ЛАКАН (1901-1981): БҮТЭЦ ХЭЛ ШИНЖЛЭЛ БА СЭТГЭЦ
1901 онд Францын Парис хотод цууны худалаачны гэр бүлд төрсөн. Тэрээр 1907 онд Гэгээн Станиславын коллежд уламжлалт католик шашны хүмүүжил, иудейн шашны сонгодог боловсрол эзэмшсэн.
1919 онд Анагаахын Их сургуульд сэтгэцийн эмгэг судлалаар суралжээ. 1920-иод оны үед Ясперс, Хайдэггер нарын философийг сонирхож байв. 1931 онд шүүхийн сэтгэцийн эмчийн дипломтой болж, 1932 онд "Паранойд сэтгэцийн эмгэг ба бие хүний харилцаа" сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Энэ ажлынхаа судалгааны объектыг философи, сюрреализм болон сэтгэц задлагийн уулзвар дээр авч үзсэн байна. Түүний дипломын ажил нь хэд хэдэн шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгджээ. Энэ ажил нь тухайн үеийн мэргэжилтнүүдийн анхаарлыг татаагүй ч, сюрреалистуудын дунд алдаршсан.
Дэлхийн II дайны үед Лакан цэргийн эмнэлэгт ажиллаж, дайны дараа Англид очсон. Тухайн үеийн Испанийн зураач сюрреалист Сальвадор Далийн зурагт тайлбар бичиж байсан.
1953 онд тэрээр Олон улсын Психоаналитикийн холбооны гишүүн, Францын психоаналитикийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр томилогдов.
Лакан өөрийн анхаарлыг “ухамсаргүйн хэл яриа” хэмээх ойлголт дээр хандуулсан юм. 1950-иад оноос хэлэн Лаканы олон нийтэд хандсан лекцүүд нь ихэд алдаршжээ.
Зигмунд Фройд болон түүний баримтлагчдын бүтээлд сэтгэц шинжилгээг өргөн авч үзсэн ч Лакан шинэлэг арга зүйг бий болгосон.
Лаканы бүтэц хэл шинжлэлийн арга зүй нь урлагийн бүтээлийг шинээр үнэлж цэгнэхэд чухал ач холбогдолтой байв.
Лаканы сэтгэц шинжилгээний онол нь бүтэц хэл шинжлэлийн нөлөөн доор шинэ өнгө төрхөөр хөгжсөн. Бүтэц хэл шинжлэлийнхэн хүний хэл ярианд илрэх нийтлэг оюун санааны бүтцийг системтэйгээр тодорхойлохыг оролддог болжээ. Тэд хэлийг судлахдаа хэл бол онцгой төрлийн тэмдгийн тогтолцоо гэж үзэхийг арга зүйн үндэслэгээ болгодог. Хэл ярианы тэмдэг болон илэрхийллээр хүний оюун ухааны нийтлэг бүтцийг тайлбарлахыг оролдож байв.
Тэрээр хүний оршихуйд хэл, түүний үүрэг ямар оролцоотой болохыг дараах байдлаар илэрхийлжээ. “Бид анхнаасаа бүрэн хэлбэржсэн бие хүн байгаагүй, харин хэлээр дамжуулж бие хүнийхээ шинжийг илэрхийлж эхэлдэг. Хэлийг ашигласнаар бид хувь хүн болдог. Хэл болон түүний санаа, дүрэм нь биднээс өмнө байдаг гэх мэтээр үздэг. Бид хэлийг бий болгодоггүй харин уламжилж авч явдаг” гэсэн байна.
Жак Лакан бол постструктурализмын төлөөлөгч гэж нэрлэгддэг философич. Тэр хүний оршихуйн гурван талбар байдаг гэж үзжээ. Нэгдүгээрт, дүр дүрслэл, тусгал, төсөөлөл, хуурмаг, хөндийрлийг илэрхийлдэг хоосон талбар. Хоёрдугаарт, хүний нийгмийг захирах хууль болон бүтэц нь бэлгэдлийг ашиглахгүйгээр орших боломжгүй тул бэлгэдлийн талбар гэж байна. Гуравдугаарт, бэлгэдлийн талбарын гадаад байдал ба хоосон талбарын эсрэг бодит байдлын талбар гэж байна. Эдгээр нь өнгөрсөн ба одоог нэгтгэх боломж олгодог.
Мөн бэлгэдэнэ гэдэг бол бодитой зүйл биш гэж болно. Яагаад гэвэл бодит зүйл шалгагдах шаардлагагүй, өөрөөр хэлбэл туршлагад шууд өгөгдмөл шинжтэй байдаг. Туршлага нь хэлний зуучлагч болдог.
Бодитой зүйлийг бэлгэдэл утгад оруулахаар “ондоо” болчихдог. Бэлгэдэл нь аливаа зүйлийг хангалттай илэрхийлж чадахгүй. Иймд бэлгэдэл нь сэтгэхүйд ямар нэг зүйлийг “өөр зүйл” болж хувиргахад хүргэдэг арга хэрэгсэл болой.
Бурхан гэдэг бол хэлнээс гадуур байдаг ямар нэг зүйл биш, хэлэн дэх “өөр зүйл” юм.
Аливаа ухамсаргүй үзэгдлийн симболик илрэл нь субъектийн ярих үйлийн үр дүн юм. Ж.Лакан ухамсаргүй сэтгэлийг хэлний бүтэцтэй адилтгадаг. Жишээ нь, зүүд бол бичвэр бөгөөд зүүдний ажилбар тэмдэглэгчийн хуулиар явдаг.
Хамгийн гол нь бодол, сэтгэлгээ, мэдрэмж нь ухамсаргүй оюун санаан дор орж байдаг. Хэл нь би-гээр хянагддаггүй байна. Би-г өөрчилж, эмчлэхийн тулд задлан шинжилгээ хийх хэрэгтэй. Ийм судалгаа нь хэлээр дамжиж эхэлдэг. Лаканы хувьд хэл-яриа байхгүй бол судлагдахуун гэж үгүй.
Ямар нэг зүйлийг байхгүй, эзгүй тохиолдолд тэмдгээр орлуулж болох хэдий ч, нөгөө талаар тэмдгээр орлоно гэдэг бол тухайн зүйлийг шаардлагагүй мэт болгодог. Үүнээс үүдэж, тэмдэглэгдсэн зүйл уг эхээрээ оршихгүй, хөгжихгүй байж болно. Метафор буюу зүйрлэл нь тэмдгийн дээрх тэмдэг гэсэн үг юм.
Жишээлбэл, Жак Лаканы үзлээр “Эмэгтэй хүний онцлог бол ямар нэг өөр зүйл дэх өөрийн илэрхийлэл. Эмэгтэй хүний нэр бол түүний симболик эцгийн нэр. Эцгийн нэргүйгээр тэр нэрлэгддэггүй, бас адилслыг олдоггүй. Тиймээс эмэгтэй хүн гэж байхгүй”, учир нь “эмэгтэй хүн нэг талаар бусдаас хамаардаг, нөгөө талаар бусдын байрыг эзэлж болдог тийм хоёрдмол зүйл” хэмээн эмэгтэй хүний оршихуйн асуудлыг тайлбарласан.