Амьтан судлалын нэрт эрдэмтэн ЖЭЙН ГУДОЛЛ
Өнөөдөр дэлхийн судлаачдын 28.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа юм. Дэлхийн шилдэг эмэгтэй эрдэмтдийн нэг Жэйн Гудоллын тухай товч танилцуулж байна.
Нэрт антропологич, приматын багийн амьтан судлаач Жэйн Гудолл нь 1934 онд Английн Хаймпстид тосгонд нэгэн бизнесменийн гэр бүлд төржээ. Түүний эцэг охиндоо Жубили нэрт шимпанзе сармагчингийн чихмэл тоглоом бэлэглэсэн байна. Энэ тухайд тэрээр: “Тухайн үед ээжийн найзууд тэрхүү чихмэл тоглоомоор айлгаж, зүүдэнд ормоор ярьдаг байсан” дурсжээ. Тэр үеэс бяцхан охинд амьтныг хайрлах сэтгэл, хүмүүжил төлөвшсөн төдийгүй хожим нэртэй эрдэмтэн болох үүд хаалга ч нээгджээ.
Түүнд Их сургуульд сурах боломж олдохгүй байсан. Гэхдээ Жэйн Гудолл амьтдыг хайрлах хүсэл, сэтгэлээ тээсээр 1957 онд Кенийн өндөрлөг нутагт амьдардаг найзынхаа фермд хүрчээ. Эхэндээ сармагчинг судлах тодорхой зорилго байгаагүй ч тэдгээрийг тоолох явцад нэр өгч, хувийн шинж чанар, санаа бодол байгааг ажигласан байна. Улмаар хүн ба шимпанзе сармагчингийн төсөөтэй талыг нотлон харуулах судалгаа руу оржээ.
Тэнд байхдаа нэгэн найзынхаа зөвлөснөөр Кенийн нэрт археологич, палеонтологич Леон Лейктэй амьтдын тухай ярилцахаар утсаар яриад очиж уулзсан байна. Жэйн Гудоллын зориг, тэмүүлэл, мэдлэг нь Леон Лейкийг гайхшруулжээ. Түүнд шимпанзе сармагчинг ажиглан судлах зорилго өвөрлөсөн залуу эмэгтэйн санаа бүтэшгүй мэт санагдсан ч Лейк сармигчингийн дуурайх зан үйлийг судлах нь үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байв. Эрдэмтэн Лейк 23 настай Гудоллыг нарийн бичгийн даргын ажилд авах санал тавьж, дэргэдээ ажиллуулснаар Гудолл тодорхой орлоготой болж чадсан байна.
Лейк эхнэртэйгээр ярилцаж байгаад 1958 онд өөрийн нарийн бичгийн дарга Жэйн Гудоллыг анатомич Осман Хилл, Жон Напиэр нартай хамтарсан судалгаа хийлгэхээр Лондон руу явуулсан. Лэйк Гудоллд санхүүгээр тусалж, 1960 оны 7 дугаар сард Танзаны Үндэсний паркад судалгагаа хийсэн байна. Лейк 1962 онд дахин санхүүгийн боломж олгож, түүнийг Кембрижийн Их сургуульд явуулсан байна. Ийнхүү тэрээр Английн нэрт философич, эдийн засагч Хэнри Сиджвик, зохиолч улс төрч эмэгтэй М.Фоссэт нарын үндэслэсэн Кэмбрижийн Ньюнхэм коллежд амьтны зан үйл судлалаар докторын зэрэг хамгаалах болжээ. 1965 онд Английн амьтан судлаач Роберт Хиндегийн удирдлагаар Танзаны Үндэсний паркад 5 жил судалсан ажлаа нэгтгэж “Шимпанзегийн зан үйл” сэдвээр докторын ажил бичжээ. Ингээд Жэйн Гудолл бакалаврын зэрэггүй боловч доктор хамгаалсан 8 дахь хүн болов. Түүний судалгааны ажлын үр дүнд олон эрдэмтэн итгэл үнэмшилгүй байсан гэдэг. Гэвч шантралгүйгээр судалгаа шинжилгээгээ үргэлжлүүлж 40 гаруй кино, 10 гаруй хүүхдийн зохиол, 15 судалгааны ном, сурах бичиг зохиож, 70 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж дэлхийн олон хэлээр нийтлүүлсэн байна.
Тэр олон жилийн ажиглалтаар шимпанзе нь нийгмийн нарийн бүтэцтэй бөгөөд амьд үлдэх, сүргээ тогтвортой хамгаалах аргатай гэх зэрэг маш сонирхолтой нууцыг хүн төрөлхтөнд нээж таниулсан юм. Түүний “Миний найз зэрлэг шимпанзенууд” хэмээх ном нь 1967-1970 онд англи хэлээр 15 удаа хэвлэгдсэн байдаг.
Тэрээр Африкт амьдарч шимпанзег судалж эхэлсэн тэр цагаас хойш өөрийн судалгааны ажлаа байгаль, зэрлэг ан амьтныг хамгаалах хүмүүнлэгийн үйл ажиллагаатай уялдуулсан юм. 1977 онд Жэйн Гудоллын хүрээлэнг (JGI) үүсгэн байгуулсан бөгөөд энэ нь шимпанзе болон түүний амьдрах орчныг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг 19 салбартай томоохон байгууллага юм. 1986 онд “Шимпанзег ойлгохуй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулснаас хойш дэлхийн олон оронд шимпанзе болон зэрлэг амьтдыг хамгаалах чиглэлээр лекц, семинар, хурлыг зохион байгуулсаар ирсэн. Мөн 1991 онд “Roots & Shoots” хөтөлбөрийг санаачилж, эдүгээ 100 гаруй оронд 10.000 гаруй бүлэг идэвхтэй ажиллаж байна.
Дэлхий дээрх зэрлэг амьтдын тоо толгой сүүлийн 40 жилийн хугацаанд 60 хувиар буураад байгаа гэсэн судалгаа бий. Эрдэмтэн Жэйн Гудолл шимпанзе судлалын тэргүүлэх эрдэмтэн боловч дэлхий дээрх зэрлэг ан амьтдын сүйрэлд нөлөөлж байгаа хүчин зүйлийг бууруулах, тэднийг хамгаалахад чиглэсэн Олон улсын чанартай үйл ажиллагаанд идэвхтэй зөвлөгч, нэр хүндтэй шинжээч юм. Иймд 2002 оны 4-р сард Копи Аннан түүнийг НҮБ-ын Энх тайвны элчээр өргөмжилжээ.
Түүний байгаль хамгаалал, зэрлэг амьтан хамгаалал, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмэрийг үнэлж, 1990 онд Дэлхийн шинжлэх ухаан, технологи, урлагийн салбарын Киотогийн шагнал, 1995 онд АНУ-ын Үндэсний газарзүйн нийгэмлэгийн Хаббардын медаль, 1997 онд хүрээлэн буй орчин судлалын Тайлерын шагнал, 2004 онд Британийн эзэн хааны одон зэрэг нэр хүндтэй шагналуудыг олгожээ. Мөн өрнө, дорнын 10 их сургуулийн хүндэт доктор юм.
М.Золоо