрэгсэл болно гэж байв. Ницше хүнлэг ёсыг “дэмий яриа” гэж үздэг байсан бөгөөд бүхий л төсөөлөлдөө хүний ирээдүйг онож харсан. Гэсэн хэдий ч түүний өдөөн хатгасан сэтгэлгээ нь философийн өмнө тулгарсан томоохон сорилтуудыг хамардаг.
Кант шинжлэх ухаан ба ёс суртахууныг уялдуулахыг хичээсэн. Кант 100 гаруй жилийн өмнө Ницшегийн үзлийг илэрхийлж байсан бөгөөд шинжлэх ухаан, ёс зүйд нийцсэн шийдлүүдийг олохыг эрмэлзэж байжээ. Кантын оруулсан томоохон хувь нэмэр бол тэрээр байгалийг түүхэн талаас нь тайлбарлаж, амьдрал ба оюун санааны гарал үүсэл нь байгаль (байгалийг материаллаг байдлаар ойлгосон ч) гэж үздэг тул материализм ба идеализмын хоорондох маргааныг үгүй хийсэн юм. Кант “эмпирик байдал” ба “трансценденталь санаа”, “байгалийн ноёрхол” ба “оюун ухааны ноёрхол”-ын хоорондын ялгааг гаргахад хүний “байр суурийг” тодруулдаг. Эдгээр ялгаа нь танин мэдэхүйгээс болон үйлдлийн дотоод асуудлыг илэрхийлнэ, иймээс “хэтийн төлөв” асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн. Энэ нь зарим зүйлийн универсалын дуализмыг санал болгоогүй. Кант амьдралын тухай болон соёлын онолдоо дуализмыг даван туулжээ. Тиймээс тухайн үед Кант урлаг бол соёлын чиглүүлэгч, улмаар урлаг шинжлэх ухаан руу чиглэх цагт, энэ нь хүний оршихуйд юу гэсэн утгатай вэ гэдгийг тодорхойлсон. Эдгээрээс Кант, Ницше хоёр хэр төсөөтэйг харж болно.
Асуулт: Кантын философи нь дэлхийн өнцөг булан бүрт гүнзгийрүүлэн судлах сэдвийн нэг хэвээр байна. Их Британи, АНУ-д хийсэн судалгааны талаар та ямар тайлбар өгөх вэ?
Хариулт: Герман, Швейцарь, Австри улсад Кантын талаар хийсэн судалгаа түүхэн болон шүүмжлэлт шатанд хүрсэн. Өөрийгөө ухамсарлахуй, ёс зүй, улс төрийн шинжлэх ухаан, эрхийн онол зэрэг системчилсэн судалгаа байдаг. Кантын гоо зүйн сэтгэлгээ ч анхаарал татсан. Кантын шашны философийн талаар нэгэн томоохон ажил дуусгаж байна. Судалгааны үр дүн нэлээд арвин боловч түүний улс төрийн онол, амьдралын философи, соёлын онолын талаарх системчилсэн судалгаа үгүй байна.
Их Британи, АНУ дахь судалгаа их үр дүнтэй боловч миний бодлоор анхны тогтолцоот шинжтэй асуудал дахь оргиналь шинж байдал алдагдсан байна.
Асуулт: Та өнөөдрийн ертөнцийг хэрхэн ойлгодог вэ? Таны бодлоор өнөөгийн ертөнцийн гол шинж чанар юу вэ?
Хариулт: Өнөөдрийн ертөнцийн шинэлэг зүйл бол технологийн бий болгосон нэгдэл юм. Эрт үед хүн төрөлхтөнд бүхэлдээ нэг улс орны дор бүх хүмүүсийг нэгтгэх гэсэн онол байсан. Дундад зууны үед Ази, Африк, Европт хүмүүс иудаизм, христийн шашин, лалын шашинд итгэж байсан. Эдгээр шашинд хүн төрөлхтөн шашны дор нэгдсэн гэсэн ойлголттой байжээ. Орчин үеэс хойш дэлхийд аажмаар нээлт, танин мэдэхүй, туршлагын орон зай бий болж, европчууд ертөнцийг өөрсдийн бүх зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагааны орон зай болгосон. Тиймээс колоничлол улам бүр эрчимжиж, янз бүрийн газар дайн ар араасаа дэгдэн аажмаар намжсан. Эдгээр дайн дэлхийн 2-р дайнаар үргэлжилж, маш их хохирол амсав. Ийм нөхцөлд НҮБ байгуулагдсан бөгөөд эрх чөлөө, энх тайвны дэг журмыг тогтоох үзэл санааны институцийн баталгаа болж өгсөн. Гэвч НҮБ одоог хүртэл олон улсад энх тайвныг тогтооход хангалтгүй байна. Бид ойрын ирээдүйд олон улсын эрх зүйгээр энх тайвны илүү найдвартай баталгаа бий болохыг тэсэн ядан хүлээж байна.
Гэхдээ өнөө үед дэлхийн улс орнуудад тулгараад байгаа асуудал бол зарим улс оронд эдийн засгийн, шашны шалтгаанаар эсвэл бүс нутагт эрх мэдлээ хадгалах байр сууринаас хамааран энх тайвны үзэл баримтлалыг дагаж мөрдөхгүй байна. Байгаль орчны хямралыг арилгах, ядуурлыг даван туулах, шашинд хүлээцтэй улс төрийг бий болгох хүчин чармайлт дутмаг байна. Тиймээс бид дайны аюул заналхийлэлтэй тулгарч байгаа бөгөөд цөмийн зэвсэг ашиглах нь өнөөгийн харилцаа холбоо, технологийн өндөр эрчимтэй дэлхийн соёл иргэншлийг устгаж болох юм.
Асуулт: Өнөөдөр философи дэлхийн төлөө юу хийж чадна гэж бодож байна вэ?
Хариулт: Философи нь энх тайвны төлөө, хүний эрхийг хамгаалах, хууль ёсыг хангах аргументыг гаргаж чаддаг. Үүний тулд философи нь хэлэлцүүлэгт нээлттэй байх ёстой. Философи нь эхлээд хүн төрөлхтөн гэж юу болох, хүн төрөлхтөн ба байгаль, соёлын дотоод холбоотой хүн төрөлхтний үүрэг хариуцлагыг тодруулж чадна. Үүнээс гадна, философи нь харилцааны дотоод зөрчлийн загварыг тогтоож болно. Философи бол шүүмжлэлт чанартай. Үүний зэрэгцээ философи нь үзэл санаа, дэг сургуулиудын олон янз байдлыг дээд зэргийн сайн зүйл гэж хүндэтгэх ёстой. Философи нь олон төрлийн дэг сургууль шаарддаг төдийгүй олон философичдыг шаарддаг.
Философийн гол үүрэг бол философийн янз бүрийн уламжлалыг өөр өөр иргэншилд нээлттэй байршуулж, тэдний үзэл санааг нээн илрүүлэх, орчин үеийн ач холбогдлыг нь бий болгох явдал юм. Философи нь танин мэдэхүйн олон янзын сонирхол, аргыг хүндэтгэдэг. 2500 жилийн өмнөх философи нь олон үзэл санааны зөрчлөөс үүссэн бөгөөд энэ нь философийн бүх түүхийг хамарч, түүний бүтээлч чанарыг бий болгосон юм. Философи ганц арг зүйг хэрэглэх л юм бол нэг л соёлыг бий болгоно, аажмаар уруудан доройтоход хүргэнэ.
Асуулт: Өнөөдөр Германы философичид өнөөгийн дэлхийн шинэ чиг хандлагад хэрхэн хариулж байна вэ? Орчин үеийн Германы философид нийтлэг ямар хандлага байна вэ?
Хариулт: Тодорхой схем, төлөвлөгөөний дагуу нийтлэг хандлага байдаггүй. Гэхдээ Герман улсад хэдэн арван жил давамгайлж ирсэн хэлний анализын философи ба улам бүр үгүйсгэгдэж буй түүхийн судалгааны хооронд тэнцвэргүй байдал бий. Герман, европын философийн уламжлалыг судалдаг философичид цөөрсөн гэж хэлж болно. Гэхдээ эдгээр судалгааг бусад орны оюутнууд хийсээр байна. Европчууд перс, энэтхэг, хятад, японы философийн уламжлалыг үл тоомсорлодог. Би бол Ухань их сургуулийн хүндэт профессор, Бээжин, Шанхай, Гуанжоу, Чанша, Ханжоу зэрэгт очиж байсан. Хятадын Күнзийн уламжлалыг би маш их хүндэлдэг. МЭӨ 500 оны үед “тэнхлэгийн эрин үе” байсан. Тэр үед Күнз, Будда, Заратустра, Сократ зэрэг дэлхийн болон бүс нутгийн сэтгэгчид шинэ философи сэтгэлгээг авчирсан юм. Бид эргэцүүлэхдээ тэднийг чиглүүлэг болгож байх ёстой.
Асуулт: Дэлхийн философийн их хурлын сэдэв нь “Хүн байхад суралцахуй” юм. Энэ сэдвийг та хэрхэн ойлгож, тайлбарлах вэ?
Хариулт: Энэ сэдэв маш чухал бөгөөд маш бодит юм. Энэ нь философийн гол санаануудын нэгийг илэрхийлж, хүн төрөлхтөн мартаад буй бидний эв нэгдлийг онцолсон болно. Өнөөдөр энэ цэгийг эргэн харах шаардлагатай байна. Зөвхөн байгаль, соёлын дотоод холбоог дахин ухаарахаас гадна үзэл бодол, үйлдэл, мэдрэмжийн дотоод холбоо, амьтан ба хүн хоорондын холбоог дахин ойлгох юм.
Би 2019 онд “Хүнлэг ёс-хүн бүрийн хувь шинж” хэмээх шинэ ном хэвлүүлэх болно. Дэлхийн философийн их хурлын сэдэв надад ямар цочрол авчирсныг харуулахын тулд бичнэ.
Философийн хувьд “хүн байх” нь зөвхөн аналитик аргаар шийдвэрлэх онолын сэдэв биш юм. Философи өөрөө хүн байх арга, онол бөгөөд дэлхийн практик харилцаанд хүнлэг ёсны нэг загварыг бий болгосон. Күнз, Сократ, Кант нар “хүн гэж юу вэ?” гэж асуухаас гадна хүн байхын утга учрыг өөрсдийн амьдралаар харуулахыг хичээсэн. Философичид эрэгтэй, эмэгтэй бүх хүний төлөө өөрийгөө болон ертөнцийг танин мэдэхүйн үлгэр жишээг гаргаж өгөх хэрэгтэй. Чухамдаа энэ бол оюун санааны амьдралын нэг боломж (энэ нь “хамтрагч” болохын хувьд, хүн бүрийн доторх хүний хувьд). Тиймээс хүнлэг ёс бол зөвхөн философийн асуудал биш, үүнийг бас шаардлагатай хэм хэмжээ гэж үзэх ёстой. Түүнчлэн философийг шинжлэх ухаан, бусад олон шинжлэх ухааныг бойжуулсан шинжлэх ухаан гэж байсныг мартаж болохгүй. Философи бусад шинжлэх ухаантай холбоотой байх ёстой бөгөөд тэдгээр шинжлэх ухааны хамтын ажиллагааг сайжруулахын тулд хамтран ажиллах ёстой.
Асуулт: Бээжин хотод анх удаа WCP зохион байгуулахад Хятадын эрдэмтэн судлаачид маш их баярлаж хүлээн авсан. Та Хятадын философи, соёлыг хэрхэн ойлгодог вэ? Өнөөдөр Хятадын философи дэлхийд ямар хувь нэмэр оруулж чадна гэж бодож байна вэ?
Хариулт: Орчин үеийн Хятадын философи нь нээлттэй болж буй нь дэлхийн бусад философид үлгэр жишээ болно. Хятадын залуу философичид Европ, Америк, Энэтхэг эсвэл Африкийн философийг сурч, ойлгохыг эрмэлздэг. Кант, Ницшегийн философийн түүхийн судалгаа, ялангуяа шашны философийн асуудал дээр хятад мэргэжил нэгтнүүдийн нарийвчилсан ойлголт, өндөр мэдлэг надад гүн сэтгэгдэл үлдээсэн.
Хэрэв бусад сэтгэгчдийн байр суурийг хүлээн зөвшөөрч, туршин шүүмжлээд зогсохгүй өөрийн үзэл бодлоо нэмж, сэтгэлгээгээ хөгжүүлж чадвал маш тустай.
Би одоо Хятадад профессор болсон миний нэг доктороос “хятадаас нөхөд нь Кантын зарим хүнд хэцүү асуудлуудыг үнэн зөв ойлгож чадахгүй бол шүүмжилдэг, гэхдээ шүүмжлэлт шинж нь эдгээр асуудлыг эргэцүүлэхэд хүргэдэг” гэж сонссон. Хятадад хэд хэдэн удаа очихдоо хятад эрдэмтэд философийн авьяастай болохыг мэдэрсэн.
Үүний зэрэгцээ хятад судлаачид өөрсдийн философи, соёлыг сурталчлахаа мартах ёсгүй. Би Күнзийн үзэл, даосизмийг сонирхож үзэхэд үнэхээр чухал байсан. Хятадын философичид ийм олон мянган жилийн бодит мэдлэгийг урагшлуулж чадна гэж найдаж байна.
Асуулт: Та энэ завшааныг ашиглан философи судалж буй залуу оюутнуудад хандаж юу хэлэх вэ? Би зөвхөн Хятадад биш дэлхийн өнцөг булан бүрийн философийн салбарын залуусыг хэлж байна.
Хариулт: Дуртайя зөвшөөрч байна. Би гол төлөв өөрийгөө ойлгох таван зүйлийг ярьдаг.
Нэгдүгээрт, философийн өвийн олон янз байдлыг мэдэх хэрэгтэй, зөвхөн өөрийнхөө соёлоор хязгаарлаж болохгүй.
Хоёрдугаарт, тэд философийн түүхэн дэх нэг ч гэсэн түүхийн асуудлын хүрээ, нэг ч гэсэн тогтолцоот шинжтэй асуудлыг мэдэх ёстой.
Гуравдугаарт, тэд философиос өөр нэг сэдвийг сурах ёстой.
Дөрөвдүгээрт, тэд экзистенциал утгаараа ямар философийн асуудлыг сонирхож байгаа нь тодорхой байх ёстой. Философи нь хэзээнээс цэвэр шинжлэх ухааны салбар биш, хэрэв сайн хийхийг хүсвэл философид тэмүүлэлтэй байх хэрэгтэй.
Тавдугаарт, философичид бусдын бодож байгаа эсвэл урьд нь бодож байсан зүйлийн талаар эргэцүүлэх чадвартай байхаас гадна эхлээд өөрийгөө эргэцүүлэх хэрэгтэй. “Өөрийгөө эргэцүүл” гэдэг нь Кант оюутнуудаасаа шаарддаг зүйл юм.
Эцэст нь Хятад, Европын түүхэн холбоог харгалзсан нэгэн зүйлийг (ялангуяа Карл Марксын 200 жилийн ойг тэмдэглэсэн нь маш чухал ач холбогдолтой юм) сануулмаар байна. Залуу Марксын цөллөгийн үеэр бичсэн “Парисын гар бичмэл” нь түүний философи, улс төрийн үзлийг илэрхийлдэг. Үүнд хүний байгальчлал, хүнчилсэн байгаль гэсэн давхар санаа илэрдэг. Олон хүн үүнийг бодит бус, романтик зорилт гэж үзсэн, гэхдээ одоо хүн төрөлхтөн өөрөөсөө үүдэлтэй экологийн хямралд өртөж, бүр өөрөө оршин тогтноход аюул дор оршиж байгаа үед маш чухал практик ач холбогдолтой. Маркс хүний эрхийг хамгаалахгүйгээр энэ зорилгыг хэрэгжүүлэхгүйг хүлээн зөвшөөрсөн. Энэ үзэл санаатай би үргэлж санал нийлдэг. “Хүн байхад суралцахуй” сэдэвт дэлхийн философийн их хурлын хувьд Марксын энэ санааг хөтөлбөр болгон ашиглаж болно.
(Редактор Ли Ни Ань, wenhuajiangtang -2018.08.12)
Орчуулсан М.Золзаяа
2021.01.03
Тодруулга: Профессор Волкер Герхардт нь 1944 онд Губэнд төрсөн. Франкфурт, Мюнстер хотод философи, сэтгэл зүй, хууль зүй, социологийн чиглэлээр суралцсан; докторын зэрэг (1974), хабилитаци (1984 Sc.D-ын адил). 1985 оноос Мюнстерийн их сургуульд философийн профессор; 1986 онд Цюрихийн их сургуулийн зочин профессор; 1988-1992 онд Кельн дэх Их сургуулийн Философийн хүрээлэнгийн захирал; 1992 онд Хумбольдтын их сургуулийн Практик философийн (хууль эрх зүй, нийгмийн философи) профессор. Берлин-Бранденбургийн ШУА-ийн гишүүн; 2001-2007 онд Берлин-Бранденбургийн ШУА-ийн төсөл хариуцсан дэд ерөнхийлөгч; 2002 оны 9-р сараас хойш Фридрих Ницшегийн бүтээлийн хэвлэлийн редактороор ажиллаж байна. 1997-2002 онуудад АХХ-ны Био ёс зүйг санхүүжүүлэх санаачилгын комиссын дарга. Академийн холбооны эрдэм шинжилгээний комиссын дарга. 2005 онд Александр фон Хумбольдтын сангийн шагналын хорооны гишүүн, Берлиний их сургуулийн ёс зүйн хорооны гишүүн, 2005 оноос Баварийн академид Фридрих Вильгельм Йозеф Шеллингийн зохиолыг хэвлэн нийтлэх хорооны гишүүн болжээ. 2007 онд Ухань хотын их сургуулийн хүндэт профессор. 2008 оноос хойш Хайдельбергийн Шинжлэх Ухааны Академийн Ницшегийн тайлбарыг редакторлах зөвлөлийн гишүүн.