Философидох хорхойтой залууст хандаж буй өвгөн профессорын үг
Уриалга үг. COVID 19 вирусийн тархалтын нөхцөлд ухаан суусан хүн бүр наанадаж гэр бүлийнхэн, алба амины ойрынхон, эх орон нэгтнүүдээ гэж, цаанадаж энэ өвчинд өртсөн ойр, холын орнуудын төлөө, ер нь дэлхий нийтийнхээ төлөө түгшиж байгаа бололтой. Ийм нөхцөлд монголчууд бид төр, засаг маань хүн амынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө авч байгаа арга хэмжээ, шийдвэрийг ухамсартай дагаж; энэ хэцүү хүнд ажлыг галын шугаман дээр гардан гүйцэтгэж байгаа хүмүүстээ хүндэтгэлтэй хандаж, төрийн анхаарал, ивээл тэдэнд маань сайн хүрээсэй гэж хүсэмжилж; хэн хүнгүй алба, амины ажил үйлсээ цалгардуулахгүйгээр урьдынхаасаа ч илүү мэрийлттэй байж, үнэхээр шаардлагатай хэсэгт тусламж үзүүлэх кампанийг аль болохоор дэмжих ёстой нэн чухал цаг үетэй тулгарч байна. Хөл хориог дархлаагаа сайжруулахаас өөр хийх юмгүйгээр зүгээр суух, хойш тавих, хүлээзнэх, төлөвлөснөө орхих гэх мэтээр хүлээж авах биш, харин алдагдаад байгаа бололцоог яаж нөхөх вэ? гэдэгт анхаарах нь залуучуудад маань чухал биз ээ. Хүнд, хүн төрөлхтөнд түмэн бэрхшээл, зовлон тохиолдлоо ч түүнийг даван туулж амьдралаа үргэлжлүүлдэг жамтай. Ийм бодлоо үндэс болгож, философидох сонирхолтой залуусаа уриалж доорх бичвэрийг хэрдээ хэрэг болгож үйлдлээ.
Бичвэртээ зориулсан оршил үг. Философийг их, бага ямар нэг хэмжээгээр судлан эзэмшсэндээ үндэслээд сургалт, судалгаа, сурталчилгаа явуулах ажлыг “философидолт”, “философидох” гэж энэ бичвэртээ нэрлэлээ.
Философидолт бол мэргэжлийн үйл ажиллагаа. Гэхдээ заавал философичийн дипломтой байж ийм үйл ажиллагаа эрхлэх ёстой гэж үзвэл худлаа төдийгүй зарим талаар хортой үнэлгээ. Орчин үеийн философийн гол гол чиглэлийг үндэслэгчдийн нэлээд нь унаган мэргэжлээрээ биш, харин хожим нь онолын сэтгэлгээний онцгой үйл ажиллагаагаараа философич болсон байдаг. Гэтэл философийн мэргэжилтэй, бас философиор эрдмийн зэрэг, цол бүхий зэpэг зарим хүн философи судалгааны үр дүн хэмээн хэвлүүлсэн бүтээлүүдийн нэг хэсэг нь болбоос мэдээллийн өгөөж арвинтай, гэгээрүүлэх ба хүмүүжүүлэх чухал ач холбогдолтой. Мөн бичлэг хэллэгээрээ уншуурга сайтай байгаа ч гэсэн философийн төрөлд багтахгүй, багтаахгүй байснаар өөрийн гэсэн үнэ цэнээ алдахгүй бүтээлүүд байгаа. Тийнхүү тухайн бүтээлийг философийн агуулгатай эсэх гэж үнэлэхийн шалгуур нь түүнийг зохиогч болбоос философийн мэргэжилтэй (дипломтой) юу, үгүй юу гэдэг нь биш, харин мэргэжлийн түвшинд философидож чадсан уу, өөрөөр хэлбэл философийн зохих мэдлэгийн түвшинд философийн тогтсон нэр томьёо ашиглаж, холбогдох философийн үзлийг сурталчилж болон бас өөрөө философийн шинэ ойлголт, үндэслэл бий болгож байгаа юу гэдэг мөн.
Оршил үгээ үүгээр өндөрлөөд хэлмээр санагдсандаа шилжье. Хөгшчүүдийн нэлээд нь оносон оноогүй сургамжилдаг зантай. Тэдний нэг нь би бололтой. Үүнээс гээхийгээ гээгээд, харгалзмаар юм байвал санаандаа үлдээгээд, улиг байвал уучилна биз дээ.
Ганц сургаалыг л хууль ёсны мөрдлөгөө болгож байсан үед диалектик материалист философийг ажил, албаа болгож байсан мань мэтэд одоог бодвол “амар” байж. ХIХ зууны барагцаалбал 20-30-аад он хүртэлх буюу Гегель, Фейербах нарын философи бүтэн агуулга, бие даасан нөлөөгөөрөө түүхийн хувьд үндсэндээ өндөрлөсөн хугацааг хүртэлх (баруун Европын орнуудын) философиуд диалектик материализм үүсэхэд онолын чухал уг сурвалж болсныг зөвшөөрөнгөө тэдгээрийг “Марксаас өмнөх” хэмээн үнэлж байсан. Харин энэ хугацаанаас хойших философиудыг марксист-ленинист философиос агуулгаар ялгаатай хэмээн, үзэл сурталжсан зорилгын үүднээс “хөрөнгөтний харгис философи” хэмээн шүүмжлэн сурталчилдаг байсан. Тийнхүү би мэтийн тэр үеийн олон онолч философийн түүхэн ба орчин үеийн аль ч сургаалыг авч үзэхдээ албан ёсны ганц философийг хэмжүүрээ заавал болгодог байсан нь тэдгээр сургаалд өөрийн гэсэн үнэлгээ өгөх шаардлагагүй, тиймээс хувийн хариуцлага тулгардаггүй, хөдөлмөр ба цаг харьцангуй бага зарцуулдаг зэргээрээ “амар” байв. Харин 1990-ээд онуудаас хойш нийгэм, улс төр, түүх, философи зэрэг чиглэлийн асуудлаар судалгаа, сургалт, сурталчилгааг хэрэгжүүлэх нь амаргүй буюу “зовлонтой” болж хувирав. Тэр нь олон шалтгаантайг зөвхөн философид холбогдуулж дурдья.
Нэгдүгээрт, олон ургальч үзлийн зарчмыг баримтлахыг юу санасан, бодсоноо дураараа хэлэх эрх гэж ойлгосон хүн манайд нэг хэсэг цөөнгүй байсан байх. Угтаа олон ургальч үзэл (плюрализм) бол авч үзэж буй зүйлийг өөр өөр талаас нь, бас түүхэн янз бүрийн нөхцөлд түүний үүсэн оршиж ирсэн онцлогийг харгалзаж шинжилсний үр дүн болсон жич жич мэдлэг бие биеэсээ ялгаатай байдгийг зүй ёсны гэж зөвшөөрдөг үзэл санааны зарчим мөн. Туршлага сайн суугаагүй уншигч нарт зориулж нэг жишээ гаргая. Материалист философийн “матери” гэдэг категорийг бид энэ ойлголтын талаарх диалектик материализмын онтологийнхыг дагнан баримталжилж, бусад философи үзлийг нь үгүйсгэн шүүмжилж ирсэн түүхтэй. Гэтэл энэ ойлголтыг “метафизик абсолют утгагүй зүйл (Р.Авенариус)”, “элементүүдийн буюу сэрлүүдийн зүй тогтолт холбоо (Э.Мах)”, “янз бүрийн дүрийн цогц (А.Бергсон)” гэх мэтээр философичид бие биеэсээ ялгаатай томьёолдгийн аль нь ч танин мэдэхүйн холбогдох тодорхой нөхцөлдөө бол хүчинтэй (үнэн) байдаг. Тийнхүү материйн тухай энэ дөрвөн ойлголтын аль нь ч танин мэдэхүйн холбогдох нөхцөлдөө үнэний хувьтай байлаа ч түүнийг бусад нөхцөлд хамаатуулбал туйлширч, аль нэгийг нь ямагт үнэн, харин бусдыг нь дандаа худлаа байдаг гэж үзэх аргагүй байдаг. Солонгын долоон өнгийн аль нэгийг, тухайлбал цагаан юм уу улааныг, эсвэл хөх өнгийг л эерэг бэлгэдлийн утга илэрхийлдэг гээд бусдад нь тийм утга байдаггүй гэж үзэж болохгүй шиг.
Хоёрдугаарт, философийн ямар ч сэдвээр нийтлүүлж буй судалгааны бүтээлээ орчин үеийн философи дахь холбогдох үзэл, үндэслэлийг дэмжиж, хөгжүүлж юм уу үл зөвшөөрөн аль нэг байдлаар тусгаж бодит үнэ цэнтэй байхыг зохиогч нь анзаардаг болж байна. Энэ бол манай философийн амьдрал дахь нэг ололт мөн.
Гуравдугаарт, философийг амьдралтай холбох зорилт социалист нийгмийн нөхцөлд бол албан ёсны ганц философиороо нам-төрийн бодлого, үйл ажиллагааг зөвтгөн сурталчлах үйл ажиллагаагаар үндсэндээ хязгаарлагдаж байсан юм. Харин философи, амьдралын холбоог ингэж баримтыг л зөвтгөдөг эсвэл буруутгадаг үйлдэл болгож ирсэн практикийг халж, оронд нь энэ холбоо болбоос шинжлэх ухаан, урлагийн онол, шашны сургаал зэрэг бусад бүх төрлийн онолын мэдлэгтэй философи харилцан хамааралд байдаг хэмээх манай философийн амьдралд нэвтэрч байна.
Тодруулсхийж хэлбэл философи хэзээ ч ердийн ухамсраас төрдөггүй бөгөөд түүхэн анхан үедээ бол чинад (оккульт ба эзотерик) мэдрэмж, мэдээнээс үүдэлтэй шидэт домог (миф), шашны сургаал зэрэгт үндэслэн хөгжиж ирсэн бол улмаар үнэлэмжийн ба шинжлэх ухааны онолууд амжилттай хөгжих болсон нөхцөлд тэдгээрийн ололтыг нэгтгэн дүгнэсэн философиуд түлхүү бий болж ирсэн нь философи, амьдрал хоёрын орчин үе дэх холбоо юм. Тийнхүү орчин үеийн ойлголтоор философи бол практик үйлдлүүдээс шууд дүгнэгддэг мэдлэг биш, харин тийм үйлдлүүдийг өөр өөр (танин мэдэхүйн, шашны сургаалын, ёс суртахууны, гоо сайхны зэрэг) байр сууринаас онолын түвшинд илэрхийлсэн үр дүнд утга оноодог мэдлэг, өөрөөр хэлбэл онолоос төрдөг үнэлэмжийн онол мөн.
Гэхдээ ердийн ухамсрын хүрээн дэх аливаа төрлийн эмпирик, амьдралын туршлагын мэдлэг бол философи үүсэх уг сурвалж болдоггүй ч, философи үүсэн дэлгэрэх шимт хөрс, нөхцөл болж байдаг. Харин социологийн судалгааны үр дүн болсон эмпирик мэдлэг бол шинжлэх ухааны түвшний мэдлэг байдаг тул философийн тодорхой мэдлэг үүсэх онолын уг сурвалж болж чаддаг. Энэ үгээ бататгаж нэг өгүүлэлдээ өөрийнхөө бичсэнийг энд давтъя.
Манай орны амьдралын зарим чухал асуудлаар ШУА-ийн Философийн хүрээлэн, зарим судлаач социологийн судалгаа ба статистик мэдээнд, мөн хэвлэл, мэдээллийн хэрэгслийн холбогдох нийтлэлд үндэслэн танин мэдэхүйн болон үнэлэмжийн утга бүхий тодорхой тайлбар, дүгнэлт гаргаж байгаа. Эдгээр нь философи мэдлэг, дүгнэлт биш боловч философи мэдлэгийн нэн чухал нэг уг сурвалж, философийг амьдралтай холбодог нэн чухал нэг суваг юм. Гэхдээ ийм үр дүнгүүд болбоос нийгмийн нийт амьдралыг, түүний дотор төр, засгийн үйл ажиллагааг ухаалаг болгоход үзэл санааны тус өгөх философи мэдлэг, товчоор хэлбэл нийгмийн үйлдлийн философи бий болгох хангалттай үндэслэл болж тэр бүр бүрэлддэггүй.
Философич хүн мэргэжлийн өндөр чадвар, сонирхол, идэвх бүхий байх ёстойгоос гадна анхаарал татаж, шаардлага болж буй эмпирик мэдээг өөрөө биечлэн мэдэрч эзэмших нь нийгмийн амьдралын асуудлыг шийдвэрлэхэд чухал нүнжигтэй онолын дүгнэлт хийж, томьёолол боловсруулахын нэг баталгаа болж чаддаг. Философичид маань төр, захиргааны байгууллагуудад ажиллан, тэдгээрийн үйл ажиллагааны эерэг, сөрөг нарийн ширийнтэй, улс төрчдийн буянтай хийгээд булхай, нүгэлт үйлдэл яаж хэрэгждэгтэй, эдийн засаг, бизнесийн үйл ажиллагааны амжилт ба бүтэлгүйтлийн практик болон сэтгэл санааны жинхэнэ учир шалтгаанууд, боловсролын үйл ажиллагааны гадна илрэлтэй халуун үйл явц гэх мэт нийгмийн амьдралын янз бүрийн салбарын дотоод хурц асуудалтай нүүр тулгарч, мэдэрч байвал тэд мэргэжлийнхээ үүднээс жинтэй дүгнэлт, ойлголт, улмаар бүхэл бүтэн онол боловсруулах зохих туршлагын ба онолын хөрс суурьтай болж чадна (энэ бол үйлдлийн философийн янз бүрийн салбарын орчин үе дэх гарамгай олон төлөөлөгчийн хувийн туршлагын түүхээр нотлогддог зүйл мөн). Ийм бололцоо бүрдэх үе манай философичдын зарим хэсэгт хэзээ нэгэн цагт тохиолдож таарна. Дээр нь философичдын хувийн чадвар, санаачилга нэмэгдэх ёстой. Тийнхүү үйлдлийн сайн философи төрөх нь мэргэжлийн байгууллага, хүмүүс төрийн болон бусад байгуууллага, хүмүүсийн холбогдох үйл ажиллагаатай аль хэр танил байгаагаас ихээхэн хамаарах үндэстэй.
Товчлон дурдахад нийгмийн шинжлэх ухаан ба хүмүүнлэгийн ухааны янз бүрийн салбарын, түүний дотор философийн судалгаа, сурталчилгаа болбоос ямар ч байсан ахмад судлаач, зохиогч мань мэтэд урьд “амар” байснаа больж, одоо “зовлон” болсон тухай дээрх үг бол “илжиг модон хударгандаа дасах” гэдэг хэллэгтэй зүйрлэгдэх утгатай. Жишээ нь, “civilization” гэдэг философи онолыг марксист-ленинист философи зөвшөөрдөггүй. Тиймээс энэ онолыг нухацтай судлах ажлын шаардлага нийгмийн ухааны судалгаа, сургалт эрхэлж ирсэн миний үеийнхний лав л олонхд байгаагүй тийм “амар” үе байлаа. Харин үзэл санааны олон ургальч зарчмыг хууль ёсоор хүлээн зөвшөөрсөн нөхцөлд уг онолын янз бүрийн хувилбаруудыг үүссэн түүхэн нөхцөл, агуулга ба арга зүйнх нь нийтлэг болон ялгаатай үндэслэлүүд, Монголын түүхэнд иргэншлийн онол холбогдох эсэх талаарх гадаадын болон манай судлаачдын ялгаатай тайлбар, уг нэр томьёог оновчтой орчуулах шаардлага зэргийг нарийвчлан судалсны үндсэн дээр аль нэг онолыг нь даган баримтлах юм уу өөрийн гэсэн шийдлийг дэвшүүлэх нь эдүгээ философи сэтгэлгээ ба мэргэжсэн тайлбарын зайлшгүй шаардлага, соёл болсон билээ. Маргаантай сэдвийг авч үзэж, түүндээ ашигласан бүтээлүүдээ дурдаж, жагсаахдаа зөвхөн өөрийнхөө баримталсан үзлийг сурталчилсныг багтааж, харин эсрэг үзлийг нь орхидог байвал наанадаж уншигч нарт шаардлагатай мэдээллийг дутуу өгч буй, цаанадаж маргах, ажил хэргийн бүтээлч соёл суугаагүй, аягүй бол нөгөө “амарт” хоргоддог байдлын илрэл байх биз. Уншигчдаа элэг барьдаггүй, хүндэлдэг, хайрладаг байх нь зохиогчийн ёс суртахууны нэн чухал нэг шаардлага билээ.
Хүмүүнлэгийн ухааны буюу үнэлэмжийн онолын салбаруудад олон ургальч үзлийн зарчим(плюрализм) хэрэгждэг байх нь нийгмийн дарамт биш, түүнчлэн зохиогч, уншигч нарт учирч буй зүдэргээ, зовлон биш, харин тэдний аль ч тал нь асуудалд олон талаас буурьтай хандаж, алдаа гаргахгүй байх ба гаргасан алдаагаа харьцангуй амар олж мэдэж, бусдын үзэл бодолд болгоомжтой ба хүлээцтэй ханддаг байж, энэ мэтийн үр дүнд түүхийн ба нийгмийн сэтгэлгээнд амжилт гаргах бололцоогоо тэд нэмэгдүүлж байдаг.
Эдүгээгийн Монголд нийгмийн шинжлэх ухаан ба хүмүүнлэгийн ухаанууд (тиймээс бас философи) дэлхийн онолын сэтгэлгээний орчин үеийн түвшинд хөгжих объектив ба ухамсарт (субъектив) нөхцөл өмнө дурдсанчлан тийнхүү улам улам бүрдэж байна.
Гэхдээ ийм урагшлах замд бас л объектив, субъектив бэрхшээл өөртөө учирсаар байгааг философичид мэдэрч буй. Тийм бэрхшээлүүдтэй тэмцэхэд ачааны хүндийг манай ид хөдөлмөрлөх нас бүхий философичид үүрч дүүрч байгаа нь ойлгомжтой. Тэдэндээ сэтгэлийн төдийгүй чадах чинээндээ мэргэжлийнхээ онол, туршлагаар ахмад бид тус дэм үзүүлж дөнгөж байхсан. Ийм бодлын үүднээс зарим залуу философичдод хүргэх болов уу гэж найдан дараах зүйлсийг зөвлөгөө, сануулгын зорилготойгоор дурдъя. Гэхдээ өгүүлэх зүйлсийн маань зарим мэдээг манай том философичдын нэг хэсэг зөвшөөрдөггүйг эхлээд хэлчихье.
Нэг. Философи бол шинжлэх ухаан биш, харин үнэлэмжийн онолын нэг төрөл мөн тухай. Ганц шинжлэх ухаан ч биш, ер нь философийн бүх бүрэлдэхүүн, шашны сургаал, урлагийн тухай онол гэх мэтээр аливаа төрлийн мэдлэг болбоос үнэнийг илрүүлэн тогтоохын төлөө байдаг нь хэн хүнд ойлгомжтой. Шашны сургаалд жичид нь анхаарал хандуулах тул түүхийн тухай онол, урлагийн тухай онол, философи зэргийн хувьд хэлэхэд эдгээр нь өөрийнхөө талбарт, тухайн талбарынхаа тохирох хэсэг ба нөхцөлд үнэнийг илэрхийлж, харин бусад хэсэг ба нөхцөлд эл мэдлэгийг хамаатуулбал хүчингүй буюу худал болдог. Ойлгоход амрыг нь бодон хэлэх дуртай нэг жишээ надад бий. Үүнд:
- Улс төрийн философийн зарим төлөөлөгчийн үздэгээр төр бол тухайн нэг улс бусад олон улс, ард түмнийг эзлээд тогтоон барьдаг улс төрийн зохион байгуулалт мөн. Энэ үзэл дундад зууны Монголын эзэнт гүрний төрд хүчинтэй тодорхойлолт. Харин Тогоонтөмөр хаан Хятадаас хөөгдсөнөөр энэ тодорхойлолт монголын төрд тохирохгүй болжээ.
- Либераль ардчилсан онолын үүднээс төр бол ард түмний (тодруулж хэлбэл хүн амын хууль ёсны эрх бүхий бүх бүлэг, давхрааны) хүсэл эрмэлзлийг хэрэгжүүлэгч улс төрийн засаглалын дээд хэлбэр мөн. Монгол улсын Үндсэн хуулийн холбогдох заалт агуулгаараа энэ тодорхойлолттой тохирдог. Тийнхүү онолын үүднээс-Үндсэн хуульдаа тунхагласнаар манай төр бол ардчилсан төр мөн. Харамсалтай нь эдүгээгийн монгол төр болбоос үндэстэн дамнасан зарим корпорацийн эрхшээлд орсон, олигархиудын ноёрхол тогтсон, авлигын сүлжээнд торлуулсан, оффшорт шимүүлсэн тийм улс төрийн зохион байгуулалт мөн. Тийнхүү эдүгээгийн манай төр практик дээр: төр бол эдийн засагт ноёрхож буй анги бусад ангийг дарлаж байгаагаа тогтоон барьдаг дарангуйллын машин мөн гэж В.И.Ленин томьёолсны олон давхар биелэл болжээ. Философи бол үнэлэмжийн онол мөнийг үндэслэхийн тулд гаргасан жишээгээ үүгээр төгсгөе.
Философийг шинжлэх ухаан хэмээдэг болсон монголчуудын түүх ХХ зууны сүүлийн хагасаас эхтэй. Үүнд, социалист Монголын нөхцөлд манай улсын Үндсэн хуульд болон эрх баригч МАХН-ын мөрийн хөтөлбөрт марксизм-ленинизмийн нэг бүрэлдэхүүн -диалектик материалист философийг даян дэлхийн цор ганц шинжлэх ухаанч философи хэмээн тунхаглаж, түүнийг нь бид эргэлзэх бодол, эргэцүүлэх санаачилгагүйгээр итгэл дүүрэн мөрдөж сургалт, сурталчилгаа явуулж ирсэн. Плюрализмыг хууль ёсоор хүлээн зөвшөөрсөн нийгмийн нөхцөл манай улсад бүрдсэний ачаар бид үнэлэмжийн тухай философийг агуулгын хувьд эерэг онол мөн эсэхийнх нь үүднээс судлах сэхээтэй болсон билээ. Улмаар өөрийгөө шинжлэх ухаан хэмээн сурталчилсан Гегелийн философи, бас Маркс, Энгельс хоёрын философи ч үнэлэмжийн онол гэдэг нь ойлгогдсон юм.
Харин “философийн шинжлэх ухаан” гэж одоо ч ярьж, бичдэг эрдэмтэд диалектик материалист философийг туйлчлахаас татгалзсан байр суурьтай бүтээлүүд нийтлүүлдэг. Тэд ингэхдээ философийн түүхэн ба орчин үеийн хэдэн арав, зуугаар тоологдох философиудын алиныг нь шинжлэх ухаан гээд байгаа нь тодорхойгүй буй.
Хоёр. Философи ба шашин. Багтаамж ба агуулгаараа арвин энэ сэдвээр манай олон философич 1990-ээд оноос цөөнгүй бүтээл хэвлүүлсэн байгаа. Гэхдээ тухай тухайн асуудлаарх тэдний үзэл, тайлбар нэлээд ялгаатай төдийгүй зарим нь огт өөр буй. Манайхны хувьд энэ сэдэв одоогоор их ярвигтай болсон. Сонирхсон уншигч тэдгээр ялгаатай танилцаагүй байгаа бол тэнцвэртэй мэдэж авахад тус болж магадгүй тул “1990-ээд оноос хойших Монголын философийн амьдрал. Сэдэвчилсэн тоочилт, зэрэгцүүлэл ба харьцуулал. УБ.,2019” гэсэн хамтын бүтээлийн II, ХV, ХVII, ХIХ зэрэг бүлгийн холбогдох гарчгийн агуулгатай танилцаад цаашаа гүнзгийрэх зүгээр байх гэж зөвлөе.
Гурав. Философийн хэл ба нэр томъёоны орчуулга. Философи бол бусад төрлийн аливаа онолын адилаар төрөлжин мэргэжсэн хэлтэй. “Хөдөлгөөн” гэдэг үг ердийн ярианд нэг байрнаас нөгөөд шилжих, эсвэл нийгмийн тодорхой зорилгот үйл явц (үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн гэх мэт) зэргийн нэр болж байдаг бол физик, хими г. м. шинжлэх ухаан, философи зэрэгт зөвхөн тэр мэдлэгт хүчинтэй (төрөлжсөн) утга бүхий ашиглагддагийг жишээ болгон дурдая. Энэ жишээ бол хэл шинжлэлийн (лингвистик) философид: үг аваас тухайн хэлнийхээ тайлбар тольд заасан (нэг юм уу хэд хэдэн) тогтсон утгаасаа огт гаждаггүй биш, харин хэрэглэгдсэн янз бүрийн нөхцөлдөө тэр тогтсон санаа зохицож тус тус санаа(утга) илэрхийлдэг хэмээн үздэгийн нэг баталгаа мөн. Бас өөр жишээ: “рresentation-представление” гэдэг үг сонгодог философид сэрэл (sense-ощущение), хүртэхүй (perception-восприятие) гэдэг мэдэрч танин мэдэхүйн хэлбэрүүд уураг тархинд сэргээн хуулбарлагддаг шинжийн нэр болон ашиглагдаж, манайд “төсөөлөл” хэмээн орчуулагдаж хэвшсэн бол М.Фукогийн сонгодог биш философидолтонд тийм психологи үндэстэй үзлийн нэр биш тул “төлөөлөл” гэж орчуулагдах нь холбогдох үзэл, тайлбартаа эрхбиш ойртдог юм.
Дэлхийн философиудын нэр томьёог утгын хувьд оновчтой орчуулах нь адармаатай ажил мөний наад захын гэрч нь дээрх жишээнүүд мөн. Тиймээс тухайн орчуулагч бусдын орчуулгад аль болохоор хүндэтгэлтэй хандаж, нэгэнт хэвшсэн орчуулга илт буруу биш бол өөрчлөхгүй байх нь одоо ба ирээдүйн уншигч, судлаач нарт нэр томъёоны утгын самуурал тохиолдохгүй байхад тус болох талтай. Өөрийнхөө орчуулгыг бусдынхаас мундаг гэж сурталчлах нь тэр бүр оноод байдаггүйн хоёр жишээ гаргая.
А) Аливаа төрлийн онолын, тухайлбал философийн тухайн нэг асуудлаарх тайлбар ялгаатай, бас тэдгээр онолын гадаад нэр томьёоны орчуулга өөр өөр буй зэрэг нөхцөлд хэн нэг холбогдох зохиогч ба орчуулагч зөвхөн өөрийнхөө даган баримталсан болон бий болгосон үзэл, онол, орчуулгаа уншигч, хэрэглэгч нарт тулган сурталчлахгүйгээр бусдынхыг аль болохоор бүгдийг харьцуулан өгүүлээд, зөвхөн үүний дараа л өөрийнхөө сонгосон шийдлийг зөвтгөн үндэслэдэг байх нь ёс суртахууны үүднээс зөв шаардлага байх ёстой. Энэ нь бас уншигч, хэрэглэгчийн сонголтын эрх чөлөөг хангахад чухал. Гэтэл манай зарим зохиогч "ахуй гэх нь буруу, байх гэх нь зөв" гэх мэтээр тулгаж бичсэн байдаг. Уг нь энэ хоёр үг язгуураараа ижил утгаар хэрэглэгддэг тохиолдолтой тул "being-бытие" гэдэг философи нэр томьёог "байх" гэж орчуулахад буруудаад байх юм байхгүй. Тэгвэл хэл шинжлэлийн философид "заншил" гэдэг ойлголт байдагт нийцүүлэн өгүүлэхэд, нэгэнт мэргэжлийн хамт олон "ахуй" гэж орчуулан олон арван жил хэвшсэн тул "ахуй" гэхийг “байх” гэж солих ноцтой шалтгаан байхгүй билээ. Нэмэн дурдахад "байх" гэдэг үгийн нэг утгат чанар нь "болих" гэсэн утга байдгийг харгалзвал харин ч "ахуй" гэдэг орчуулга илүү оносон байх үндэстэй (дашрамд дурдахад манайхан төрөө дээдлэн тодотгохдоо "аху төр" гэдэг бөгөөд харин "байхуй төр", "байх төр" гэж ярьж, бичдэггүй).
Б) Өөр бас нэг жишээ авъя. "Over Man /үлэмж хүн гэж орчуулсныг энд "дээд хүн" гэж залруулав/ (тодруулав - Ц.Г.)" хэмээн нэг номонд бичсэн байгаа. Гэтэл Ф.Ницшегийн философид "оver-man (сверх человек)" гэдэг ойлголтоос гадна "Super-men (Высшие люди)" гэдэг ойлголт байдгийг манайхан "дээд хүмүүс (энд Пап ламаас авахуулаад бусад ноёд, язгууртан дээдсийг хамруулсан байдаг)" хэмээн орчуулдаг юм. Түүний "Заратустра..." зохиолыг уншсан хүн “үлэмж хүн” гэдэг орчуулгыг залруулъя гэвэл ямар ч байсан “дээд хүн” гэж солихгүй билээ.
Дөрөв. Хүн бүр, хүүхэд ч гэсэн хэлд ороод л философиддог гэгч сурталчилгаа ердийн танин мэдэхүйд үндэслэдэг нь. Зарим поп онолч: “философийг бүх нийтэд тохиромжтой хэлээр бичихийг орчин үед илүүд үзэх болсон" хэмээн их чухал ба ховор мэдээ болгон уншигчдад хүргэж байна. Тэгээд өөрөө болохоор Өрнөдийн философийн зарим төлөөлөгчийн үзлээс нь дутуу хагас ойлгосноо зохих чадвар, зорилго бүхий хэн ч илэрхийлэх хувийн эргэцүүлэлтэйгээ нэгтгэн бичсэн цөөнүй бүтээлээ "философи" хэмээн нийтлүүлсээр байна. Тэдгээр бүтээлд нь хэллэг, дүрслэл сайн, бас ашигтай бөгөөд санаа сэдэл төрүүлэх мэдээлэл багагүйг үгүйсгэх зорилго надад байхгүй. Гагцхүү бүхэлд нь философийн үүднээс аваад үзвэл тийм орон гаран агуулгатай бүтээлүүдээрээ Монголын өнөөгийн философийг төлөөлүүлэх зорилготойгоор мэргэжлийн байгууллага, хүмүүсийг гүтгэдэг, доромжилдог төдийгүй хараан зүхдэг сурталчилгаанд нь зарим залуус итгэж байгаа нь харамсалтай. Ингэхдээ би философи л бүхнээс дээд мэдлэг гэх гээгүй, харин тэр (философи) нь ердийн ухамсрын эргэцүүллээс төдийгүй өмнө дурдсанчлан шинжлэх ухаан, шашин, урлагийн онол зэргийнхээс ялгаатай төрөлжин мэргэжсэн хэллэг, категориуд болон үндэслэлүүдийн тогтолцоотойг үндэс болгож, ийм зүйл дурдаж байна.
Бүх нийтэд тохиромжтой хэлийг философид холбогдуулбал тийм хэл болбоос тухайн бүтээлийн ерөнхий ба доторх гарчигуудын хэллэг, томьёололд болон уншигчдийн анхаарал, сонирхлыг татах зарим асуулт, анхааруулга зэрэгт хамаарч, харин үндсэн агуулга нь мэргэжсэн (философи онолын) мэдлэг, онолын томьёолол, эргэцүүлэл, тайлбар, дүгнэлт зэргээс тогтсон байдгийг давтан дурдая. Энд манайд орчуулан хэвлүүлсэн Йостайн Гаардерийн "Софийн ертөнц"; Ричард Прехтийн "Би хэн бэ? Тийм гэвэл хэдэн би вэ?" гэдэг хоёр бүтээлийг ойрын жишээ болгон дурдаж болох юм. Тэдгээр хялбарчилсан бүтээлийн үндсэн агуулга нь философийн түүхэн ба орчин үеийн зарим чухал онолыг "бүх нийтэд тохиромжтой хэлээр" биш, харин мэргэжлийнх нь хэлээр тайлбарласан байдаг.
Философийг онол мөн гэх нь мэдлэгийн бусад төрлийн онолоос түүний ялгагддаг онцлогийг нь бүрхэгдүүлж, үгүйсгэх ёсгүй билээ. Гэтэл зарим зохиогч философийг “оюун ухааны тарчлаан“, эсвэл “олон талт эргэцүүлэл” заримдаа “саруул ухаан” гэж бичсэнийг уншихаараа үүнийг философи гэж юу болох тухай тодорхойлолт хэмээн итгэдэг суралцагч цөөнгүй дайралддаг юм. Угтаа тэдгээр зохиогчийн үнэлгээ нь үнэн. Гэхдээ тэр бичсэн нь үнэлгээ болохоос тодорхойлолт биш. Шашны ба урлагийн онол, шинжлэх ухаан зэрэг бол бас л “оюун ухааны тарчлаанаар”, “олон талт эргэцүүллээр“ үүсэн оршдог биз дээ!
Ердийн ухамсрын түвшинд философийг бүдүүвчлэн сурталчилдаг манайхны зарим бүтээл нь “ардын аман зохиолын гүн ухаан”, “Монголын нууц товчооны гүн ухаан”, ”Чингисийн гүн ухаан”, “мал аж ахуйн гүн ухаан”, “бүжгийн гүн ухаан”, “мөнхийн философи” гэх мэт сэдэвтэй. Гэхдээ философи бол ердийн ухамсраас ямагт давуу, илүү түгээмэл үнэ цэнтэй гэж би хэлэх гээгүй. Философи угаасаа үнэлэмжийн онолын аль нэг чиглэл болж үүсэн оршдогийг онцолж байна. Харин түүх бичлэг хөтлөхөд, үлгэр оньсогоор наадахад, малаа маллахад, бүжиг наадам зохиоход, бэлгэдэлт үйлдэл ёсчлоход, ерөөл магтаал зохион уянгалуулахад, эмчилж сувилахад философи онол хэзээ ч үгүйлэгдэж байгаагүй нь саруул ухаантай хүн бүрт эргэлзээгүй баймаар.
Tав. Философи арга ба арга зүйн сонголтын асуудал. Шинэ үеийн философи бий болсноос хойш аль нэг философи аргыг бусад аргаас дээгүүр хэмээн туйлчилдаг үзэл гарч ирсэн түүхтэй. Үүнд, ХVII зуунд Ф.Бэкон индукцийг, Р.Декарт дедукцийг тус тус ганц үнэн арга хэмээн сурталчилсан бол К.Маркс, Ф.Энгельс нар Гегелийн диалектикийг материалист үндсэн дээр хялбарчилж, түүнээ байгаль, нийгэм, сэтгэхүйн хамгийн ерөнхий хуулиудын тухай шинжлэх ухаан мэт тунхагласныг ХХ зуунаас социализм, коммунизм байгуулах зорилт хэрэгжүүлж ирсэн орнуудын эрх баригч нам ба төр хууль ёсны ганц философи болгон баримталж ирсэн билээ. Харин үзэл санааны плюрализм хууль ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн Монголын өнөөгийн нөхцөлд “арга зүйн анархизм”, “анархист арга зүй” гэх мэтээр нэрлэн П.Фейерабендийн боловсруулсан плюралист арга зүйг манай дээд боловсролын философийн сургалтанд албан ёсоор баримталдаг юм. Үүний зэрэгцээ манай зарим философич Марксын философийн амин сүнс болсон диалектик арга зүй бол мөнхийн учир холбогдолтой гэсэн утгатай ухуулгыг явуулдаг. Тийн атлаа философийн чухал сэдэв хөгжил гэж юу болохыг диалектикийн үүднээс биш, харин өөр философийн үүднээс, тухайлбал эволюционизм (хувьслын тухай үзэл)-ын үүднээс тайлбарлаж, бас диалектикийг бие биеэсээ огт өөр агуулга, арга зүй бүхий бөгөөд гэхдээ аль аль нь томоохон нэр хүнд бүхий олон (тодруулж хэлбэл Аристотель, Нагаржуна, Лао-з нарын) философи сургаалтай адилтгадаг юм.
Арга зүйн асуудлаар өмнө өгүүлснээ дүгнэн дурдахад сонгодог философид арга зүйн янз бүрийн монополизм тодорхой нөхцөлд үүсэн оршиж, тодорхой нөхцөлд солигдож ирсэн бол сонгодог биш философид арга зүйн плюрализм хэрэгжиж иржээ. Харин сүүлийн хэдэн арван жилд амжилттай хөгжиж буй сонгодог бишийн дараах философид мэдлэгийн (шашин, философи, шинжлэх ухаан, урлаг зэрэг) аль ч төрлийн онолын үндэслэлүүд хоорондоо нэгдэн (“адил болон” гээгүй шүү!) арга зүйн утгатай ашиглагдаж байна. Ялангуяа синергетик бол бичил (микро), мэдрэгдэгч (макро) ба тэнгэрийн эрхсийн (мега) ертөнц, хүн төрөлхтний нийгэм зэргийн аль алиных нь онолын ололтуудыг хамааран дүгнэлт хийдэг шинжлэх ухаан мөн тул түүний боловсруулсан категори, үндэслэлүүд зөвхөн байгалийн шинжлэл, техникийн шинжлэх ухаанд төдийгүй нийгмийн шинжлэх ухааны ба хүмүүнлэгийн ухааны янз бүрийн салбарт арга зүйн тодорхой ач холбогдолтой. Энд дэг журам (порядок), эмх замхгүй (chaos-хаос), аттрактор ба бифуркаци, тогтворт шинж ба гомеостаз, иерархи, шулуун биш шинж, тогтворт биш шинж, фракталь бүтэц зэрэг категорийнх нь арга зүйн синергетик ач холбогдлыг онцлох шардлагатай санагддаг юм. Гэхдээ тийм ач холбогдлыг нь плюралист байр сууринаас ойлгож, үнэлэн ашиглах ёстой. Хэрвээ түгээмэлчилбэл материалист диалектикийг туйлчлан хэрэглэх гэсэн практикийн үр дагвар нь өөр янз төлөвд ч давтагдаж магадгүй л юм (материалист диалектикийн үндэслэлүүдийг ч плюралист арга зүйн дагуу зөвхөн тохирох жич жич нөхцөлд хамаатуулбал хүчинтэй байх үндэстэй).
Зарим уншигч нарт болж бүтэх санагдах, заримд нь итгэл төрөхгүй байж болох энэхүү бичвэрээ үүгээр өндөрлөе.
Залуучуудын маань философидолт ямагт мэргэжлийн буюу онолын түвшний байж; нэр хүндэд (бэлэн онолд) шүүмжлэлтэй ханддаг, шинийг илрүүлэх бололцоог хайдаг бүтээлч сэтгэхүйгээр жигүүрлэдэг байтугай!
Доктор (Sc.D.), профессор Бунийханы Ц.Гомбосүрэн
2020 оны 2 дугаар сарын 20