МУБИС-ийн философийн багш Ж.Отгонбаярын орчуулгын бүтээлүүд
З.Фройд. ОНГОН ШҮТЛЭГ БА ХОРИО ЦЭЭР. Балар эртний соёл ба шашны сэтгэлзүй (Орчуулсан Хулуд Ж.Отгонбаяр) УБ.,2009. –151 хуудас.
Гарамгай сэтгэгч тэрбээр Ж.Фрэйзер, Э.Тайлор, В.Вундт, Ч.Дарвин нарын угсаатны зүй, соёл судлал, социологийн бүтээлүүдэд тулгуурлан хүн, нийгмийн гарал үүсэл, соёл иргэншлийн язгуур сурвалжийн тухай өргөн хүрээг хамарсан философи асуудлуудад хандсан тул түүний бүтээл нийтлэг арга зүй хийгээд ертөнцийг үзэхүйн агуулгатай болой. |
Ж.Ж.Фрэйзер. АЛТАН ГИШҮҮ (Орчуулсан Хулуд Ж.Отгонбаяр). УБ.,2011. –781 хуудас.
Энэхүү гаргалгаа ёсоор, хүний сэтгэлгээний дүр төрхийг бүр эхнээс нь тоймлон үзэх аваас, тэрээр үнэн болоод худал ойлголтуудаар нэхсэн нэхээс буюу хар цагаан дөрвөлжин нүд ээлжлэн сэлгэх шатрын хөлөг лугаа адил байх аж. Энд шинжлэх ухааны гэгээ улам бүр цацарснаар саруулсан цэлмэх буюу. |
Бурдуков А.В. ХУУЧИН БА ШИНЭ МОНГОЛД. ЗАХИДЛУУД. (Орч. Э.Базаржав, Хулуд Ж.Отгонбаяр). УБ., 2012, 310 хуудас.
Алексей Васильевич Бурдуков насны наран хэвийх тийш хандахад, Монгол орон, монгол судлалтай холбоо бүхий өөрт буй бүх баримт сэлтээ эмхлэн цэгцэлж, эрдэм шинжилгээний байгууллагуудын гар бичмэлийн санд өгөх нь ирээдүйн монгол судлаачдад хэрэг болно хэмээн найдан “А.В.Бурдуковд эрдэмтэд, зохиолчид болон эрдэм шинжилгээний байгууллагуудаас илгээсэн захидлууд 1909-1938 I боть” гэсэн гарчиг өгөн хавтаслажээ. |
К.Лэви-Строс. БҮТЦИЙН АНТРОПОЛОГИ (Орчуулсан Хулуд Ж.Отгонбаяр). УБ.,2013. – 565 хуудас.
|
В.А.Моисеев. ЗҮҮНГАР ХААНТ УЛС БА КАЗАКУУД (XVII-XVIII ЗУУН). (Орч. Хулуд Ж.Отгонбаяр). УБ.,2015. - 225 хуудас. Судлаач энэ бүтээлдээ нүүдэлчдийн сүүлчийн эзэнт гүрэн Зүүнгар хаант улсаас казакийн жузуудтай хэрхэн харилцаатай байсан, ер нь түүний дотоод, гадаад улс төрийн бодлого, үйл ажиллагаа нь хэрхэн өрнөж, улмаар, Төв Азийн улс төрийн тавцанд ямар нөлөө үзүүлж байсныг түүхэн үйл явдал хийгээд улс орнуудын архивын их баримтанд тулгуурлан тайлбарласан байна.
|
Ролан Барт. ЗОХИОГЧИЙН ҮХЭЛ. (Орч. Хулуд Ж.Отгонбаяр). УБ.,2017 - 126 хуудас. ХХ зууны постструктурализмын нэрт төлөөлөгч Францын өвөрмөц сэтгэгч философич, утга зохиол шүүмжлэгч Ролан Барт (1915-1980) өдөр тутмын амьдралд тохиолдох үйл явдал олон нийтэд хуурамч бодол, төөрөгдөл төрүүлдгийг “өнөөдрийн миф” хэмээн онцолдог билээ. Хэл, утга зохиолын талаарх түүний зарим задлан шинжилгээг түүвэрлэн эмхтгэхдээ нэгэн эх хэрэглэхүүн нь болсон Эдгар Аллан По-гийн “Ноён Вальдемарт тохиолдсон явдлын үнэн учир” өгүүллэгийг хамтатгалаа. |
Фройд З. ТОТЕМ БА ТАБУ. Зэрлэг болон неврозтой хүмүүсийн сэтгэлийн адилсал (Орч. Хулуд Ж.Отгонбаяр) /Хоёр дахь хэвлэл/. УБ.,2019. - 264 хуудас.
Табугийн задлан шинжилгээ нь үнэхээр илүү баталгаатай, тэгээд ч энэ асуудлыг шийдэх оролдлого нь нэлээд бүрэн төгс байдалтай байгаа. Харин тотемизмын судлагдхууныг сэтгэц задлалын үүднээс товч авч үзэхдээ өнөө цагийн асуудлуудыг хамтад нь тайлбарлалаа” хэмээсэн байдаг. Тус номонд герман эхийнх нь дэлгэрэнгүй тайлбар зүүлтийг, зарим нэр томъёоны толийн хамт орууллаа.
|
Тайлор Э. БАЛАР ЭРТНИЙ СОЁЛ (Орч. Хулуд Ж.Отгонбаяр) /Хэвлэлийн редакцид байгаа/ Первобытная культура. Пер. с англ. - М.: Политиздат, 1989. - 573 с. ISBN 5-250-00379-6.
Түүний онол нь анимизмыг (юмсын амь хийгээд сүнсэнд итгэх сүсэг итгэлийг) бүх шашин ургаж гарсан үр хөврөл байдлаар авч үздэг. Өнөө цагт түүний олон санааг судлаачид няцаадгаас үл хамааран браимтын далай бүхий ном нь шашны гарал угшлыг судлах чухал эх сурвалж болсон хэвээр байна.
|
ХҮМҮҮЖИЛ АНТРОПОЛОГИЙН ҮҮДНЭЭС. (Орч. А.Уянга. Ж.Отгонбаяр, Г. Ариунцэцэг). УБ.,2015. -196 хуудас.
Энэ үндсэн дээр зан үйлийн боловсрол олгох номлолыг чухалчлан боловсруулсан нь багш, сурган хүмүүжүүлэгчид, бодлого тодорхойлогчид, эцэг эхчүүд гээд боловсролын асуудлыг судлагч, сонирхогч ер хэн бүхний анхаарлыг гойд татсан билээ. Тус номлол аргачлалын тухай энд өгүүлнэ. |
СОФИЛО цуврал
Хүн гэж юу? Хүн хэрхэн оршин байна вэ? Хүний амьдралын утга учир чухам юу юм бэ? зэрэг мөнхийн асуудлуудын тухайд Софило үзлүүдийн индэр, амьд диалоги байх юм. |
|
ХҮНИЙ ТУХАЙ ФИЛОСОФИ. (Орч. Хулуд Ж.Отгонбаяр). УБ.,2016. - 237 хуудас. |
Аренский П. МИКЛУХО-МАКЛАЙН АЯЛАЛ. (Орч. Хулуд Ж.Отгонбаяр). УБ.,2016. – 403 хуудас. Үл мэдэх орны зүсэн зүйлийн аюул дунд өөрийгөө гав ганцаар байлгахаар эрсэлсэн үйл хэргийнх нь нэгэн төгсгөл үхэл байж болохыг тайван гэгч эргэцүүлэн яваа энэ хүн бусдын анхаарлыг тэрхэн эгшинд тийн онцгой татсан төдийгүй, хожмын амьдрал нь ч бүхэлдээ тив дэлхийн дуулиан болох учир нигууртай байжээ. |
Мосс С. БЭЛЭГ СОЛИЛЦОО. (Орч. Хулуд Ж.Отгонбаяр). УБ.,2018. -320 хуудас.
Эхлэн харахад энгийн, бүгдийн л танил сэдэв шиг. Гэтэл асуудал байна аа. Ер нь энэ бэлэг сэлт ямар учиртай, ямар үүх түүхтэй эд вэ? “Хар булган дахын чинь хариуд хагацсан улсыг чинь хамтатгаж өгье” гэснийг бодохул бэлэг хүчтэй эд авай. Тэгвэл, эрт урьд цагт бүр ч хүчтэй, идтэй шидтэй байжээ. Бэлэг солилцоо бол хүний оршихуйн нэгэн чухал харилцаа ажгуу. |
Камю А. СИЗИФИЙН ТУХАЙ ДОМОГ. (Орч. Хулуд Ж.Отгонбаяр). УБ.,2018. - 211 хуудас.
А.Камюгийн философи үзлийг товч илэрхийлэхэд “амьдралд утга учир хэдий чинээ бага байна, түүнийг туулж амьдрах үндэслэгээ төдий чинээ их байдаг” аж. Тэрбээр ийн үзэхдээ, юуны өмнө, С.Кьеркегор, Э.Гуссерль, Л.Шестов, М.Хайдеггер, К.Ясперс нарын философийг шүүн эргэцүүлж, ертөнц хийгээд мэдрэмж сэтгэлийн иррациональ талд тэргүүлэх үүргийг оноодог. Учир нь, “Зүрх сэтгэл дуу алдан гасалж, тусламж эрэхэд оюун ухаан хүчин мөхөстдөг” болой. Тийнхүү философи санаагаа бат нот илэрхийлэхийн учир А.Камю утга зохиолын дүрийг байнга тодлол болгох бүлгээ. “Үнэн хэрэгтээ, нэг л ноцтой философи асуудал байдаг нь амиа хорлохуйн тухай юм. Амьдрал нь туулан аж төрөхүйц үнэ цэнэтэй юу, үгүй юу гэдгийг шийдэх нь философийн суурь асуудалд хариулна гэсэн үг” хэмээн Камю алдарт философидоно. |
Боас Ф. БАЛАР ЭРТНИЙ ХҮНИЙ ОЮУН УХААН. (Орч. Хулуд Ж.Отгонбаяр). УБ.,2019. - 302 хуудастай.
|
Жек Лондон. АДАМААС ӨМНӨ. (Орч. Хулуд Ж.Отгонбаяр). УБ.,2019. -195 хуудас.
Эрдэмтэн зохиолч Б.Ринчен гуай Заан Залуудай зохиолынхоо төгсгөлд дурсан бичихдээ “Дээр эртний чулуун зэвсгийн үеийн тухай дэлхийн уран зохиолд роман тууж болгон бичсэн зүйл нэг их олонгүй, ... дунд сургуульд суралцаж байх үеэс амтархан уншиж, Америкийн зохиолч Лондон Джекийн “Адамаас өмнө” гэж чулуун зэвсгийн үеийн тухай бичсэн нэгэн зүйлийг хорин найман онд Монгол болгох гэж оролдож байгаад гүйцээж чадаагүй, хожим гүйцээх ч зав олдолгүй өнгөрсөн билээ” гэжээ. Өрнийн зохиолчид уншигчийн сонирхол татах ямар нэгэн явдал, зодоон, нүдээн, дайсагнах аймаг болон араатан, эмс охид булаалдсан элдэв сонин явдал төдийхнийг сэдэвлэсэн байдаг бол буурал зохиолч маань олон аймаг угсаатны соёл, боловсрол, заншил ёс, зан үйл, наадаан цэнгээн, аман зохиол, эдийн боловсрол гээд өргөн хүрээг хамран онцолдог. Ер хүнийг, тэр тусмаа эртний хүний ахуйг танин мэдэхэд төдийгүй хүн судлалын ухаан дахь соёл-түүхийн болоод биологи-генетикийн хүчин зүйлсийн харилцаа шүтэлцээг ажихад ч Ж.Лондонгийн энэ бүтээл тустай юм. |
Макс Шелер. ФИЛОСОФИЙН ХҮН СУДЛАЛ. (Орч. Хулуд Ж.Отгонбаяр). УБ.,2020 -181 хуудас.
М.Шелер философийн хүн судлалаа тэрлэн бүтээсэн үндсэн ойлголтууд нь дур хүсэл, тэмүүлэл, ассоциатив ой, виталь зарчим, интеллект (оюун ухаан), оюун санаа, идеаци, шүтээн бурхан, БурханТэнгэр юм. Тэрбээр оюун санаа хэмээх ойлголтод өвөрмөц утга шингээнэ. Оюун санаа нь оюун ухаанаас өргөн хүрээтэй төдийгүй, чанарын өөр төвшний ойлголт юм. Хүнийг хүн болгогч зүйл амьдралын ердийн үйл явцын гадна байх агаад амьдралын хувьслын тухай байгалийн ухааны тайлбарт баригдашгүй аж. Хүний мөнчанарыг метафизик байдлаар авч үзсэн тэрбээр бусад амьтдаас ялгагдах хүний гол онцлогийг бурханлиг ертанц болох Орчлон дахь түүний байр байдал хэмээн үзнэ. |
Мирча Элиаде. ДОМОГ ЗҮЙН СЭТГЭЛГЭЭ. (Орч. Хулуд Ж.Отгонбаяр). УБ.,2020. - 325 хуудас. М.Элиаде гарал угшил, ерөнхий үзэл санааны хувьд европ судлаач хэдий ч энэтхэгийн өвөрмөц дагшин философид гэгээрсэн, Гималайн нэгэн сүмд даяанчлан йогийн бясалгал хийж, дорно зүгийнхний шид домын ёс руу нэвтэрсэн нэгэн ажгуу. Домог зүйг шинээр нээж, судалгаандаа тунхаглаж буй баримтлалынх нь гол ойлголт сакрал үйл хэмээх юм. Шашин соёлоо адлан омтгойрч омголон явсан бидний шугаман сэтгэлгээнд хөрвүүлж буулгахад тийм ч амаргүй энэ ойлголт ариун дагшин, сүслэм шүтэм гэсэн бурханлиг бишрэл-үнэлэмжийн утгатай. |