Ц.Балхаажав: Монголчуудын нийтлэг үнэт зүйл бол эх орон, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал
Энэ удаа Ц.Балхаажав хэмээх нэгэн эрхэм хүнтэй уулзаж, товчхон ярилцлагаа хийлээ. Тэрээр бие нь чилээрхүү байсан ч бидний урилгыг уриалгахан хүлээн авсан юм.
Асуулт: Сайн байна уу та? Хөл хорио тогтоосон энэ цаг үед багш та юу аялж байна? Бүтээл туурвиж байна уу?
Ц.Б: Мэнд амрыг минь асууж, юу аялж буйг минь сонирхож зорьж ирсэнд туйлаас баярлаж байна. 90-ийн давааны цаана нь гараад ярилцлага өгөөд сууна гэдэг юутай сайхан бэ! Гэвч олны өмнө, ялангуяа яралзан цоролзож яваа залуу хойч үед юуг онцлон хэлэх вэ гэдэг санаа намайг яалт ч үгүй зовоож байна. Хамгийн гол нь олдож буй цаг хугацааг сул хаяж зүгээр өнгөрөөхгүй юмсан гэж санах нь их ч сачий хүрэхгүй юм. Бүтээл гэхээр гоц гойд, онцлох юмгүй ч сүүлийн жилүүдэд өөрийг тойрсон сэдэв санаагаар “Ерийн давааны өндөр” ч гэх шиг, “Онцлох арван багц” ч гэх шиг, “Идэр залуу насны хорин дөрвөн анд ба миний захирлууд” гэсэн шиг хэд гурван ном цоохорлосон. Зарим нь хэвлэгдээгүй, зарим нь гар дээр байна.
Асуулт: Ер нь та ямар хоббитой вэ?
Ц.Б: Хүнд хэрэггүй санаа сэдэх, түүнийгээ бодох, яаж юм болгох, ашиг тус, амт шимт нь ямар байх ёстойг л эргэцүүлэх явдал гэх үү дээ.
Асуулт: Өнгөрсөн жил байх аа. Таны 90 насны ой болсон. Өндөр насны ойгоо тэмдэглэхдээ бүтээл туурвилын хувьд арвин, бие оюуны хувьд жавхаалаг, урилгаа хүмүүст тараагаад хөнгөн шингэн гялалзаж явахыг хараад бахархаж байсан шүү.
Ц.Б: Өтлөнө, зөнөнө гэдэг чинь хүнийг аяндаа хөтлөөд явчихдаг хатуу гар юм. Хичнээн өөдрөг байхыг хичээвч тархи толгой нь мартамхай, буйдраа, хоёр хөл нь тушаатай, хуруу гар нь үзэг цаасанд хүрэх дургүй ердөө л “ямбий” гээч болдог бололтой. Гэлээ гээд бууж өгөхийг хүсэлгүй “гялалзаад” л байхыг зорихыг яана гэх билээ. /инээмсэглэв/
Асуулт: Тантай философийн тухай багахан боловч ярилцахыг зорьж байна. Таны мэргэжил сонголтоос эхэлье гэж бодож байна. Та яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ? Философи таны амьдралд юуг өгсөн бэ?
Ц.Б: Төмөр-Очир гэдэг дээхэн үеийн МАХН-ын /одоогийн МАН/ нэг том дарга Р.Нансал, Содномгомбо, Пүрэв, Цэрэн гэсэн бид таван залууг Москвагийн Их сургуулийн философийн ангид очиж суралц, 5 жилийн дараа өөрийн философич багш нартай болъё, сайн суралцаарай гэсэн үүрэг өгөөд явуулсан юм. Тэгээд албан томилолтын философи мэргэжилтэй болсон. Энэ мэргэжил надад ертөнцийг үзэх бүхэл бүтэн үзлийн утга учрыг өгсөн дөө. Мэргэжилдээ дуртай, хайртай, нэрийг нь гутаахгүйг зорьдог.
Асуулт: Та философи сонирхогчдод зориулаад өөрийнхөө судалгааны чиглэлийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү.
Ц.Б: Дэлгэрэнгүй ярья гэвэл миний нас хүрэхгүй. Тиймээс хамгийн наад захын товч утгаар өгүүлбэл, хүн төрөлхтний аж байдал, үйл бүтээлийн ямар ч асуудал, төрөл зүйлд оновчтой зөв тайлбар өгч чадах мэдлэг оюуны хүч олж эзэмшихийг бодож, үүнээс хэрхэвч ухарч болохгүй. Мэдлэг хичнээн их, гүн байх тусмаа философич хүний өөрт нь болоод түмэн олонд хэрэгтэй.
Асуулт: Философийн мэргэжил эзэмшсэн хүмүүс дотроос үр бүтээлтэй, хэлэх үгтэй, бүтээл туурвилтай амьдарч ажиллаж байгаа хүмүүсийн нэг нь та юм. Ялангуяа хүний хөгжлийн талаар нэлээдгүй бүтээл туурвисан. Тэдгээр бүтээлийнхээ талаар танилцуулна уу. Хүмүүс та бид хоёрын ярилцлагыг уншаад олж унших хүсэл төрөх байх.
Ц.Б: Судалж мэдвэл зохих үй түмэн асуудал дотроос би “Хүн” хэмээх сэдвийг голлон судлахыг оролдсон. Энэ сэдвээр унших, бичих дуртай. “Хүн алдрын гайхамшиг” гэсэн гурван боть ном гаргасан. Хүн гэдэг ямар ертөнц вэ, дэлхийн хүн гэдэг хэн бэ, Монгол хүн гэсэн гурвал санаа. Нэг боть нь 500-600 хуудастай. Олон уншвал би баярлах болно оо. Номын сангуудад бий байх. Нэлээд олон аймагт 5-10 ширхэг очсон байх.
Асуулт: Аливаа хөгжсөн орнуудыг харахад тухайн ард түмэн өөрсдийнхөө сэтгэлгээний түүхийг сайтар судалсан, өөрсдийгөө судалсан, хаа хүрэхээ мэддэг болох нь харагддаг. Бидний хувьд ийм байх боломж бий юу? Эсвэл байнга бусдыг дуурайж, хуулж байх ёстой юм уу? Хуулсан дуурайсан юм ихдээд болж өгөхгүй л байх шиг харагдах юм. Энэ талаар таны бодол?
Ц.Г: Монгол хүн монгол хэмээх нэрээ даян дэлхийн мандалд тогтмол өндөр байлгая гэвэл өөрийгөө сайн мэддэг, ёс уламжлал, ахуй амьдрал, үүх түүхэндээ эзний ёсоор ханддаг байх нь чухал. Чухлаар үл барам зайлшгүй өндөр шаардлага мөн. Даян дэлхийгээс, бусдаас сурах юм зөндөө. Тэглээ ч өөрийгөө дээд зэргээр мэддэг, олонд харуулах, түүний төлөө ямагт тэмцдэг байхыг онцлох нь чухал. Нэгнээс нийт нь өгсөж, урууддаг учир хүн бүрийн хичээл зүтгэл чухал даа.
Асуулт: Монгол хүний тухай, монгол малч ухааны тухай таны бүтээлийг уншиж байсан. Лав би нэг бүтээлээс нь ишлэл хийж байсан. Ер нь монгол хүний гол үнэт зүйл юу вэ? Монголчууд ер нь юуг эрхэмлэж явах ёстой вэ?
Ц.Б: Монгол хүн байхыг хүсвэл монгол малчин удмаа хэзээ ч мартаж болохгүй. Энэ удам л бид бүхнийг түүхэн зам, уламжлалаараа авч явж, дэлхийн тавцанд монгол нэрийг дуудуулж яваа шүү дээ. Энэ үүднээс монголын хэсэг эрдэмтэд нийлж “Монголын бэлчээрийн мал аж ахуй” гэсэн 20 боть шинжлэх ухааны судалгааг үнэгүй хийж, бүх аймаг сумдад үнэгүй тараасан. Гарын авлага болохуйц бүтээл шүү. Хэн ч уншсан сонирхолтой бөгөөд мэдлэг шингээсэн бүтээл болсон.
Асуулт: Монгол хүний сайхан чанар, бас гол дутагдал нь юу вэ? Монгол хүний мөн чанар юунд оршдог вэ?
Ц.Б: Монгол хүний эрхэм дээд сайн чанар бол хүнлэг, итгэл төгс, ойр дотны элэгсэг харилцаа гэж би боддог. Итгэж чадвал хэн нэгтэйгээ уулзвал сэтгэлийн үгээ дэлгэж ярина, өгүүлнэ. Сэтгэл харамгүй, илэн далангүй зан шиг сайхан юм ховор биш байх л үнэхээр сайхан. Хүн мөнгө хөрөнгөө харамлаж болох ч, эрхтэй ч сэтгэл санаа, харилцааны чанараа алдвал түүн шиг муухай чанар байж боломгүй гэж бодогддог. Ихэмсэг, ярвагар, дээрэлхүү, хөндий хоосон зан чанараас хол явбал зохилтой.
Асуулт: Монголчуудын хувьд нийтлэг үнэт зүйлийг төлөвшүүлэхийн тулд төрөөс ямар арга хэмжээ аваасай гэж боддог вэ?
Ц.Б: Монголчуудын нийтлэг үнэт зүйл бол эх орон, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал. Үүний төлөө бүхнийг зориулах ёстой. Дайсан халдвал үхэн үхтэлээ дайтан тэмцэлдэх ажил хийвэл хийсэн шиг хийж, хөгжүүлж босгох, хүн нь хүндээ тус нөмөр, сэтгэл сайтай байхад төр засаг анхаарлаа төвлөрүүлэх учиртай. Хань нөхөд, хамтын ажиллагаа, харилцаа туслалцааг л эрхэмлэх явдал. Эв нэгдлийн төлөө л онцгой анхаарах нь чухал байна.
Асуулт: Орчин үеийн монголын хөгжил санасныг бодвол тийм ч хурдан, санаснаар болохгүй байна. Надтай санал нийлэх байх гэж бодож байна. Хөгжлийн хоцрогдлыг та юутай холбож тайлбарлах вэ?
Ц.Б: Манайд хөгжил явж байна уу гэвэл явж байна аа. Гэсэн ч өндөр авч, тэгширч жигдэрч чадахгүй, хөлөө сайн олохгүй мэт нь үнэн. Юмыг хөндлөнгөөс харж, шүүмжлэх шиг амархан юм бас үгүй. Өдөр, сар, жилийн төсөв зардал, аж төрөх арга, хэрэглээ гэж байлгүй л яахав. Үүнийг чадан ядан хангах янзтай байгаа нь үнэн. Гэхдээ жил бүр “Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй” гэсэн үзэл баримтлалаар хөрөнгөө зээлийн ч бай, төсөв орлогын ч бай цацаж зарцуулахаас аль болохоор зай барих нь зүгээр байж мэднэ. Бодлогыг, мөнгийг жил бүр адилавтар барихын оронд заримыг түр хохироож, заримыг эртхэн босгох ээлж дараатай төслөөр төлөвлөж хийвэл үр дүн нь хожим тодорно. “Алсын хараа” 20, 30, 40, 50-ийн түвшингөө бодон энэ удаад үйлдвэрлэн бүтээхийг нь, дараа нь экспорт, импортын худалдаа наймаа, боловсрол, соёл гээд явж болох учир зүй байна уу.
Асуулт: Энэ цаг үед философичид үүргээ хэр гүйцэтгэж байна гэж та бодож байна вэ?
Ц.Б: Багш нар нь хичээлээ заагаад, шалгалтаа аваад, хүнээ бэлдээд л дажгүй байгаа байлгүй. Над мэт нь ямар үүрэг гүйцэтгэх билээ дээ. Тэр зүгийн тэнгэр хол, газар хатуу болохоор баримжаа муухан л байна.
Асуулт: Үргэлжлүүлээд асуухад өнөөгийн залуус биднийг ямар байгаасай гэж боддог вэ?
Ц.Б: Юуны өмнө ёс суртахуунтай, эрдэм мэдлэгтэй байх нь чухал. Цовоо сэргэлэн, сурахыг хойш тавьдаггүй, ажлыг дуусгадаг, ямагт урагш тэмүүлсэн, шинэ сайхан бүхний эрмэлзлэлээр дүүрэн байхыг хүсч байна.
Асуулт: Таныг ядраачих вий хэмээн санаа зовж байна. Энэ удаагийн ярилцлагын сүүлийн н асуултыг тавья. Та хэний ямар бүтээл, ном уншиж байна вэ?
Ц.Б: Эрдэмтэн Пүрэвжавын “Домгийн дурсамж”, ерөнхийлөгч асан Н.Багабандийн “Титэм үг”, Т.Галсангийн найраг, Х.Цэвлээгийн “Гурван Оргил” мөн “Болор судар” зэргийг л эргүүлж тойруулсан шиг сууна. Уншиж гийгүүлсэн юмаар маруухан, хий л хорхой хүрэх юм даа.
- Танд маш их баярлалаа. Урт насалж, удаан жаргаж, их бүтээл туурвихын ерөөл өргөе.
Ярилцсан Д.Оюунгэрэл